Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч О  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705008500151 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлага менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, хүүхдийн хамт, ялгүй, О  Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч О  2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 66 дугаар байрны орчим хохирогч Б.Сүхтулгатай маргалдаж, түүний бие махбодид баруун нүдний зовхины няцрал, шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Холбогдсон хэргийнхээ талаар дахин ярихгүй. Бүгд үнэн зөв бичигдсэн байна. Гэхдээ энэ хэрэг шууд миний буруутай үйлдлээс болсон гэж үзэхгүй байгаа. Сүхтулга бид хоёр хамтын амьдралтай байсан. Хувийн таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдарч байгаа. Хүү миний асрамжинд байдаг гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Батсүхийн Сүхтулга “... би О тэй 2011 онд гэр бүл болж бид хоёрын дундаас 2011 онд хүү Хантөмөр мэндэлсэн. О  бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тусдаа амьдрах болоод хүү над дээр өссөн. Энэ жил буюу 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүү 1 дүгээр ангид элсэн орж ээжтэйгээ хамт амьдрах болсон. Тэрнээс хойш би амралтын өдрүүдээр хүүхдээ өөр дээрээ авах болсон. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр миний найзын хүүхдийн төрсөн өдөр болоод би Хантөмөрийг ээжид нь хэлж аваад найзынхаа хүүхдийн төрсөн өдөрт аваачиж тоглуулж байгаад өөрийнхөө гэрт ирж хоносон. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүү Хантөмөр өдөржингөө унтаад би хичээлд хүргэж өгөөгүй унтуулчихсан. Тэгээд гэртээ байж байсан чинь 16 цагийн үед О  миний амьдардаг гэр болох Баянгол дүүргийн 3-р хороо 66 байрны 38 тоотод ирээд хаалга цохихоос авахуулаад маш догшин хаалга өшиглөж балбаж цохьсон тэгээд хаалганы гаднаас хаалга онгоогүй байхад орилж чарлаад хүүхдээ авмаар байна гээд байсан. Би Оюун-Эрдэнийг догшин ширүүн ааштайг нь мэддэг болохоор гэртээ оруулахыг хүсээгүй, хаалганы цаанаас гадаа байж бай гэсэн чинь үгүй гээд орилоод орцонд хаалганы хоёр талаас маргалдаад зогсож байх үед ээж Түмэнжаргал, ах Давааням нар гаднаас ирж таараад Оюун- Эрдэнэ үүдэнд ээжтэй маргалдах нь сонсогдсон. Тэгэхээр нь би аргаа бараад хаалгаа онгойлгоод орцонд гараад Оюун-Эрдэнийг гадаа байж бай, би одоо хувцсыг нь өмсөгчихөөд гаргаад өгье гэсэн чинь үгүй гээд өөрийнхөөрөө дайраад заавал манай гэрт орно гээд байсан. Тэгэхээр нь би лай болохгүй зайлаад өгөөч гэж хэлээд орцонд орилоод байхаар нь гаргах санаатай өөрөө түрүүлээд орцноос гарсан чинь гадаа гараад О  над руу чулуу барьж дайрч болон шидэлсэн. Тэгэхээр нь би орц руу орсон чинь араас орцонд орж ирээд над руу дайраад байсан. Тэгсэн чинь манай ах Давааням, ээж хоёр дундуур ороод больцгоо гээд байж байсан чинь О  өсгийтэй гутлаа тайлж миний баруун нүд рүү өсгий хэсгээр нь нэг удаа цохиж сэтэлсэнд, миний нүднээс цус гаргасан. Тэгээд маргаан намжаад хүүхдээ аваад яваад өгсөн. Би тэр даруйдаа Гэмтлийн эмнэлэг явж нүдэндээ оёо тавиулсан. Өөр хүнтэй болсонд хардаад цохиж зодсон байх. Гэхдээ өөрөө ч гэсэн өөр хүнтэй одоог хүртэл амьдардаг. Би хэн нэгнийг цохиж зодсон асуудал байхгүй. Миний баруун нүдний доод зовхи зүсэгдсэн, хөхөрч хавдсан, өвдөх зовиуртай байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй” /хх-н 11-12/ гэж, гэрч Дамдингийн Түмэнжаргал “... 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сургууль дээр байж байсан чинь охин Ууганжаргал над руу утсаар залгаад бэр Оюун- Эрдэнэ гэрийн үүдэнд ирчихээд орилж чарлаад, хаалга балбаад байна гэхээр нь би бие тааруу байсан болохоор оюутан Даваанямаар гэртээ хүргүүлсэн. Би орц руугаа ороход О  гэрийн үүдэнд намайг харчихаад хаалгаа онгойлго, би орох ёстой, би заавал орно гээд орилоод чарлаад байхаар нь би тайвшруулах гэтэл намайг бас хэл амаар доромжилсон. Зогсож байсан чинь Сүхтулга гэрээс гарч ирсэн чинь Оюун- Эрдэнэ Сүхтулга руу чамайг ална гээд дайрсан тэгэхэд Сүхтулга чи болио тайван гэсэнд өөдөөс нь орилоод зодох гээд дайраад гараараа цохиод байсан тэгэхээр нь би дундуур нь салгасанд О  өсгийтэй гутлаараа давуулж Сүхтулгын баруун нүд хэсэг рүү цохисонд цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь бид нар гудамжинд гарсан тэгээд хүүхдийн нүдийг гэмтээчихээр нь би цагдаа дуудсан чинь О  Сүхтулга руу дайрч зодох гээд байсан. Оюун-Эрдэнийн ээж нь ирээд Оюун-Эрдэнийг цагдаа ирэхээс өмнө дагуулаад явсан. Сүхтулга, О  нар урьд нь цагдаад шалгагдаж байгаагүй. Ер нь Оюун-Эрдэнийг цагдаагаас эрүүлжүүлэгдсэн байхад нь ганц удаа авч байсан. Түүнээс биш би Сүхтулгыг амьдралдаа авч үзээгүй. Сүхтулга ер нь их тайван дөлгөөн удаан ааштай хүн. О  их тийм хэлээ хазсан, найланхай зантай, бас их хартай. Сүхтулга, О  нар найз нөхөдтэйгээ уулзаж учрахдаа уудаг байх, өөрөөр байнга архи дарс хэрэглээд байдаггүй. Ер нь гэр орондоо тэгж архидан согтуурдаггүй. О  ер нь их хүмүүжил муутай, урьд нь манай гэрт хамт амьдарч байхдаа архи уусан үедээ нөхөртэйгээ болон бид нартай маргалдаж хутга барьж байсан болохоор би Оюун-Эрдэнийг гэртээ оруулахаас маш их айдаг. Миний ярьсан бүгд үнэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” /хх-н 15-16/ гэж, гэрч Шархүүгийн Оюун “... 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байсан чинь охин О  над руу утсаар залгаад уйлаад Сүхтулгын гэрийн гадаа байна эд нар намайг дээрэлхээд байна гэж хэлсэн. Би яваад очсон чинь О , Сүхтулга, Сүхтулгын ээж, бас нэг эрэгтэй хүн нар хоорондоо маргалдаад О  гэрт нь хүүхэн байсан, гэртээ оруулахгүй, мөн хүүхэд өгөхгүй байна гээд орилоод маргалдаад байсанд Сүхтулга Оюун-Эрдэнийг алгадсан чинь яахын завдалгүй Оюун- Эрдэнэ гутлаараа Сүхтулгыг цохисон. Сүхтулгын баруун хацар орчмоос цус гарсан. Би Оюун-Эрдэнийг аваад харьсан. Миний охин О  1992 оны 3 дугаар сарын 9- ний өдөр Улаанбаатар хотод айлын том охин болж мэндэлсэн. Бага насандаа 24-ийн цэцэрлэгээр хүмүүжиж Нийслэлийн 17 дугаар сургуульд элсэн суралцаж 8 дугаар ангиа төгсөөд Нийслэлийн 31 дүгээр сургууль руу шилжин суралцаж, 10 дугаар ангиа төгсөөд Батлан хамгаалах их сургуульд элсэн суралцаж Төрийн захиргаа удирдлагын менежмент мэргэжил эзэмшиж 2014 онд төгсөөд тодорхой эрхэлсэн ажилгүй одоог хүртэл гэртээ ганцаараа хүүхдээ харж байгаа. 10 дугаар анги төгсөөгүй байхдаа л Сүхтулга, О  2 үерхэж нөхөрлөж хамт амьдардаг болсон тэгээд 2011 онд хүү Хантөмөр нь мэндэлсэн. Сүүлийн 2 жил гаруй О , Сүхтулга нар хамт амьдрахгүй. Оюун-Эрдэнийн хадам ээж нь болдоггүй юм шиг байна лээ. Тэгэхээс биш миний Сүхтулгад муу санасан зүйл байхгүй. О  одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ хараад манай гэрт байгаа” /хх-н 17-18/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч Б.Сүхтулгын гэмтэлтэй холбоотой “Сүхтулгын биед баруун нүдний зовхины няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 21/ гэсэн 12028 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно. Прокуророос шүүгдэгч О.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо. Шүүхээс шүүгдэгч О д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав. Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, гэрч Шархүүгийн Оюуны “... сүүлийн 2 жил гаруй О , Сүхтулга нар хамт амьдраагүй. Оюун-Эрдэнийн хадам ээж нь болдоггүй юм шиг байна лээ. Түүнээс биш би Сүхтулгад муу санасан зүйл байхгүй. О  одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ хараад манай гэрт амьдарч байгаа” /хх-н 17-18/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ. Шүүгдэгч О  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Сүхтулга гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч О  цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. О д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. О  торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. О  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Сүхтулга гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч О  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ