| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2208 00000 0656 |
| Дугаар | 2022/ДШМ/862 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/862
Ш.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Ш.У, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/809 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.У-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2208 00000 0656 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Ш-н У, 1979 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ... /;
Ш.У нь үргэлжилсэн үйлдлээр:
“Чацаргана зарна” гэсэн зарын дагуу холбогдон “Би цэцэрлэгүүдэд нийлүүлдэг тендер авсан найдвартай мөнгийг нь өгнө, төрийн сангийн мөнгө орсонгүй, хаагдсан байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.П-ээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1200 кг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1400 кг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 4000 кг чацаргана жимс, нийт 6600 кг жимс авч 49.500.000 төгрөгийн,
“Чацаргана зарна” гэсэн зарын дагуу холбогдон “Би Элсэн Тасархайд үйлдвэрт нийлүүлнэ, мөнгө нь удахгүй орно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Г-аас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 520 кг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3792 кг чацаргана жимс, нийт 4312 кг жимс авч 19.924.000 төгрөгийн,
“Жимс зарна” гэсэн зарын дагуу холбогдон “Ө” ХХК-д нийлүүлнэ” гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сэлэнгэ” зах дээрээс хохирогч Н.Ц-оос 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1060 кг нэрс жимс авч 20.140.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 89.564.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Ш.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.У-г 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Ш.У-ийн цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-аас 41.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.П-д, 19.924.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-д, 20.140.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Ц-д тус тус олгохоор, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Нөхөр минь 2018 онд өвчний учир нас барсан. ...Би хийсэн үйлдэл дээрээ огт маргаагүй, гэм буруугаа хүлээсэн бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн хариуцлагад татагдаж 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр цагдан хоригдсон. Гэрт өсвөр насны гурван хүүхэд маань үлдсэн. Хоригдож байгаа надтай ирж уулзаж чадаагүй болохоор би өмгөөлөгч авах хэрэгтэйгээ ээждээ дуулгаж амжихгүй байсаар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Хоригдож байх энэ хугацаанд өмгөөлөгчтэй боллоо. Би урьд нь хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Миний араас хөөцөлдөх учир мэдэх хүн байхгүйн улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч чадалгүй хүнд ял авсан гэж бодож байна. Иймд миний хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш.У-ийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 удаагийн залилах гэмт хэрэгт холбогдсон. Ш.У анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг ажил хийж хохирогч нарт төлөх болно. Хүүхдүүдийг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. ...Ш.У-ийн хувийн байдал нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэлгүй, өсвөр насны хүүхдүүдтэй тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх боломжоор хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруудаа маргаагүй, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.У үргэлжилсэн 3 удаагийн залилангийн үйлдэлтэй. Их хэмжээний хохиролтой, 3 хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд, шүүхийн шатанд өмгөөлөгч авах бүрэн боломжтой байсан, өмгөөлөгч авах эрхээр хангасан. Шүүгдэгч Ш.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн үндэслэлтэй, хийсэн гэмт хэрэгт тохирсон. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 809 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ш.У-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг. Шүүгдэгч Ш.У нь “Чацаргана зарна” гэсэн Ч.П-ийн олон нийтийн сүлжээнд тавьсан зарын дагуу холбогдон “Би цэцэрлэгүүдэд нийлүүлдэг тендер авсан найдвартай мөнгийг нь өгнө, төрийн сангийн мөнгө орсонгүй, хаагдсан байна” гэж хохирогч Ч.П-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, түүнээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1200 кг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1400 кг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 4000 кг чацаргана жимс, нийт 6600 кг жимс авч 49.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ч.П-ийн: “...Би өөрийн фейсбүүк хаяг дээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Чацаргана зарна” гэсэн зар байршуулсан. ...Ингээд зарын дагуу манай дүү О-тэй утсаар холбогдсон эмэгтэй Ш.У нь “Би танай нутгийн хүн байна, чацаргана худалдаж авна, чацарганыг чинь очиж үзье” гээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх манай аж ахуйн хашаан дээр ирж үзээд авахаар болсон. Тэгээд Ш.У нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1200 кг чацарганыг 1килограммыг нь 7500 төгрөгөөр авахаар болоод “Нэг нутгийн хүмүүс юм чинь зээлээр чацарганаа өгчих, 3 хоногийн дараа 9.000.000 төгрөгийг чинь төрийн сан хаагдахаас өмнө өгнө, би чацарганаа цэцэрлэгүүдэд нийлүүлдэг тендер авсан, найдвартай өгнө” гэж хэлээд манай эгч Ч.М-ээс аваад явсан байсан. ... Нийт 6600 кг чацаргана авсан. ...” /хх 10/,
гэрч Ч.М-ийн: “...Ш.У нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Чацаргана зарна” гэсэн зарын дагуу утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх манай дүү Ч.П-ийн аж ахуйн хашаанаас 1200 кг чацаргана 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1400 кг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4000 кг чацаргана, нийт 6600 кг чацарганыг өөрийн авч ирсэн 00-00 УУУ улсын дугаартай машинаар ачаад авч явсан. Ш.У нь өөрийгөө “Нийслэлийн дүүргүүдийн цэцэрлэгүүдэд чацаргана нийлүүлж байгаа, удахгүй төрийн сангаас мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Ш.У-ийн авсан чацаргана манай дүү Ч.П-ийн эзэмшлийн чацаргана байгаа юм. ...” /хх 55/,
гэрч Ж.Г-ын: “...Манай хамтран амьдрагч Ш.У Нийслэлийн цэцэрлэгүүдэд чацаргана нийлүүлдэг тендерийн зөвшөөрөл аваагүй. ...” /хх 14/,
гэрч Б.О-н: “...Манай ээж Ш.У Нийслэлийн хотын дүүргүүдийн цэцэрлэгүүдэд чацаргана нийлүүлж байгаагүй. ...” /хх 57/,
гэрч Т.Н-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийгөө Ш.У гэж танилцуулсан хүн “Ачаа ачих уу” гэж асуухаар нь би “Ачаа ачна” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 09 цагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын уулзвар дээр Ш.У-тай уулзахад “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Таван толгой түлш” ХХК-ийн ойролцоо байдаг нэг хашаанаас чацаргана аваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Хүчит Шонхор" зах дээр чацаргана буулгана” гэж хэлсэн. Би 4 тонн чацарганыг Ш.У-ийн хэлснээр Дэнжийн мянгын ойролцоо айлд буулгасан. Ш.У нь Дэнжийн мянгад чацарганаа явуулын хүмүүст зараад тээврийн хөлсний мөнгөө өгсөн. ...” /хх 59/ гэсэн мэдүүлгүүд,
1кг чацаргана жимс 7500 төгрөг, хохирогч Ч.П-д учирсан нийт хохирлын дүнг 49.500.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 602 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 67/ зэрэг нотлох баримтуудаар,
Хоёр. Шүүгдэгч Ш.У нь үргэлжилсэн үйлдлээр “Чацаргана зарна” гэсэн хохирогч Б.Г-ийн тавьсан зарын дагуу холбогдон “Би Элсэн Тасархайд үйлдвэрт нийлүүлнэ, мөнгө нь удахгүй орно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 520 кг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3792 кг чацаргана жимс, нийт 4312 кг жимс авч 19.924.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Г-ийн: “...2021 онд тариалсан чацаргана жимсээ “Үнэгүй.мн” зарын сайт дээр өөрийн 88хххххх дугаараар “Чацаргана зарна” гэсэн зарыг 2021 оны 11 дүгээр сард байршуулсан юм. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр надтай үл таних эмэгтэй холбогдоод “Чацаргана их хэмжээгээр авна, очиж үзнэ” гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйд өөрийн хураасан чацарганаа үзүүлсэн чинь “Танай чацаргана ёстой гоё чацаргана байна. Элсэн тасархайд байгаа үйлдвэрт чацаргана нийлүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд “Элсэн тасархай руу явах ачааны машин дүүрэхээр арын хэсэгт нь чацарганаа ачаад явуулна” гэж хэлээд явсан юм. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр утсаар надтай холбогдоод өөрийгөө “Хэд хоногийн өмнө танайд чацаргана үзсэн Ш.У байна. Чацаргана авна, чамд 7 хоногийн дараа мөнгийг чинь өгнө. Байгууллагаар авч байгаа болохоор хугацаа шаардагдана” гэсэн. ...520 кг чацарганыг Ш.У-ийн авч ирсэн 00-00 УУУ улсын дугаартай машинд ачиж өгөөд явуулсан. ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт чацаргана тарьсан газраас 3792 кг чацарганыг 24-83 улсын дугаартай машинд ачиж өгөөд явуулсан юм. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 520 кг, 1 кг чацарганаа 5500 төгрөгөөр, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3792 кг, 1 кг 4500 төгрөгөөр бодож Ш.У-д өгсөн. ...” /хх 82/,
гэрч С.П-ийн: “...Би өөрийн 00-00 УУУ улсын дугаартай машинаараа 2022 оны 02 дугаар сард чацаргана ачсан. Миний гар утсаар эмэгтэй хүн холбогдож, чацаргана ачуулах санал тавьсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооноос 500 орчим кг чацаргана ачуулж, Дэнжийн мянгад хүргэж өгсөн. ...” /хх 86/ гэсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч Ш.У нь хохирогч Б.Г-аас 520 кг, 3792 кг жимс авсан тухай гар бичвэрийн гэрэл зураг, тэдгээрийн харилцсан зурвасууд /хх 96-106/,
4312 кг чацаргана жимсний үнэлгээг 19.924.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн дүгнэлт /хх 90-91/ зэрэг нотлох баримтуудаар,
Гурав. Шүүгдэгч Ш.У нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Ц-ын “Жимс зарна” гэсэн зарын дагуу холбогдон “Ө ХХК-д нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сэлэнгэ” зах дээрээс түүнээс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1060 кг нэрс жимс авч 20.140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Ц-ын: “...Би фейсбүүк дээр “Жимс зарна” гэсэн зар байнга тавьж жимсээ борлуулдаг. 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ш.У гэх эмэгтэй 80хххххх гэсэн дугаараас залгаад “Жимс авах гэсэн юм, мөнгийг нь дараа долоо хоногт гаргаж өгнө, нотариатаар батлуулаад авъя” гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Ш.У гэх эмэгтэйтэй утсаар ярьж байгаад Содон хорооллын нотариат дээр очиж "Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж, надаас 1060 килограмм нэрс жимсийг нэг килограммыг нь 19.000 төгрөгөөр тооцож, нийт 20.140.000 төгрөгөөр бодож худалдаж авахаар болсон. Тэгээд мөнгийг нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлбөрөө хийхээр тохиролцоод явсан. ...” /хх 161/,
гэрч Н.М-ийн: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “1 тонн орчим жимс байна авах уу” гэж ярьсан. Маргааш нь Хайлаастын “Сод Монгол” шатахуун түгээх станц дээр уулзахад Ш.У портер дээр хайрцагтай нийт 1060 кг нэрс жимс ачсан байсан. Тэгээд нэг килограммыг нь 15.000 төгрөгөөр бодож 15.900.000 төгрөгийг 2 хувааж дансаар шилжүүлсэн. Ш.У энэ жимсийг “Хөвсгөлөөс ирж байгаа жимс, миний өөрийн зарж байгаа жимс” гэж хэлж байсан. Уг жимсийг би борлуулаад дууссан. ...” /хх 171/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Н.Ц, шүүгдэгч Ш.У нарын хооронд байгуулсан 1 тонн жимс худалдах, худалдан авах гэрээ /хх 181/,
“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 1060 кг нэрс жимсийг 20.140.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх 174/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Ч.П, Б.Г, Н.Ц болох гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгч Ш.У-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг боломжоор нь барагдуулж, шийдэх болно. ...Миний буруу. ...” /хх 191, 238/ гэсэн мэдүүлэг, бусад баримтуудаар Ш.У-ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний буюу нэр бүхий хохирогч нарт нийт 89.564.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон, эдгээр нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан.
Мөн тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээг хуульд зааснаар “их хэмжээний хохирол”-д хамааруулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан бөгөөд Ш.У нь гурван хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, нийт 89.564.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Шүүгдэгч Ш.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөвхөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.
Анхан шатны шүүхээс Ш.У-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй буюу ял хүндэдсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч Ш.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн 4 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон этгээдийн насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ