Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД:*******/

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдуулж Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Н.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулж Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

2. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/150 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвас зориулалтаар 22.790 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон.

3. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/555 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "" ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22.790 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх тухай захирамжаар Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж" хүртэлх 1,2 км авто зам, гүүрний ажлын нөлөөлөлд өртсөн "" ХХК-ийн эзэмшиж байсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус даалгасан.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.1 Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар тайлбартаа:

Дорноговь аймгийн Сайншанд суманд орших манай эзэмшлийн газарт "У*******" ХХН 1997 онд дур мэдэн 195 м. 2015 онд 106 м төмөр зам сунган барьсан. Энэ асуудлыг талууд эвлэрлийн журмаар 2016 онд шийдэж протокол үйлдсэн. Уг протокол ёсоор манай компани тус нийгэмлэгээс газар ашигласны төлбөр нэхэмжлэхгүй байхаар тохирсон. Харин Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3-р Хорооны нутагт буюу манай үйлдвэрийн зүүн талд байрлах өөрийн өмчлөлийн хуучин төмөр зам ба даланг тус нийгэмлэг нь манай компанид 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Энэхүү төмөр зам даланг тус нийгэмлэгийн даргын 2014 оны А-207 дугаар тушаалаар хааж, төмөр замын хөдөлгөөнийг хаасан байдаг Тус нийгэмлэгийн дүрмийг 1968 онд БНМАУ-ын тээврийн яам, ЗСБНХУ-ын Зам харилцааны яам баталсан ба тус дүрмээр нийгэмлэг нь төмөр замаа өмчлөх, иргэн, хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх зэрэг бүх эрх мэдэл олгогдсон байдаг.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт манай үйлдвэрийн зүүн талд байрлах тус нийгэмлэгийн өмчлөлийн хуучин төмөр зам ба даланг манай компанид 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэнтэй холбогдуулан 2016 оны оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1125 метр урттай төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас манай компанид олгосон. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/150 дугаартай тушаалаар тус төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22.790 м.кв газрыг эзэмшүүлсэн.

4.2. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн захиргааны ерөнхий Бүртгэлийн ерөнхий хууль зэргийг зөрчиж 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаартай тушаал гаргаж манай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, энэхүү тушаалаа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн. Мөн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар чөлөөлөхийг мэдэгдсэн. Уг тушаалыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг огт хийгээгүй.

Тушаалын гол хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.5-т "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь Буран төлөөгүй" бол газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасныг баримталсан байдаг.

4.3. Гэтэл манай компанид Монгол-Оросын хувь нийлүүлсэн "У*******" нийгэмлэг өөрийн өмчлөлийн төмөр замаа шилжүүлсэн, үүнийг дагасан хамгаалалтын зурвасын газрыг бид хууль ёсны дагуу эзэмшиж, төмөр замыг нь өмчилж байсан. Энэ газар, төмөр замыг дээрх нийгэмлэг нь олон арван ажил өмчилж, эзэмшиж байсан ба Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг манай компанид хэрэглэх боломжгүй, энэ заалт газар тариалангийн зориулалтаар болон төсөвт байгууллагад газар эзэмшүүлэх асуудал байдаг. Харин манай компани газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Иймд хууль тогтоомжийг зөрчиж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Нийслэлийн Засаг даргын дээр өөр Засаг дарга, нийслэлийн захиргааны байгууллага байхгүй учраас бид шууд шүүхэд хандаж байгаа болно гэжээ.

4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

Төмөр замын тухай хуульд зааснаар төмөр зам нь зурвас газартай байдаг. Тус төмөр замыг манай компани зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Тодруулбал, үйлдвэрийн бэлдэц бэлдэх, зөөх, нийлүүлэх, ачих, буулгах гэсэн зорилгоор ашиглаж байсан. Сүүлийн жилүүдэд ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон компанийн хувьцаа эзэмшигч нарын эрх зүйн асуудлаас үүдэлтэй тодорхой хэмжээнд ашиглаагүй. Тус төмөр замыг дагаад манай компани өөр олон компани байдаг. Төмөр замын дээд хэсэг болон доод хэсгээр нь дулааны шугам сүлжээ явдаг учир төмөр замын зурвас газраас өөр байдлаар ашиглах боломжгүй байгаа.

Мөн газрын төлбөрийг хуульд заасны дагуу жил бүр төлж байсан. Төлбөр төлсөн баримтаа хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийг үндэслэсэн. Тодруулбал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дах хэсгийг баримталсан. Өөрөөр хэлбэл газрын төлбөр төлөөгүй, газрын төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанд оролцоогүй гэх үндэслэлийг дурддаг.

Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаатай холбоотой зохицуулалт нь манай тохиолдолд хамаарахгүй зохицуулалт байгаа. Нийслэлийн Засаг даргын өөрийн мэдлийн иргэдэд өмчлүүлдэг газар биш төмөр замын зориулалтын газар байгаа. Дуудлага худалдаа гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжид газар тариалан, бусад зориулалтаар эзэмшүүлэх зохицуулалт байгаа. Тухайн газар нь Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулах төлөвлөгөөнд тусгагддаг газар биш төмөр замын зориулалттай социализмын үеэс У******* ХНН ашиглаж байсан газрыг 2 компани хэлцэл хийх замаар эрхийг нь шилжүүлэн авсан байгаа. Манай компани нь жил бүр гэрээнийхээ дагуу газрын төлбөрөө төлж байсан. маргаан бүхий газрыг цуцлаад, цуцалсны дараа зам тавина гэдэг мэдэгдлийг манай компанид хүргүүлсэн. Өөрсдийн дур мэдэж хашааг нурааж, замыг чөлөөлж, төмөр замын суурь бүтцийг эвдэлсэн. Төмөр замын суурь бүтэц гэдэг нь тодорхой стандартын хүрээнд нэлээдгүй мөнгө шаардаж хийгддэг ажил байгаа. Үүний дагуу цагдаагийн байгууллагад хандсан боловч шүүхийн журмаар яв гэх хариуг өгч хүлээж аваагүй. Гэхдээ прокурорын байгууллагаас өгсөн татгалзал дээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг дурдсан байсан. газар чөлөөлүүлэх захирамж нь өмнөх Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжийг биелүүлэх утга агуулгагүй, зам барих гэсэн зорилготой гарсан акт байгаа. Газар албадан чөлөөлөх гэж байгаа боловч өөр утга агуулгатай гарсан учраас илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

4.5. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг ХХК-д огт мэдэгдээгүй. Мөн уг захирамжийг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй. иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7 заасан үндэслэлийг дурдаж гаргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож өгнө үү? гэв.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар "" ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22790 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Дээрх захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Тус компанид газар олгох шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус зөрчиж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгож, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

5.2. Газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо тус компанид удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан болно. Тухайлбал, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тухайн эдэлбэр газарт Чингис хаан өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэл авто зам, гүүр барих ажил нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэхээр бэлтгэл ажил хангагдсан. УБ хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг багасгах ажлын хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр нэгж хороолол дунд батлагдсан авто замын зургийн дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө мөрдлөг болгон өөрийн эзэмшлийн газраа чөлөөлж, авто зам барих ажлыг дэмжин ажиллана уу гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Мөн оны 05 дугаар сарын 03-ны өдөр дээрх гүүр барих ажлыг "Т*******" ХХК хийж гүйцэтгэхээр шалгаран ажиллаж байгаа тул газрыг чөлөөлнө үү гэсэн бичгийг мөн оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/3379 дугаар албан бичгээр Сонсох ажиллагааны мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/2578 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн. ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар албан бичигт: Манай байгууллага нь хот төлөвлөлт, Нийслэлийн авто замын газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай байнга хамтран, УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийгдэж буй төслийг байнга дэмжин ажиллаж ирсэн.

5.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг "М*******"-той холбох замын ажил 2023 онд эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад байна. Энэ замыг цааш барилгын материалын худалдааны Гермес төв хүртэл үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, шинээр автозам барих энэхүү ажлын хүрээнд замын нөлөөлөлд нийт 15 аж ахуйн нэгж өртсөн. Нийслэлийн Газрын албанаас тэдгээрээс 14 аж ахуйн нэгжийн хашааг татуулж, нөхөн олговор олгоод газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусгасан. Харин "" ХХК-д 2022 онд 3 удаа албан бичгээр мэдэгдэл өгсөн. Энэ ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хариуг өгсөн байдаг. Тус компанид ашиглалтаас гарсан төмөр зам буюу хамгаалалтын зурваст 2.2 га газрыг эзэмшүүлсэн боловч тус компани газрын төлбөрөө 2019 оноос хойш төлөөгүй, тухайн замыг ашиглаагүй, галт тэрэг явах боломжгүй. Тухайн төмөр замын дэр модыг оросууд ашиглаж байгаад үлдээсэн байдаг. Нөхцөл байдал ийм байтал тус компанийн зүгээс байнга ашигладаг газар гээд улсын бүтээн байгуулалтын ажлыг гацааж байна. "" ХХК-ийн удирдлагууд зөвшилцөлд хүрэх, ойлголцох сонирхолгүй байгаа болно.

5.5. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/640 дугаар захирамжаар тус газрыг албадан чөлөөлөх захирамж гаргаж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болсон билээ. 2023 оны 06 дугаар сарын 12-нд 650м газраас 400м газрын төмөр замыг албадан хуулж, чөлөөлсөн. Гэтэл үлдсэн газар дээр нь том оврын техник хэрэгсэл тавиад орц, гарцыг хааж саад учруулсан.

Тус компанийн эзэмшиж байсан газраар дайран өнгөрөх энэхүү зам буюу Чингисийн өргөн чөлөөг Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам болох Баруун үйлдвэрийн гудамжийг шинээр төлөвлөснөөр Баруун үйлдвэрийн гудамж нь 14 900 машиныг хоногт нэвтрүүлэх боломжтой болно. Баруун үйлдвэрийн гудамжийг төлөвлөсний дагуу ашиглалтад оруулснаар Чингисийн өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний ачааллыг 21 хувиар, Энгельсийн гудамжны ачаалал 16.5 хувиар тус тус буурах урьдчилсан тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байгаа болно. Дээр дурдсаны дагуу 1,2 км урт дөрвөн эгнээ авто замыг 2023 онд багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч өдийг хүртэл замын ажил нэг жил гаруй хугацаанд саатаад байгаа болно. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/640 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл байхгүй болно. Харин энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37-40 дүгээр зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулсан захирамж болно. Уг захирамжийг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.4, 59.4 дэх хэсгийг тус тус үндэслэн захирамжилсан акт болно гэжээ.

5.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанид төмөр замын хамгаалалтын зурвас зориулалтаар 2.2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Үүний үндэслэл нь У******* ХНН-ын хүсэлтэд үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Тухайн маргаан бүхий газар дээр Хот байгуулалт хөгжлийн газар болон Барилга хот байгуулалтын сайдын хамтран баталсан төлөвлөгөөнд тусгагдсан газар байсан. Тухайн үед уг газар эзэмших эрхийг төмөр замын зурвас газар гэсэн зориулалтаар олгосон.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5 заасан үндэслэл бүрдсэн бөгөөд баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн талаарх баримт нотлох баримт судлах явцад тогтоогдлоо. Иймд сонсох ажиллагаа явуулсан талаар маргаан байхгүй.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар заасан байдаг. Гэтэл ХХК нь хоёр аж ахуйн нэгж хоорондын гэрээний үндсэн дээр шилжиж байгаа гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, уг харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч компанийн төлбөрийн үлдэгдэл 7.551.000 төгрөг байгаа талаар баримт авагдсан байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж гарсан. Тус захирамж нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор газар албадан чөлөөлөх захирамж гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч ХХК тус шүүхэд хандаж Нийслэлийн засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн болно.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/150 дугаар захирамжаар нэхэмжлэгч ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд төмөр замын хамгаалалтын зурвас зориулалтаар 22790 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн улмаар уг захирамжийн баталгаажигдах эх үүсвэр, үндэслэл хэсэгт У******* Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 09/366 тоот албан бичиг, холбогдох бусад материал гэж дурдсан, мөн нэхэмжлэгчийг тухайн 1125 м2 урттай төмөр зам зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-2206046790 дугаарт бүртгэж 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг, уг 22790 м2 газрыг 15 жилийн хугацаагаар төмөр замын хамгаалалтын зурвас зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус тус олгож мөн өдөр газар эзэмших гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээг нэгжийн үнэ 132 төг, бүгд үнэ 3008280 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Улаанбаатар банк дахь 26******* тоот дансанд шилжүүлэх, гэрээний 4.6-д төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх-өөр тохиролцсон үйл баримтууд тогтоогдсон.

4. Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/3379 тоот Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээс үзвэл ...танай компанид газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтыг зөрчиж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгож нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох..-ыг мэдэгдсэн,

6. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ыг тус тус үндэслэн ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22790 м2 газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх ба уг захирамжийн талаар 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/2617 дугаар албан бичгээр ...А/555 дугаар захирамж гаргасныг болон 2023 оны 6 дугаар сарын 12-ны дотор тухайн газрыг чөлөөлөхийг мэдэгдэж улмаар дурдсан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх-ийг анхааруулжээ.

7. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:, 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх;, 4.1.4-т газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасан.

8. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримт болох 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт №0201*******-аас үзвэл нэхэмжлэгч компани нь 2018 оны 2, 3, 4-р улиралд гэрээгээр 2 256 210 төгрөг төлөхөөс 3 008 280 төгрөг төлж үлдэгдэл -752 070 төгрөг, 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр 3 236 180 төгрөг төлөхөөс огт төлөөгүй, 2020 оны шинэчилсэн үнэлгээгээр 3 236 180 төгрөг төлөхөөс 6 472 360 төгрөг төлж -3 236 180 буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төлбөрийн үлдэгдэлгүйг тогтоож эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурсан нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон 6 472 360 төгрөгийг 2021 оны газрын төлбөрт С.Б*******, мөн өдрийн огноотой ХААН банкны шилжүүлгийн баримтаар М.С******* нэрээр 2022 оны газрын төлбөрт 6 472 360 төгрөгийг тус тус төлсөн шилжүүлгийн баримтыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн болно.

9. Үүнээс үзвэл нэхэмжлэгч ХХК-ийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч газрын төлбөрөө 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй, харин 2021-2022 оны газрын төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн, энэ тохиолдолд талууд гэрээг дүгнэсний үндсэн дээр төлбөрийн хугацаа хэтрүүлсний алдангийн асуудал яригдахаас бус энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг шууд дуусгавар болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 2021-2022 оны газрын төлбөрийг хугацаандаа төлсөн эсэх талаар дүгнээгүй, энэ тухай баримтыг хариуцагч огт үнэлээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл байдал үүсэн гэж үзсэн нь учир дутагдалтай. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь тухайн асуудалд хамаарах нотлох баримтыг цуглуулж үнэлэх, нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, хуулийн дээрхи заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

11. Харин, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй гэх тухайд:

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан ба хуулийн дээрхи заалт нь нэхэмжлэгчид үүрэг болгосон заалт биш харин эсрэгээрээ хариуцагч захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг бусад этгээдэд олгохдоо баримтлах журам буюу тодорхой нөхцөлд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгохыг үүрэгжүүлсэн заалт гэж үзэхээр байна.

12. Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 1.2-т Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа (цаашид дуудлага худалдаа гэх)-г аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын болон чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч зохион байгуулна., 9.2-т Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг нь дарга, дуудлага худалдааны хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд нь тухайн шатны Засаг даргын Тамгын газар болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны газрын асуудал хариуцсан албан тушаалтан буюу сумын газрын даамлыг оролцуулна гэж тус тус зааснаас үзвэл энэ журам нь хариуцагч захиргааны байгууллагын тухайд дагаж мөрдөхөөр зохицуулагджээ.

13. Эдгээр хууль болон журмын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллагын тухайд газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл үүсээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрхийг олж аваагүй гэж буруутгах хууль зүйн боломжгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

14. Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

15. Нийслэлийн засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх тухай захирамжаар Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж" хүртэлх 1,2 км авто зам, гүүрийн ажлын нөлөөлөлд өртсөн "" ХХК-ийн эзэмшиж байсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (Г.Б*******)-нд, тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Г)-т тус тус даалгасан байна.

16. Нэхэмжлэгч уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу газар эзэмших эрх хүчингүй болгосон актаас шал өөр утга агуулгатай, манай компани болон төрийн албан хаагчдаас хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, ийм акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, акт нь бодит байдалд биелэгдэх боломжгүй... гэж тайлбарласан.

17. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03-11/391, 03-11/2044 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр ...танай эдэлбэр газарт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэл авто зам, гүүр барих ажил Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байна...хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдлөг болгон өөрийн эзэмшил газраа чөлөөлж авто зам барих ажлыг дэмжиж ажиллана уу гэж мэдэгдсэн, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл тухайн газар дээр байсан төмөр зам болон хашааг буулгаж газрыг чөлөөлсөн байх ба шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар болон бусад баримтаар уг газрыг Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэл авто зам, гүүр барих ажлын хүрээнд албадан чөлөөлсөн болох нь тогтоогдсон болно.

18. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно, 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана., 42.3-д Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ, 43.3-д Газар эзэмшигчид олгох нөхөх олговрыг энэ хуулийн 42.3-т заасан гэрээг байгуулахад улсын төсвөөс тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлсэн байна гэж тус тус заасан.

19. Хуулийн эдгээр заалтаас үзвэл хууль ёсны газар эзэмшигчийн эдэлбэр газрыг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх болон журмыг хуулиар тогтоож энэ тохиолдолд газрын эзэмшигчтэй нөхөн олговрын талаар харилцан тохиролцохоор заасан боловч энэ ажиллагаа огт хийгдээгүй атал уг газрыг албадан чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

20.Иймд нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хувьд нөхөх олговрыг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу нэхэмжлэн авах эрх нээлттэй, энэ нөхцөл байдал нь Нийслэлийн засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

21. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг авто зам, гүүр барих ажлын хүрээнд албадан чөлөөлсөн нь нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр байх ба уг Нийслэлийн засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бодит байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

22. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

23. Нэхэмжлэгч нь сонсох ажиллагааны журам зөрчсөн гэж маргасны тухайд:

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03-11/391 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ... Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг багасгах ажлын хүрээнд...өөрийн эзэмшлийн газраа чөлөөлж, авто зам барих ажлыг дэмжиж ажиллана уу гэж, мөн албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03-11/2044 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр дахин мэдэгдсэн,

24. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/3379 дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгож нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн,

25. групп ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар Танай 01-08/3379 дугаар албан бичгээр ...албаны дарга нар бид газар дээр нь хамтран ажиллаж, санал солилцож байгааг дурдаад хариуг хүргүүл гэсний дагуу холбогдох нотлох баримтыг хавсарган хүргүүлж байна. Жич: Манай байгууллага нь хот төлөвлөлт, нийслэлийн авто замын газар болон нийслэлийн газар зохион байгуулалтын албатай байнга хамтран, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийгдэж буй төслийг байнга дэмжин ажиллаж ирсэн түүхтэй гэж дурдсан, мөн албаны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/2578 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгож нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаар эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн-ийг мэдэгдсэн, мөн албаны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/2617 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдсэн нь тус тус тогтоогдсон.

26. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.7-д Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. гэж тус тус заасан.

27. Хуулийн дээрхи заалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас мэдэгдэх, сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн засаг даргын, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН