Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0240

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* /РД:*******/                

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагч ******* нарын хооронд үүссэн улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, гомдол гаргагч *******, хариуцагч ******* нар оролцов. 

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн ******* нь “Нийслэлийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлт дэх хяналтын постоор 18 ширхэг тарваганы ороомог, 1 ширхэг чоно тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны дэд ахлагч ******* саатуулан шалгасныг тус албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч ******* зөрчлийн мэдээллийг хүлээн авч, тэмдэглэл үйлджээ.[1]

2.2. Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа *******ын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор *******д холбогдох зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох баримт бичгийн хамт Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.[2]

2.3. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14-5/4560 дугаар албан бичгээр уг зөрчлийн хэргийг Нийслэлийн Байгаль орчны газарт шалгуулахаар шилжүүлжээ.[3]

2.4. Зөрчлийн мэдээллийг хүлээн аваад Нийслэлийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагч ******* 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар “18 ширхэг тарваганы ороомог, 1 ширхэг хээрийн саарал чоныг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдэлд Зөрчлийн хэрэг нээж, прокурорт танилцуулан дугаар авчээ.[4]

2.5. Тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөрчилд холбогдогч *******гээс мэдүүлэг авсан байх бөгөөд “...******* аймгийн захаас 18 ширхэг ороомог худалдаж авсан, 1 ширхэг бүтэн чоныг дайвар ******* гэх хүн явуулсан...” гэж мэдүүлсэн байна.[5]

2.6. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0046418 дугаар шийтгэлийн хуудсаар Экологийн цагдаагийн газрын зөрчлийн хэргийн нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 300.000 төгрөгийн торгууль, 17.020.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ.[6]

2.7. Гомдол гаргагчийн зүгээс “...байцаагчийн шийтгэх хуудас дээр 18 ширхэг ороомог байсан болохоос биш тэр чинь 18 ширхэг тарвага байгаагүй. Тэгээд 18 ширхэг тарвага гэж үзээд 17 сая гаруй төгрөг гэдгийг нь одоо яаж, ямар үндэслэлээр гаргаж ирснийг би мэдэхгүй байна. Би иргэнийхээ үүргийн хувьд Экологийн цагдаа дээр ч, Байгаль орчны газар дээр ч би үнэхээр тээвэрлэж явсан гэм буруугаа хүлээж байна. Тэрнийхээ дагуу Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.4-д зааснаар 300,000 төгрөгөөр торгуулна. Ороомог болон чонын асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.  Би байгальд хор хохирол учруулаагүй, би буу бариад буудаагүй, амьд тарвагыг дөнгөж буудчихсан, арьстай хөрстэй нь би авч яваагүй... Тэр тарваганы зураг зөрчлийн хэрэг дээр байгаа, та бас харж байгаа байх. Тарваганы ороомог бүтнээрээ бол хэзээ ч тийм жижигхэн байхгүй. Манай *******ын ганц брэнд гээд  хотоос хүн болгон захидаг. Би тэрийг хориотой гэдгийг нь ч мэддэггүй...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс “...Чоно хор хөнөөлт амьтан учраас алсан ч гэсэн тээвэрлэж явахдаа заавал тухайн сум орон нутгийн байгаль хамгаалагчаас гарал үүслийн бичгийг авч явж байгаа тохиолдолд хууль ёсны болно. ******* нь 18 ширхэг тарваганы ороомог, нэг ширхэг хээрийн саарал чоно тээвэрлэн авч яваад баригдсан гэх зөрчлийн гомдол мэдээллийг Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн Байгаль орчны газар руу харьяаллын дагуу шилжүүлэн ирсэн. Экологийн цагдаагийн албанаас ирсэн гомдол мэдээллийн дагуу 12 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн хэргийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэ дээр болохоор 18 ширхэг тарваганы ороомог гэж байгаа” гэжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн хийдэг. Боловсролын салбарт 23 жил ажиллаж байгаа эмэгтэй 4 хүүхдийн хамт амьдардаг. Үнэхээр 12 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнө Эмээлт пост дээр машиныг цагдаа зогсоосон. Би иргэнийхээ үүргийн дагуу зогсож, тээшээ шалгуулсан. Гэхдээ би тухайн чоныг надад дайсан хүн надад хэлэхдээ маш хүнд өвчтэй хүн байгаа, яаралтай аваачиж өгөх хэрэгтэй байна. Боолт дээр нь утасны дугаарыг тавьчихсан. Сүрьеэ хүнд өвчтэй өнөө маргаашгүй болчихсон хүн манай ангийн багш байгаа юм, яаралтай өгөөдхөөч гэж хэлсэн юм гээд манай хүү машины ард тавьчихсан ирсэн машин явахаас өмнө.  Тэр нэг чонын ийм асуудал байсан. Дараа нь ******* байцаагчийн шийтгэх хуудас дээр 18 ширхэг ороомог байсан болохоос биш тэр чинь 18 ширхэг тарвага байгаагүй. Тэгээд 18 ширхэг тарвага гэж үзээд 17 сая гаруй төгрөг гэдгийг нь одоо яаж, ямар үндэслэлээр гаргаж ирснийг би мэдэхгүй байна. Би иргэнийхээ үүргийн хувьд Экологийн цагдаа дээр ч, Байгаль орчны газар дээр ч би үнэхээр тээвэрлэж явсан гэм буруугаа хүлээж байна. Тэрнийхээ дагуу Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.4-д зааснаар 300,000 төгрөгөөр торгуулна. Ороомог болон чонын асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.  Би байгальд хор хохирол учруулаагүй, би буу бариад буудаагүй, амьд тарвагыг дөнгөж буудчихсан, арьстай хөрстэй нь би авч яваагүй. Би 2 газарт олон удаа ингэж тайлбар өгөөд байхад шийтгэврийн хуудас надад албан шуудангаар ирсэн. Тэгээд би ******* байцаагч руу залгаад юу вэ та чинь одоо би ямар ан хийсэн биш, та одоо ингэж шийдээд байхдаа яадаг юм. Би тэгвэл иргэнийхээ хувьд одоо шүүхэд хандах эрхтэй учраас би шүүхэд хандана шүү гээд утсаар яриад утсаа салгасан. Би Нийслэлийн Байгаль орчны газар 2 удаа, Экологийн цагдаагийн албанаас нэг удаа дуудагдаж очсон. Тэр тарваганы зураг зөрчлийн хэрэг дээр байгаа, та бас харж байгаа байх. Тарваганы ороомог бүтнээрээ бол хэзээ ч тийм жижигхэн байхгүй. Манай *******ын ганц брэнд гээд  хотоос хүн болгон захидаг. Би тэрийг хориотой гэдгийг нь ч мэддэггүй. Би үнэхээр хориотой гэдгийг мэдсэн бол Эмээлтийн цагдаагийн пост дээр зогсох надад шаардлага байхгүй байсан шүү дээ. Би шалгуулахгүй шүү дээ. Тээшээ онгойлго гэхэд нь би өөртөө итгэлтэй бууж ирээд шалгуулсан. Тэр ямар чоно байсныг нь ч мэдэхгүй. Иргэд Байгаль орчны тухай хуулийг мэдэхгүй учраас хөдөө чинь хүн болгон л чоно алаад, мал руу нь дайрсан хот руу нь орсон болгоныг  агнадаг шүү дээ. Би тэр чоно дайсан хүн рүү уурласан, нэлээн настай хөгшин хүн байсан. Үгүй ээ манайх ингээд жижиг унага гарахаар хээрээр болохоор цас зудтай мал руугаа ойртож чадахгүй, ингээд зэрлэгээр явж байхад ерөөсөө унагагүй, төлгүй болсон. Тийм учраас Байгаль орчны байцаагчид 3 удаа өргөдөл гаргасны үндсэн дээрээс манайхыг ангийн бүс нутаг учраас танайх агнаж болно шүү дээ гэж хэлэхээр нь би хүүтэйгээ цуг явж байгаад ан хийсэн.  Би чамайг тийм юманд оруулахгүй гээд энэ зөвшөөрлийн бичгийг нь хүргүүлсэн, хавтаст хэрэгт байгаа. Тэр 18 ширхэг ороомгийг би өөрт нь хэлсэн наадах чинь 18 тарвага биш ээ. Би байцаагчид болсон процессыг нь тайлбарлаж өгсөн. Фейсбүүк дээр тавьчихсан зургууд хүртэл байгаа тэрийг хар. Ороомог гэдэг чинь бүтэн тарвагыг боохоор худлаа хэлдэг хүнд хааш хаашаагаа 30 см урттай, тойргийнх нь диаметр дахиад 30 см хэмжээтэйгээр ороомог болдог. Наадхыг чинь болохоор би олон хүнд хүртээхийн тулд нэг тарвагыг олон ороомог болгосон. Тэр хийдэг хүмүүст нь захиалахаар хийдэг тусгай хүмүүстэй, тусгай технологиор хийдэг юм байна лээ. Би тэрийг нь өөрөө ч мэдэхгүй хүмүүс захихаар нь олон болгож авчирч өгч байгаа нь тэр шүү дээ. Нутгийнхаа брэндийг л хүнд амсуулах гэсэн болохоос биш, би  хээр очоод тарвагыг нь буудаад агнасан зүйл биш шүү дээ. Дандаа худалдааны аргаар борлуулаг, манай аймагт тийм зах зээл нь байж л байдаг. Харин худалдсан, худалдаж авч байгаа хүмүүс болохоор бие биедээ харагдаж үзэгддэггүй, өгч авалцацгаадаг  юм байна лээ. Би тэрийг 2, 3 удаа ирэхдээ эдний өрөөнд орохдоо 3 удаа тайлбарлаж өгсөн. Ийм процесс болж өнгөрсөн. Би тэгээд дараа нь надад оногдуулсан шийтгэх хуудастай холбоотойгоор харсан л даа. Агнуурын бүс нутгаас нутгаас бусад газарт эсхүл амьтныг агнах хориотой үед эсхүл хориглосон хугацаанд эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн гэж заасны тээвэрлэсэн гэж  байгаа юм болов уу гээд би өөрөө хуулийг нь хүртэл өдөр шөнөгүй хэд дахин уншиж байгаа юм. Тэгээд би албан ёсоор эсэргүүцэж гомдлоо гаргасан” гэжээ.

3.2. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 36 минутын үед иргэн ******* нь 18 ширхэг тарваганы ороомог, нэг ширхэг хээрийн саарал чоно тээвэрлэн авч яваад баригдсан гэх зөрчлийн гомдол мэдээллийг Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн Байгаль орчны газар руу харьяаллын дагуу шилжүүлэн ирсэн. Экологийн цагдаагийн албанаас ирсэн гомдол мэдээллийн дагуу 12 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн хэргийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэ дээр болохоор 18 ширхэг тарваганы ороомог гэж байгаа. Иргэн ******* над дээр уулзахаар нь би Зоонозын өвчин судлалын үндэсний төв рүү утасдаад танайх руу албан тоот явуулчихъя, үнэхээр 18 ширхэг тарвага нь 18 ширхэг тарваганы ороомог болдог юм уу энэ талаар танайхаас нотлох баримт гаргуулаад өгөөч гээд утас утсаар холбогдсон. Зоонозын өвчин судлалын үндэсний төв манайхаас ясгүй ийм бүхэл махан дээр дүгнэлт гаргах ямар ч боломж байхгүй гэсэн хариу өгсөн.  Экологийн цагдаагийн албанаас харьяаллын дагуу шилжиж ирсэн 18 ширхэг ороомгийг цагдаа нар өөрсдөө Зоонозын өвчин судлалын үндэсний төв рүү тухайн үед нь дуудаад хүлээлгээд өгчихсөн юм байна лээ. Тэгээд Экологийн цагдаагийн албанаас нэг процессын алдаа гаргаад байгаа. Манайх руу шилжүүлэхдээ яаралтай тэр даруй шилжүүлэх ёстой байтал 3, 4 өдрийн дараа над дээр энэ зөрчлийн гомдол мэдээлэл нь орж ирсэн. Тэгээд би шууд Зоонозын өвчин судлалын үндэсний төв үндэсний төв рүү ярьсан чинь тэр 18 ширхэг тарваганы ороомгийг задлаад бүгдэд нь химийн бодис хийчихсэн, одоо устгах гээд байж байна. Одоо дүгнэлт гаргах ямар ч боломж байхгүй гэдэг тайлбар өгсөн. Зоонозын өвчин судлалын үндэсний төв үнэхээр 6, 7 тарвага ингэж 18 ширхэг ороомог болдог юм уу,  18 ширхэг ширхэг тарвага нь 18 ширхэг тарваганы ороомог болдог юм уу гэдэг талаас нь танайхаас дүгнэлт гаргуулъя гэсэн чинь одоо бүгдийг нь задалчихсан, ясгүй ийм бүхэл махан дээр манайхаас дүгнэлт гаргах ямар ч боломж байхгүй гэсэн. Тэгээд би маргааш нь Офицеруудын ордны тэнд байдаг Гео экологи, амьтны хүрээлэн рүү утсаар холбогдоод манайхаас танайх руу яаралтай албан тоот явуулах гэж байна, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна гээд холбогдсон чинь ясгүй бүх махан дээр манайхаас 6, 7 тарвага 18 ширхэг ороомог болдог, 18 ширхэг тарвага 18 ширхэг ороомог болно гэсэн бүхэл махан дээр тийм дүгнэлт гаргах ямар ч боломж байхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд 1 ширхэг хээрийн саарал чоно гэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 сард гарсан агнуурын бүс нутгаас ан амьтан агнах зөвшөөрөл олгох тухай гээд тушаал гарсан байна. Хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэ тушаалд болохоор аймаг болгоноор амьтныг хуваарилсан байсан. Би судлаад харсан чинь яаж хуваарилсан гэхээр  зөвхөн Монгол Улсын хэмжээнд Төв аймагт л 2 ширхэг хээрийн саарал чоно агнах зөвшөөрлийн бичиг байсан. Өөр аймагт ямар ч тийм хээрийн саарал чоно агнах зөвшөөрөл байхгүй байна. Амьтны тухай хуульд хээрийн саарал чоно хор хөнөөлт амьтан учраас тухайн сумын болон аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн агнаж болно. Агнаад тээвэрлэхдээ заавал байгаль хамгаалагчаас гарал үүслийн бичиг авч тээвэрлэсэн тохиолдолд хууль ёсны болно гэж Амьтны тухай хуульд заасан байна. Чоно хор хөнөөлт амьтан буюу айлын мал руу дайрдаг учраас хориглодог юм байна. Сайдын тушаал дээр зөвшөөрөл байхгүй ч гэсэн тухайн сум, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж байгаль хамгаалагч бичдэг юм байна. Чоно хор хөнөөлт амьтан учраас алсан ч гэсэн тээвэрлэж явахдаа заавал тухайн сум орон нутгийн байгаль хамгаалагчаас гарал үүслийн бичгийг авч явж байгаа тохиолдолд хууль ёсны болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутган торгууль, нөхөн төлбөр ногдуулсан байна.[7]

2. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

3. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 4.1.1 дэх заалтад "амьтан гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг;” гэх бланкетны хэм хэмжээг заасан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад "амьтан гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж заасан байна.

4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан мөлхөгчийг агнасан, тээвэрлэсэн тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

5. Гомдол гаргагчийн зүгээс “...амьтан агнаагүй, тээвэрлээгүй, тарваганы махаар хийсэн ороомог гэх бүтээгдэхүүн тээвэрлэж явсан үйлдэлд хариуцлага хүлээлгэснийг зөвшөөрөхгүй...” гэж, хариуцагчийн зүгээс “... тарвагыг агнахыг хориглосон учраас ороомог тээвэрлэж явсан нь хууль бус ...” гэх агуулгаар маргасан.

6.Тодруулбал, талуудын эсрэг тэсрэг тайлбаруудын агуулгыг нэгтгэн үзвэл, тарваганы махаар хийсэн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн үйлдлийг хориглосон амьтан тээвэрлэсэн зөрчилд тооцох эсэхэд маргааны гол зүйл оршиж байна.

7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөрчилд холбогдогч *******гээс мэдүүлэг авсан байх бөгөөд “...******* аймгийн захаас 18 ширхэг ороомог худалдаж авсан, 1 ширхэг бүтэн чоныг дайвар ******* гэх хүн явуулсан...” гэж мэдүүлсэн байна.[8]

8. Мөн тээвэрлэж явсан 18 ширхэг тарваганы ороомог, 1 ширхэг чонын зураг хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд тарвага гэх “бие, организмын тогтолцоо бүхий” мөлхөгч амьтны шинжийг алдсан буюу хүнсний бүтээгдэхүүн болсон гэж үзэхээр байна.[9]

9. Хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад ******* нь 18 ширхэг тарваганы ороомог тээвэрлэж явсан үйлдлээ зөвшөөрсөн буюу талуудын хэн аль нь маргаагүй, хариуцагчийн зүгээс “...18 ширхэг ороомог нь хэдэн ширхэг тарвага болохыг тогтоох боломжгүй байсан” гэж тайлбарласан төдийгүй амьтан гэх шинжээ алдаж, хүнсний бүтээгдэхүүн болсон байх тул *******гийн үйлдлийг агнах хориотой амьтныг тээвэрлэсэн гэх зөрчилд тооцох үндэслэлгүй байна.

10. Тодруулбал, *******гийн тээвэрлэж явсан зүйл нь тарваганы махаар хийсэн ороомог гэдэг нь илэрхий байх боловч хэчнээн тооны амьтан тээвэрлэж явсан болохыг тогтоох боломжгүй, амьтны махаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг амьтан гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд торгох шийтгэл ногдуулж, нөхөн төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

11. Иймд шийтгэлийн хуудсаар 18 тарвага тээвэрлэсэн гэж үзэж, ногдуулсан 18*410.000=7,380,000 тооцсон дүнг 2 дахин нэмэгдүүлж 14,760,000.00 /арван дөрвөн сая долоон зуун жаран мянган/ төгрөгийн нөхөн төлбөрийг хасаж тооцох нь зүйтэй.

12. Харин 1 ширхэг саарал чоно тээвэрлэсэн зөрчлийн тухайд, гомдол гаргагч ******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зөрчлөө үгүйсгэж маргаагүй, бусдын дайвар гэх 1 ширхэг агнасан саарал чоныг бүтнээр нь тээвэрлэж явсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаар шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

13. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:” гээд, тус хэсгийн 2 дахь заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” гэж заасан бөгөөд 1 ширхэг саарал чоно тээвэрлэсэн дээрх үйлдэлд 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт хэм хэмжээний актаар тогтоосон 1,130,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 2,260,000.00 /хоёр сая хоёр зуун жаран мянган/ төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

14. Иймд гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсаар *******д оногдуулсан нөхөн төлбөрийн хэмжээг 14,760,000 төгрөгөөр багасгаж, 2,260,000 төгрөг болгон тогтоож, торгуулийн 300,000 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.6 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан маргаж буй 0046418 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоосон 17,020,000 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг 14,760,000 төгрөгөөр бууруулж 2,260,000 төгрөг болгож тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 47 дахь дахь тал

[2] Хх 62 дахь тал

[3] Хх 44 дэх тал

[4] Хх 24 дэх тал

[5] Хх 26-27 дахь тал

[6] Хх 65 дахь тал

[7] Хх 65 дахь тал

[8] Хх 26-27 дахь тал

[9] Хх 61 дэх тал