Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 84

 

А.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар магадлалтай, А.Б-ад холбогдох 1813002420158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй /малчин/, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум, 9 дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт А-ын Б-.

А.Б- нь хохирогч С.С-ийн нүүрэн тус газар баруун гараар нэг удаа цохиж духны ясыг нь цөмлөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ад оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч А.Серикжан нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үндэслэлүүд:

Нэг. Шүүхээс ...шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ...” гэж дүгнэсэн байна. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч С.С-, гэрч Т.Нургүл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд ... хөрш бөгөөд худ нь болох С.С-ийн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж С.С-ийн нүүрэн тус газар баруун гараар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

Тодруулбал, хохирогч С.С-, гэрч Т.Нургул, А.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг ... зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.С- нь “Та нар яагаад малаа нийлүүлж байгаа юм, та нар ер нь энд яагаад зусаж байгаа юм бэ?” гэж хэрүүл маргаан гаргаж улмаар миний цамцны захаас зүүн гараараа заамдаж аваад, улмаар баруун гараараа шүүгдэгчийн нүүрэн тус газар нэг удаа цохиж зүй бус авирласнаас А.Б- нь санаа сэтгэлийн хүчтэй цочролд орж С.С-ийн хууль бус, зүй бус үйлдлийн хариу болгож түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж хүнд хохирол учруулсан өөрөөр хэлбэл хохирогч С.С- нь А.Б- надад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээс болж санаа сэтгэл минь хүчтэй цочрон давчдаж бусдын эрүүл мэндэд шууд бус санаатай хэлбэрээр хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байсан. Өөрөөр хэлбэл, миний бие санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогч С.С-ийг цохиж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Дээрх хуулийн объектив талын шинж нь хохирогчийн зүгээс субъект, түүний ойр дотны хүмүүст а/ хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, б/ нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, в/ эрхшээл дарамтад оруулсан, г/ бусад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас өөрт нь болон ойр дотнынх нь хүмүүст хүнд хохирол учирсан, учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл, субъектив талын шинж нь субъект өөрийг нь болон ойр дотнынх нь хүмүүсийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан, бусад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй нь холбогдуулан хохирол учруулахаар хийж буй халдлага, түүнээс учирч болох хор уршгийг ухамсарлаж, түүнийг учруулахыг хүссэн, эсхүл үйлдлээрээ зориуд бий болгосон шууд бус санаатай байна.

Өөрөөр хэлбэл, эхлээд хохирогч С.С- нь “Та нар яагаад малаа нийлүүлж байгаа юм, та нар ер нь энд яагаад зусаж байгаа юм бэ?” гэж хэрүүл маргаан гаргаж улмаар миний биеийн (1) цамцны захаас зүүн гараараа заамдаж авсан, (2) дараа нь баруун гараараа шүүгдэгчийн нүүрний тус газар нэг удаа цохисон үйлдэлд миний бие нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн хариу болгож (3) түүний нүүрэн тус газарт нэг удаа цохисон үйлдэлд дээрх хуульд заасан объектив болон субъектив талын бүрэлдэхүүний шинж хангагдсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү.

Хоёр. Миний бие аргагүй хамгаалалт хийсэн байхад анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй явдалд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт нь довтолгоон бүхий гэмт халдлагуудын эсрэг хийгддэг учир халдлага бодитой байхыг шаардана. Гэмт халдлага бодитой тулгарсан байна гэдэг нь халдлага хийгдэж эхэлсэн буюу тэр даруй эхлэх байсныг ойлгох бөгөөд довтолгооны аюул өнгөрөөгүй байх ёстой. Халдлага бодитой байх гэдэгт иргэд, нийгэм төрийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хор хохирол учирч байгаа, эсвэл тийм хор хохирол учруулах бодитой шууд аюул заналхийлэл бий болсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл аюул нь хамгаалалт хийж буй хүний төсөөлөлд биш, харин бодитой оршиж байх ёстой.

Дээр дурдсанчлан, миний бие мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “...С.С- надад “чи яах гэж байгаа юм бэ?" гэж хэлээд миний цамцны захаас зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа миний нүүрний тус газар нэг удаа цохисон. Би баруун гараараа С.С-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиход газарт унасан юм...” гэж тогтвортой мэдүүлж байгаа бөгөөд түүний мэдүүлэг нь бусад байдлаар хэрэгт авагдсан хохирогч С.С-, гэрч Т.Нургүл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч миний үйлдэл холбогдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байхад шүүх анхаараагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс А.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан, аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа юм. Тийм учраас анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.Б-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.Б- нь хувийн таарамжгүй байдлаас үүссэн маргааны явцад хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх А.Б-ад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг,  шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж А.Б-ыг шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх А.Б-ын үйлдэлд аргагүй хамгаалалт, эсхүл санаа сэтгэл цочрон давчдах үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал байхгүй талаар дүгнэлт хийж, шүүгдэгчийг хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

           ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН