| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00275/И |
| Дугаар | 130/ШШ2024/00327 |
| Огноо | 2024-03-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2024/00327
| 2024 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 130/ШШ2024/00327 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Н.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал Б.Д/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Х.З,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Гомдол гаргагч Н.М миний бие 1986 оны 8 дугаар сараас эхлэн мэргэжлийн дагуу боловсролын салбарт 38 дахь жилдээ багш, сургалтын менежер зэрэг албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа, ахмад сурган хүмүүжүүлэгч юм.
1.2 Би 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Т сумын Ерөнхий боловсролын сургуульд 10 дахь жилдээ “сургалтын менежер”-ийн албан тушаалд ажиллаж байхад Б дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор Н.М намайг “Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6500 нэгж буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1; Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д зааснаар Н.М миний эрхэлж байгаа “сургалтын менежер” гэх орон тоо нь “Нийтийн албан тушаалтан”-ны ангилалд хамаарч байх тул Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар “Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” гаргасан болно.
1.3 Гомдол гаргагч Н.М миний бие 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэж Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай Б/03” дугаартай тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Гэтэл Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай “Магадлал”-аар Н.М надад холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай “Шийтгэх тогтоол”-ыг хүчингүй болгож, Н.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
1.4 H.М намайг ажил олгогч Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай Б/03” тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/03 дугаартай “Магадлал”-аар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан” учраас тэр өдөр буюу 2024 оны 02 дугаар 19-ний өдөр шүүх хуралдаанаас гарангуут захирал Б.Д-д хэлж, цагаатгасан тул өчигдрийн чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд томилж өгөхийг хүссэн” боловч авч хэлэлцээгүй юм.
1.5 Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалын үндэслэлд: “Өөрийн хүсэлтийг үндэслэн чөлөөлөв” гэжээ. Гэтэл Н.М миний бие Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шийдвэр гарч, “Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хасах ял” халдаасан учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөл шалтгаан байсан. Энэ нь Н.М миний өөрийн сайн дураар, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үнэхээр хүсэж гаргасан, миний хүсэл зоригийн илэрхийлэл биш болох нь Шийтгэх тогтоол, хүсэлт гаргасан цаг хугацаа зэргээр нотлогдоно.
1.6 Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаартай тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг тогтоолын 14 дэх заалтад “Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дундын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэжээ. Гэтэл Н.М миний бие эрхэлж байсан албан тушаалаас өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөөгүй болох нь Б аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ЦШТ/168 дугаартай “Шийтгэх тогтоол”-ын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Нийтийн албан томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах” ял шийтгүүлсэн асуудалтай шууд хамааралтай юм. Хэрэв ял шийтгүүлээгүй бол Н.М би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахгүй байсан. Гэтэл Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Н.М надад холбогдох хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай “Магадлал”-аар цагаатгасан нь “Ажлаас чөлөөлөгдөх” үндэслэл болсон хөндлөнгийн нөхцөл арилсан юм.
1.7 Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай Б/03” дугаартай тушаал нь дараах байдлаар хууль зөрчиж гаргасан болох нь тогтоогдсон. Тухайлбал, тушаалын 1 дэх заалтаар “Н.М нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1963 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 61 нас 6 сарын хугацаагаар тогтоосон тул Н.М миний тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар, эсвэл тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэх буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангагдах юм.
1.8 Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Төрийн улсын төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна” гэж тогтоосон бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан “тэтгэвэр тогтоолгох нас”, 46.2.3 дахь хэсэгт заасан “Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” нөхцөлд төрийн албанаас чөлөөлөхөөр заасан байна. Н.М миний хувьд дээрх хоёр болзлыг хангаагүй байгаа учир “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж чөлөөлж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн үйл явц гэж харж байна.
1.9 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Н.М намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-ийн хариу тайлбар, татгалзал: Хариуцагч Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д би тус шүүхэд нэхэмжлэгч Н.М-аас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б\03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эргүүлэн томилохыг хүсэх тухай” нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
2.1Тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан Н.М нь сургуулийн захирал Б.Д-д 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр хандаж “Миний бие Н овогтой М тус сургуульд сургалтын менежерээр ажилладаг, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул намайг сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү? 2023-2024 оны хичээлийн жилд ажилласны ногдох амралтыг тооцож олгоно уу” гэсэн өргөдлийг гаргасан.
2.2 Ажил олгогчоос ажилтан Н.М-ын өргөдлийг судлан үзээд тэрээр 60 нас хүрсэн, улсад 21 жил 9 сараас доошгүй хугацаагаар ажилласан, өөрөө сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн байна. Тус сургуулийн захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Б/07 дугаартай тушаалаар сургуульд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан К.А-г сургалтын менежерээр томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо хүртэл ажиллуулж байна.
2.3 Иймд нэхэмжлэгч Н.М-ын тус шүүхэд гаргасан “Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эргүүлэн томилохыг хүсэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай тэмдэглэл, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаал, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаар магадлал, Х.З-тай 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцэл зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай албан бичгээр С-д олгосон итгэмжлэл, Н.М-ын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлт, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаал, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаар тушаал, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/2571 дугаар албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар албан бичиг, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр Н.М-ын өндөр насны тэтгэвэр тогтоолын хуудсыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Н.М-ын Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь үндэслэлгүй байна.
5.Нэхэмжлэгч Н.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2014 оны 4 дүгээр ахрын 01-ний өдрөөс Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж байхад Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн нийтийн албан тушаалтан Н.М би Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ба энэхүү хүсэлтийг үндэслэн сургуулийн захирал 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай магадлалаар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Тухайн шүүх хуралдаанаас гарангуут захирал Б.Д-д хэлж, цагаатгасан тул өчигдрийн чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд томилж өгөхийг хүссэн боловч авч хэлэлцээгүй юм. Миний ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан шалтгаан бол Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хассан шитгэх тогтоол гарсантай холбоотой бөгөөд миний сайн дураар, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүсэж гаргасан миний хүсэл зоригийн илэрхийлэл биш болно гэжээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан Н.М-аас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул сургалтын менежерийн ажлаас чөлөөлж өгөх талаар хүсэлт гаргасныг судалж үзээд түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн өөрийнх нь сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Н.М-аас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд “Миний бие Н овогтой М тус сургуульд менежерээр ажилладаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул намайг сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү. 2023-2024 оны хичээлийн жилд ажилласны ногдох амралтыг тооцож олгоно уу” гэж хүсэлт гаргасан ба Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/00 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт болон сургуулийн сургалтын менежер Н овогтой М нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж хүсэлтээ гарган, тэтгэмж нь ирсэн тул хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн болох нь тогтогджээ.
7.2 Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/00 дугаартай “Сургалтын менежерээр томилох тухай” тушаал болон 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ажил олгогчоос ажилтан К.А байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус сургуулийн сургалтын менежерээр К.А ажиллаж байгаа болох нь тогтогдсон байна.
7.3 Б аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудаснаас үзэхэд Н.М-д 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоож, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн олгож эхлэхээр тэтгэвэр тогтоолт хийсэн байна.
7.4 Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолоор Н.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байх ба тухайн шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ... Н.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан болох нь тогтоогджээ.
8.Нэхэмжлэгч Н.М нь ажил олгогч нь хуулийг буруу хэрэглэж ажлаас чөлөөлсөн гэж маргасан, хариуцагчаас нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
9.Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нарын хэрэгжүүлэх чиг үүргийг зохицуулсан байх ба мөн хуулийн 33.3.2-т зааснаар тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх чиг үүрэгтэй байна. Ажил олгогч болох Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал дээрх чиг үүргийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилсан гэсэн үндэслэлээр тус сургуулийн сургалтын менежер ажилтай Н.М-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
10.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч буюу ажилтан Н.М нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох санаачилга гаргаж ажил олгогчид бичгээр хүсэлт ирүүлсэн болох нь тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд ажилтан Н.М нь тухайн өдөрт буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөрт багтааж чөлөөлж өгөх хүсэлт гаргасан байх тул түүнийг харгалзан ажил олгогчоос ажилтны санаачилгаар түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Ажил олгогчийн зүгээс ажилтанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг шахаж шаардсан, зүй бус нөлөөллийн улмаас ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна гэж үзлээ.
11.Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргах болсон шалтгаанаа Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолтой холбож тайлбарлаж байгаа боловч Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд гаргасан бичгийн хүсэлт болон 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд дээрх агуулгатай хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй байгаа ба өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
12. Иймд нэхэмжлэгч Н.Махаббатын Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.М-ын Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. .
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт нь зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК