Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ

даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Ц , түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулж тус шүүхийн

шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Ц д холбогдох 1708009380115 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны

10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Завхан аймаг Сант

маргац суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч

мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,

урьд ял шийтгэлгүй,

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4

дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхнэр болох иргэн М.Насанжаргалтай гэр бүлийн хувийн

таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа М.Насанжаргалын эрх чөлөөнд халдаж эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг

шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц  мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар

сарын 13-ний өдөр 13 цагийн үед охин Хулангоог Сонгинохайрханд дүүргийн эмнэлэгт

үзүүлэхээр явсан ба эмчид үзүүлээд гарч ирэхээр нь эхнэрээс хоолоо яагаад идэхгүй

байгаа юм гэнэ гэхэд танай аав ээж чихэр өгсөнөөс болоод хоолоо идэхгүй байгаа юм

гээд маргалдсан. Тэгээд 10 дугаар хорооллын гэрлэн дохион дээр зогсож байхдаа

гараараа Насанжаргалын нүдэнд нь 2 удаа цохьсон. Тэгээд гэртээ хариад эвлэрээд байж

байхад хадам аав ирээд цагдаад дуудлага өгсөн” гэв.

Хохирогч М.Насанжаргал мэдүүлэхдээ: “...манай нөхөр Ц  бид гэрлээд 2 жил

болж байна бид хоёр 1 нас 8 сартай охины хамт амьдардаг өнөөдөр нөхөр бид хоёр гэр

бүлийн жоохон хэрүүлээс болж манай нөхөр намайг ална гэж заналхийлж миний

толгойруу 2 удаа цохиж нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон би тэгээд цагдаа

дуудсан юм. Ц  нь манай гэр бүлийн хүмүүсийг элдэвээр хэлж доромжилдог...”

гэжээ. /хх 11-13,14-15 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар

сарын 15-ны өдрийн 10351 дугаартай дүгнэлт: “1.М.Насанжаргал-н биед тархи доргилт,

баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь

мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

шинэ гэмтэл. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид

энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэжээ. /хх 20 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7-8/,

Хохирогч М.Насанжаргалын компьютерт томографийн оношлогооны хуудас /хх

21/,

Гэрэл зураг /хх 26/,

Гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх 43/,

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28,

34 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд

заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4

дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхнэр болох иргэн М.Насанжаргалтай гэр бүлийн хувийн

таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа М.Насанжаргалын эрх чөлөөнд халдаж эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн

мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 7-8/, хохирогч

М.Насанжаргал /хх 11-13, 14-15/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10351 дугаартай

дүгнэлт /хх 20/, компьютерт томографийн оношлогооны хуудас /хх 21/, гэрэл зураг /хх

26/, гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх 43/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28, 34 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн

байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад

баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо

төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,

иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч М.Насанжаргал нь гомдол санал байхгүй

/хх 70/ гэснийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,

37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ц д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх

хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ц  нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй

бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож

хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,

иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй,

шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд

тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж

даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц  урьд авсан хувийн баталгаа

гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ