| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2211 00249 0846 |
| Дугаар | 2022/ДШМ/861 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/861
Б.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Азжаргал,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Н-д холбогдох 2211 00249 0846 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ын Н, 1989 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хоёр дүү, тэдгээрийн хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /,
Дорноговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/76 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг яллагдагч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай магадлалаар уг ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан,
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч байсан;
Б.Н нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны орчимд өөрийн найз бүсгүй болох Л.Б-ийг өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгслээс чирч буулган 10.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 УУУ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл, 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung А50” загварын гар утас буюу нийт 10.350.000 төгрөгийн эд хөрөнгийг гарыг нь цохих, автомашинаас чирч буулгах зэргээр хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ээжийн хамт амьдардаг. Ээж маань өндөр настай, тэтгэвэрт гарсан, одоо гэртээ ганцаар амьдарч байгаа. Би өөрийн хөдөлмөрөөр ээжийгээ асарч, хамт амьдардаг. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан. Б.Н нь хор уршиг учруулаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хор уршиг учрах, учрах боломжтойг урьдчилан мэдэлгүй үйлдсэний улмаас хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, 3 дахь хэсэгт хохирогчийн ...эд хөрөнгийн эрхэд хор уршиг учирсныг ойлгоно гэжээ. ...Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзсан байна. Тэр оройдоо хохирогчид машиныг нь аваад очсон байна. ...Б.Н нь гэмт хэрэг үйлдээгүй, харин хор уршиг учруулсан нь Б гэгч байгаа тул хэрэг үүсгэн шалгах үүрэгтэй. Н-ийн хохирсныг үл тоож, улам хохироосон мөрдөгч, прокурор нарын ажиллагааг зөвтгөх боломжоор хангаж, прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон Б.Н-ийн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үеэс төгсдөг. Дээрх гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан, гэмт хэрэг төгссөн байна. Б.Н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар шалгаж, хавтаст хэрэгт баримтыг хавсаргасан. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл тогтоогдохгүй байна. Учир нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал яригддаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурорын хяналтын шатанд Б.Н-ийн зүгээс “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж” өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Б.Н өмгөөлөгчгүй байсан тул хуулийг тайлбарлаж өгөхөд эрүүгийн хариуцлага дээр санал зөрөлдсөн учраас хэргийг ердийн журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Шүүхийн шатанд Б гэдэг хүний талаар яригддаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Б гэдэг хүний оролцоотой байсан гэдэг нь тогтоогдоогүй. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн Б.Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, санаа зорилгыг хөдөлбөргүй нотолж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр эргэлзээ бүхий болжээ.
Аливаа хүний гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг болно.
Шүүгдэгч Б.Н, хохирогч Л.Б нар нь хамтран амьдардаг буюу дотно харилцаатай бөгөөд энэ явцад Л.Б-ийн автомашиныг түүнийг зөвшөөрлөөр Б.Н нь хэд хэдэн унаа жолоодож байсан талаар Л.Б удаа дараа мэдүүлж байсан байна. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Н нь Л.Б-т “Хөдөөнөөс ирсэн хүн тосох автомашин хэрэгтэй байгаа” талаар хэлж түүнээс гуйхад Л.Б нь татгалзсан, улмаар өөр хүнтэй ярьж машиныг нь гуйхад мөн адил татгалзжээ. Дараагаар нь түүний хамтаар машинд нь сууж байхдаа Л.Б-тэй автомашины суудлын голын хайрцгийн тагаар гар хавчсан асуудлаас болж муудалцан хэрэлдэж гар руу нь цохиж, улмаар түүнийг машинаас нь чирч буулган орхиод машиныг нь жолоодож явсан үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч Л.Б-ийн: “...2022 оны 02 сарын 02-ны өдөр орой Б.Н дуудсан. Намайг ортол “Манай найз ирж байгаа, машинаа өгөөч” гэсэн. Би тэр үед “Цагаан сар болж байна, ээж, аав дээрээ очиж золгоно, өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Б.Н “Би ах руугаа яриад үзье” гээд залгатал ах нь “Машинаа өгөхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр уурлаад утсаа шидсэн. Дараа нь надад “Миний утас эвдэрчихлээ, одоо чиний утсыг зараад 2 утас болгоно” гэж хэлсэн. Тэгээд миний утас, машины түлхүүр үүдний тавиурт байгааг хараад авсан. Би тэр үедээ аргалж байгаад авчихъя гээд хүлээж байсан ч Б.Н нь усанд орж гарч ирчихээд машины түлхүүрийг өгсөн боловч утсыг маань өгөөгүй. Гэрээ цоожлоод гарч ирээд би тамхи татах гээд машины голын хайрцгаас тамхиа авах гэтэл Б.Н нь намайг тамхи татахад дургүй байдаг учир машины урд хайрцгийн тагаар миний гарыг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг “Чи машин барьж чаддаг юм шиг” гээд доромжлон машинаас чирч буулгаад явсан. ...” /хх 154/,
иргэний нэхэмжлэгч О.Б-ийн: “...Б-ын Н нь манай газарт “Samsung А50” загварын ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утсыг 14 хоногийн хугацаатайгаар барьцаанд тавьсан. Тухайн үед өөрийнх нь гар утас мөн эсэхийг шалгуулахаар дэлгэцийн кодыг гаргуулахад өөрөө гаргаж өгсөн. 180.000 төгрөгөөр барьцаанд авсан. ...” /хх 18/,
шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би анх Л.Б гэх эмэгтэйтэй 2 жилийн өмнө Төв аймгийн Номын санд засвар хийж байгаад анх танилцаж хамт амьдарч байсан. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэчихээд Л.Б-ийг дуудсан. ...Тэгээд Л.Б-ийн гар утсыг гэрт байхдаа аваад “Би одоо гар утасгүй болсон учраас энэ утсыг чинь 2 ширхэг утас болгоно” гээд авсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим байрлах нэрийг нь мэдэхгүй ломбардад 180.000 төгрөгөөр Л.Б-ийн гар утсыг барьцаанд тавьсан. ...” /хх 22/ гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгссөнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад авсан байхыг шаарддаггүй.
Гэм буруу нь гэмт үйлдлийн хохирол, үр дагавар нь гэмт этгээдийн хийсэн үйлдэлтэй шууд холбогдсон байх сэтгэхүйн холбогдол, ухамсарт зан үйлийн объектив талтайгаа уялдсан байх ёстой.
Дээрэмдэх гэмт хэргийн субъектив талын шинжүүд нь (1) бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авах гэсэн зорилго, (2) бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд түргэн хугацаанд шилжүүлэх гэсэн шунахайн сэдэл, (3) хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай буюу гэмтэл, хохирол учрахыг ухамсарласан байдал, (4) хүний амь биед аюултай байдал бий болохыг болон бий болох боломжтойг урьдчилан мэдсэн, (5) энэхүү үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байна.
Иймд, дээрэмдэх гэмт хэргийн субъектив заавал байх шинж нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэж “ашиглан шамшигдуулах” тусгай зорилго бүхий байх юм.
Хэрэгт авагдсан хохирогч Л.Б-ийн: “...Б.Н миний машиныг урьд өмнө нь хэд хэдэн удаа авч унадаг байсан. ...Хааяа хааяа машин гуйж унадаг байсан юм. ...Намайг ортол Б.Н “Манай найз ирж байгаа, машинаа өгөөч” гэсэн. ...” /хх 24, 26, 154/,
шүүгдэгч Б.Н-ийн: “...Би машиныг уг нь өгнө гэж бодож байсан боловч архи уугаад тасарчихсан байсан. ...Б ахтай уулзах гээд тээврийн хэрэгсэл, утас хэрэгтэй байсан. ...” /хх 22, 151/ зэрэг мэдүүлгүүдээс үзэхэд Б.Н нь ахыгаа тосох, түүнтэй уулзах зорилгоор Л.Б-ээс гуйхад нь татгалзсан, дараагаар нь ахаасаа тээврийн хэрэгслээ гуйхад мөн татгалзсан нь дээр дурдсан дээрэмдэх гэмт хэргийн субъектив заавал байх шинжгүй буюу шунахайн сэдэлтгүй, Л.Б-ийн тээврийн хэрэгсэл, гар утсыг өөрийн болгож бүр мөсөн авах гэсэн санаа зорилго тогтоогдоогүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас хэргийн бодит байдалд ноцтойгоор нөлөөлөх дүгнэлт хийсэн байна гэж үзэв.
Энэ бүхнийг нэгтгэн дүгнэвэл хохирогч Л.Б-ийн тээврийн хэрэгсэл, гар утсыг Б.Н “дээрэмдэн авах” зорилго, сэдэлттэй байсан нь хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Түүнчлэн, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолд “...иргэн Л.Б-ийн ...тээврийн хэрэгсэл, ...гар утас зэргийг ...дээрэмдэж авсан...” гэсэн бол уг тогтоолд өөрчлөлт оруулсан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолд “...өөрийн найз бүсгүй болох Л.Б-ийг...” гэж, прокурорын яллах дүгнэлтэд “...өөрийн найз бүсгүй болох Л.Б-ийг...” гэж тус тус зөрүүтэй байдлаар хохирогч, шүүгдэгч нар нь ямар харилцаатай болохыг тодорхойлон дүгнэлт хийлгүйгээр бичиж нотолбол зохих байдлын хүрээнд дүгнэлт хийхэд эргэлзээ бүхий бичжээ.
Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч гэж ойлгохоор заасан тул мөрдөн шалгах болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “статус”-ыг /хамтын амьдралтай, гэрлэх гэж байсан, найз нөхдийн харьцаатай гэх мэт/ тодорхойлоогүйн зэрэгцээ тухайн дээрэмдсэн гэх тээврийн хэрэгсэл нь хамтран амьдрагч нарын дундын өмчлөлийн эсхүл хуваарьт хөрөнгөд хамаарах хөрөнгө эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/512 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Н-ийг цагаатгаж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ