| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0013/З |
| Дугаар | 128/ШШ2024/0259 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2024/0259
2024 03 21 128/ШШ2024/0259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж, тус шүүхийн гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С*******,
Хариуцагч: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Т*******, Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н, Д.Ч,
Гуравдагч этгээд: Б.Н нарын хоорондын төрийн албаны ангилал дотроо шилжин ажиллах, албан тушаалын зэрэглэлийн хувьд шатлан дэвшиж ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Ч, гуравдагч этгээд Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С******* нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлийн нэхэмжлэгчийг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзах тухай шийдвэр болон тусгай шалгалтыг зохион байгуулах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгох, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.С*******г төрийн албаны чадахуйн зарчим болон хууль тогтоомжид заасны дагуу шатлан дэвшүүлж, ахлах мэргэжилтнээр шилжүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, томилохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Т*******эд даалгуулах” гэж тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тус яаманд ахлах мэргэжилтний орон тоо гарч байгааг мэдэж, уг албан тушаалд дэвших хүсэлтээ илэрхийлсэн боловч боломжгүй гэх хариуг амаар авч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл 2023 он 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/2401 дугаартай албан бичгээр хариу хүргүүлснийг эс зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
3.1. Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т зааснаар дотооддоо би өөрөө албан тушаалын хувьд шатлан дэвших боломжтой нөхцөл байдал мөн байна уу гэхээр мөн байгаа. Одоо хүсэлтээ илгээсэн хүмүүс дотор. Яагаад чи үнэхээр яг шатлан дэвшиж болохгүй байна гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй,
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д “захиргааны байгууллагаас бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчимтай” гэж заасан. Шинэ орон тоо гарсан, хуулийн хэлтэст дотооддоо ажиллаж байгаа хүний нөөц нь ямар байгаа билээ, тэр хүмүүстээ мэдэгдээд ийм орон тоо гарсан байна. Чиний дэвших боломж чинь ийм байна, хүсэлтэй байгаа юу, үгүй юу гэдгийг захиргааны байгууллагын зүгээс өөрсдөө мэдэгдэх үүрэгтэй,
3.3. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа мөн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө үнэлүүлээгүй нь миний энэ ангилал хооронд шилжих, албан тушаалын хувьд шатлан дэвших хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, хөндлөнгөөс хөндөгдөх ч юм уу тийм нөхцөл байдалд хамаарахгүй юм,
3.4. Төрийн албан хаагч нь өөрөө төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хуульд захирагдаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Гэхдээ хуулиас давсан шаардлага гаргаж ирчхээд, жишээлбэл, төрийн албан хаагчид буюу томилох эрх бүхий субъектүүд нь магадгүй энэ хүний гүйцэтгэлийн төлөвлөгөөг нь хэдэн жилийн хугацаанд үнэлээд ч юм уу, хэдээс дээш гарсан бол аль дуртайг нь томилох эрх байна гэж тухайлан зааж өгөөгүй байхад өөрсдөө субъектив үнэлэмж гэдэг зүйлийг гаргаж ирчхээд би өөрийнхөө яг дэмжсэн хүнээ л шатлан дэвшүүлнэ, чамайг удирдлагаас дэмжээгүй гэдэг хоёр үгээр хаацайлаад миний шатлан дэвших хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэжээ.
4. Нэхэмжлэгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие Эрчим хүчний яаманд 2019 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж эхэлсэн. Анх сайдын туслах, хуулийн хэлтсийнхээ зохион байгуулагч, улмаар хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан байгаа. Хүүхэд асрах чөлөө авах хугацаагаа 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл авна гээд 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орно гэдгээ удирдлагууддаа хэлж байсан. 10 дугаар сарын 01-ний өдөр орох дөхөөд ирсэн учраас 9 сард ерөнхийдөө орох тухай хүсэлтээ өгөх гээд яаман дээр очихоосоо өмнө 9 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсан дээр яамны бүтэц орон тоонд өөрчлөлт ороод манай хуулийн хэлтэс Гэрээ эрх зүйн газар болсон, Гэрээ эрх зүйн газарт ахлах мэргэжилтнүүдийн шинэ орон тоог гарсан байгааг мэдээд түүн дээр тусгай шалгалт зарлагдсан байгааг мэдсэн.
Манай удирдлагууд болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөллүүдтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Тэдний зүгээс ямар хариу өгсөн бэ гэвэл “боломжгүй, яагаад боломжгүй вэ гэхээр уг албан тушаал дээр орох хүн нь тодорхой байгаа, удирдлагаас дэмжсэн хүн нь орно” гэдэг хариу өгсөн. Тэгээд үүний үндсэн дээр манай гуравдагч этгээд болох Н, тухайн албан тушаал дээр хүсэлт гаргаж байсан хүмүүстэй бас дахиад хэд хэдэн уулзалт хийсэн. Эрчим хүчний яамныхаа салбар зөвлөлд мөн Төрийн нарийн бичгийн даргад хүсэлтээ гаргасан. 10 дугаар сарын 04-ний өдөр тусгай шалгалтыг зарлаад төрийн албаны нөөцөөс буюу гуравдагч этгээдийг томилсон байсан. Материаллаг хуулийн хувьд яагаад өөрийгөө шатлан дэвших хууль зүйн үндэслэлтэй байгаа юм бэ гэж тайлбарлаад байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас тэргүүн ээлжид нөхөх бөгөөд хэрэв ийнхүү нөхөх боломжгүй байгаа тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаа иргэдээс нөхнө.” гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “төрийн албаны тусгай шалгалтыг төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т зааснаар дотооддоо би өөрөө албан тушаалын хувьд шатлан дэвших боломжтой нөхцөл байдал мөн байна уу гэхээр мөн байгаа. Одоо хүсэлтээ илгээсэн хүмүүс дотор. Яагаад чи үнэхээр яг шатлан дэвшиж болохгүй байна гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй. Би тусгай шалгалтаа өгье гэдэг хүсэлт гаргангуут төрийн албаны ангилал дотроо дэс түшмэлээс дэс түшмэл рүү шилжих гэж байгаа учраас хуулиараа тусгай шалгалт авах ямар ч боломжгүй. Үнэхээр тусгай шалгалт яагаад авахгүй байгаа юм бэ, тэгвэл би яаж томилогдох боломжтой вэ гэхээр Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 25 дугаар тогтоол гэж гаргасан байгаа. Энэ тогтоолынхоо 4.2-т төрийн албаны дотооддоо нөхөх боломжгүй байгаа тохиолдолд адил төрлийн бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас болон энэхүү хугацаагаа 5 хоногоор тооцно. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч нь тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно гээд бүүр тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл миний хувьд яг адил төрлийн албан тушаал, адил төрлийн яг ангилалдаа шилжин ажиллах хүсэлтэй байгаа. Албан тушаалын мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн байгаа учраас шатлан дэвших болчхоод байгаа. Ингээд энэ журмаа үндэслээд ерөнхийдөө хүсэлт, гомдлоо гаргасан.
Хариуцагчийн зүгээс намайг шатлан дэвших хууль зүйн боломжгүй гэж байгаа нөхцөл байдлаа тайлбарлаж байгаа хариу тайлбараас харахад чи 5 хоногийн хугацаанд хүсэлт гаргах ёстой байсан. Үнэхээр шатлан дэвших хүсэлтэй байгаа бол чи 5 хоногийн хугацаанд гаргах ёстой байсан. Гэтэл миний хувьд энэ бүтэц орон тоо нь гараад, ахлах мэргэжилтэн гэдэг шинэ орон тоо гарсныг мэдээгүй. Мэдээгүй байсан нь миний буруу болж байгаа юм уу
Гэхдээ үүнийг хувь хүний хардлагаар санаатайгаар мэдэгдээгүй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь хууль зүйн үндэслэлгүй учраас дэл сул зүйл ярихгүй. Яагаад гэвэл бид нар өмнө нь маш олон удаагийн уулзалтыг хийчихсэн. Гэтэл тэр 5 хоног нь үнэхээр яг дотооддоо ажиллаж байгаа хүмүүс нь 5 хоногийн хугацаанд хүсэлтээ өгөх байсан уу гэхээр үгүй байгаа. Энэ 5 хоногийн хугацаанд чинь дотооддоо нөөцөө нөхөх боломжгүй тохиолдолд адил төрлийн бусад төрийн байгууллагуудтайгаа ажиллаж байгаа хүмүүсээсээ хүсэлт авах хугацааг 5-аас доошгүй хоногийн хугацаа гэсэн буюу бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас авах хугацааг 5 хоног байгаа. Тэгэхээр энэ 5 хоногийн хугацаанд над дээр тайлбар тавиад миний хүсэлтийг хангахгүй байх үндэслэл болохгүй байгаа.
Намайг хүүхэд асрах чөлөөтэй байсан. Мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан нэг жил завсардсан учраас 2023 оны чинь гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлээгүй. 2020, 2021, 2022 онд үнэхээр сайн ажиллаж байсан байж болно. Тэрийг чинь бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ чи 2023 ондоо гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлүүлээгүй учраас намайг шатлан дэвшүүлж болохгүй гэчихсэн байгаа. Би хүүхэд асрах чөлөөтэй байгаа нь үнэн. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа нь хууль ёсны дагуу үнэн. Гэхдээ хүүхэд асрах чөлөөтэй байгаа мөн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө үнэлүүлээгүй нь миний энэ ангилал хооронд шилжих, албан тушаалын хувьд шатлан дэвших хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, хөндлөнгөөс хөндөгдөх ч юм уу тийм нөхцөл байдалд хамаарахгүй юм. Төрийн байгууллагаас буюу удирдлагаас хуулиас давсан шаардлага гаргаж ирчхээд, надад тавиад чи бол дэвших боломжгүй гэсэн хариуг өгч байгаа.
Дараа нь субъектив үнэлэмж гаргаж байгаа. Чамайг удирдлагаас дэмжээгүй, удирдлагаас дэмжээгүй буюу субъектив үнэлэмж гаргаж гээд сайдаас магадгүй энэ төрийн албаны нөөцөд байгаа хүнийг дэмжсэн, чи боломжгүй учраас чамайг шатлан дэвших боломжгүй байна гэж байна. Гэтэл би төрийн нарийн бичгийн дарга болон яаманд ажиллаж байгаа хүмүүсийг томилох, чөлөөлөх эрхийг нь хууль бус гэж маргаагүй. Томилох бүрэн эрхтэй гэдгийг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрч байгаа.
Манай хариуцагч талаас итгэмжилсэн төлөөлөгчид маань төрийн албан хаагчид л ирж байгаа. Тэгтэл яг шийдвэр гаргаж байгаа албан тушаалтан буюу удирдах албан тушаалтан маань өөрөө ирээгүй. Гэтэл удирдлагын албан тушаалтан өөрөө юу гэж ярьдаг вэ гэхээр үнэхээр Төрийн албаны тухай хууль маань өөрөө мэргэшсэн, тогтвортой байх, төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг хангана гэж ярьдаг. Гэтэл хуулийг хэрэгжүүлж байгаа хүн маань өөрөө хэн хэрэгжүүлэх вэ гэхээр төрийн байгууллага. Төрийн байгууллага дотроо төрийн захиргааны албан хаагч өөрөө хууль хэрэгжүүлэх болчхож байгаа. Гэтэл яг ингээд практик дээр асуудал тулаад хууль хэрэглэх болонгуут өөрийнхөө дур зоргоороо тайлбарлаад, өөрийнхөө итгэл үнэмшил, субьектив үнэлэмждээ ингэж тайлбарлаад хуулийг хэрэглээд байгаа нь маш их харамсалтай.
Төрийн албаны хүний нөөцийн дээд байгууллага Төрийн албаны зөвлөл байгаа. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргалаа гэж бодоход манай Зүгээр л нэг тулга тойрсон шиг яг гол хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлахгүйгээр сөрөг хариуг өгчхөж байгаа юм. Хууль хэрэгжүүлж байгаа байгууллага өөрөө практик дээр ийм алдаа гаргаад, төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөөд байгаад нэхэмжлэгчийн хувьд гомдолтой байгаа юм. Ийм учраас хуульд заасан шаардлагын хүрээнд Төрийн албаны Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлийн намайг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзаж, тусгай шалгалтыг зохион байгуулсан шийдвэрийг нь бас хүчингүй болгоод, намайг томилохгүй байгаа Төрийн нарийн бичгийн даргын хууль бус үйлдлийг хууль бус болохыг нь тогтоолгож томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Шүүхийн зүгээс хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч Б.С******* нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 119 дүгээр тушаалаар анх сайдын туслахаар томилогдсон. Үүний дараагаар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн зохион байгуулагчаар буюу туслах түшмэлд томилогдсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дугаар тушаалаар тус хэлтсийн эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал буюу дэс түшмэлийн албан тушаалд шатлан дэвшүүлж томилсон. Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Б.С******* хүсэлт гаргаж Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Эрчим хүчний яаманд бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, хуулийн хэлцлийг Гэрээ эрх зүйн газар болгож өөрчлөн зохион байгуулсан. Хуулийн хэлтэс анх дарга, ахлах шинжээч, мэргэжилтэн 2, зохион байгуулагч гэсэн нийт 5 орон тоотой байсан. Үүнийг өөрчлөн зохион байгуулж шинэ орон тоо гарч, өнөөдрийн байдлаар Гэрээ эрх зүйн газар нь Гэрээний эрх зүйн газрын дарга, ахлах шинжээч, нэг ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн 3 нийт 6 орон тоотой. Өөрөөр хэлбэл, зохион байгуулагчийн орон тоо хасагдаж нийт ингээд 3 мэргэжилтэндээ ахлах мэргэжилтний албан тушаалын шинээр оруулсан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албанд шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмын 4.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоо, олон нийтэд мэдээлэх төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллагын нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс гэж байгаа. Уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас, хүний нөөцийн төлөө мэдээллийн тогтолцоо, цахим системээр мэдээлнэ гэж заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Гэрээ, эрх зүйн газрын хуулийн хэлтсийн хуулийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог зарлан хэрэгжүүлэх орон тоог Төрийн албаны зөвлөлийн эрчим хүчний яамны цахим хуудсанд байршуулсан.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ангиллаас ангилал хооронд шилжсэн тохиолдолд тусгай шалгалт өгөхгүй. Дэс түшмэлийн ангилал нь мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хоёр дэс түшмэлийн ангилалд хамаардаг. Тийм учраас ангиллаас ангилал хооронд тусгай шалгалт өгөх боломжгүй, шууд томилгоо хийхээр хуульчлагдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтад төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нөөцөд байгаа иргэдээс нөхнө гэж заасан байгаа. Энэ хугацаанд Б.С******* төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд дээрх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан байгаа. Мөн нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасны дагуу захиргааны байгууллагаас бусдын эрх, хууль, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах тусгай зарчимтай бөгөөд тус үүргээ гүйцэтгээгүй гэсэн.
Төрийн нарийн бичгийн даргын 100 дугаар тушаалаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс Хууль зүйн газрын мэргэжлийн томилогдсон талаар ямар нэгэн гомдол гаргаагүй. 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Төрийн нарийн бичгийн дарга нь тушаал гаргаж хүүхэд асрах чөлөөг нь сунгасан байдаг. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар хуулийн хэлтсийн эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр дэс түшмэлийн ангилал, ТЗ-7 зэрэглэлд томилогдсон бөгөөд тус албан тушаалд нэг жил ажиллаад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүүхэд асрах чөлөөгөө авсан. Хуульд заасны дагуу албан тушаалыг нь хадгалж байсан. Ажил олгогчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эрх зүйн асуудал хариуцсан мэргэжлээр нэг жил ажилласан, өнөөдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа, тухайн албан тушаалд ажиллаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд бол төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө үнэлүүлээгүй, албан хаагчийг шатлан дэвшүүлэх үндэслэлгүй байсан бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу сул орон тоо гарсан тул нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс тус орон тоо нөхөгдсөн байгаа. Тухайн үед хуулийн хэлтсийн дарга Төрийн захиргааны удирдлагын газарт харьяалагддаг байсан. Тэгэхээр хуулийн хэлтсийн нэгжийн дарга, төрийн захиргааны удирдлагын газрын нэгжийн даргыг томилох эрх бүхий албан тушаалтан буюу Төрийн нарийн бичгийн дарга сул орон тоо гарсны үндсэн дээр хуулийн дагуу томилсон. Заавал мэргэжилтнийг ажиллаж байгаад шатлан дэвшүүлнэ гэсэн тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй. Манай Хөдөлмөрийн дотоод журамд ч байхгүй. Удирдлагуудын зүгээс шатлан дээшлэх зарчмаар ингээд сул орон тоо гарсан учраас хуулийн дагуу нөхье. Жирэмсний амралттай байгаа албан тушаалтны албан тушаалыг хуулийн дагуу хэвээр үлдээсэн гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгчийн гаргасан гомдол дээр Эрчим хүчний яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн дарга томилох эрх бүхий албан тушаалд сул орон тоо байна үүнийг нээлттэй зарлаач гэх хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд тавьсан. Ингээд Төрийн албаны зөвлөл хянаад сул орон тоо зарлахыг бид нарт зөвшөөрсөн. Ингээд 5 хоногийн зарыг зарлаад 5 хоногийн хугацаанд төрийн бусад байгууллагаас тухайн адил ангиллын албан тушаал дээр шууд томилогдох албан тушаалын тусгай шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагчаас материал ирээгүй. Ингээд Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тухайн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комиссыг Төрийн албаны салбар зөвлөлийн даргын тогтоолоор томилсон байгаа. Тэгэхээр Төрийн албаны салбар зөвлөлийн даргын тогтоолоор томилсон комисс тухайн сул орон тоон дээр сонгон шалгаруулалтад оролцохоор ирсэн иргэд болон шатлан дэвшүүлэх сонирхолтой байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын материалыг хүлээж авч тухайн сонгон шалгаруулалтыг хууль ёсны зохион байгуулах үүрэгтэй. Энэ хүрээнд нээлттэй 10 хоногийн хугацаанд тухайн албан тушаалын сул орон тоон дээр нийт 4 иргэнээс материал ирсэн байгаа. Тэгэхээр сонгон шалгаруулалтын комисс эхний худлаа 9 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, тухайн 4 иргэний материал дээр буюу дотор нь Б.С*******гийн материал байсан. Нөөцөөс тухайн албан тушаалд өмнөх зохион байгуулагч дээр ажиллаж байсан гээд 4 иргэн материал ирсэн учраас хуралдаад эдгээр нөөцийн материалтай танилцаад түр хойшлуулсан. Энэ хойшлох хугацаанд манайд ажиллаж байсан н.У******* нь материалаа татсан. Дахиад Төрийн албаны зөвлөлд бид нар ажлын шугамаар хандаж Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын н.Б*******, н.Ц******* нараас арга зүйн зөвлөгөө утсаар авсан. Комисст сууж байгаад энэ тохиолдолд бид нар Б.С******* манайд ажиллаж байгаа мэргэжилтэн, тухайн ангилал дотроо буюу мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн рүү, ТЗ7-ТЗ6 руу шатлан дэвшихээр материал ирээд байна. Бид нар ингээд бүртгэх ёстой гэдэг. Энэ хүний эрх зүйн асуудал хөндөгдсөн учраас зөвлөгөө авсан. Гэтэл бид нарт болохлоор энэ 10 хоногийн зар чинь өөрөө тухайн ангилал дотроо биш. Бусад төрийн байгууллагаас нөөцөд шатлан дэвших, дэс түшмэлээс орох гэж байгаа албан хаагчид, эсвэл нөөцөд байгаа төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгөөд нөөцөд бүртгэлтэй байгаа тухайн албан тушаалын тавигдах тусгай шаардлагыг хангасан иргэдэд зориулсан 10 хоногийн зар байгаа. Тэгэхээр танайх энийг өөрсдөө төрийн байгууллага томилох бүхий эрх бүхий албан тушаалтан сул орон тоо гээд зарлаад 5 хоногоо зарлаад, 5 хоногт материал ирсэнгүй. Одоо нээлттэй зарлая гээд зарлачхаад тухайн байгууллагаасаа материал ирсэн хүнийг бүртгэнэ гэдэг чинь өөрөө нөөцөд байгаа иргэн буюу шатлан дэвших гэж байгаа иргэдийн эрх ашгийг 100% хохироож байна. Тийм болохоор Төрийн албаны тухай хуулийн 33.3-т ерөнхий шалгалт төрийн жинхэнэ алба хаасан хүсэлтээ энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төр, үйлчилгээний болон бусад улс төрийн албан хаагчаас тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэсэн ийм зөвлөмжийг өгсний дагуу бид холбогдох материалтай танилцаад төрийн албаны нөөцөд байгаа иргэдийг тухайн албан тушаалын нөөцөд буюу шатлах гэж байгаа гэсэн. Тэгэхээр шатлах гэж байгаа иргэн байхгүй учраас Төрийн албаны ерөнхий шалгалт өгч өргөдөл бүртгэсэн 2 иргэнийг цаашид тусгай тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оруулъя гэдэг шийдвэрийг гаргасан байгаа гэв.
7. Гуравдагч этгээд Б.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Би Эрчим хүчний яамны Гэрээ эрх зүйн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Миний хувьд Төрийн албанд 2013 оноос эхлээд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлээ дээшлүүлэх шалтгаанаар гадагш сургуульд суралцаад Монголдоо буцаж ирээд Эрчим хүчний яаманд орсон. Тухайн үед Эрчим хүчний яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн нь жирэмсний амлалтаа авсан байсан. Би Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад хүсэлт гаргаад 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/139 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажилласан байгаа. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын тогтоолоор Эрчим хүчний яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн. Хуулийн хэлтэс Гэрээ эрх зүйн газар болсон байгаа. Гэрээ эрх зүйн газар болохдоо хуулийн хэлтэс нь өмнө нь 5 орон тоотой байсан Гэрээ эрх зүйн газар болсноороо ахлах мэргэжилтний орон тоо шинээр бий болсон. Энэ орон тоо дээр тусгай шалгалтыг зарласан. Тусгай шалгалтыг нэг удаа зарлахад цуцлагдаад, дараагийн удаа тусгай шалгалтад хууль тогтоомжийнхоо дагуу бүртгүүлээд тусгай шалгалтад нийтдээ 79,1 оноогоор тэнцсэн. 2 хүн өрсөлдсөн. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар Гэрээний эрх зүйн газрын ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр намайг ахлах мэргэжилтнээр томилоогүй гээд байгаа. Миний эрх ашиг хөндөгдөж байгаа болохоор Төрийн албаны тухай хуулийн 27-д зааснаар тухайн шинээр бий болсон орон тоон дээр дотроосоо хүн томилогдохгүй байх юм нөөцөөс авдаг. Б.С******* орсон тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаа албан хаагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Тухайн үед төрийн албаны салбар зөвлөлөөс нөөцөөс авах ёстой гэсний үндсэн дээр шинээр бий болсон орон тоон дээр нь шалгалтаа өгөөд тэнцээд тэр албан тушаалд нь очиж байгаа.
Би 2013 оноос эхлээд төрийн албанд анх орж ажлаа туслахаас эхэлж байсан. Ингээд төрийн албанд ажиллаад төрийн албаны шалгалтаа өгөөд, тангаргаа өргөсөн албан хаагч. Тангаргаа өргөөд дууссаныхаа дараагаар төрийн албандаа ажиллаж байгаад гадагшаа мэргэжил дээшлүүлээд гадны оронд 4 жилийн хугацаанд сурсан. Ковидын тухай хуулиар гадаадад гацаад, тэгээд яг ковидоор Монголд ирж байсан. Тэгээд Ковидын шалтгаанаар Төрийн албаны нөөцөөс хасагдсан байсан боловч бол Ковидын тухай хуулиараа нөөц бүртгэж авсан. Яагаад гэхээр сургууль төгссөн он, сар яг нийцэж байсан учраас нөөцөд байгаа гэж баталсан. Тэгэхээр миний хууль ёсны эрх, ашиг сонирхол маш ноцтой хөндөгдөж байгаа учраас миний бие энэ нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Б.С******* нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 119 дүгээр тушаалаар Сайдын туслахаар, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн зохион байгуулагчаар, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар тус хэлтсийн эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авч, дахин сунгуулж өнөөдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байна.
3. Засгийн газрын 2023 оны 5 дугаар арын 24-ний өдрийн 197 дугаар тогтоолоор Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, энэхүү тогтоолоор тус яамны Хуулийн хэлтсийг Гэрээ, эрх зүйн газар болгон өөрчлөн зохион байгуулж, Эрчим хүчний сайдын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Эрчим хүчний яамны бүтцийн нэгжүүдийн орон тоог шинэчлэн Гэрээ, эрх зүйн газрыг зургаан орон тоотой байхаар баталж,
Үүнд: Газрын дарга-1, ахлах шинжээч-1, ахлах мэргэжилтэн-1, мэргэжилтэн-3, нийт-6 орон тоотойгоор зохион байгуулсан бөгөөд уг газарт шинээр нэг ахлах мэргэжилтний албан тушаал шинээр нэмэгдэж, түүний сул орон тоо гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын тушаал түүний хавсралтуудаар тогтоогдож байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэж, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулалтын журмын 4.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албан тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага нэг, хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ”, гэж заасан байх бөгөөд үүний дагуу Гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тоог Төрийн албаны зөвлөл болон Эрчим хүчний яамны цахим хуудсанд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд байршуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
5. Нэхэмжлэгчээс “...сул орон тоо гарсан талаар 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаснаас буюу тусгай шалгалт нээлттэй зарласан байгааг мэдсэн, ингээд удирдлагууддаа төрийн албаны ангилал дотроо шатлан дэвшиж, ахлах мэргэжилтэн болох хүсэлтээ илэрхийлсэн боловч дотооддоо шилжүүлэх хүсэлт авах хугацаа өнгөрсөн тул боломжгүй гэж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр одоо ажиллаж байгаа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай шийдвэр гаргасан, би тусгай шалгалтад бүртгүүлэх хүсэлтийг цахимаар гаргасан боловч миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тусгай шалгалтыг зохион байгуулсан, нөөцөд байгаа иргэнээс тухайн албан тушаалд томилсон нь Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас тэргүүн ээлжинд нөхөх бөгөөд хэрэв ийнхүү нөхөх боломжгүй бол нөөцөд байгаа иргэдээс нөхөх талаар заасныг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тоог цахим хуудсанд байршуулсан боловч нөхөгдөөгүй тул сул орон тооны шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, тусгай шалгалтыг төрийн захиргааны ангилал хооронд шилжих болон нөөцөд байгаа иргэдээс авдаг тул Б.С*******г бүртгээгүй...” гэж тайлбарлан маргажээ.
6. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг, 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.С*******гийн тухайд тус яамны Хуулийн хэлтсийн эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр /дэс түшмэл/ ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд яамны бүтцийн нэгжүүдийн орон тоог шинэчлэн баталж, түүнийг Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний /дэс түшмэл/ албан тушаалд томилсон байх бөгөөд сул орон тоо зарласан хуулийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний орон тоо нь ангилал зэрэглэлийн хувьд “Дэс түшмэл, ТЗ-6” байна.
7. Нэхэмжлэгчээс “...Төрийн албаны зөвлөл болон Эрчим хүчний яамны цахим хуудсанд 2023 оны 8 дугаар арын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тоог байршуулсныг мэдээгүй...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд үүнд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм.
8. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан бөгөөд гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуулийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний ангилал хоёулаа “дэс түшмэл” байх тул Гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.С*******г ангилал хооронд шилжээгүй гэж үзэж бүртгээгүйг буруутгах боломжгүй байна.
9. Нэхэмжлэгч Б.С*******г хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус яамны бүтцийн өөрчлөлтөөр түүний ажиллаж байсан нэгжийг өөрчлөн зохион байгуулсан ч хуульд заасан ажлын байрыг хэвээр хадгалан яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 100 дугаар тушаалаар Гэрээ, эрх зүйн газрын мэргэжилтнээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална”, 60.1.3-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй”, 139 дүгээр зүйлийн 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна” гэж заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлийн нэхэмжлэгчийг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзах тухай шийдвэр болон тусгай шалгалтыг зохион байгуулах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна”, 18.1.1-т “тэргүүн түшмэл”, 18.1.2-д “эрхэлсэн түшмэл”, 18.1.3-д “ахлах түшмэл”, 18.1.4-д “дэс түшмэл”, 18.1.5-д “туслах түшмэл” гэж зааж, нэхэмжлэгчийг томилсон гэрээ, эрх зүйн мэргэжилтний албан тушаал нь дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал байх тул сул орон тоо зарлагдсан гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд буюу адил ангиллын /дэс түшмэл/ албан тушаалын орон тоонд зарлагдсан тусгай шалгалт өгөх боломжгүй байх тул гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй байна.
11. Төрийн албаны зөвлөл болон Эрчим хүчний яамны цахим хуудсанд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд байршуулсан зараар гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тоо нөхөгдөөгүй тул сул орон тооны шалгаруулалтыг явуулах захиалгыг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн в/2925 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цахим хуудсаар нийтэд зарлажээ.
12. Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулсан шалгалтын комиссын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар:
12.1. Эрчим хүчний яамны захиалгаар зарласан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэлийн 18 албан тушаалд тусгай шалгалтыг зохион байгуулах, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, Гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад 4 иргэний материал ирүүлсэн. Үүнээс 3 иргэний материал бүрэн,
12.2. Б*******ын С******* нь эрх зүйч мэргэжилтэй дэс түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаа. Ангилал дотроо шатлан дэвшихээр материал ирүүлсэн төрийн жинхэнэ албан хаагч, тухайн албан тушаалд тавигдах шаардлага бүрэн хангасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлөөс мэргэжилтэн Б.С*******гийн өргөдлийг шийдвэрлэх хүртэл хугацаанд тусгай шалгалтыг түр хойшлуулахаар шийдвэрлэж,
12.3. Харин Шалгалтын комиссын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б.С*******г томилох эрх бүхий албан тушаалтан албан тушаалд дэвшүүлэн томилох бүрэн эрхийн хүрээнд тухайн албан хаагчийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа, сүүлийн жил үр дүнгээ үнэлүүлж үнэлгээний багийн шийдвэрээр албан тушаал ахиулах санал гаргаагүй тохиолдолд заавал шатлан дэвшүүлж томилох үүрэг хүлээхгүй, харин хүүхэд асрах чөлөөтэй тохиолдолд албан тушаал бууруулах, чөлөөлөхийг хориглох зохицуулалттай гэж үзээд нөөцөд бүртгэлтэй иргэн С.Т*******, Б.Н нарыг гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тооны тусгай шалгаруулалтад оролцохыг баталгаажуулж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Гэрээ, эрх зүйн газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй Б.Нг томилуулахаар нэр дэвшүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.С*******гийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Т*******, Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Эрчим хүчний яамны дэргэдэх салбар зөвлөлийн нэхэмжлэгчийг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзах тухай шийдвэр болон тусгай шалгалтыг зохион байгуулах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгох, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.С*******г төрийн албаны чадахуйн зарчим болон хууль тогтоомжид заасны дагуу шатлан дэвшүүлж, ахлах мэргэжилтнээр шилжүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, томилохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Т*******эд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ