Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2024/00326

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2024/00326

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Х овогт У.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 2 дугаар баг /Улаанбаатар хот, Б дүүрэг, 36 дугаар хороо, Их монгол хороолол, Х гудамж, 903 байр 000 тоот хаягт түр оршин суух/-т оршин суух, У овогт Д.С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 6,995,000 /зургаан сая есөн зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                         

Нэхэмжлэгч У.Е (цахим сүлжээгээр),

Хариуцагч Д.С (цахим сүлжээгээр),

Иргэдийн төлөөлөгч Д.Н,

Орчуулагч Т.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У.Е нь хариуцагч Д.С-д холбогдуулан хохирол 6,995,000 /зургаан сая есөн зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие У.Е нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотоос Приус-20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авч, Б аймаг руу ирж байхад 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт ирэхэд тус Приус-20 загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Д.С  жолоодож яваад хурд хэтрүүлэн давхиж замын хажуу талын далангаас үсэргэж миний эд хөрөнгөд хохирол учруулсан.

1.2 Улмаар тухайн зөрчил үйлдэгдэх үед Д.С надад гарсан хохирол мөнгө болон тээврийн хэрэгслийг төлж хохиролгүй болгож өгөхөө амаар илэрхийлсэн бөгөөд одоог хүртэл миний хохирол мөнгийг барагдуулж өгөөгүй.

1.3 Утсаар нь холбогдож асуух гэхэд утсаа авахгүй байна. Иймд тухайн үед тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхэд үнэлгээний компаниас гаргасан үнэлгээ болох 6,360,000 төгрөг, үнэлгээ тогтоолгоход тушаасан 435,000 төгрөг, зам тээврийн осол болсон гэх газраас тээврийн хэрэгслээ ачуулж үнэлгээний компанид хүргэхэд өгсөн тээврийн хөлс буюу ачилтын мөнгө 200,000 төгрөг, нийт 6,995,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.С-ийн хариу тайлбар, татгалзал: У.Е-ийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2.1 Миний зүгээс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зараар Б аймаг руу  хүн авч явна гэсний дагуу холбогдон урд талын суудалд зорчиж явахад Б аймгийн замд нэхэмжлэгч нь ядраад байна түр жолоо барьж байгаач хэмээн надад өөрөө жолоог шилжүүлсэн болно.

2.2 Гэвч тухай үед зам ихээхэн хөлдөж халтиргаатай байсан тул замаас гарсан болно. Харин миний зүгээс хурд хэтрүүлсэн зүйл огт байхгүй.

2.3 Миний зүгээс нэхэмжилсэн 6,995,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлж нийт 14 сарын дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж маргааныг шийдвэрлэх хүсэлттэй байна.

2.4 Би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 500,000 төгрөгөөр хувааж төлөх саналтай байна. Төлж өгөхгүй гээд байгаа биш төлж өгнө. Би тодорхой эрхэлсэн ажилгүй, миний боломжийг харгалзан үзэхийг хүсэж байна. Гэхдээ шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэх болно гэжээ.

 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Н: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна ” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, “А” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №23405/ ДД№00000000 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, ХААН банкны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, авто машины фото зургууд зэргийг,

Хариуцагчаас Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай тодорхойлолт, хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Нэхэмжлэгч У.Е-ийн хариуцагч Д.С-д холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан хохирол 6,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

 

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Миний бие Улаанбаатар хотоос Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч Б аймаг руу ирж байхад тээврийн хэрэгслийг Д.С жолоодож яваад хурд хэтрүүлсний улмаас замын хажуу талын далангаас үсэргэж миний эд хөрөнгөд хохирол учруулсан. Тухайн үед Д.С нь надад учирсан хохирлыг төлж өгөхөөр болсон боловч барагдуулж өгөхгүй байна. Үнэлгээчнээс тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 6,360,000 төгрөгөөр тогтоосон, үнэлгээ хийхэд 435,000 төгрөг, ачилтын мөнгөнд 200,000 төгрөг тус тус төлсөн тул нийт 6,995,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч У.Е-ийн нэхэмжилсэн хохирол 6,995,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлж нийт 14 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б аймгийн нутаг дэвсгэрт 0000 БӨҮ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг Д.С жолоодож ирж байгаад осол  гаргасны улмаас У.Е-ийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон байна.

8.2 А ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №23405/ДД28617889 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар У.Е-ийн эзэмшлийн 2006 онд үйлдвэрлэсэн, 2013 онд орж ирсэн, цагаан өнгийн 0000 БӨҮ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээг нийт 6,360,000 төгрөгөөр үнэлсэн болох нь, мөн А ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар 0000 БӨҮ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашины хохирлын үнэлгээ гүйцэтгэсний  хөлсөнд 435,000 төгрөг тушаасан болох нь тус тус нотлогджээ. 

9.Талууд үйл баримтын талаар маргаагүй байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч У.Е-ийн нэхэмжилсэн 6,995,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлж нийт 14 сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа олгож өгөх талаар тайлбарласан ба нэхэмжлэгч хугацааны хувьд зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

11.Хариуцагч Д.С 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр У.Е-ийн өмчлөлийн 0000 БӨҮ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг жолоодож Б аймгаас Б аймаг руу чиглэн замын хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч У.Е-ийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

 

12.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсныг, нэхэмжилж буй 6,995,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлж нийт 14 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас хугацааны хувьд гаргасан саналыг зөвшөөрөөгүй бөгөөд хариуцагчийн тайлбарыг үндэслэн төлбөр төлөх хугацааг хойшлуулах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

13.Иймд  хариуцагч Д.С-ээс эд хөрөнгөд учирсан хохирол 6,995,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Е-т олгох нь зүйтэй байна.

14.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй нийцэж байна.

15. Нэхэмжлэгч У.Е-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,870 төгрөгийг улсын орлого болгож,  хариуцагч Д.С-ээс 126,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Е-т олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Д.С-ээс эд хөрөнгөд учирсан хохирол 6,995,000 (зургаан сая есөн зуун ерэн таван мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Е-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,870 (нэг зуун хорин зургаан мянган найман зуун далан) төгрөгийг улсын орлого болгож,  хариуцагч Д.С-ээс 126,870 (нэг зуун хорин зургаан мянган найман зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Е-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАНГИЛИК

                                                  ШҮҮГЧИД                              К.БҮЛДИРГЕН

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК