| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2109 01379 0568 |
| Дугаар | 2022/ДШМ/863 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/863
Э.Э-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Булганчимэг,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1608 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтмагнайн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Э.Э-т холбогдох 2109 01379 0568 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э-ын Э, 1992 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эцэг, дүү нарын хамт Баянхонгор аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /,
Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан;
Э.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байх иргэн Н.Н-ийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох “Iphone 6s”, “Iphone 7” загварын гар утас, хөөрөг болон бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 690.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийн 40-41 дүгээр хуудаст “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Iphone 6s” гар утсыг 250.000 төгрөг, “Iphone 7” гар утсыг 350.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. Шүүгдэгчээс хохирогчийн гэх 2 гар утсыг 15.000 төгрөгөөр засварт өгсөн талаар мэдүүлсэн. Хохирогчоос эд зүйлээ алдсан гэж цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж, түүний анхны мэдүүлгээр гар утаснууд, хөөрөг, мөнгө зэргийг гэрээсээ алдсан болон хэрхэн үнэлэх талаар мэдүүлсэн атлаа дахин өгсөн мэдүүлэгтээ “хөөргөө олсон, бусад гар утаснууд ашиглах боломжгүй утас байсан” гэж мэдүүлсэн байхад “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн эд зүйлсийг зохих үнээр үнэлсэн нь хохирлыг бодитой гаргасан байдалд эргэлзээ төрүүлэхүйц болжээ. Хэрэв хохирогчид ашиглагдахгүй гар утаснууд байсан, шүүгдэгчээс тухайн гар утаснуудыг 15.000 төгрөгөөр гар утас засварын газарт өгсөн бол хөрөнгийн үнэлгээний тайлангаар яагаад бодит байдалд нийцэхээргүй үнэлгээ гаргасан нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгчээс тухайн гар утаснуудыг гар утас засварын өгсөн газрыг зааж өгсөн боловч ажиллагаа хийгээгүй...” талаар мэдүүлэг, тайлбараа тодорхой илэрхийлсэн. ...Мөрдөгч, прокуророос тухайн хэргийн хохирлын хэр хэмжээг бүрэн бодитой байдлаар шалган тогтоогоогүй, нотлоогүй нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болно. Шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, хохирогчийн гар утаснуудыг олж тодруулах талаар зохих ажиллагаа хийж, холбогдох арга хэмжээ авах шаардлагатай. Хэрэг гарсан газрын талаар нөхөн үзлэг хийж, байшингийн цонхоор шүүгдэгч орох боломжтой эсэхийг тодруулах ажиллагаа хийх нь зүйтэй. ...” гэж дүгнэж, Э.Э-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Цогтмагнай бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхны шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Э.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байх иргэн Н.Н-ийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох “Iphone 6s”, “Iphone 7” загварын гар утас, хөөрөг болон бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 690.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Н.Н, гэрч Д.Ц, яллагдагч Э.Э нарын мэдүүлэг болон “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Тус хэрэгт яллагдагч нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хохирлын талаар маргаагүй байхад “...хөрөнгийн үнэлгээний тайлангаар бодит байдалд нийцэхээргүй үнэлгээ гаргасан нь ойлгомжгүй, ...шүүгдэгчээс тухайн гар утаснуудыг гар утас засварын газарт өгсөн газрыг зааж өгсөн боловч ажиллагаа хийгээгүй ...шүүгдэгчийн эх сурвалжийг шалгаж, хохирогчийн гар утаснуудыг олж тодруулах талаар зохих ажиллагаа хийж, холбогдох арга хэмжээ авах шаардлагатай...” гэсэн ойлгомжгүй. Шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгө болох гар утсыг хулгайлан авсан болохыг хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр прокуророос шүүгдэгч Э.Э-ыг хохирогч Н.Н-ийн байшинд нэвтэрч гар утас, хөөрөг болон бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөөрөг болон бэлэн 30.000 төгрөгийг хулгайлан аваагүй гэж дүгнэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой юм.
Хохирогч дахин “...“Iphone 6s” загварын ягаан өнгийн гар утасны плат нь шатаад асах боломжгүй утас байсан. Харин “Iphone 7” загварын гар утсанд сим карт хийхээр уншдаггүй ялтасны гэмтэлтэй утас байсан. Тийм болохоор тухайн хоёр гар утсыг ашиглахгүй гэртээ орхисон байсан. Хөөрөг алдсан гэсэн чинь тухайн хөөргийг манай гэр бүлийн хүмүүс ашигладаггүй байсан болохоор нээх тоохгүй алга болгочихлоо гэж бодсон чинь хөөргөө нүүдэл суудал хийж байгаад авдар дотроос дээлийн энгэрээс олж авсан...” гэж мэдүүлсэн хэдий ч анх өгсөн “... 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өглөө 09:00 цагийн үед аав, ээжийн хамт эмнэлэг яваад орой 18:00 цагийн үед ирэхэд манай өвлийн сууцны вакум цонх онгорхой байсан. ...” гэсэн мэдүүлгээ үгүйсгээгүй болно. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул тухайн хэргийн хувьд бусдын орон байранд нэвтэрч орсноор хулгайлах гэмт хэрэг төгссөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд өмчлөгч өөрийн эд хөрөнгийг “ашиглахгүй байгаа” гэдэг шалтгаан хэлсэн боловч үнэлгээ хийх эрх бүхий байгууллага тухайн эд зүйлийн шинж чанар, загвар зэргийг харьцуулан шинжилж үнэлгээ тогтоосон ажиллагаа нь хуулийн дагуу хийгдсэн, нотлох баримтын шаардлага хангасан байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын үнэлж шүүгдэгчид холбогдох хэргээс зарим эд зүйл алдагдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байх иргэн Н.Н-ийн байшинд нэвтэрч орсон. Шүүгдэгч ... тоотод орсон гэдгээ мэдүүлдэг. Хохирогч нар гэрт нь гар утас хаана байсан талаар мэдүүлэг өгсөн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Э.Э-ыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоот иргэн Н.Нандинцэцэгийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох “Iphone 6s”, “Iphone 7” загварын гар утаснууд, хөөрөг болон бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулснаар хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд заасан гэмт хэргийн шинжийг хангах бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь “Хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлах хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн” байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль тогтоогч хохирлын хэмжээ заагаагүй нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг мэт байх боловч “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэсэн хуульчилсан тайлбар буюу аутентик тайлбар хийснээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг материаллаг шинжтэй болгон өргөжүүлэн тайлбарлажээ.
Шүүгдэгч Э.Э нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Нэргүй ахын гэрт ирсэн чинь хүн байгаагүй. Тэгэхээр нь би хашаан дотор орсон чинь аавын гэр байгаагүй. Гарах гэсэн чинь хашааны урд байшингийн орчим 2 гар утас байсан санагдаж байна тэр хоёр утсыг аваад утас засвар дээр 15 мянган төгрөгөөр өгсөн...” гэж /хх 7/, шүүхийн хэлэлцүүлэгт “...Хашааны хаалга онгорхой байсан. ...Хаалгаар гараад явж байхад элсэн дээр 2 утас байсан. ...” гэж /хх 123/,
хохирогч Н.Н “...Манай байшингийн хаалга, цонх бүрэн бүтэн зүгээр байсан. Яг яаж алдагдсан болохыг мэдэхгүй байна. Намайг гэрт ирэхэд байшингийн цонх онгорхой байсан. Би өөрөө хаасан болон онгорхой орхисон эсэхээ мэдэхгүй байна. ...” гэж /хх 24/ тус тус мэдүүлжээ.
Дээрх нотлох баримтууд болон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих хэргийн газрын үзлэг хийсэн, мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх баримт, тэмдэглэл авагдаагүй зэргээс үзэхэд шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ...тоотод байх Н.Н-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан эсэх нь эргэлзээтэй байна.
Түүнчлэн, Э.Э-ын хулгайлсан гэх гар утаснууд нь хэвийн үйл ажиллагаатай буюу “Дамно” ХХК-ийн үнэлснээр 660.000 төгрөгийн үнэлгээтэй эсэх нь эргэлзээтэй байх тул хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хохирогчийн эрхийг хангахаас гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад нөлөөлнө.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Дээрх ажиллагаа нь мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд хамаарч байх бөгөөд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурор Г.Цогтмагнайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1608 дугаартай захирамжийг хэвээр үлдээв.
Монгол Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРУИНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ