Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00386

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00386

Баян-Өлгий аймаг

 

         

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Б салбар /захирал Л.Ө/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт К.Е-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,373,871 төгрөг, зээлийн хүү 359,420 төгрөг, нийт 2,733,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын захирал Л.Ө нь хариуцагч К.Е-д холбогдуулан Үндсэн зээл 2,373,871 төгрөг, зээлийн хүү 359,420 төгрөг, нийт 2,733,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Зээлдэгч К.Е нь итгэмжлэлээр Х банкны Б салбарын Ө тооцооны төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №0000000000 тоот зээлийн гэрээ байгуулан 5,125,519 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй 11 сарын хугацаатайгаар авсан.

1.2 Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2,751,648 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 252,273 төгрөг, нийт 3,003,921 төгрөгийг төлж барагдуулсан.

1.3 Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1.4 Иймд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 2,373,871 төгрөг, зээлийн хүү 359,420 төгрөг, нийт 2,733,291 төгрөгийг гаргуулж өгнө үүг гэжээ.

 

2.Хариуцагч К.Е хариу тайлбартаа: “... Хариуцагч К.Е миний бие нэхэмжлэгч Х банкны Б салбарын надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие ээж болох К.Х-ын хамт тус банкнаас тэтгэврийн зээл авсан нь үнэн. Ээж болох К.Х нь  нас барсан болно. Миний бие уг зээлийн үлдэгдэл төлбөрийг боломжоороо төлж байгаа бөгөөд одоо тус банкны надаас нэхэмжилж байгаа үндсэн зээл 2,373,871 төгрөг, зээлийн хүү 359,420 төгрөг, нийт 2,733,291 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч  К.Е-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Е нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 2,373,871 төгрөг, зээлийн хүү 359,420 төгрөг, нийт 2,733,291 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,683 төгрөгийн тал 29,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 29,341 төгрөг, мөн хариуцагч К.Е-оос 29,341 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч К.Е  нь үндсэн зээл 2,373,871 төгрөг, зээлийн хүү 359,420 төгрөг, нийт 2,733,291 /хоёр сая долоон зуун гучин гурван мянган хоёр зуун ерэн нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Б салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,683 төгрөгийн тал 29,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000  дугаартай данснаас 29,341 төгрөг, мөн хариуцагч К.Е-оос 29,341 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК