Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/00470 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч Ц.И- ХХК, Ц.К- ХХК-уудад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд нийт 89 004 119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагч Ц.И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, Ц.К- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ц.К- ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууцны барилгын”, “Автомашины дулаан гаражийн” захиалгын гэрээг тус тус байгуулж, эдгээрт 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг байгуулсан. Гэрээг Ц.К- ХХК-тай байгуулсан боловч тус компани нь Ц.И- ХХК-ийн салбар бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний төлбөрийг хүлээн авсан тул хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

Дээрх гэрээгээр Ц.И- ХХК-ийн ашиглалтанд оруулах “Резиденсе-55/2”  орон сууцны барилгын 1 дүгээр орцны 5 давхрын В хэсэгт байрлах 53.51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, зоорийн давхарт 5 дугаартай 16.5 м.кв дулаан зогсоолыг захиалж, төлбөрт нийт 46 126 ам.доллар төлсөн. Гэвч гэрээний зүйлүүд хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас төлсөн төлбөрөөс 2012 оны 01  дүгээр сард 24 780 ам.доллар, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 5 000 ам.доллар, нийт 29 780 ам.долларыг тус тус буцаан авсан. Үлдэгдэл 16 346 ам.долларыг 2 667.64 төгрөгт хөрвүүлэн /2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкны ханшийн лавлагааны дагуу 1 ам.долларын ханш/ нийт 66 104 119 төгрөгийг байр ашиглалтанд орох 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл өөр орон сууц түрээслэсэн төлбөрт 22 900 000 төгрөг, нийт 89 004 119 төгрөгийг хариуцагч Ц.И- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.К- ХХК-ийн тал тайлбартаа: Манай компани барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч тухайн барилгыг бусдад худалдах эрх бүхий этгээд биш. Дээр дурдсан гэрээг манай компани байгуулаагүй, гэрээний дагуу төлсөн гэх 46 126 ам.долларыг хүлээн аваагүй. Иймээс тус компани хариуцагч биш гэжээ.

 

Хариуцагч Ц.И- ХХК-ийн тал тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус, аль компаниас юу шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болох гэрээнүүдэд орон байраар хангах талаар, захиалагч орон байртай эсэх, түрээсийн төлбөр хариуцах гэх мэт зүйлийг зохицуулахаар тохиролцоогүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.4-т гүйцэтгэгч нь орон сууцны барилга ажлыг 2012 оны 02 дугаар улиралд багтаан эхлүүлнэ гэж заасан нь барилга барьж дуусах хугацаа биш барилгын ажлыг үргэлжлүүлж эхлэх хугацааг тодорхойлсноос үзвэл захиалагч нь ийнхүү шаардах үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээ, нэмэлт гэрээг өөрийн хүсэлтээр хугацаанаас өмнө цуцлах саналаа гаргаж, гэрээ цуцлагдсан. Нэгэнт цуцлагдсан гэрээгээр түрээсийн төлбөр, хохирлыг шаардах эрхгүй ба гэрээгээр тохиролцоогүй асуудал нь гэрээний гүйцэтгэгч талд огт хамааралгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн уг шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлагын тухайд нийт төлсөн 46 126 ам.доллараас 37 377.76 ам.долларыг буцаан төлсөн үлдэгдэл 8 749 ам.долларыг 2 667.64 төгрөгт хөрвүүлэн /2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкны ханшийн лавлагааны дагуу 1 ам.долларын ханш/ тооцоход 23 339 182 төгрөг, гэрээ цуцлах үеийн ханшаар тооцвол 11 518 530.5 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлнө. Түрээсийн төлбөр төлөх үүрэггүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.И- ХХК-аас 40 839 182 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Т-өд олгох, үлдэх 48 164 937 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 362 146 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч нь тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй байхад шүүх энэ талаар дүгнэхгүйгээр хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн Ц.К- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Ц.И- ХХК-д гардуулсан нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй байхад аль компаниас юу шаардсан талаар тодруулаагүй. Иймд өөр этгээдээс шаардсан шаардлагад тайлбар татгалзал гаргах, мэтгэлцэх боломжгүй, дээрхийг тодруулах хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан нь тус компанид холбогдох шаардлагагүй хэргийг шийдвэрлэсэн нь гэж үзэж байна.

Хариуцагч Ц.И- ХХК-ийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Ц.К- ХХК-аас татгалзаж, түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ц.И- ХХК-д холбогдуулан гаргасан. Энэхүү амаар илэррхийлсэн татгалзлыг бичгээр авахыг шаардсан Ц.И- ХХК-ийн төлөөлөгчийн хүсэлтийг шийдээгүй.  

Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205, 225, 325 дугаар зүйлийн 325.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 226 дугаар зүйлийн 226.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж 17 500 000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн. Тухайн гэрээний харилцаа нь орон сууц захиалгын дагуу нэг тал орон сууцыг хүлээлгэн өгөх, нөгөө тал төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг юм. Үүнтэй холбоотойгоор гэрээний хугацаанд, хугацаа хэтрүүлсэн аль ч тохиолдолд захиалагчийн хаана амьдрах, орон сууц түрээслэх нь гэрээнд хамааралгүй. Захиалагч орон сууц түрээслэсэн болон гүйцэтгэгч гэрээний хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн хооронд шалтгаант холбоо байхгүй тул хохирол хариуцахгүй.

Түүнчлэн захиалагч нь гүйцэтгэгчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалсан. Учир нь түүний төлсөн төлбөрийг гүйцэтгэгч 8 удаа буцаан төлөхөд захиалагч хүлээн авсан. Гэрээ цуцлагдсан үед захиалагчид шаардах эрх үүссэн байхад шаардлагаа гаргаагүй, төлбөрөө хэсэгчлэн буцаан авсан атлаа шаардах эрх үүссэнээс хойш 7 жилийн дараа гэрээнээс татгалзаж хохирол шаардах эрхгүй. Шүүх гэрээ цуцлагдаагүй, нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан бол захиалагч ямар үндэслэлээр гүйцэтгэгчид гэрээний дагуу төлсөн төлбөрөө ийнхүү буцаан аваад байгааг дүгнэх ёстой.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхийн хүрээндээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн зөвтгөн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхээр байна.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Ц.К- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 66 104 119 төгрөг, хохирол 22 900 000 төгрөг, нийт 89 004 119 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх1-2/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу төлсөн гэх 46 126 ам.долларыг хүлээн аваагүй гэх тайлбар гаргаж татгалзсан байна. /хх39/

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.И- ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж /хх52,58/ нийт 89 004 119 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх94/ тус компани эс зөвшөөрч гэрээний төлбөрийн үлдэгдлийн зарим хэсэг болон хохирлыг бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж маргажээ. /хх 94, 98-101/

 

Хэрэгт авагдсан 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Орон сууцны барилгын захиалгын гэрээ”, “Орон сууцны автомашины дулаан гаражийн захиалгын гэрээ”, /хх6-12/ зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл, захиалагч Д.Цэндсүрэн нь гүйцэтгэгч Ц.И- ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж, ашиглалтанд оруулах “Резиденсе-55/2” орон сууцны 1 дүгээр орц, 5 давхрын В хэсэгт байрлах 53.51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 40 132.5 ам.доллар, зоорийн давхрын 5 дугаартай 16.5 м.кв дулаан зогсоолыг 8 000 ам.доллар, нийт 48 132.5 ам.доллараар захиалан бариулах, гүйцэтгэгч нь барилгыг 2011 оны 01 дүгээр улиралд хүлээлгэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээгээр хүлээсэн үүрэг нь гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар биелэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр талууд 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгчээр Ц.И- ХХК, захиалагчаар Б.Т-, Д.Цэндсүрэн нар оролцож, барилгын ажлыг 2012 оны 02 дугаар улиралд багтаан эхлүүлэх, энэ хугацаанд эхлээгүй тохиолдолд гэрээг цуцлаж хохирлыг барагдуулах эсхүл гүйцэтгэгчийн барих өөр орон сууцны төсөлд гэрээг шилжүүлэх эсэх асуудлыг тухайн үед нь харилцан тохиролцож шийдвэрлэхээр тусгажээ. /хх20-21/ 

 

 Гэрээний тохиролцоо, түүний агуулгаас үзвэл анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Зохигчид тухайн гэрээний хүчин төгөлдөр байдал болон захиалагч нь төлбөрт нийт 46 126 ам.доллар төлсөн, гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүрэг буюу ажлын үр дүн болох орон сууц, дулаан зогсоолыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, улмаар нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэсэгчлэн буцаан төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас захиалагч тал орон сууц түрээслэсний төлбөрийг хохиролд тооцон нэхэмжилснийг хариуцагч хүлээх эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Хариуцагч Ц.И- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд захиалагч болох Б.Т- нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу гэрээг цуцлаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт төлсөн 29 780 ам.долларыг буцаан авсан, үлдэгдэл 16 346 ам.доллар буюу /2019.10.03-ны өдрийн Монголбанкны 1 ам.долларын ханш 2 667.64 төгрөг/ нийт 66 104 119 төгрөгийг гаргуулна гэх боловч хэрэгт авагдсан Ц.И- ХХК-ийн “Кассын зарлагын ордер”, “Голомт банк” ХХК-ийн “Төлбөрийн баримт”, “Хаан банк” ХХК-ийн “Орлогын мэдүүлэг”, “Хас банк” ХХК-ийн “Орлогын маягт” зэрэгт тусгагдсан 8 удаагийн төлөлтөөр нийт 37 377.76 ам.долларыг Ц.И- ХХК-аас Б.Т-өд буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх106,108,109,111,112,114,115,117/ Нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үнийн дүнд маргахгүй гэсэн тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэгчээс гэрээний үнэнд төлсөн 46 126 ам.долларын үлдэгдэл болох 8 748.24 ам.долларыг түүний тодорхойлсон 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкны 1 ам.долларын ханш 2 667.64 төгрөгт хөрвүүлэн тооцоход 23 337 155 төгрөгийг хариуцагч нь буцаан төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас орон сууц түрээслэх гэрээ ёсоор төлсөн гэх 22 900 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн. Уг шаардлагын тухайд, нэхэмжлэгч 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сар хүртэл бусдын орон сууцыг түрээслэсэн гэж хугацааг тодорхойлсон байна. Анхан шатны шүүх 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр 17 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу гэж үзлээ. Учир нь талууд 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.4, 2.5-д гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2012 оны 02 дугаар улиралд багтаан эхлүүлэх, ийнхүү эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах болон бусад арга хэмжээг тухайн үед нь харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэх агуулгыг тусгасан байна.

 

Хэрэгт авагдсан гэрээний төлбөр буцаан төлсөн дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “...55-2 байрны буцаалт...” утгаар 11 075 834 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан байна. Энэ нь  гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэгч тал цаашид биелүүлэх шаардлагагүй болсон, захиалагч үүнийг хүлээн зөвшөөрч төлбөрийг буцаан авсан байх тул тухайн өдөр гэрээ цуцлагдсан гэж үзнэ. /хх 106/

 

Нэхэмжлэгч тал бусдын орон сууцыг 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1 сарын 550 000 төгрөгөөр түрээслэсэн байх бөгөөд гэрээ цуцлагдсан 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 сар 14 хоногийн төлбөрт 3 006 662 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дах хэсэгт заасантай нийцэх юм.

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн гаргасан орон сууц хөлслөх гэрээ зэрэг баримтуудыг хуурамч гэж тайлбарлах боловч үүнийг баримтаар нотлоогүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан “хохирлын” талаарх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Цаст импекс” ХХК-аас нийт 26 343 817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62 660 302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу хуваарилах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагыг хариуцагчид гардуулах, түүнд тайлбар гаргах боломж олгоогүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. 

 

Тодруулбал, хариуцагч Ц.И- ХХК нь хамтран хариуцагчаар татагдаж, нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргасан байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой болгох тухай” хүсэлт /хх92/ гаргасныг шүүх хангаснаар нэхэмжлэгч тухайн өдрийн шүүх хуралдааны явцад тодруулга хийсэн. /хх94/ Хариуцагч Ц.И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар, татгалзал, нотлох баримт гаргах, эвлэрэн хэлэлцэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Улмаар хариуцагч тайлбар, түүнд хамаарах нотлох баримтаа гаргаж, талууд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. /хх96, 98-100/

 

Нэхэмжлэгчийн хувьд Ц.И- ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж нэхэмжлэлийн шаардлагаа түүнд холбогдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх хариуцагч Ц.К- ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж шийдвэрлэх байжээ. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрлөлт оруулав.

 

Дээрхээс гадна анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн дугаарлалтын өмнөх томъёоллыг ШЗ гэж тэмдэглэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.И- ХХК-аас 26 343 817 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Т-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62 660 302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Ц.К- ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталсугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 602 971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 289 670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                     

                                 ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                        Т.ТУЯА