Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

 

 

 

 

“Г Ү Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00298 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г Ү Ш” ХХК нь хариуцагч Н.Д-, С.Б-, С.Ц-, Я.Б- нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, Л.Золзаяа, хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч Я.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, 0170941 нэгж талбарын дугаартай 2 га газрыг “Г Ү Ш” ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, эзэмших болсон. Гэтэл хариуцагч нар нь тухайн газрыг эзэмших ямар нэгэн гэрчилгээгүй атлаа урьд нь амьдарч байсан гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл оршин суудаг. Эрх бүхий байгууллагаас тэдэнд газар чөлөөлөх тухай албадан шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Нэхэмжлэгч компани газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нар саад учруулж байна. Тухайн газрын 1 жилийн татвар нь 37 000 000 төгрөг бөгөөд эдгээр иргэд газар дээр үнэгүй амьдарч байгаа нь нэхэмжлэгчийг хохироож байх тул газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д- тайлбартаа: Бид тухайн газарт 2005 оны 5 дугаар сараас эхлэн амьдарсан. Тус газартай холбоотой маргааныг Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон нэхэмжлэгч компанитай удаа дараа үүсгэж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хүлээн зөвшөөрсний улмаас 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын 31 дугаарт Н.Д-, 32 дугаарт С.Б- бүртгэгдсэн. Уг тушаалын талаар 2017 оны 10 дугаар сард мэдсэн учир Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд мэдэгдэж, мэтгэлцэж чадаагүй. Дээрх тушаалаар газар эзэмших эрх нь зөвшөөрөгдсөн Д.Батжаргал, Б.Ариунжаргал, Б.Туяа, С.Б-, Н.Д- нарт газар олгогдоогүй нь тогтоогдсон. Ингээд УИХ-ын гишүүн, Хууль зүйн яамны сайд Ц.Нямдоржид энэ талаар хүсэлт явуулахад тэрээр 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайд Н.Цэрэнбатад “дээрх иргэдийн газрыг олгоход дэмжлэх үзүүлэх, энэ талаар хариу мэдэгдэх” тухай албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу бидний газраа гэрчилгээжүүлэх эрх хүчин төгөлдөр байгаа бөгөөд Б.Туяа, Б.Ариунжаргал, Б.Батжаргал нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Н.Д-, С.Б- нарын гэрчилгээ олгогдоогүй нь Байгаль орчин, аялал жуучлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн албан дээр саатсан байсан. 2019 оны 12 дугаар сард бичиг баримтаа дахин бүрдүүлж яамны сайдад хүргүүлсэн. “Г Ү Ш” ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдын А/272 дугаар тушаалыг яаж гаргуулсан нь тодорхой бус. 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр газрын кадастрын зургийг татаж байхад нь маргалдан 7 дугаар сарын 27-ны өдөр нь тус дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад Ц.Өнөржаргал бид 2 энэ талаар мэдэгдэж, өргөдөл өгөх үед “асуудлыг авч хэлэлцье” гэсэн. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Г Ү Ш” ХХК-ийн газартай танай газар давхцалтай байна гэж мэдэгдсэн. 2007-2015 он хүртэл энэ компани газар эзэмших болон бусад асуудлаар хандаж байгаагүй, компанийн хаяг тодорхой бус байсан. Газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу 8 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газрыг зохих журмын дагуу аваагүй тул миний бие Байгал орчин, аялал жуучлалын яаманд холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2007 онд зөвшөөрөл авсан газрынхаа тодорхой хэсгийг Солор гарден хотхон барихад зориулж, “Сүрэн алт” ХХК-тай газрын асуудлаар маргаж барилгын ажил нь зогсож байсан. Тэдний эзэмшил газар дээр дур мэдэн хашаа барьж суурьшсан гэж байгаа нь худал. Миний бие 2005 оноос, С.Ц- 2007 оноос өдий хүртэл тус газарт амьдарч байна. Н.Д-, С.Б- нар Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримт болох өрхийн дэвтрийн баталгаажуулсан хуулбар, сансраас авсан байршлын зураг, 11 дүгээр хороонд он удаан жил амьдарсан тухай Засаг даргын 1120616 дугаар тодорхойлолт, Зайсангийн уугуул иргэдийн гарын үсэг, утасны дугаарын хамт гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалаар “...Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалыг “Г Ү Ш” ХХК-д шинээр газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь захиргааны акт гэж үзнэ. Ийнхүү шинээр газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ тухайн 2 иргэний оршин сууж буй газартай давхцуулан эзэмшүүлснээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн засаг даргын саналыг үндэслэн гаргана гэснийг зөрчсөн...” гэж шийдвэрлэсэн. Иймд уг иргэний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ц- тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан газар нь С.Ц- миний бусдын хамт хашиж авсан газар тул түүний дотроос зөвхөн надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь миний болон бусдын эрх ашгийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгч хэргийн материалтай танилцах 30 минутын хугацаа олгосон. Хэргийн материалтай танилцсантай холбогдуулан нотлох баримтууд гаргахаар шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагч Н.Д-ын тайлбарт дурдагдсан баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах, тухайн газарт амьдардаг хүмүүсийн талаар тодорхойлолт хийсэн М.Гантөмөрийг гэрчээр асуулгах зэрэг хүсэлттэй байна. Сөрөг нэхэмжлэл гаргах эсэх талаар хариуцагчаас тодруулах шаардлагатай тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргах боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч Я.Б- тайлбартаа: “Г Ү Ш” ХХК нэхэмжлэгч мөн эсэхийг тодорхой мэдэхгүй байна. 2009 оноос хойш уг газарт амьдарч, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 479.05 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг өөрийн иргэний үнэмлэхийн хаягаар авсан. Нэхэмжлэгч компанийн газар, миний эзэмшлийн газартай давхцал байхгүй нь кадастрын кординат бүхий зургаас харагдана. Иймд энэ нэхэмжлэл надад хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “Г Ү Ш” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, 0170941 нэгж талбарын дугаартай 2 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн газрыг хариуцагч Н.Д-, С.Б-, С.Ц-, Я.Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаагүй байсан бөгөөд шүүгч 30 минутын хугацаа олгосон. Хэргийн материалтай танилцсантай холбогдуулан гаргасан 4 хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дүгээр зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хариуцагч С.Ц- нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, уг газарт оршин суудаггүй учраас түүнээс татгалзаж байгаа хүсэлтээ илэрхийлэхэд шүүх хэлэлцэхгүй орхиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/197 дугаар тушаалаар Хан-уул дүүрэгт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 1.83 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг “Г Ү Ш” ХХК-д 5 жилийн хугацаагаар олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2 га газрыг хариуцагч нараас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд 0.17 га талбайн зөрүү гарсан байхад шүүх огт дүгнэлт хийгээгүй.

С.Ц- нь маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглаагүй байхад хариуцагчаар оролцуулан, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “... хариуцагч Н.Д-, С.Б-, С.Ц-, Я.Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй...” гэж шийдвэрлэсэн нь тухайн газарт оршин суудаггүй иргэн газрыг хэрхэн чөлөөлөх нь ойлгомжг. Бодит байдалд хариуцагч С.Ц- тухайн газарт амьдардаггүй, ямар нэгэн байдлаар эзэмшиж ашигладаггүй байх бөгөөд нэхэмжлэгчээс С.Ц-ийн өмнө нь амьдарч байх хугацаандаа ашиглаж байсан түүний өмчлөлийн хашааг хүчээр буулгаж эвдэлсэн гэх үйл баримтад маргадаг, шүүх нэхэмжлэлийн шаардлагад үл нийцсэн, маргаан бүхий газарт оршин суудаггүй хүнийг газар албадан чөлөөл гэсэн нь илт үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Б- давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч компани уг газрын эзэмшигч мөн эсэхэд эргэлзэж байна. Миний бие тухайн газарт 2009 оноос хойш амьдарч байгаа бөгөөд миний эзэмших эрхийн 479.5 м.кв талбай нь нэхэмжлэгчийн гэх 2 га газрын талбайтай давхцалгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж, хууль зөрчиж нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд хэргийн материалыг хянан үзэж хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б-, Н.Д- нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир нь хариуцагч миний хуулийн мэдлэг муу, мөн өмгөөлөгч авах амьдралын нөхцөл боломжгүй, холбогдох нотлох баримтыг дутуу гаргаж өгсөн. Иргэний хэргийн шүүх захиргааны хэргийн шүүхийн нэгэн адил холбогдох материалыг өөрсдөө цуглуулан, шалгаж, тогтоодог гэдэг ойлголттой байсан. Иймд уг хэрэгт хамааралтай “Г Ү Ш” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Дашдолгор 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 369 дугаар гэрчилгээгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох эзэмшиж байсан анхны кадастрыг тодруулах ёстой байсан. Кадастарт миний газар ямар ч давхцалгүй байгаа. Энэ тухай нотлох баримт авах хүсэлтийг шүүхэд гаргах гэтэл анхан шатны шүүх хуралдааны дараа боломжгүй байдаг юм байна.

Хариу тайлбарт дурдсан баримтуудаар талуудын эзэмших эрх бүхий газар давхцалгүй гэж үзэж байна. Иймээс иргэн Ц.Дашдолгорын эрх бүхий газрын кадастрын зургийг 2012 оны “Г Ү Ш” ХХК-ийн газрын зурагтай харьцуулж мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах хүсэлттэй байна. Уг суудлаар 2008 оноос хойш удаа дараа хүсэлт гаргаж байсан нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1120616 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон. Зайсанд олон жил амьдарч байгаа иргэд Байгаль орчны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх агентлаг, УИХ-ын үеийн үеийн сонгогдсон гишүүдэд хандсаны улмаас Засгийн газраас “иргэдэд газрын эрхийг нэгдсэн журмаар олгох” шийдвэр гарсан. Тухайн үед гаргаж байсан хүсэлт, өргөдөл, кадастрын зургийг өгөх боломжтой гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Г Ү Ш” ХХК нь хариуцагч С.Ц-, Я.Б-, Н.Д-, С.Б- нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, нэгж талбарын 0170941 дугаартай, 2 га газрыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх 1/

Тухайлбал, хариуцагч С.Ц- нь нэхэмжлэлд дурдсан газрыг бодитоор эзэмшээгүй, хариуцагч Я.Б- нь өөрийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгчийн гэх газартай давхцаагүй, хариуцагч Н.Д-, С.Б- нар өөрсдийн эзэмшиж байгаа газрыг хуулийн дагуу эзэмшдэг гэж тайлбарласан байна. /хх23, 35-36, 39-40, 66-69/

 

Анхан шатны шүүх дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дугаар тогтоолын дүгнэлтийг үндэслэлээ болгосон байх боловч уг тогтоол хэрэгт авагдсан байдлаас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагад нийцээгүйг анхаараагүй байна. /хх 7-9/

 

Түүнчлэн, хариуцагч С.Б-, Н.Д-, Я.Б- нар нь нэхэмжлэгчид тухайн газар эзэмших эрх олгосон 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалын хүчин төгөлдөр байдал болон талуудын газар давхцалтай эсэхэд маргасан байхад үүнд хамаарах буюу дээрх тогтоолд дурдагдсан “Г Ү Ш” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг ашиглах эрх олгосон гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаал, 2012/60 дугаар гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/197 дугаар тушаал зэрэг баримтууд хэрэгт огт авагдаагүй байна. Энэ тохиолдолд зохигчдын газрын эзэмшил хууль ёсны эсэх, газрын давхцал байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм. 

 

Үүнээс гадна, хариуцагч С.Ц- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “иргэн Д.Цэцэгдуламыг хамтран хариуцагчаар оролцуулах”, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “...”Г Ү Ш” ХХК-ийн зүй бус үйлдлийг зогсоох тухай...” хүсэлтийг шүүхэд тус тус гаргасан нь хэргийн 25, 27 дах талд авагджээ. Шүүх эдгээр хүсэлтийг хүлээн авсан атлаа хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэснийг зөрчжээ.

 

Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо, хэргийн материалтай танилцсантай холбогдуулан гаргасан хүсэлт /хх72,76,85,87,88/ тус бүрийг шүүх хангаагүй нь хэргийн оролцогчийн эрх зөрчсөн гэх үндэслэл заасан байх боловч тухайн хүсэлтүүдийг шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжит хугацаа байсан гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Харин дээр дурдсан бусад үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхэд хариуцагч С.Б-, Н.Д- нар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй талаар нэхэмжлэгч тал дурдсан боловч анхан шатны шүүх шийдвэртээ “хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэсэн байх тул гомдол тус бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Ц-, Я.Б- нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                     

                                 ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                       Т.ТУЯА