Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 132/ШШ2024/00356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш******* овогт Р*******гийн П******* /Г*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М******* овогт Н*******гийн О******* /Г/-т холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 132/2024/00390/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгч Р.П*******,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Р.П******* нь хариуцагч Н.О*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

          “Р.П******* миний бие Н.О*******тай 2020 онд танилцан дотносож, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү О.Мийг төрүүлсэн. Бид 2023 оноос хамт амьдраагүй, О******* нь байнгын хэрүүл маргаан үүсгэдэг болсон. Иймд хүү О.Мэд тэтгэлэг гаргуулж өгнө үү”  гэжээ.

          2.Хариуцагч Н.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэтгэлэг төлнө” гэжээ.

          3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, О.Мийн төрсний гэрчилгээний хуулбар, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай О.М нь эрүүл бойжиж байгаа гэх тодорхойлолт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 01/496 дугаар Р.П******* нь ам бүл 3 хүүхдүүдийн хамт 5 дугаар баг 12-1228 тоотод оршин суудаг гэх тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

          4.Хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч Р.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

          2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2020 онд танилцан, дотносож хамтын амьдралтай болсон ба тэдний дундаас хүү О.М төрсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оноос хойш хамт амьдрахгүй байгаа, хүүхдээ тэжээн тэтгэх, харж хандах эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.

          3.Хариуцагч Н.О******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд    нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдээ тэжээн тэтгэнэ гэсэн хариу тайлбар гаргасан. 

          4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

          5.Зохигч 2020 онд танилцаж, хамт амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү О.М төрсөн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

          6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсдэг. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ... эцэг, эх нь хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэх тул хариуцагч Н.О******* нь хүү О.Мийг тэжээн тэтгэх үүргийг хуулиар хүлээж байна.

          Иймд шүүх хүү О.Мийг эцэг Н.О*******аар сар бүр хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү О.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод төвшингийн 50 хувь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.О*******аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Р.П*******д даалгасугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.О*******аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.П*******д олгосугай.

        4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.

          5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан үүргийг эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээх бөгөөд эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ХИШИГДАВАА