| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00423/И |
| Дугаар | 132/ШШ2024/00382 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 132/ШШ2024/00382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч******* овогт Д*******гийн С******* /Г*******2/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00423/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл оролцов.
Нэхэмжлэгч Д.С******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.С******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“Миний бие Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1988, 1989 он, 1992-1994 онуудад үйлчлэгчээр ажиллаж байсан. Тухайн онуудад ажиллаж байсан цалингийн цэс байгаа боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай 1992, 1993 онд ажиллаж байсан цалингийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай 1988, 1989 онд ажиллаж байсан цалингийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай ажилд авах болон ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 9-р хуудас/,
- Булган аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай ажилд авах тухай тушаал /хэргийн 10-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.М*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 13-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Э*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 14-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.С*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1988 оноос 1989 он, 1992 оноос 1994 онуудад үйлчлэгчээр ажиллаж ажиллаж байсан боловч тухайн үеийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1988 оноос 1989 оныг дуустал, 1992 оноос 1994 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж ажиллаж байсан болох цалингийн цэсний лавлагаа, ажилд томилсон тушаал, ажилд авах тухай тушаал, 1993 он, 1994 онд төрсөн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1988 оноос 1989 оныг дуустал, 1992 оноос 1994 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч******* овогт Д*******гийн С******* /Г*******2/ нь Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА