Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 132/ШШ2024/00372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овогт Ч*******ийн Б******* /Г*******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00404/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Миний бие 1986 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Авто  дугаар баазад жолоочоор ажиллаж байгаад 1991 онд ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1986 онд ажилд томилох тушаалдаа овгийг Ч******* гэдгийг зөрүүтэй бичсэн.

Иймд 1986 оноос 1991 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгч Ч.Б*******ын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймаг Авто 8 дугаар баазын даргын 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/100 дугаартай Ч.Б*******ыг диспетчерээр ажиллуулах тухай тушаал /хэргийн 4-р хуудас/,

- Булган аймаг Авто 8 дугаар баазын даргын 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/80 дугаартай Ч.Б*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн тээврийг удирдах газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Ч.Б*******ыг ажилд томилох тухай тушаал /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай тушаал /хэргийн 7-8-р хуудас/,

-Булган аймгийн социалист хөдөлмөрийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1982 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 9-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь 1986 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Авто 8 дугаар баазад жолоочоор ажиллаж байгаад 1991 онд ажлаас чөлөөлөгдсөн боловч ажилд авсан тухай тушаалд овгийг буруу бичсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Ч.Б******* нь Булган аймгийн Авто 8 дугаар баазад 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оныг дуустал жолоочоор ажиллаж байсан болох нь ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудаар нотлогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийг нь Булган аймгийн Авто 8 дугаар баазад 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оныг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Ч*******ийн Б******* /Г*******/-ыг Булган аймгийн Авто 8 дугаар баазад 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оныг дуустал жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ХИШИГДАВАА