| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | Шийдвэр 128/2023/1037/З |
| Дугаар | 128/ШШ2024/0246 |
| Огноо | 2024-03-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/0246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК /РД:/
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам
Хариуцагч: Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт тус тус холбогдуулж Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ча, хариуцагч Ч.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх НХААГ-20/ дүгээр гэрээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон А ХХК нь байгуулжээ.
3. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын А/141 дүгээр тушаалаар хэмжилтийн багаж хэрэгслийг хүлээн авах комиссыг томилж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр талууд гэрээг дүгнэж, хэмжилтийн багаж хэрэгслийг хүлээн авсан байна.
4. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 64 дүгээр тэмдэглэлд Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад чиглэсэн хяналт шалгалтыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 50 хувиар бууруулах чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг төлөвлөж, хэрэгжүүлэхийг Засгийн газрын хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, бүх шатны Засаг дарга нарт даалгасан байна.
5. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0018 дугаар шийдвэрээр Э ХХК-иас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн Э******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу шалгараагүй, А ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын А ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн НХХААГ-20/ дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 206 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0018 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн Э******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу шалгараагүй, А ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын А ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн НХХААГ-20/ дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 35 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
8. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар Хяналт шалгалтын удирдамж-ыг баталсан байна.
9. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б 80 дугаар дүгнэлтийг А ХХК-нд хүргүүлсэн байна.
10. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А ХХК нь 1/523 дугаар албан бичгээр Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч Ж.Гад Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
11. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8517 дугаар албан бичгээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хянасан албан бичгийг хүргүүлжээ.
12. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын Сангийн яамны сайдын 213 дугаар тушаалаар А ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн байна.
2.1 Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч Б.Ча шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 2020 онд манай А ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх" тендерт шалгарсан. Улмаар тус тендерийн тодорхойлолт, шаардлагад нийцсэн багаж хэрэгслийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн ба чанарын баталгаат хугацааны 2 жилд ямар ч эвдрэл гараагүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай 2022 оны 11 сард тооцоо нийлж, талууд гэрээг дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн бөгөөд гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дээрх гэрээ дуусгавар болсон. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улсын байцаагч Ч.Б нь манай компанид албан бичиг хүргүүлсэн ба 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15:00 цагт болох сонсох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг манай компанид мэдэгдсэн. Улмаар тус мэдэгдлийн дагуу манай компани нь хүрэлцэн очсон ба хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй. Тиймээс хяналт шалгалтын цар хүрээ болон агуулгын талаар бүрэн дүүрэн мэдээлэл авч чадаагүй ба мэдэгдэлд дурдсан асуудлын хүрээнд л тайлбараа гаргаж өгсөн.
Улмаар Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нь манай "А" ХХК-нд холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №80 тоот "Хяналт шалгалтын тухай" дүгнэлтийг гаргасан ба дүгнэлтийн 1 дэх хэсэгт "А" ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна";
2 дах хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн "А" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна" гэж тус тус дүгнэсэн байсан.
Дээрх дүгнэлтээр манай компанийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд БНХАУ-ын нийлүүлэгчээс бидэнд ирүүлсэн баримтыг л бид тендерт илгээсэн байдаг. Өөрөөр хэлбэл баримт нотолгоогүйгээр тийнхүү тогтоосон нь хууль бус юм. Тиймээс манай компани нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 7.1-т заасныг үндэслэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023.10.18 өдрийн №80 тоот Хяналт шалгалтын тухай" дүгнэлтийн 1 болон 2 дахь хэсэгт тус тус заасныг эс хүлээн зөвшөөрч Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Гад гомдол гаргасан. Мөн тус дүгнэлтийг биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ давхар гаргасан.
Гэвч Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Г нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023.10.18 өдрийн №80 тоот "Хяналт шалгалтын тухай" дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба энэ тухай 2023.11.20 өдрийн "Гомдол хянасан тухай" албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан болно. Мөн тус албан бичгээр Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлэх эрх хэмжээ, үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн. Иймээс манай компани Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023.10.18 өдрийн №80 тоот "Хяналт шалгалтын тухай" дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Гын 2023.11.20 өдрийн "Гомдол хянасан тухай" шийдвэрийг тус тус хууль бус гэж үзэж байгаа болно.
Учир нь Э" ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 70 тоот албан бичгээр "... гарын үсэг хуурамч материал ирүүлсэн талаар дурдсан" гэсэн байх ба энэхүү албан бичиг нь одоогоос 2 жилийн өмнө буюу хянан шалгах хугацаа дууссан буюу 2020 онд гүйцэтгэсэн тендерт ажилд хянан шалгалт хийх эрхгүй байхад шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгээс зарим хэсгийн авч тухайн дүгнэлтийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тодорхойлох хэсгийг үндэслэн манай компанийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж дүгнэн шүүх эрх мэдэл Улсын байцаагчид олгогдоогүй атал шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлээд байгаа нь хууль бус юм.
Мөн Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр биш бөгөөд Давж заалдах болон Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан эсэхээс шалтгаалан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох эсэх нь шийдвэрлэгддэг. Тус захиргааны хэрэг Анхан, Давж заалдах, Хяналтын шатны шүүхээр тус тус хянан хэлэлцэгдэн Улсын дээд шүүхийн 2022.05.30 өдрийн 004/XT2022/0035 тоот тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн 2022.03.17 өдрийн 206 дугаартай магадлалыг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.
Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.17 өдрийн 206 дугаар Магадлалын ХЯНАХ хэсгийн 4-т Гуравдагч этгээд "А" ХХК-ийн цахимаар ирүүлсэн тендерийн баримтуудыг үзвэл тухайн тендер сонгон шалгаруулалт оролцохоор ирүүлсэн тендерийн баримт бичигт нийлүүлэхээр санал болгосон 8 бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээг бүрэн хавсаргаагүй, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр тухайн 8 төрлийн багаж хэрэгслийг бүгдийг нь БНХАУ-ын "Јі ..." компаниас нийлүүлэх тухай мэдэгдэж, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэх баримтыг хавсарган өгсөн, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тендерийн баримт бичигт Хятад, Солонгос, Америк улсын гэж тодорхой заасны дагуу байх ёстой улсын бүтээгдэхүүнүүдийг авсан бүгд Хятад улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн биш, тухайн Хятад улсын компани нь борлуулагч компани байж болно" гэж тайлбарласнаас үзэхэд А" ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д заасан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх, 5.2- т заасан олон улсын чанарын стандартын аль нэгийг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлэх, 12.1-ийн 4-т заасан өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ гэсэн шаардлагуудыг хангаагүй болох нь тогтоогдож байна." гэж заасан. Үүнээс харахад үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх, олон улсын чанарын стандартын аль нэгийг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлэх, өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ гэсэн шаардлагуудыг манай компани хангаагүй гэж тус тус тогтоосон. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх илт худал мэдээлэл ирүүлсэн гэж огт дүгнээгүй.
Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хуульд тус тус зааснаар илт худал мэдээлэл гаргасан эсэх талаарх үйл баримтыг Захиргааны журмаар бус эрүүгийн журмаар шалгагдах ёстой байдаг. Улмаар "Э" ХХК нь манай "А" ХХК- д холбогдуулан илт худал мэдээлэл гаргасан эсэх талаарх асуудлаар 2020-2021 онд эрүүгийн журмаар гомдол, мэдээлэл гаргасан байдаг. Тэрхүү гомдол, мэдээлэл хуулийн байгууллагаар шалгагдсан боловч эрүүгийн хэрэг үүсээгүй болно.
Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байгаа гэж Ч.Б байцаагч мэдэгдсэн боловч тус удирдамжаа манай компанид албан ёсоор танилцуулаагүй бөгөөд түүний хувийг өгөөгүй. Тодруулбал, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.2-т "Улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ" заасан байдаг ч энэхүү ажиллагаа хийгдээгүй. Түүнчлэн Сангийн сайд нь дээрх хууль бус Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023.10.18 өдрийн №80 тоот "Хяналт шалгалтын тухай" дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Гын 2023.11.20 өдрийн "Гомдол хянасан тухай" шийдвэрийг үндэслэн манай компанийг Хар жагсаалтад оруулсан болохыг Сангийн сайдын 2023.11.22 өдрийн 213 дугаар тушаал гарсан болохыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдсэн бөгөөд тус тушаалын хавсралтын 30 дахь хэсэгт "А" ХХК орсон байсан. Тэрхүү Сангийн сайдын 2023.11.22 өдрийн 213 дугаар тушаалын хувийг авахаар Сангийн Яамд хандсан боловч шүүхийн журмаар гаргуулахаас нааш бид хуулбар үнэн хувь олгохгүй гэсэн хариуг өгсөн.
Иймд манай "А" ХХК-ийг үндэслэлгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт буюу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж тогтоон хар жагсаалтад оруулж, 3 жилийн хугацаанд дахин тендер оролцох бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг маань зөрчсөн хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Тиймээс Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023.10.18 өдрийн №80 тоот "Хяналт шалгалтын тухай" дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын "А" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй тус тус болгож өгнө үү гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын байцаагч Ч.Б нь улсын ерөнхий байцаагч Ж.Гын удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ажлын 5 хоногийн дотор хийж гүйцэтгэх ёстой байсан. Анх Э ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл, гомдол гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өргөдөл гомдлыг хүлээж аваад улсын байцаагч болон улсын ерөнхий байцаагчийн эрх хэмжээний дагуу хяналт шалгалтыг 5 хоногийн дотор хийж гүйцэтгэх ёстой. Гэтэл үүнийг хийхгүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч компанийг шалгахаар удирдамж гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хууль зүйн үндэслэлгүй удирдамж үндэслэж хяналт шалгалт хийсэн явдал нь хууль бус үйлдэл юм. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гаргахдаа хуульд үндэслэх ёстой.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг болон улсын байцаагчийн дүрэмд зааснаар хууль тогтоомжид үндэслэж хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтыг хийх ёстой гэж заасан байдаг. Хуульд заасан дүрэм, журамд үндэслээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа худалдан авах ажиллагаа өөрөө онцлогтой, төлөвлөгөөт хяналт шалгалт хийх боломжгүй гэж дурдаж байна. Сангийн яам болон Сангийн сайдаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэхгүй гэдэг нь тодорхой болсон. 2023, 2024 онд хяналт шалгалт хийх төлөвлөгөө байхгүй юм байна.
Манай компани хуурамч баримт бичгийг тендерт өгөөгүй. Нийлүүлэгч буюу Хятад улсын J******* Skyray instrument Co.Ltd компаниас ирүүлсэн баримтыг өгсөн. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт өөр лого бүхий гэж үг байгаа болохоос хуурамч баримт бүрдүүлсэн нэр зөрүүтэй байгаа, тамга хуурамч гэсэн үг өгүүлбэр байхгүй. Өмнөх хэргийн тухайд нэхэмжлэгч нь шаардлагаа нийт 10 гаруй удаа тодруулсан байдаг. Хэргийн материалтай танилцахад ойлгомжгүй. Шүүх яаж шийдвэрлэснийг уншиж ойлгохгүй байсан. Магадлал болон тогтоолд манай компани нь тендерийн тодорхойлолтод заасан хангалттай баримт бичгийг ирүүлээгүй байсан талаар дурдсан болохоос хуурамч баримт ирүүлсэн учир хууль бус тендер гэж үзээгүй гэв.
3.1 Хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..."А" ХХК-тай холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас удирдамж гарч, зохих журмын дагуу хяналт шалгалт хийснээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б хяналт шалгалт хийсний үндсэн дээр 80 дугаартай дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтээр "А" ХХК-ийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх" тендер шалгаруулалтад оролцохдоо БНХАУ-ын "J******* Skyray Insrument Co.Ltd"-ийн "үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэх бичигт J******* мужийн Шинжлэх ухаан технологийн газар гэсэн тамга дарж мөн International sales manager Mr.A******* гэдэг нэрийн дээр хятад үсгээр C******* гэж гарын үсэг зурсан хуурамч материал ирүүлсэн талаар гэж үзэх үндэслэлтэй тухай дүгнэсэн байна.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0019 дугаар шийдвэрт "... "А" ХХК- иас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр тухайн 8 төрлийн багаж хэрэгслийг бүгдийг нь БНХАУ-ын "J******* Skyray Instrument" XXK-aac нийлүүлэх тухай мэдэгдэж "Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэх баримтыг хавсарган өгсөн байх боловч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдээс анх тендерийн баримт бичигт хавсаргасан "J******* Skyray Instrument" ХХК-ийн "үйлдвэрлэгчийн гэрчилгээ" гэх баримтаас өөр лого тэмдэгтэй байсан нь холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна" гэж дүгнэсэн тул шүүхээс дүгнэсэн асуудлаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч өөрөөр дүгнэх үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй." гэж заасан тул шүүхээр тогтоосон асуудлаар гаргасан дүгнэлт нь хууль ёсны дүгнэлт юм. Иймд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ковид-19 цар тахлын нөхцөл байдал 2021 оны 12 дугаар сарын байдлаар дууссан гэж тайлбарлаж байна. Миний хувьд тухайн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарч байх үеийг маш сайн санаж байна. Зарим аж ахуйн нэгж хорио цээрийн дэглэмийг дэмжихгүй байгаа талаараа хэлж байсан цаг үе. Засгийн газар цар тахлын үеийн аж ахуйн нэгжид очих дарамтыг буулгах зорилгоор гарсан тэмдэглэл байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Сангийн яамны талаар дурдаагүй байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл уг асуудлыг Сангийн сайд хэлэлцүүлсэн хяналтын чиг үүрэг бүхий төрийн байгууллагыг хамруулж эрсдэлд суурилсан нэн чухал асуудал дээр хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн. Харин хар жагсаалтад орох боломжтой аж ахуйн нэгж дээр боломж олгоод явах Засгийн газрын тэмдэглэл гарсан. Уг тэмдэглэл нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчиж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийг Хариуцагч: жагсаалтад оруулах байсныг цаг хугацааны хувьд боломж олгож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжоор хангасан. Нэхэмжлэгч компанийн эрх зүйн байдлыг дордуулаагүй.
Засгийн газрын хуралдааны тэмдэглэл эрх зүйн үр дагаваргүй гэж тайлбарлаж байна. Хэрэв ийм байдлаар дүгнэж байгаа бол Засгийн газрыг хариуцагчаар татаж тусдаа маргаан үүсгэх ёстой. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргаж харьяа байгууллагадаа даалгаж шийдвэрлэсэн бол үүнийг зөрчиж улсын ерөнхий байцаагч удирдамж гаргахгүй. Шатлан захирах ёсны дарааллаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яагаад улсын байцаагчийг уг асуудалд буруутгаж байгааг ойлгохгүй байна. Улсын байцаагч өөрөө удирдамж гаргах ёстой байсан юм уу? гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
2. Нэхэмжлэгч А ХХК нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж түүний үндэслэлээ ...Дээрх дүгнэлтээр манай компанийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд БНХАУ-ын нийлүүлэгчээс бидэнд ирүүлсэн баримтыг л бид тендерт илгээсэн...баримт нотолгоогүйгээр тийнхүү тогтоосон нь хууль бус, Сангийн сайд нь дээрх хууль бус дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Гын 2023.11.20 өдрийн "Гомдол хянасан тухай" шийдвэрийг үндэслэн манай компанийг Хар жагсаалт-д оруулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
3. Нэг. Нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4. Нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...манай компанийг илт худал мэдээлэл ирүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, БНХАУ-ын нийлүүлэгчээс ирүүлсэн баримтыг л бид тендерт хүргүүлсэн, 2020 онд хийж гүйцэтгээд дууссан ажилд хяналт шалгалт хийж байгаа нь үндэслэлгүй, зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн дүгнэлтээ гаргасан нь хууль бус... гэж тодорхойлон маргасан.
5. Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Бгийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар дүгнэлтээр А ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн байна, уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1-д заасныг тус тус үндэслэн А ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 7.1-д зааснаар 10 хоногт багтаан ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхтэй гэжээ.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: гэж, 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ. гэж, 521 дугаар зүйлийн 521.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гэж, 521.2.1-д энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж тус тус заасан.
7. Мөн Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 2.1-д Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмаас гадна дараахь зарчмыг удирдлага болгон ажиллана:, 2.1.3-д асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх;, 4.2-т Улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 4.2.3-д хяналт шалгалтын ажилд холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах саналаа улсын ерөнхий байцаагчид тавьж шийдвэрлүүлэх;, 4.2.6-д өөрийн илрүүлсэн нөхцөл байдал, эсхүл төрийн байгууллага, албан тушаалтнаас шилжүүлсэн мэдээлэл, баримт бичиг, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэлд үндэслэн худалдан авах ажиллагааны мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа явуулах санал гаргах;, 5.5-д Улсын байцаагч хяналт шалгалтын явцад болон төрийн байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг судлах явцад хууль, тогтоомж зөрчигдсөн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д тус тус заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хяналт шалгалттай холбогдуулан албан даалгавар, акт, санал, дүгнэлт гаргаж, тэмдэглэл үйлдэнэ. гэж тус тус заасан байна.
8. Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Бгийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар дүгнэлтэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0019 дугаар шийдвэрт ".."А" ХХК- иас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр тухайн 8 төрлийн багаж хэрэгслийг бүгдийг нь БНХАУ-ын "J******* Skyray Instrument" XXK-aac нийлүүлэх тухай мэдэгдэж "Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэх баримтыг хавсарган өгсөн байх боловч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдээс анх тендерийн баримт бичигт хавсаргасан "J******* Skyray Instrument" ХХК-ийн "үйлдвэрлэгчийн гэрчилгээ" гэх баримтаас өөр лого тэмдэгтэй байсан нь холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна" гэснийг үндэслэл болгосон, энэ агуулгаар хариуцагч хариу тайлбар гаргаж мэтгэлцсэн ба тухайн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдов.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх НХААГ-20/ дугаар тендерт оролцож шалгарснаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээг дүгнэж ажлыг хүлээлгэн өгсөн уг ажлын талаар ямар нэгэн маргаан үүсээгүй, түүнчлэн Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 64 дүгээр тэмдэглэлд ХІҮ.5. Төрийн хяналт шалгалтын нөхцөл байдал, түүнийг хөнгөвчлөх арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Ж******* Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:
1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн хяналт шалгалтыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувиар бууруулах чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг төлөвлөж, хэрэгжүүлэхийг Засгийн газрын хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, бүх шатны Засаг дарга нарт даалгаж, Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б*******)-нд зөвлөв.
2. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрсдэлд суурилан зайлшгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийх, хяналт шалгалтыг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, бүх шатны Засаг дарга нарт даалгав гэж тус тус шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон болно.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан тул шүүхээр тогтоосон асуудлаар гаргасан дүгнэлт... гэж тайлбарласан боловч дээрхи хуулийн заалт нь шүүхээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хууль болохын хувьд хариуцагч захиргааны байгууллагад хэрэглэгдэхгүй, нөгөө талаар хариуцагчийн явуулсан хяналт шалгалтын үйл ажиллагаа нь салбар хуулиар зохицуулагдах харилцаа гэж үзэхээр байна.
11. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрт ".."А" ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр тухайн 8 төрлийн багаж хэрэгслийг бүгдийг нь БНХАУ-ын "J******* Skyray Instrument" XXK-aac нийлүүлэх тухай мэдэгдэж "Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэх баримтыг хавсарган өгсөн байх боловч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдээс анх тендерийн баримт бичигт хавсаргасан "J******* Skyray Instrument" ХХК-ийн "үйлдвэрлэгчийн гэрчилгээ" гэх баримтаас өөр лого тэмдэгтэй байсан нь холбогдох бусад баримтаар тогтоогдож байна" гэж дурдсаныг шууд үндэслэл болгон авч нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь хууль бус гэж шүүх дүгнэв.
12. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд хариуцагч нь өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд асуудлыг шалгаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн орчуулагч, шинжээчийг шалгалтын үйл ажиллагаанд татан оролцуулах саналаа эрх бүхий этгээдэд гаргаж шийдвэрлүүлэхээр байхад энэ ажиллагааг огт хийлгүй, зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан нөхцөл байдлын хүрээгээр хязгаарлан уг дүгнэлтийг гаргасан нь учир дутагдалтай, энэ нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 2.1.3, 4.2.3, 4.2.6-д заасныг тус тус зөрчсөн байна.
13. Түүнчлэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс үзвэл төрийн хяналт шалгалтыг бууруулах, хөнгөвчлөх агуулгаар гарсан байх ба эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвхөн зайлшгүй тохиолдолд хийх боломжтойг тодорхойлсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...эрсдэлд суурилсан нэн чухал асуудал дээр хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн, хар жагсаалтад орох боломжтой аж ахуйн нэгж дээр боломж олгоод явах зорилготой гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, бодит байдал дээр Засгийн газрын тэмдэглэлийн зорилгыг өөрөөр, зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.
14. Учир нь нэхэмжлэгч байгууллага тухайн ажлыг гүйцэтгэж дуусаад ажлыг хүлээлгэн өгснөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн, тухайн ажлын талаар ямар нэгэн гомдол санал ирээгүй байхад эрсдэлд суурилсан хяналт шалгалт явуулсан нь захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохироогүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан зарчимд нийцээгүй шийдвэр гэж шүүх дүгнэв.
15. Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
16. Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 247 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.4, 2.5 дахь заалт, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарын саналыг тус тус үндэслэн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулах жагсаалтыг хавсралтаар баталж шийдвэрлэсний 30-д А ХХК илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн үндэслэлээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
17. Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ Сангийн сайд нь хууль бус Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023.10.18 өдрийн №80 тоот "Хяналт шалгалтын тухай" дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Гын 2023.11.20 өдрийн "Гомдол хянасан тухай" шийдвэрийг үндэслэн манай компанийг Хар жагсаалтад оруулсан нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ., 52 дугаар зүйлийн 52.1-д Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 52.1.14-т энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.4-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ., 2.5-д Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 жил байна гэж тус тус заасан.
19. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь тухайн захиргааны актыг гаргах эрх хэмжээтэй байх хэдий ч маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон Улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхийн энэ шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
20. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан ба хариуцагч тухайн захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх үзлээ.
21. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дугаар зүйлийн 521.2.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН