| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2110007060471 |
| Дугаар | 2022/ДШМ/738 |
| Огноо | 2022-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Туяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/738
2022 07 19 2022/ДШМ/738
С.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Туяа,
нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр С.Ч-д холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Ч нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, .......... хотхоны ........ нэртэй дэлгүүрийн үүдэнд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Ө-тай СӨХ-ийн төлбөрийн асуудлаар маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт С.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл би, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүгдэгч С.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн ........ дугаар хороо, .............. хотхонд үйл ажиллагаа явуулдаг “.........” дэлгүүрийн үүдэнд иргэн Д.Ө-тай СӨХ-ийн төлбөрийн асуудлаар маргалдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С.Ч-д холбогдох .............. дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2022/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолоор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж...” шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
1. Шүүх С.Ч-д холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон... тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөх” гэсэн саналыг нь харгалзан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос гаргасан саналын хүрээнд ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв гэсэн нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж эргэлзээ төрөхүйц бичигдсэн байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар заасан нь эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн. Учир нь энэ заалтад зөвхөн ялаас чөлөөлөх талаар заасан байхад шүүхээс шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсхүл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй үндэслэлд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах, гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажилласан гэх зэрэг тохиолдлуудыг заасан байхад шүүгдэгч С Ч-н хувьд эдгээр тохиолдлуудын аль нь ч байхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цаг, хугацаа зардал хэмнэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийг урамшуулах тусгай журам болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар заасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь практик тогтоох ач холбогдолтой тул ердийн журмаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх жишиг тогтоосноор хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалт хэрэгжүүлэхэд хүндрэл гарч болзошгүй юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.
Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Шийтгэх тогтоолыг уншихаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор бичигдсэн байна. Тогтоох хэсгийн баримталсан хуулийг харахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлаагүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шйидвэрлээгүй гэж ойлгогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн. Энэ заалтад зөвхөн ялаас чөлөөлөх талаар заасан байхад шүүхээс шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ч нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ........... хотхоны .......... нэртэй дэлгүүрийн үүдэнд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Ө-тай ..........-ийн төлбөрийн асуудлаас болж маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Ө-ы “...Би 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн .......... дугаар хороо, ................ хотхоны ....... тоотод СӨХ-ийн өрөөндөө байж байсан. Тэгэхэд гаднаас ............тоот айлын оршин суугч С.Ч гэх хүн орж ирээд СӨХ-ийн төлбөрийн талаар маргаан үүсгээд байхаар нь би 2019 оны өрийн талаар тайлбарлаж өгсөн боловч учир ойлгохгүй, над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “дэлгүүрээс юм авна” гээд гадаа гарсан. Тэгэхэд С.Ч нь араас гарч ирээд маргаанаа дуусгахгүй яваад байсан. Тухайн үед би “Хэрлэн" нэртэй дэлгүүр лүү орох гээд шат өөд өгсөж байхад араас татаад миний нүүр лүү цохиод авсан. Би “чи ингэж болохгүй шүү дээ” гэхэд “чи өөрөө наад руугаа хальтираад уначихлаа ш дээ” гэхээр нь би цагдаа дуудсан. Би томографын зураг 130.000 төгрөгөөр авхуулсан, мөн 8.000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” /хх 14-15/,
гэрч С.Г-н “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр би .............. хотхон дээр ажлаа хийгээд ........... дугаар байрнаас .............. дугаар байр луу явж байгаад дэлгүүрээс ундаа авах санаатай “.............” нэртэй дэлгүүр лүү очиход манай байрны оршин суугч С.Ч болон СӨХ-ийн ажилтан Д.Ө нар жоохон маргалдсан шинжтэй зогсож байсан ба нягтлан Д.Ө-ы хамрын доод тал, уруул дээрээс нь цус гарчихсан байсан. Мөн амны хаалт буюу маск нь цус болчихсон байхаар нь би шинэ маск өгөөд, байрны түлхүүр аваад явсан. Би Д.Ө-г яаж гэмтсэнийг бол хараагүй, тэр хоёрыг зодолдож цохилцсон эсэхийг мэдэхгүй байна. Ойр хавьд нь хүн амьтан харагдаагүй, нэлээн цаана манай байрны жижүүр залуу хогоо асгаад явж байсан...” /хх 19/,
шүүгдэгч С.Ч-ын “...ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, бага ял шийтгэл оноогоосой гэж хүсэж байна.” /хх 43-44/ гэх мэдүүлгүүд,
“Д.Ө-ы биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3787 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24-25/,
мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх баримтын лавлагаа /хх 48/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 51/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх 52/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч С.Ч-ын хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Ө-тай СӨХ-ийн төлбөрийн асуудлаар маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэр заалтад заасныг журамлан С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ...хүчингүй болсонд тооцсон бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Ч-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Харин прокурор О.Алтангэрэлийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар заасан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн. Учир нь энэ заалтад зөвхөн ялаас чөлөөлөх талаар заасан байхад шүүхээс шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан. Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсаны дараа ялаас чөлөөлөх байхад эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Харин прокуророос С.Ч-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлээгүй бөгөөд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй” гэж зөвтгөж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ