Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Хохирогч: А.Идэр,

Шүүгдэгч: Д  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000330085 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д , Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, ландшафт архитекторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, хүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч Д  нь 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн сонгуулийн 1598 дугаар хэсгийн хорооны байранд Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Идэрийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн тээврийн товчоонд байрлах сонгуулийн санал өгөх байр руу орсон. Орохоос өмнө хоёр хүн “20.000 төгрөгөөр саналынхаа хуудсыг зараач” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би саналаа зардаг хүн биш” гэж хэлсэн. Санал авах байр руу ороод санал өгөх хуудсаа авахад надад цагаан, шар, ягаан 3 хуудас өгсөн. Шар, ягаан хоёр хуудсыг буцааж авсан, цагаан хуудсыг надаас авсан. Би яагаад ингэж байгаа юм бэ гэж асуусан чинь “ийм журам гарсан байгаа, бид бүгдийг нь хурааж авч байгаа” гэж хэлсэн. Яагаад хурааж авч байгаа юм бэ гээд дахин асуухад тогтоол гарсан, унш гэсэн. Тогтоол дээр шар, ягаан хуудсыг авна гэж бичсэн байна гэж хэлэхэд та буруу уншаад байна гэж хэлсэн. Би бичиг үсэг мэднэ, цагаан хуудсыг нь авахгүй юм байна гэж хэлсэн. Намайг дахин унш гэхэд нь би 3 удаа унших шаардлага байхгүй гэж хэлсэн. Тухайн үед хүмүүс саналаа өгөөд явж байсан. Би будлиан үүсгээгүй. Захын хүн дээр очсон учир захад зогсож байсан. Цагдаа ирээд та яагаад чанга дуугараад байгаа юм бэ гэхэд би чанга дуугараагүй гэж хэлсэн. Цагдаа та сонгуулийн ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байна гэхэд нь би шаардлагаа тавьсан авах ёстой зүйлээ авна гэсэн. Надад уранхай хуудас өгсөн, тухайн хуудсыг солиод өгөөч гэхэд дахин уранхай хуудас өгөхөөр нь энэ чинь яаж байгаа юм бэ, уранхай учир машинд уншихгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь сонгуулийн хорооны ахлах нь цагаан хуудсыг олоод ир гэж хэлсэн. Тухайн ахлах нь энэ чиний хуудас гээд дээш өргөхөөр нь би гарнаас нь булааж авах гээд үсрэхэд хохирогч Идэр ирээд намайг түлхээд, миний саналын хуудсыг булааж авах гэж оролдсон. Би сонгох эрхтэй, саналын хуудсаа өгөхгүй гээд булаацалдсан. Би хохирогч Идэрийг дийлээгүй, намайг шоронд хатаана гэж хэлж, хэл амаар доромжилсон. Намайг шахаад байсан. Би амьсгалахад хэцүү байна гэж хэлэхэд чи миний гарыг ингэж хазаад байхдаа яадаг юм бэ, зэвүүн хүүхэн бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөртөө амьсгалах зай авах гээд шатны нөгөө тал руу очиход намайг амиа хорлох гэж байна гэж бодсон. Мөн хүчээр намайг гавалж цагдаагийн газар аваачсан. Би зүгээр байхад нь хохирогчийн гарыг хазаж, хэрүүл хийгээгүй” гэв. Хохирогч А.Идэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сонгуулийн байранд албан үүргээ гүйцэтгэж байхад Д  санал өгөхөөр орж ирээд сонгуулийн ажилтнуудтай бүртгэлийн хуудаснаас болж хэрүүл маргаан үүсгэсэн. Эхлээд надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Энхжин Д д хандаж та маргаан үүсгэхгүй, бусад хүмүүс саналаа өгч байна гэж сануулсан. Энхжин энэ тухай хэлтэс рүү мэдэгдэх гээд нэг давхар руу буусан. Тухайн сонгуулийн байрыг ахлаж ажиллаж байсан Тэгшбуян гэх залуу хүмүүс саналаа өгч байна, та надтай уулз гэж хэлсэн. Д  Тэгшбуянгаас цагаан хуудсаа авах гээд байсан мөн өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод болиулсан. Би шаардлага тавьсан. Эмэгтэй хүн учир хүч хэрэглэж болохгүй, хөдөлгөөнийг нь хорьсон. Тэгсэн миний баруун гарын шуунаас хазсан. Тэгээд Д  хоёр давхрын шатнаас үсрэх гэсэн бид татаж болиулсан. Д  анхнаасаа орж ирээд шаардлага биелүүлэхгүй байсан. Шүүгдэгч намайг гүтгэж байна. Би сорви арилгах эмчилгээний мөнгөө нэхэмжилж байна” гэв. Хохирогч А.Идэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 07-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн дээд сургууль дээр 1598 дугаартай санал авах байранд хэв журмын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 21 цаг 30 минутын орчимд санал авах байранд гаднаас санал өгөхөөр нэг эмэгтэй орж ирээд иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээг уншуулж бүртгүүлээд бүртгэлийн билл хуудсыг авч сонгогчийн саналын хуудсыг авахаар хажуугийн зохион байгуулагч Х.Отгонцэцэг дээр очоод бүртгэлийн цагаан хуудсыг өгөхгүй гэж нөгөө эмэгтэй хэлтэл зохион байгуулагч нар шинээр гарсан Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг уншин өгч танилцуултал нөгөө эмэгтэй өөрөө тогтоолыг булаан авч уншсан. Тэгээд тэр эмэгтэй сонгуулийн ажилтны хажууд хууль давсан тогтоол гэж байхгүй, хуудсаа өгөхгүй бол энд байгаа хүмүүсийг санал өгүүлэхгүй, та нар будлиан үүсгэдэг, хүмүүсийг хуурч мэхэлдэг гэх зэргээр саналын байранд орилж хашгираад байсан. ....би эндээс хөдлөхгүй бүртгэлийн хуудсаа заавал авна гээд зохион байгуулагч Х.Отгонцэцэгийг хэл амаар доромжилж байх үед дэслэгч Энхжин Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн албанд өөрийн гар станцаар тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг илтгэн танилцуулахаар 1 давхарын шат руу явах хооронд ...зохион байгуулагч нарын урд зогсож ажлыг нь хийлгэхгүй хэвийн үйл ажиллагааг тасалдуулж бусад хүмүүсийг санал өгөх боломжгүй болгосон. Бүртгэлийн цагаан хуудсыг нөгөө эмэгтэйд үзүүлтэл булаах гэсэн үйлдэл хийхэд Б.Тэгшбаяр хуудсаа өөр лүүгээ татаж авахад ардаас нь өшиглөсөн. Тэр үед би очоод нөгөө эмэгтэйг Б.Тэгшбаяраас хашиж холдуулаад саналын хар машины ойр орчимд ажилтан руу дайрч давшлах үед би нөгөө эмэгтэйг оруулахгүй хөдөлгөөн хийхийг хориглож хашиж зогсож байх үед над руу дайрч зүүн хацар руу алгадаж баруун чихний ар хэсгийг маажихад нь би урдаас нь ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй хашиж зогсож байтал баруун гарын шууны дотор хэсгийг хазсан. Тэгээд хазахаа болиод санал авах байрны хоёр давхарын шатнаас 1 давхар руу үсрэх үсрэхээр оролдлого хийхээр нь би таслан зогсоож болиултал над руу дайрч давшлаад байхаар нь нөгөө эмэгтэйгийн гарыг хуулийн хүрээнд гавлаж аюулгүй болгосон” гэсэн мэдүүлэг /хх-н 7-12/, Гэрч Э.Түвшинтөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо сонгуулийн 1598 дугаар санал авах байранд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны үүрэг гүйцэтгэж байхад орой 21 цаг 30 минутын үед байранд эмэгтэй сонгогч ганцаараа орж ирж над дээр ирж хурууны хээгээ уншуулж бүртгүүлээд бүртгэлийн хуудас 3 хувь гарч ирэхэд нь би шинэ тогтоолын дагуу зөвхөн цагаан хувийг өгтөл ягаан хувьтай нь хамт авна гээд байсан. Зохион байгуулагч Х.Отгонцэцэгтэй хуудсаа авна гээд маргалдаж эхлээд шууд л уурлаад орилж эхэлсэн. Ахлах зохион байгуулагч нөгөө эмэгтэйд тогтоолын дагуу ажиллаж байна гэхэд хүлээж аваагүй, хуудсаа авмаар байна гээд урдаас нь өшиглөсөн. Тэгээд хажуунаас цагдаа Идэр ирээд салгаж тайвшруулахад үгийг хүлээж авахгүй Идэрийн урдаас нүүр рүү нь цохисон ба Идэр өөрийгөө хамгаалж гарыг барих гэтэл баруун гарын шууны дотор хэсгийг хазаж цус гаргасан. Тэгээд гарах хаалга буюу 2 давхарын шатны дэргэд очоод 1 давхар руу үсрэх гэхэд Идэр цагдаа болиулсан. Бүх л ажилтан руу дайрч тэр хуудсыг л авах гээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/, Гэрч Б.Тэшбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...нөгөө эмэгтэй шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж бусад хүмүүсийг санал өгөх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байсан. Мөн хоёр давхарын шатнаас үсрэх гээд байхад нь татаж үйлдлийг нь болиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/, Гэрч Х.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...эмэгтэй ганцаараа орж ирээд иргэний бүртгэлийн ажилтан хурууны хээг уншуулж бүртгэлийн цагаан хуудсыг аваад ягаан хуудсыг өгсөнгүй гэж над дээр ирэхээр нь би гарын үсэг зурчихаад сонгогчийн саналын хуудсыг өгөх гэтэл надаас цагаан хуудсыг нэхэхээр нь би тогтоол журам гарсан уншиж өгч танилцуултал өөрөө гүйцэт уншаагүй, ойлгоогүй байхаар нь дахин тайлбарлаж өгсөн боловч сонсоогүй. Тэгээд над руу цагаан өнгийн хуудас байсан учраас буцааж өгөөд урдны сонгуулийн өгсөн хуудсыг үзүүлж би урд энэ хуудсыг авсан одоо яагаад өгөхгүй байгаа юм бэ, та нар санал худалдах гэж байна хэмээн над руу орилж чарлаад байхаар нь зохион байгуулагч Б.Тэгшбуянг дуудаж энэ хүнд тайлбарлаад өгөөдөх гэсэн боловч нөгөө эмэгтэй сонсоогүй хэрэлдээд зогсоод байсан. Тэгэхээр нь би хажуу тийшээ болчих ард чинь олон хүн санал өгөх гээд байна гэтэл хөдлөхгүй зогсоод байсан. Хэсгийн байцаагч Идэр ирж хууль ёсны шаардлага тавьж хэлтэл урдаас нь эсэргүүцэж цохьсон. Тэгшбуян болиулахаар өөр рүүгээ таттал Тэгшбуянг өшиглөсөн. Ширээн дээр байсан саналын хуудсыг базахаар нь Идэр нөгөө эмэгтэйг барьж авахад урдаас нь эсэргүүцэж цохиж зууралдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38/, Шинжээчийн 8797 дугаартай дүгнэлтэд: “...А.Идэрийн биед баруун шуунд хазагдсан шарх, цус хуралт, баруун чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 43/, Яллагдагч Д ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...миний санал өгсөн биллийг надад өгөхгүй буцаагаад өөрсдөө авахаар нь би надад ирэх сонгуулийн бүртгэлийн хуудасны цагаан өнгөтэйг авахыг шаардтал тэр бүртгэлийн ажилтан өгөхгүй хүмүүс саналаа өгөөд саналын хуудсаа зарж худалдаад байсан учраас тэр асуудлыг зогсоохын тулд уг хуудсыг өгөхгүй байгаа гэхээр нь авахыг шаардсан. Тэгэхээр нь Сонгуулийн ерөнхий хороотой холбогдож ярья гэхээр энд утас ашиглуулахгүй гэхээр нь би чанга дуугаар ярьсан юм. Тэгтэл намхан цагдаа ирээд намайг хажуу тийшээ болно уу гэхээр нь уг цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй. Идэр гэх цагдаа ирээд намайг хажуу тийшээ болно уу гэхээр нь үгүй би энэ байрандаа зогсоно гээд шаардлагыг биелүүлэхгүй байтал намайг хажуу тийш нь түлхэхээр нь би нөгөө цагдаатай зууралдаад миний саналын хуудсыг авах гэхээр нь өгөөгүй. Тэгээд намайг Идэр гэх цагдаа түлхэхээр нь би өөрийн биеийг хамгаалж уг цагдаагийн гарыг хазсан. Тэгтэл миний гарыг гавласан” гэсэн мэдүүлэг /хх-н 51-56/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-6/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 19/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 20/, яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 64-87/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар: Шүүгдэгч Д  нь 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн сонгуулийн 1598 дугаар хэсгийн хорооны байранд Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Идэрийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм буруутай болох нь: Хохирогч А.Идэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бүртгэлийн цагаан хуудсыг нөгөө эмэгтэйд үзүүлтэл булаах гэсэн үйлдэл хийхэд Б.Тэгшбаяр хуудсаа өөр лүүгээ татаж авахад ардаас нь Б.Тэгшбаярыг өшиглөсөн. Тэр үед би очоод нөгөө эмэгтэйг Б.Тэгшбаяраас хашиж холдуулаад саналын хар машины ойр орчимд ажилтан руу дайрч давшлах үед би нөгөө эмэгтэйг оруулахгүй хөдөлгөөн хийхийг хориглож хашиж зогсож байх үед над руу дайрч зүүн хацар руу алгадаж баруун чихний ар хэсгийг маажихад нь би урдаас нь ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй хашиж зогсож байтал баруун гарын шууны дотор хэсгийг хазсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-12/, гэрч Э.Түвшинтөрийн “...Зохион байгуулагч Х.Отгонцэцэгтэй хуудсаа авна гээд маргалдаж эхлээд шууд л уурлаад орилж эхэлсэн. Ахлах зохион байгуулагч нөгөө эмэгтэйд тогтоолын дагуу ажиллаж байна гэхэд хүлээж аваагүй, хуудсаа авмаар байна гээд урдаас нь өшиглөсөн. Тэгээд хажуунаас цагдаа Идэр ирээд салгаж тайвшруулахад үгийг хүлээж авахгүй Идэрийн урдаас нүүр рүү нь цохисон ба Идэр өөрийгөө хамгаалж гарыг барих гэтэл баруун гарын шууны дотор хэсгийг хазаж цус гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/, гэрч Х.Отгонцэцэгийн “...хэсгийн байцаагч Идэр ирж хууль ёсны шаардлага тавьж хэлтэл урдаас нь эсэргүүцэж цохьсон. Тэгшбуян болиулахаар өөр рүүгээ таттал Тэгшбуянг өшиглөсөн. Ширээн дээр байсан саналын хуудсыг базахаар нь Идэр нөгөө эмэгтэйг барьж авсан урдаас эсэргүүцэж цохиж зууралдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38/, Шинжээчийн 8797 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Д ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д  нь хохирогчийг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн сонгуулийн 1598 дугаар хэсгийн хорооны байранд Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Идэрийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүнийг гэм буруутай гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Идэрийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогч А.Идэр нь гэмт хэргийн улмаас хагалгаанд орж, гарын шуунд тогтсон сорвийг арилгахад шаардлагатай төлбөр 2.800.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хохирогч нь тухайн хагалгаанд ороогүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч Д ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч Д ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1- д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д д шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Д  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д ийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д  нь шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д ийн иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Хохирогч А.Идэр нь өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д д авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР