| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00434/И |
| Дугаар | 132/ШШ2024/00381 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 132/ШШ2024/00381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овогт У*******гийн А******* /Г*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00434/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл оролцов.
Нэхэмжлэгч У.А******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.А******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“Миний бие 1985 оноос 1990 он хүртэл Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлийн сүүн заводад ажиллаж байсан. Энэ үед хөдөлмөрийн дэвтэр олгогдоогүй тул шүүхэд хандаж байна. Иймд 1985 оноос 1990 оныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаар ажилд томилох тухай тушаал /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай 1986-1990 онуудад ажиллаж байсан цалингийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/.
3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Г*******, Д.Э*******нараас мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.А*******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн сүүн заводад 1985 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан боловч тухайн үед хөдөлмөрийн дэвтэр олгогдоогүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч У.А******* нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн сүүн заводод 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цөцгийн тос баяжуулагчаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсний лавлагаа, ажилд томилсон тушаал, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн сүүн заводод 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цөцгийн тос баяжуулагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт У*******гийн А******* /Г*******/-г Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн сүүн заводод 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цөцгийн тос баяжуулагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА