| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00215/И |
| Дугаар | 130/ШШ2024/00351 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2024/00351
| 2024 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 130/ШШ2024/00351 | Баян-Өлгий аймаг |
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт С.А
Хүсэлтийн шаардлага: Т.Б нь 1999 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.А,
Гэрч М.М, А.Е,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.А нь охин Т.Б нь 1999 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болохыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний хоёр дахь охин Т.Б 1990 онд төрж, өвчний улмаас 1999 онд нас барьсан.
1.2 Т.Б 3 жилийн хугацаанд эмнэлгийн хяналтад байж байгаад нас барьсан.
1.3 Тухайн үед бид нас барьсан гэрчилгээ аваагүй байгаа тул түүний нас барсан байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Б-ын орчуулгын газрын фото зураг, А.А, Б.А, А.Е, М.М нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, С.А-ийн иргэний үнэмлэх, А.Т-н нас барсны гэрчилгээ, Т.Б-ын төрсний гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 362, 363 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар албан бичгээр ирүүлсэн С.А, Т.Б нарын ХААТР маягтууд, Т.Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар албан бичгээр ирүүлсэн Т.Б-ын Хүүхдийн тасаг болон Сэхээний тасагт 1997 оны 07 дугаар сараас 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхүүд, М.М, А.Е нарын гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний хоёр дахь охин Т.Б 1990 онд төрж, өвчний улмаас 1999 онд нас барьсан. Т.Б 3 жилийн хугацаанд эмнэлгийн хяналтад байж байгаад цусны оношоор нас барьсан. Тухайн үед бид нас барьсан гэрчилгээ аваагүй байгаа тул түүний нас барсан байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд Т.Б-ын нас барсан байдлыг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн гэжээ.
5.Хүсэлт гаргагч С.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар охин болох Т.Б-ын нас барсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Талийгаач Т.Б нь хүсэлт гаргагч С.А-ийн хүүхэд мөн болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.Б-ын Төрсний бүртгэлийн лавлагаа, түүний Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтаар тус тус тогтоогдож байна.
7.Талийгаач охин Т.Б нь 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа болон төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар албан бичигт ... өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд иргэн Т.Б-ын нас барсны бүртгэл бүртгэгдээгүй байх гэх боловч Т.Б нь 1999 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
7.1 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Т.Б-ын Төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг эхийн нэр: Т, өөрийн нэр: Б, регистрийн дугаар: ББ00000000, төрсөн газар: эмнэлэгт, бүртгэсэн газар: Б, А ... гэж бүртгэгдсэн байдал,
7.2 Мөн албан бичгээр ирүүлсэн Т.Б-ын Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11(А) маягтад … регистрийн дугаар: ББ00000000, овог: Т, нэр: Б, төрсөн он сар өдөр: 1990-5-26 … гэж бүртгэгдсэн байдал,
7.3 Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн тасгийн 000 дугаартай Хүүхдийн өвчний түүх-д … овог нэр: Т.Б, хүйс: эмэгтэй, төрсөн он сар өдөр: 1990-05-26, нас: 7, тогтмол хаяг: А сум, өвчилж эхэлсэн он: 1997-07-14, эмчид үзүүлсэн: 1997-07-15, хэвтсэн: 1997-07-15 13 цаг, … өвчилсэн өвчинүүд: 1997 оны 02 дугаар сарын эхээс үед үед хамраас нь цус гарах, бие сул, 70 хоног хэвтэн эмчлүүлэх … гэж,
Мөн эмнэлгийн Хүүхдийн тасгийн 79 дугаартай Өвчний түүх-д овог нэр: Т.Б, нас: 8, хүйс: эм, тогтмол хаяг: А сум, хэвтсэн: 1998-1-19, 10:55 цаг, гарсан: 1998-02-02, өвчний төгсөл: эдгэрсэн, … хүүхдийн бие сул, хамраас цус гоожино … гэж,
Мөн эмнэлгийн Сэхээний тасгийн 376 дугаартай Өвчтөний түүх-д овог нэр: Т.Б, нас: 9, хүйс: эм, өвчин эхэлсэн: 1999-05-04, хэвтсэн: 1999-05-05, гарсан: 1999-06-15, зовиур: хамраас цус гарна. Толгой өвдөнө, халуурна, гэдсээр өвдөнө, бөөлжинө, ингэж өвдөөд 3 жил болсон … гэж,
Мөн эмнэлгийн Сэхээний тасгийн 100 дугаартай Өвчний түүх-д овог нэр: Т.Б, нас: 9, хүйс: эм, өвчин эхэлсэн: 1999 оны 01 дүгээр сар, хэвтсэн: 1999-01-26, 12:45 цаг, гарсан: 1999 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, ор хоног: 16, …. Хүүхэд 1990 онд гүйцэт эрүүл төрсөн, 7 нас хүртэл өвдөөгүй. 7 настайгаас эхлэн хамраас олон удаа цус гоожиж, 7-8 удаа хэвтэн эмчлүүлсэн … гэж,
Мөн эмнэлгийн Хүүхдийн тасгийн 332 дугаартай Өвчтөний түүх-д … овог нэр: Т.Б, нас: 9, хүйс: эм, өвчин эхэлсэн: 1999-04-19, хэвтсэн: 1999-04-19 өдөр 20:30 цаг, гарсан: 1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, … өвчний төгсгөл: сайжирсан, … 1997 оны 02 дугаар сараас хамраас цус гоожиж, аймгийн эмнэлгийн Сэхээн, Хүүхдийн тасагт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн … гэж тус тус өвчний түүх бичигдсэн байдал,
7.4 Гэрч Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн иргэн А.А, Б.А нарын .... тус багийн иргэн Т-тай хөрш амьдарч байна. 1999 оны 7 дугаар сард тэдний хоёр дахь хүүхэд нь болох Б нь нас барсан ба тэр үед хөршийн хувиар хүүхдийг гараар барьж орчуулгын ажилд бэлтгэж усанд оруулсан, оршуулгын бүх ажилд оролцсон гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Гэрч Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн иргэн А.Е-ийн ... Хүсэлт гаргагч С.А-тэй 1999 оноос эхлэн хөрш айлууд байгаа. Нэг хүүхэд нь байнга өвдөж эмнэлэгт явдаг байсан. Тухайн хүүхдийг нь нас барсан гэж сонсоод би эмнэлгээс хүргэж аваад ирсэн. Тухайн үед тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тухайн хүүхэд нь 9-10 насны хүүхэд байсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг,
Гэрч Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн иргэн М.М-ийн ... Бид Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт 1998 оны 6 дугаар сард нүүж очиход С.А нар тухайн оны 9 дүгээр сард нүүж ирсэн. Бид зэргэлдээ хөрш айлууд болж суудаг. Т болон С.А нарын хоёр дахь хүүхэд нь болох Т.Б нь байнга өвдөж эмнэлэгт хэвтдэг байсан. Нас барьсан үед нь бид нар хөршийн хувьд үйл ажиллагаанд нь оролцож хамт байсан. С.А 3 хүүхэдтэй. Том хүүхэд нь Бахытбек, дараагийн хүүхэд нь Б, отгон хүүхэд нь А гэх хүүхэд байсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг,
7.5 Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Т овогтой Б /1990-1999-7-21/ гэж бичигдсэн оршуулгын газрын фото зураг болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдож байна гэж үзлээ.
8. Хүсэлт гаргагч С.А нь А.Т-тай 1987 өдөр гэр бүл болсон, А.Т нь 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан болох нь Б аймгийн Ө сумын улсын бүртгэгчээс олгосон нас барсны гэрчилгээ болон С.А-ийн ХААТР маягтуудаар тус тус тогтоогдож байна.
9.Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч С.А-ийн 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Т.Б нь 1999 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин талийгаач Т.Б нь 1999 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК