Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00439

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00439

Баян-Өлгий аймаг

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, У овогт М.С,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Х.А,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, У овогт С.С

Хариуцагч: Б  аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт М.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нарын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн барилга байгууламжийг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн эзэмшил газарт барьж байгаа үл хөдлөх хөрөнгөд нэвтрэн орох гарц, инженерийн барилга байгууламж барьж ашиглах эрхэд саад учруулж байгаа үйлдлийг арилгахыг даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч З,

Хариуцагч С, А, С, М.Б,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.А,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.С, Х.А, С.С, М.Б нарт холбогдуулан Хариуцагч нарын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн барилга байгууламжийг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн эзэмшил газарт барьж байгаа үл хөдлөх хөрөнгөд нэвтрэн орох гарц, инженерийн барилга байгууламж барьж ашиглах эрхэд саад учруулж байгаа үйлдлийг арилгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Д.Б миний бие Ө сумын 11 дүгээр багт байршилтай “Т зах”-ын урьд талын 1447 м.кв эзэмшил газарт барилга барих тусгай зөвшөөрлийн дагуу давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг батлагдсан зураг төслийн үндсэн дээр 2022 оны 05 дугаар сараас эхлэн барьж, одоо дуусах шатанд явж байгаа бөгөөд одоогийн хариуцагч нарын хууль бус зөвшөөрөөгүй барьсан ТҮЦ-ийн барилга байгууламжийн доорх газарт зураг төсөл, техникийн нөхцөлд тусгагдсанаар 20,000,000 төгрөгийн өртөгтэй Цахилгаан шугам сүлжээний трансформаторын барилга байгууламж (КТФ) баригдах учир газар чөлөөлж өгөхгүй байна.

1.2 Энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх үүднээс аймгийн Засаг дарга болон Б аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт удаа дараа өргөдөл гаргаж, албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, хариуцагч нарт шаардлага хүргүүлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй хугацаа хэтэрч бидний барилга байгууламжийг барьж дуусгах, ашиглалтад оруулах үйл ажиллагаанд саад учруулж байна.

1.3 Хариуцагч нар тус газарт олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн байгаа. Олон жил эдгээр хүмүүсийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж ирсэн. 2016 онд Х Засаг даргын үед 1443 м.кв газар аавын нэр дээр эзэмшилтэй газар байсан. 2016 онд Х Засаг дарга зогсоол замаас 12 м зайтай байх ёстой гээд тушаал гаргаад 300 м.кв газар хасагдсан. Тухайн үед эдгээр 4 хариуцагч миний талийгаач эцэгтэй гэрээ байгуулсан. Бүх нотлох баримтууд нь авагдсан байгаа. Б аймагт анх удаа том худалдааны төв баригдсан байгаа. Тус газарт цахилгаан авч, нээлтээ хийхэд саад бэрхшээлтэй болоод байна. Цахилгааны техник нөхцөлд маш их нөлөөлж байна. КТФ буулгаж, үндсэн тэжээл авах ёстой тул эдгээр хүмүүсийг тус газраас чөлөөлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Хариуцагч С.С-ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Би эхнэр, 5 хүүхэдтэй хамт амьдардаг. Нэг хүүхэд маань оюутан, 4 хүүхэд маань сургуульд сурдаг. Бид 2013 оноос эхлэн тус газарт худалдаа наймаа хийдэг байгаа. Анх бид тухайн газарт путик дотор наймаа хийж байсан.

2.2 2015 оноос хүнсний бараа зарж байхад мэргэжлийн хяналтын газраас хүнсний бараа зарахад шаардлага хангахгүй болохоор хүнсний бараа зарж болохгүй гэхээр нь Д талийгчдаа ярьж байгаад блокоор дэлгүүр барьсан. Тухайн үед Д талийгаач миний хувийн эзэмшлийн газар гэрээ байгуулъя гэхээр нь бид гэрээ байгуулсан.

2.3 2016 онд Д талийгаачийн эзэмшлийн газраас 300 м.кв газрыг хассан байгаа. Тэр талаар бид мэдээгүй. 2020 онд тус газраас зогсоол гаргана гэсэн аймгаас шийдвэр гарсан. Тус газраас Музей хүртэл худалдаа явуулж байгаа хүмүүсийн путик байсан. 15-20 метрийн зайтай газарт зогсоол тавихгүй гэдэг шийдвэр гаргаад бид 4 хариуцагч үлдсэн байсан. 2020 оноос эхлээд аймгаас бид нарт ямар нэгэн газрын түрээс төлөхгүй талаар шийдвэр гарсан. Д талийгаач болсны дараа 2022 оноос эхлэн нэхэмжлэгч Д.Б ирж бид нараас татвар авч байсан. Би гэрээнд заасны дагуу сарын 440,000 төгрөг төлж байсан. Д талийгаач амьд байхад сарын 230,000 төгрөгөөр тохиролцсон. 2020, 2021 оны татварыг Д.Б өөрөө ирж авч байсан. 2023 оноос эхлэн бид ямар ч түрээсийн мөнгө төлөөгүй.

2.4 Бид нарын худалдаа наймаа эрхэлж байгаа газар Д.Б-ийн эзэмшлийн газарт огт хамааралгүй газар байгаа. Д.Б-ийн барьсан барилгад бид ямар нэгэн байдлаар саад болж байгаа зүйл байхгүй. Нийтийн эзэмшлийн газрыг баячууд эзэмшээд ядуучууд эзэмших эрхгүй гэсэн зүйл байхгүй. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Хариуцагч М.С-ийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Бид 2015 оноос эхлэн нийтийн газрыг ашиглаж, эзэмшиж байгаа. Д талийгаач амьд байхад урьд талын зогсоол замыг эзэмшиж эхэлсэн. Явган хүний замыг чөлөөлөх ёстой гэсний дагуу явган хүний зам, машины зогсоолыг чөлөөлсөн. Манай эзэмшиж байгаа дээрх газарт хамаарагдахгүй. Тухайн үед 15*25 метрийн зайтай байх ёстой гэсний дагуу зогсоолыг тусдаа гаргасан. Бид тухайн газарт 4-5 хүн хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

3.2 Нэхэмжлэгч Д.Б нь өөрөө урьд талын талбайг чөлөөлөх ёстой гэж ярьдаг. Тэр барилгын урьд талын талбай чөлөөтэй байгаа. Цахилгааны асуудал шийдэгдсэн байгаа. Бид нарт ямар ч хамааралгүй байгаа. Бид тухайн газарт хөдөлмөр эрхэлж банкны зээл төлдөг, оюутан хүүхэд сургаж байгаа. Бид нарыг шаардлага хангахгүй байна гэхээр стандартад нийцсэн ТҮЦ хийлгэсэн байгаа. Д.Б-ийн ажилд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Кадастр давхацсан байвал газрыг чөлөөлж болно. Гэхдээ бид нарын эзэмшиж байгаа газрын кадастр давхцаагүй байгаа. Тухайн газрыг бид нар ч гэсэн ашиглах эрхтэй. Хууль зөрчиж эзэмшээгүй байгаа. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

4.Хариуцагч Х.А-ийн хариу тайлбар татгалзал: Миний бие тухайн газарт үйл ажиллагаа явуулж амьдралын эх үүсвэрийг олдог. Би 5-6 хүүхэдтэй, ганц бие хүн байгаа. 3 оюутан хүүхэд сургаж байгаа. Тус газарт үргэлжлүүлэн худалдаа эрхлэхийг хүсэж байна. Бид нар 6 жилийн хугацаанд нийт 58 сая төгрөгийн түрээсийн мөнгийг төлж байсан байна. Бид Д.Б-ийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, саад учруулж байгаагүй. Уг үйл ажиллагаа явуулж байгаа газар нь нийтийн эзэмшлийн газар ба Д.Б-ийн кадастрын зураг ороогүй, замын зурвас газар нь Д.Б-т ямар ч хамааралгүй гэжээ.

 

5.Хариуцагч М.Б хариу тайлбар, татгалзал: Тухайн газарт худалдаа наймаа эрхэлж 20 жилийн хугацаа болж байна. Би бас ганц бие эх хүн байгаа. 5 хүүхэдтэй, оюутан сургаж байгаа. Би зах дээр худалдаа наймаа хийж 30 жил болж байна. Өөр амьдралын эх үүсвэр байхгүй. Өмнө Д.Б-т түрээс төлдөг байсан. Аймгаас түрээс төлөхгүй гэсэн шийдвэрийн дагуу татвар төлөхөө больсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 443 дугаар албан бичиг, А.Е, М.Б нарын Баримт, 000436000 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Д, М.Б, А.Е нарын байгуулсан Байр хөлслөх гэрээ, Х.А-ийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Баримт, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Д, Х.А нарын байгуулсан Байр хөлслөх гэрээ, М.С-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Баримт, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т.Д, М.С нарын Байрны хөлс болон эзэмшил газарт талбай ашигласны төлбөрийн гэрээ, С.С-ийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Баримт, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №21/35 дугаартай Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт баригдах худалдаа үйлчилгээний төвийн цахилгааны хангамжийн техникийн нөхцөл, кадастрын зураг,000108788 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Х.З-тай байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын №000000 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, иргэн Д.Б-ийн олон нийтийн үйлчилгээний зориулалттайгаар барих барилгын газрын байршлын схем, Б аймаг, Ө сумын 11 дүгээр баг Худалдаа, үйлчилгээний барилгын ажлын зураг зэргийг,

Хариуцагч нараас хариу тайлбар, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 518 дугаар албан бичиг, кадастрын зураг, Д.А-тэй байгуулсан иргэний хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч М.С, Х.А, С.С, М.Б нарын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан түргэн үйлчилгээний цэгийн барилга байгууламжийг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн эзэмшил газарт барьж байгаа үл хөдлөх хөрөнгөд нэвтрэн орох гарц, инженерийн барилга байгууламж барьж ашиглах эрхэд саад учруулж байгаа үйлдлийг арилгахыг даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. 

8.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Миний бие Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт байршилтай Т захын урьд талын 1447 м.кв эзэмшил газарт барилга барих тусгай зөвшөөрлийн дагуу зургаан давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу 2022 оны 5 дугаар сараас эхлэн барьж, одоо дуусах шатанд явж байгаа бөгөөд хариуцагч нарын хууль бус зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийн барилга байгууламжийн доорх газарт зураг төсөл, техникийн нөхцөлд тусгагдсанаар трансформаторын барилга байгууламж баригдах учир газар чөлөөлж өгөхгүй байна. Иймд хариуцагч С, А, С, Б нарын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан түргэн үйлчилгээний цэгийн барилга байгууламжийг албадан нүүлгэж, миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд саад учруулж байгаа үйлдлийг арилгаж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч С,А, С, Б нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Бид “Т” захын урьд талд засмал замын зурвас газарт үйлчилгээний цэг барьж зургаан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Бид тухайн үед талийгаач Т.Д, түүний хүү Д.Б нартай гэрээ байгуулан түрээсийн төлбөр төлж ирсэн ба энэ хугацаанд бид дөрөв нийт 58 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн байна. Бид Д.Б-ийн газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, саад учруулж байгаагүй юм. Бидний үйл ажиллагаа явуулж байгаа газар нь төрийн мэдэлд байгаа нийтийн эзэмшлийн газар ба нэхэмжлэгч Д.Б ийн кадастрт ороогүй, замын зурвас газар тул Д.Б-ийн газарт ямар ч хамааралгүй газар. Бид нарт эрх бүхий байгууллагаас нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх тухай  ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй, шаардлага ирүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаас хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 10.1. Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгосон 000108788 дугаартай Иргэний газар эзэмших гэрчилгээгээр  нэхэмжлэгч Д.Б нь Б аймгийн Ө сумын 11-р багийн Т.А-1 гудамжны 000 тоот хаягт нэгж талбарын 8312017245 дугаар бүхий 1447 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшдэг болох нь тогтоогджээ.

10.2. Б аймгийн Газрын албанаас 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0004360000 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Б овгийн Т.Д-д Ө сумын 11-р  баг, Т захын урьд талд байршилтай 1760 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх ба энэхүү гэрчилгээг үндэслэн иргэн Т.Д-ээс эзэмшлийн газарт байгаа өөрийн өмчлөлийн байраа хариуцагч нар болох  М.Б, Х.А, М.С, С.С нарт хөлсөлж ашиглуулж байсан нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өмчлөгч Т.Д-ээс хариуцагч Х.А М.Б нартай байгуулсан “Байр хөлслөх гэрээ”, мөн Т.Д-ээс хариуцагч М.С-тэй 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Байрны хөлс болон эзэмшил газарт талбай ашигласны төлбөрийн гэрээ, хариуцагч тус бүрээс бичиж өгч байсан гарын баримтаар тогтоогдсон байна.

10.3. Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 443 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Д.Б-т “ ...Тус газраар инженерийн шугам татах, гарц гаргахаар бол Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.4 дүгээр зүйлд заасны дагуу шаардах эрхтэй бөгөөд чөлөөлж өгөөгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэж хариу хүргүүлсэн, мөн газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 518 тоот албан бичгээр М.С, Х.А, С.С, М.Б нарт  “Ө сумын 11-р багт байршилтай иргэн Д.Б-ийн эзэмшил газрын урьд талд байрлаж буй ТҮЦ-ийн доорх газар нь нийтийн эзэмшил газар буюу замын зурвас газар байна” гэж  хариу хүргүүлсэн байна.

10.4. Б аймгийн Ө сумын 11-р багийн оршин суугч Д.Б-ийн хүсэлтийн дагуу Б аймгийн Цахилган шугам сүлжээний газраас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21/35 дугаартай  Б аймгийн Ө сумын 11-р багт баригдах худалдаа үйлчилгээний төвийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгогдсон байна.

10.5. 2024 оны  02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “Эдгээр үйлчилгээний цэг буюу ТҮЦ-үүд нь 6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст 0,8–2,6 метр хүртэл орсон тул аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж байна. ТҮЦ-ийн урьд байгаа 6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шонгийн бетон баганаас Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын Ерөнхий инженерийн худалдаа үйлчилгээний төвийн хангамжийн 21/35 дугаартай техникийн нөхцөл олгогдсон тул трансформатор барихад уг ТҮЦ-үүд саад учруулж байна. Иймд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй дур мэдэн баригдсан ТҮЦ-үүдийг нүүлгэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байх ба уг дүгнэлтэд хавсаргаж ирүүлсэн схем зураг болон фото зургуудаар ТҮЦ-үүдийн байршлыг харуулсан байна.

10.6. Нэхэмжлэгч Д.Б нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт баригдах худалдаа үйлчилгээний төвийг эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу худалдаа үйлчилгээний барилгын ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн БЭЗ-83-19/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, иргэн Д.Б-ийн олон нийтийн үйлчилгээний зориулалттайгаар барих барилгын газрын байршлын схем, Б аймгийн ерөнхий архитекторын баталсан Худалдаа үйлчилгээний барилгын ажлын зураг зэргээр тогтоогдсон байна.

 

11.Нэхэмжлэгч талаас хариуцагч нар нь нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй  түргэн үйлчилгээний цэгийн барилга байгууламж барьж, миний эд хөрөнгө өмчлөх эрхэд саад учруулж байгаа гэж маргасан ба хариуцагч нараас эс зөвшөөрч маргажээ. 

12.Нэхэмжлэгч Д .Б нь өөрийн эзэмшилд буй газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь эзэмшиж ашиглахад хариуцагч нарын үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүд саад учруулж байгаа, мөн тухайн ТҮЦ-үүд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн хүрээнд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулах шаардах эрхийг эдийн баялгийн эрх зүйн хэм хэмжээг үндэслэн хэрэгжүүлнэ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч уг шаардлагыг гаргах эрхтэй бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч уг шаардлагыг гаргах эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн дагуу иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн өмчид хамаарна. Монгол улсын аль нэг иргэн газрыг чөлөөлүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргахын тулд тухайн эзэмшил газрын хувьд нэхэмжлэгч этгээдийн субьектив эрх хөндөгдсөн байхыг шаардана. Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмчид хамаарах хэдий ч төрийн нийтийн өмчийг ард түмнийг төлөөлөн төрийн эрх бүхий этгээд удирдан зохион байгуулж, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

13.Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1 дэх хэсэгт цагдаагийн байгууллага хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзэхэд зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг чөлөөлүүлэх үүрэг нь тухайн шатны Засаг дарга буюу Ө сумын Засаг даргад байх ба Засаг даргын шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллага хангахаар байна.

14. Маргаан бүхийн түргэн үйлчилгээний цэгүүд  байгаа газар нь нийтийн эзэмшил газар буюу замын зурвас газар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба хариуцагч нар нь тухайн газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр ашиглаж байгаа талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.

15. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар буюу энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэжээ.  Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өмчлөгч Т.Д-ээс хариуцагч Х.А, М.Б нартай байгуулсан “Байр хөлслөх гэрээ”, мөн Т.Д-ээс хариуцагч М.С-тэй 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Байрны хөлс болон эзэмшил газарт талбай ашигласны төлбөрийн гэрээ, хариуцагч тус бүрээс бичиж өгч байсан  гарын баримтуудаас үзээд тухайн түргэн үйлчилгээний цэгүүдийг Т.Д өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэхээр байгаа ба эд хөрөнгийн өмчлөгч Т.Д-ээс уг эд хөрөнгүүдийг өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тухай нотлох баримт байхгүй байгаа тул тухайн хөрөнгийг хариуцагч М.С, Х.А, С.С, М.Б нарын эд хөрөнгө гэж үзэж албадан нүүлгэх, саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчаар тодорхойлсон этгээдүүдэд даалгах боломжгүй болно. Хариуцагч нарын зүгээс үйл ажиллагаа явуулж байгаа тухайн түргэн үйлчилгээний цэгүүд өөрсдийн хөрөнгө гэдгийг нотлоогүй болно.

16. Дээрх байдлыг үндэслэн  нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч М.С, Х.А, С.С, М.Б нарын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан түргэн үйлчилгээний цэгийн барилга байгууламжийг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн эзэмшил газарт барьж байгаа үл хөдлөх хөрөнгөд нэвтрэн орох гарц, инженерийн барилга байгууламж барьж ашиглах эрхэд саад учруулж байгаа үйлдлийг арилгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.2, 106.4, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч С, А, С, Б нарын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан түргэн үйлчилгээний цэгийн барилга байгууламжийг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн эзэмшил газарт барьж байгаа үл хөдлөх хөрөнгөд нэвтрэн орох гарц, инженерийн барилга байгууламж барьж ашиглах эрхэд саад учруулж байгаа үйлдлийг арилгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК