Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00939

 

                                                                             Н.Гэрэлцолмонгийн нэхэмжлэлтэй                                                                         иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр шийдвэр,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалтай,

Н.Гэрэлцолмонгийн нэхэмжлэлтэй,

            Ж.Уранчимэгт холбогдох           

            Зээлийн төлбөрт 1.190.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

            Нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ж.Уранчимэгт 3.000.000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэлдээ үүнийг би 3.500.000 төгрөг гэж буруу андуурч бичсэн байна. Нийт 2.500.000 төгрөг буцаан авсан. Үлдсэн 500.000 төгрөгийг нэхэхээр өмнө зээлж байсан 10.000.000 төгрөгийн хүү гээд надад өгдөггүй. Мөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ж.Уранчимэг над руу ярьж 1 хонь өгөөч гэхээр нь би н.Мөнхгэрэл гэх хүнтэй ярьж байгаад түүнд өгүүлсэн. Мөн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 хонь мөн өгөөч гэхээр нь 1 хонь нядалж өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сумын ахмадуудыг хүлээн авах ажиллагаанд зориулах хүнс хэрэгтэй байна гэхээр нь би түүнтэй хамт Д.Дуламсүрэн, Ч.Наранбадар, Д.Лхагвасүрэн гэх айлуудаас тус бүр 1 ямааг 150.000 төгрөгөөр тооцож авч өгсөн. Тухайн үед Ж.Уранчимэг энэ малыг тусламжаар үнэгүй авбал зүгээр байна гэж хэлж байсан боловч айлууд малаа зүгээр өгөхгүй байсан. Малаа өгсөн хүмүүс надаас мөнгөө нэхээд байгаа бөгөөд манай байгууллага мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг тул тэдгээр айлуудад малыг нь тарих үйлчилгээ зээлээр үзүүлдэг. Одоо энэ хүмүүс малын мөнгөө өгөөгүй гэдэг үндэслэлээр манай байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлбөрөө өгөхгүй байгаа. Иймээс зээлийн үлдэгдэл 500.000 төгрөг, надаас авсан 1 хонь 120.000 төгрөг, надаар хэлүүлж айлуудаас авсан 1 хонь 120.000 төгрөг, 3 ямааны үнэ 450.000 төгрөг, нийт 1.190.000 төгрөгийг Ж.Уранчимэгээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Н.Гэрэлцолмон нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр надаас байрны урьдчилгаанд байршуулсан мөнгөнөөс 10.000.000 төгрөг эмний мөнгө гэж зээлж авсан бөгөөд 20 хоногийн дараа 10.000.000 төгрөгийг, хүү гэж 500.000 төгрөгийн хамт надад төлсөн. 2014 оны 09 дүгээр сарын сүүлээр мөнгө авсан өдрөө 3.000.000 төгрөгийг Н.Гэрэлцолмонгоос би зээлж авсан. 3.000.000 төгрөгөө цувруулаад бүрэн буцааж төлсөн. Дархан сумын Засаг даргын тусламж хүсэх тухай албан тоот гарсны дагуу 2013 оны 06 дугаар сарын сүүлээр Ч.Наранбадар, Д.Лхагвасүрэн, Д.Дуламсүрэн нараас 3 ямаа, н.Мөнхгэрэлээс 1 хонь авсан бөгөөд үүнийг ахмадууд хүлээн авах үйл ажиллагаанд зориулж тусламжаар авсан. Эдгээр малаа Дархан сумын Өргөө багийн Засаг дарга Н.Энхтайванд хүлээлгэн өгсөн. 1 хонийг би Н.Гэрэлцолмонгоос зээлээр авсан нь үнэн. Түүний 120.000 төгрөгийг зөвшөөрч байна. Гэхдээ би 60.000 төгрөгийг буцаан өгсөн. Иймээс надад энэ хүнд төлөх 60.000 төгрөгийн төлбөр байгаа бөгөөд үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ.

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Уранчимэгээс 620.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Гэрэлцолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 570.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Гэрэлцолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 56.2, 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Уранчимэгээс 19.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Гэрэлцолмонд олгож шийдвэрлэжээ.  

           Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалаар Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 98 дугаар магадлалаар Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 289 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, иргэн хүнийг хохироосон, сум дундын шүүхийн ажлыг хүндрүүлсэн шийдвэр гарлаа гэж нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон, өмгөөлөгч Д.Пүрэвдорж бид үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүх иргэн Н.Энхтайван, Х.Мөнхгэрэл, Д.Дуламсүрэн нарын гэрчээр асуулгах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Сум дундын шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон нь Д.Лхагвасүрэн, С.Нямлхагва, С.Наранбадар нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан, хариуцагч Ж.Уранчимэгийн хүсэлтээр гэрч Н.Энхтайван “2012 оноос 2014 онд 3 жил дараалан жил бүр 2 богийг амьдаар нь Н.Уранчимэгээс хүлээн авч байсан. Үүнийг жил бүрийн ахмадуудын өдөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Мөнхгэрэлийн “малын эмч Н.Гэрэлцолмон мөнгийг нь өгнө. 1 хонь өгөөд явуулчих гэсэн. Би сайн төлөг өгсөн учир 120.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед ахмадуудын үйл ажиллагаанд зориулна гэж хэлсэн. Гэхдээ би дараа нь мөнгийг нь өгөх байх гэж бодсон” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Дуламсүрэнгийн “ Манайхаас Н.Гэрэлцолмон эмч 1 ямаа авсан. Би Н.Гэрэлцолмонд ямааны үнийг хэлж байсан. Н.Гэрэлцолмон тухайн үед нэг хүнтэй ярь гэж утасны дугаар өгсөн. Түүнийг тухайн үед Ж.Уранчимэг гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг, Дархан сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2/1101 дугаар тусламж хүсэх тухай албан бичиг, “Ветмон” ХХК-д төлсөн баримт нь хариуцагчийн нэрийн өмнөөс дээрх хүмүүст төлсөн малын үнэ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнээд малын үнэ 570.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон нь малын өмчлөгч нарыг хууль ёсны төлөөлөх эрх итгэмжлэл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Иймд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 289 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон нь хариуцагч Ж.Уранчимэгт холбогдуулан зээлийн төлбөрт 500 000 төгрөг, гурван эр ямааны үнэ 450 000 төгрөг, хоёр хонины үнэ 240 000 төгрөг, нийт 1.190.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэг хонины төлбөрийн үлдэгдэл 60.000 төгрөгийг төлнө, үлдсэн хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон нь 2014 оны 09 дүгээр сарын 28-30-ны хооронд 3.000.000 төгрөгийг Ж.Уранчимэгт зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, талууд маргаагүй байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

         Харин хариуцагч Ж.Уранчимэг нь нийт 3.000.000 төгрөгийг бүрэн буцаан төлсөн гэж нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон үлдэгдэл 500.000 төгрөгийг буцаан төлөөгүй гэж тус тус маргасан байна. Нэхэмжлэгч Н.Гэрэлцолмонгийн тайлбар болон түүний Дархан сумын Засаг даргад 2015 оны 09 сарын 23-ны өдөр гаргаж байсан “... Ж.Уранчимэг нь 3.000.000 төгрөгийг байраа авчихаад өгье гээд зээлж авсан. Тэгээд мөнгөө бага багаар нь цувуулж өгсөн. Одоо энэ мөнгөнөөс 500.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй...” гэсэн бичгийн баримт хэрэгт авагджээ. Хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбарын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул хариуцагч Ж.Уранчимэгийн 500.000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй, Ж.Уранчимэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

     Нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон нь нийт 240.000 төгрөгийн үнэ бүхий 2 хонь, 450.000 төгрөгийн үнэ бүхий 3 ямааг Ж.Уранчимэгт өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч хариуцагч Ж.Уранчимэг нь би өөрөө хэрэглэхээр 120.000 төгрөгийн үнэ бүхий 1 хонийг Н.Гэрэлцолмонгоос зээлээр худалдан авч 60.000 төгрөгийг төлсөн, үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин бусдаас авсан 3 ямаа, 1 хонийг  би өөртөө аваагүй, надад хамааралгүй гэж татгалзсан байна. Хариуцагч Ж.Уранчимэг хонины үнэ 60.000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу тэрээр нэхэмжлэгч Н.Гэрэлцолмонд 120 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэж, хариуцагчаас гаргуулсан нь зөв байна.

           Харин 3 ямаа, 1 хонийг хариуцагч Ж.Уранчимэг нь нэхэмжлэгч Н.Гэрэлцолмонгоос худалдан авсан гэх үндэслэл гэрч Н.Энхтайван, Х.Мөнхгэрэл, Д.Дуламсүрэн нарын мэдүүлэг, Дархан сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/1101 дугаар “тусламж хүсэх тухай” албан бичиг, нэхэмжлэгч Н.Гэрэлцолмонгийн шүүх хуралдаанд гаргасан “...н.Мөнхгэрэл, н.Наранбадар, н.Лхагвасүрэн, н.Дуламсүрэн нарт малын мөнгийг нь би өгөөгүй байгаа. Гэхдээ энэ хүмүүс малдаа манай байгууллагаас зээлээр тарилга хийлгүүлдэг, надад зээлээр хийлгэсэн тарианыхаа мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа тул түүнийгээ малын мөнгөнд нь суутгаж Ж.Уранчимэгээс нэхэмжилж байгаа юм” гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон нь дээрх малын өмчлөгч нарын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй байх бөгөөд малын үнийг Ж.Уранчимэг болон Сумын засаг даргын Тамгын газрын өмнөөс малын өмчлөгч нарт төлж, түүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг  хангаж гэрчүүдийг шүүхэд дуудаж мэдүүлэг авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т зааснаар захирамж гаргаагүй нь шүүхийн буруутай үйл ажиллагаа гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн, энэ дүгнэлт зөв боловч энэ зөрчил нь шүүх гэрчүүдээс хуульд зааснаар мэдүүлэг авсан ажиллагааг үгүйсгэхгүй, тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

    Иймд нэхэмжлэгч Н.Гэрэлцолмон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.    

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Гэрэлцолмонгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 17.450 /арван долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН