Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00348

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00348

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Х.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /дарга М.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч С.А,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн дарга байсан А.Б-ы 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаар тушаалаар тус Эрүүл мэндийн төвийн жолоочоор томилогдон 3 жил ажиллаж ирсэн.

1.2 Намайг хэн нэгний оронд түр томилоогүй. Ажилд томилогдоход хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Жил болгон энэ хөдөлмөрийн гэрээ шууд сунгагдаад байгаа.

1.3 Мөн манай эмнэлэг, түүний захиргаа аж ахуй татан буугдаагүй, орон тоо цөөрсөн, цомхотгосон байдлыг мэдээгүй.

1.4 Жолоочоор ажиллаж байсан Х.З намайг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлж, улирлын чанартай галчаар ажилд авсан. Одоо хүртэл галчаар ажиллаж байгаа.

1.5 Жолоочоор ажиллаж байсан Х.З намайг жолоочийн ажлаас чөлөөлж оронд нь Н гэдэг хүнийг томилсон. Хэрэв орон тоо хасагдсан тохиолдолд хамгийн сүүлд орсон хүн хасагдах ёстой байдаг. Бас шинээр ажилд орсон жолооч Н нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байдаг. Жолооч Н-ийг эрхээ хасуулсны дараа Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга  2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаас ажлаас чөлөөлсөн.

1.6 Гэтэл Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 03 дугаартай орон тоо баталсан тушаал гарсан. Сахилгын зөрчил гаргасан хүнийг бүр орон тоонд дахин авсан байгаа. Жолоочийн үндсэн орон тоо хоёр байхад 3 жил ажилласан хүнийг ажлаас нь халсан Тиймээс нэхэмжлэгч Х.З намайг Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн орон тоонд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна  гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч М.Б-ийн хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч Х.З-ын тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Тус Б сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан Х.З-ыг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

2.1 Б сумын Эрүүл мэндийн төвд үеийн үед түргэн тусламжийн жолоочийн батлагдсан орон тоо 2 байсан ба одоо ч жолоочийн 2 орон тоотой. Хамгийн сүүлд Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн "Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаар батлах тухай” А/00 тоот тушаалд түргэн тусламжийн жолоочийн орон тоог 2 орон тоотой баталж өгсөн.

2.2 2020 онд тухайн үед Эрүүл мэндийн төвд эрхлэгчээр ажиллаж байсан албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/25 тоот тушаал гаргаж нэг жолооч /Х.З-ыг/ нэмж авснаар батлагдсан 2 орон тоонд 3 жолооч ажиллуулж эхэлсэн ба 1 жолооч илүү орон тоонд ажиллаж эхэлсэн.

2.3 Ажилтнуудтай жил бүр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээг 2 хувь үйлдэж ажилтан тус бүрд танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсаргав.

2.4 Дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн газар, Аудитын газрын жилийн эцсийн тайлан, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын зөвлөмжүүдэд “Илүү орон тоонд ажиллаж байгаа албан хаагчдыг бүтэц орон тооны тушаалын дагуу дотооддоо зохицуулж ажиллах, багтахгүй байгаа албан хаагчдыг хууль эрх зүйн хүрээнд албан тушаалаас чөлөөлөх” чиглэл, албан шаардлага ирүүлсэн болно.

2.5 Тус Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн жолооч ажилтай С овогтой Х-ын З-ыг 2023 оны  11 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 тушаалаар ажлаас нь чөлөөлж, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/22 тоот тушаалаар Эрүүл мэндийн төвийн галчаар томилон ажиллуулж байгаа болно.

2.6  2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тухайн үед үндсэн ажилтнаар ажиллаж байсан Н гэдэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсоноор эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байгаа. Тухайн үед ажиллаж байсан эрхлэгч Н-ийг ажлаас түр чөлөөлж, галчийн ажилд түр томилсон байгаа. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Н-ийн эрхээ хасуулах хугацаа нь дууссаны дараа эргүүлээд жолоочийн ажилд томилсон. Нэхэмжлэгч Х.З нь Н-ийн оронд ажиллаагүй, илүү орон тоонд ажиллаж байсан. Дээрээс нь 2023 оны 04 сарын 06-ны өдөр Н гэдэг хүнийг гэрээт ажилтнаар ажиллуулах тухайн үеийн эрхлэгчийн тушаал гарсан. Дараа нь Н нь шүүхэд гомдол гаргаж 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авч байсан .

2.7 Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж мөн эрхий бүхий байгууллагуудын албан шаардлагын дагуу илүү орон тоонд ажиллаж байгаа жолооч ажилтай Х.З-ыг батлагдсан орон тоонд багтааж түргэн тусламжийн жолоочийн ажлаас чөлөөлж, галчаар авч ажиллуулсан болно. Иймд Х.З-ыг ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаал, Х.З-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, жолоочийн ажлын байрны тодорхойлолт, Б сумын Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр тушаал, Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, өмгөөллийн гэрээ зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаал хавсралтын хамт, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаар тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/00 дугаар тушаал хавсралтын хамт, Б сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Аудитын зөвлөмж, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр мэдэгдэх хуудас, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр тушаал, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/00 дугаар тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаал хавсралтын хамт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32-05/1742 дугаар албан бичгээр ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Х.З-ын Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажид эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Б-ы сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаар тушаалаар тус эрүүл мэндийн төвийн эмийн жолоочоор томилогдож ажилласан ба 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар намайг орон тоо хасагдсан үндэслэлээр мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаа болно гэжээ. 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/00 дугаартай Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаах хүний нөөцийн доод хязгаар батлах тухай тушаалд Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочийн орон тоог 2 байхаар тогтоож өгсөн. Тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж тушаал гаргаж нэг жолоочийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэмж авснаар 1 жолооч илүү орон тоонд ажиллаж эхэлсэн. Илүү орон тоонд ажиллаж байгаа Х.З-ыг батлагдсан орон тоонд багтааж түргэн тусламжийн жолоочийн ажлаас чөлөөлж, галчаар авч ажиллуулсан тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Б аймгийн Б  сумын Эрүүл мэндийн төвийн даргын  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай тушаалаар Х.З-ыг жолоочоор авч ажиллуулж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулж Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн жолоочийн ажил эрхлэхээр  харилцан тохиролцжээ.

7.2 Б аймгийн Б  сумын Эрүүл мэндийн төвийн даргын  2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/00 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б  сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байгаа Х.З-ыг ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/00 дугаартай тушаалаар Х.З-ыг галчаар томилжээ.

7.3 Б аймгийн Эрүүл мэндийн газрын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/00 дугаартай тушаалаар Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг баталсан байх ба  энэхүү тушаалын хавсралтаас үзэхэд Б сумын Эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг нийт 37 орон тоотой байхаар тусгасан байх ба үүнээс жолооч 2 байхаар тусгасан байна.

7.4 Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвий даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/00 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  тушаалын хавсралтаар тус сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог тус тус  баталсан байх ба уг хавсралтуудаас үзэхэд жолоочийн орон тоо хоёр байхаар тусгасан байна.

7.5 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай Мэдэгдэх хуудсаар Эрүүл мэндийн газрын 2022 оны 009 дүгээр сарын 14-ний өдрийн А/00 дугаартай тушаалаар Эрүүл мэндийн төвийн жолоочийн орон тоог 2 орон тоотой баталсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1., 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар мэдэгдсэн байна.

7.6 Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдийн 07 дугаартай тушаалаар түргэн тусламжийн машины жолоочоор С.Б-ыг, Б сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай  тушаалаар түргэн тусламжийн машины жолоочоор З.Н-ийг тус тус авч ажиллуулж байсан нь тогтоогдсон байна. 

7.7 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0424517 дугаартай шийтгэлийн хуудсаар К.Н-ийн гаргасан зөрчилд 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна. 

 

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн  80.1, 80.1.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж тус тус заажээ.

10.Ажил олгогч болох Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь ажилтан Х.З-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар буюу орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаартай тушаалаар Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг баталсан байх ба  энэхүү тушаалын хавсралтаар Б сумын Эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг нийт 37 орон тоотой байхаар баталсан байх ба үүнээс жолоочийн орон тоо 2 байхаар тусгасан байна. Тус Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн жолооч 3 ажиллаж байсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба Б аймгийн Эрүүл мэндийн газрын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/00 дугаартай тушаалын хавсралт болон Б сумын Эрүүл мэндийн даргын бүтэц орон тоо батлах тухай тушаалуудаар тус төвд ажиллах түргэн тусламжийн жолоочийн орон тоо хоёр байхаар баталсан байх тул нэхэмжлэгч Х.З-ыг орон тоо цөөрсөн үндэслэлээр жолоочийн ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна. 

11.Ажил олгогч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь ажилтан Х.З-ын  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн болох нотлогдсон байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.З-ын Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК