Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 561

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б****с т**п” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мө******г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б****с т**п” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ба*****м нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Манай компани түгээмэл  тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2016 оны 08  дугаар сарын 12-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт холбогдох материалын хамт хүргүүлсэн. 

Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас дээрх өргөдлийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/232 тоот албан бичгээр “...40 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн талбайд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу санал авахаар хүргүүлэхэд тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул дүүргийн өөрөө удирдах байгууллагын саналын дагуу танай хүсэлтээс татгалзаж байна...” гэсэн хариу өгсөн. 

Уг хариуг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б**т-Ү**л д хандаж гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу Нийслэлийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02-06/1127 тоот албан бичгээр “...тухайн талбай байрших дүүрэг нь гаргасан шийдвэртээ түгээмэл  тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжих боломжгүй гэсэн байхад  Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх шийдвэрийг зөрчин тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм...” гэсэн хариу өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” ойлгоно гэж заасан.

Дээрхи хуулийн заалтын дагуу өргөдөл өгсөн талбайд зөвхөн газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхөөргүй байхад холбогдох байгууллагын судалгаа, дүгнэлтгүй “...иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа тул зөвшөөрөл олгох боломжгүй байна..” гэсэн хийсвэр дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль бус юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “...Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ...” гэж заасны дагуу татгалзсан үндэслэлээ тодорхой нэг байгууллагын дүгнэлт, шийдвэргүйгээр хийсвэр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ба*****г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мө******гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын “Б****с т**п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн эөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан Аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл гаргасан талбайн байршлын талаар санал авахаар 02-06/191 тоот албан бичиг ирүүлсэн болно. 

Дээрх албан тоотын дагуу тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 10, 12, 13, 14 дүгээр хороодын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нарт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 36 тоот албан бичиг хүргүүлж саналыг авахад хороодын Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлаас бүгд татгалзсан хариуг өгсөн болно. Нэхэмжлэгч талаас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны  01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгуулагуудын өргөдөл гаргасан талбайн байршлын талаар хэлэлцээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэпийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрээ гаргаж Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд хууль зүйн үндэслэлгүй буюу таамагласан шийдвэр гаргаагүй болно.

Ийнхүү дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд саналаа гаргаж Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд дээр дурдсан компаниудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б****с т**п” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Бөхөг нэртэй газарт 75.02 га талбай бүхий газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/191 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас талбайн санал авахаар хүргүүлсэн байна.

Хан-уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 тоот албан бичгээр 10, 12, 13, 14 дүгээр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг дарга нарт Нийслэлийн Засаг даргын дээрх албан бичгийг хүргүүлж, талбайн байршлын талаар саналаа 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг мэдэгджээ. 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар албан бичгээр, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот албан бичгээр, Хан-уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 тоот албан бичгээр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 тоот албан бичгээр, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. 

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “...иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа тул эдгээр байршилд зөвшөөрөл олгох боломжгүй” гэж үзжээ.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолоор “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/191 тоот албан бичгээр ирүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тухай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан 38  аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл гаргасан талбайн байршлын талаарх саналыг хэлэлцээд суурьшлын хилийн бүсэд хамаарах, тусгай хамгаалалттай газар нутгийн давхцал, голын ай сав бүхий хамгаалалтын бүсэд орсон, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх зэрэг байдлаас шалтгаалж дэмжих боломжгүй гэж үзэн, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дуусгавар болсонд тооцсон байна. 

Нэхэмжлэгч “Б****с т**п” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэх Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 06 дугаар тогтоол нь дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “ж”-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б****с т**п” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ОДМАА