| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00370/И |
| Дугаар | 130/ШШ2024/00449 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2024/00449
| 2024 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 130/ШШ2024/00449 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Б барилга ХХК /захирал Т.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, И овогт Ч.М-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан барааны төлбөр болох 1,452,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б барилга ХХК нь хариуцагч Ч.М-т холбогдуулан Зээлээр худалдан авсан барааны төлбөр болох 1,452,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Б барилга ХХК нь барилгын материал болон электрон барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
1.2 Ч.М нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Eurolux загварын 1,309,000 төгрөгийн үнэ бүхий плиткаг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлж дуусгана хэмээн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан.
1.3 Тус гэрээний хавсралтын дагуу хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эхний сарын төлөлтөө хийх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
1.4 Мөн тухайн зээлээр худалдах худалдан авах гэрээний 7.2 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож нэхэмжлэх эрхтэй юм. 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 22 хоног болж байгаа бөгөөд 1,309,000х0.5%=6545 төгрөг 6545х22=143,990 төгрөг болж байна.
1.5 Иймд Ч.Мөнхцэцэгээс зээлээр худалдан авсан барааны үнэ 1,309,000 төгрөг, алданги 143,990 төгрөг, нийт 1,452,990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ч.М хариу тайлбартаа: ... Хариуцагч Ч.М би нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би тус компаниас зээлээр цахилгаан бараа худалдаж авсан маань үнэн бөгөөд зээлээ тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй байсан.
Одоо тус байгууллагын надаас нэхэмжилж байгаа нийт 1,452,990 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.М-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан барааны үнэ 1,309,000 төгрөг, алданги 143,990 төгрөг, нийт 1,452,990 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,198 төгрөгийн тал 19,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 19,099 төгрөг, мөн хариуцагч М-ээс 19,099 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б барилга ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч.М нь зээлээр худалдан авсан барааны үнэ 1,309,000 төгрөг, алданги 143,990 төгрөг, нийт 1,452,990 /нэг сая дөрвөн зуун тавин хоёр мянган есөн зуун ерэн/ төгрөгийг нэхэмжлэгч Б барилга ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,198 төгрөгийн тал 19,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 19,099 төгрөг, мөн хариуцагч Ч.М-ээс 19,099 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б барилга ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК