Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 490

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо, хохирогч Т.Ням-Эрдэнэ,

түүний өмгөөлөгч О.Санчирбал /2580/

шүүгдэгч Э , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /1703/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э т холбогдох эрүүгийн 1705 0000 00097 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 23 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Бамбуу” театарт жүжигчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт оршин суух, ял шийтгэлгүй Э . Шүүгдэгч Э  нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн 6 давхарт Т.Ням-Эрдэнийн хамар 2 тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э  мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би Уранзаяаг Хархорин зах руу оруулж өгөөд гарч байтал Ням-Эрдэнэтэй тааралдсан. Түүнийг урьд ямар хэрэг хийснийг нь мэдэж байсан болохоор “нааш ир” гэж дуудаад “яалаа гэж айлын нялх хүүхэд хүчиндэж байгаа юм бэ” гэж хэлээд мөргөсөн. Би урьд нь энэ залууг таньдаггүй байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 04-05-ны үед түүний нэрийг Ням-Эрдэнэ гэдгийг мэдсэн юм. Ням-Эрдэнэ, Алтантулга нарын хэн аль нь намайг Уранзаяатай үерхэж эхэлснээс хойш Уранзаяа руу мессеж бичиж дарамталдаг байсан. Би байнга тэдэнтэй утсаар ярьж, мессеж бичиж, хэрэлддэг байсан. Ням-Эрдэнэ найз охин Уранзаяа руу шөнийн 01 цагт “гэрийн чинь гадаа байна, би аавынхаа машинтай байна, найзуудтайгаа явж байна, гараад ир” гэсэн мессеж бичиж байсан. Мөн Алтантулга нь “цэргээс очоод уулзана биз дээ, би чамайг хүсэж байна, чи намайг санаж байгаа биз дээ, хоёулаа очоод гэрлэнэ биз дээ” гэх зэрэг утгатай мессеж ирүүлсэн байсан. Би өөрийн гар утаснаас “би Уранзаяагийн найз залуу нь байна, чи яах гээд байгаа юм бэ” гэж мессеж бичихэд “чам шиг банди аавын хаалга татаж үзсэн над шиг залууд жижигдэнэ шүү” гэсэн мессеж бичсэн байсан. Ням- Эрдэнэ нь Алтантулгад найз охины маань утсыг өгч, түүнийг мэдээллээр хангадаг юм. Би түүнийг манай найз охиныг хүчиндвэл яах вэ гээд болгоомжилсон. Уранзаяа нь Алтантулга өөрийг нь хүчиндсэн талаар Баянгол дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгсөн гэсэн. Би Уранзаяаг хардаагүй, харин дахин гэмт хэрэг гарахаас сэргийлж, хамгаалах бодолтой байж байгаад ийм хэрэгт өөрөө орлоо. Би тэр өдрөө Ням-Эрдэнэ рүү утсаар ярьж уучлалт гуйсан. Ням-Эрдэнэ бас надаас болон Уранзаяагийн гэр бүлийнхнээс уучлалт гуйсан. Хэрэгт 120 000 төгрөгийн баримтаас өөр хохирлын баримт байхгүй тул 120 000 төгрөгийг бэлнээр авч ирж төллөө. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь төлнө. Миний буруутай үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Т.Ням-Эрдэнэ мэдүүлэхдээ: Хархорин зах тарах гэж байхад Э  намайг дуудаад “хоёулаа уулзъя” гэж хэлээд хамт шат руу явсан. Тэгээд шатан дээр очоод намайг мөргөхөд миний хамар гэмтсэн. Тэр үед манай ээж миний араас гарч ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Одоогоор эмчилгээ хийгдээгүй, 2017 оны 12 дугаар сард 1 700 000-2 000 000 төгрөгийн төлбөртэй хагалгаанд орно. Хамрын зураг авахуулж, 120 000 төгрөг төлсөн. Энэ 120 000 төгрөгийг Э  өгснийг хүлээж авсан. Миний хамар муруйсан учраас тэгшлүүлэхэд гарах хагалгааны зардал, өмгөөлөгчийн 600 000 төгрөг нэхэмжилнэ гэв. Мөрдөн байцаалтад гэрч-О.Уранзаяа мэдүүлэхдээ: 3 ...Хар хорин захын 4 давхарт манай ээжийн хувцасны лангуу байдаг ба 9 дүгээр сарын 07-ны өдөр Э той хамт зах дээр оройн 18 цаг өнгөрч байхад хаалгах гэж очсон байсан юм. Тэгээд шатан дээрээс Э оос салсан ба гэртээ харьлаа гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Э  над руу тусаар яриад би буруу юм хийчихлээ, Ням-Эрдэнэ гээд залууг мөргөчихлөө гэж хэлээд утсаа тасалсан гэжээ. (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ундармаа мэдүүлэхдээ: ... 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байсан. Оройн 19 цагийн орчим ажил тарах гээд “Хар хорин” худалдааны төв дээр ажил дээрээ байж байхад хажуу талд зогсдог худалдагч эмэгтэй танай хүүхдийг нэг залуу дуудаад аваад явчихлаа гэхээр нь би хийж байсан юмаа орхиод гардаг шатан дээр очиход Ням-Эрдэнэ шатны хажууд зогсчихсон хамраа дарсан, хамраас нь цус гарч хонхойсон байдалтай зогч байсан. Би юу болж байгаа юм бэ гэхэд хажууд нь зогсож байсан залуу ямар нэгэн юм хэлэхгүй манай хүүхэд юм дугарахгүй байсан. Хамар нь хонхойж далийж хугарсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Ням-Эрдэнийг аав нь цохиж зодсон гэх зүйл болоогүй ээ. Ням-Эрдэнэ надад ярихдаа тэр залуу нь шатаар өгсөж байгаад эргэж хараад хамар руу нь мөргөчихсөн гэж хэлсэн гэжээ. (хавтаст хэргийн 23 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 11- ний өдрийн 11559 тоот дүгнэлтэд: 1. Т.Ням-Эрдэнийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй .гэжээ. (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Э  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Э  нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн 6 давхарт Т.Ням-Эрдэнийн хамран тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт 4 шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Т.Ням-Эрдэнийн мэдүүлэг, гэрч О.Уранзаяа, Г.Ундармаа нарын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11559 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдлоо. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Баянгол дүүргийн прокурорын газраас Э т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй. Хохирогч өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд харин хамрын зураг авахуулахад 120 000 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч нь 120 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн тул түүнийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлсөн гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Т.Ням-Эрдэнэ энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э  нь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлоо эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН