Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

П.Батцоожид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.Отгонбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн иргэний хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч П.Батцоожид холбогдох 2222000570058 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Жамсран овогт Пэрэнлэйн Батцоож, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигины 12-9 тоотод түр оршин суух хаягтай, РД: ЗИ81010315.

П.Батцоож нь Дундговь аймгийн Говь- Угтаал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр УАЗ-220695 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бут мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Оюумаагийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл, Д.Нямтогтохын биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, мөн Б.Ганхөлөгийн биед бүсэлхийн нэгдүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй болон их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “согтуурсан, мансуурсан үедээ” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

           Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч П.Батцоожийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Батцоожийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гарган 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Батцоожид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батцоожид 6 сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш гарахыг хориглох, хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Ганхөлөгт шүүгдэгч П.Батцоож 1650000 төгрөг, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар 300000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Нямтогтоход шүүгдэгч П.Батцоож 330000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас 14559927 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ганхөлөгт 13489427 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Нямтогтоход 1070000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ганхөлөгийн нэхэмжилсэн 18600000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Нямтогтохын нэхэмжилсэн 82024 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Батцоожид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иргэний хариуцагч Б.Алтантөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар нь П.Батцоожид холбогдох хэрэгт шүүхийн шатнаас иргэний хариуцагчаар тогтоогдон оролцсон. П.Батцоож нь манай байгууллагад жолоочоор ажилладаг бөгөөд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр УАЗ-220695 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бут мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Нямтогтох, Б.Оюунмаа нарын биед хөнгөн гэмтэл, мөн Б.Ганхөлөгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс хохирогч Б.Ганхөлөгийн олох байсан орлогод 2021 оны 12 дугаар сарын 01-ээс 2022 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны хэрэгт авагдсан хохирогчийн дансны хуулгыг үндэслэн түүний сарын олох байсан орлогыг 6200000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Учир нь хохирогчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ээс 2022 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны дансны хуулганд тэтгэлэг, нэр хаяггүй, зээл, эрүүл мэндийн яам гэх утга бүхий нийт 20 гаран сая төгрөгийн орлого орж ирснийг шүүх олох байсан орлого гэж үзэн гаргуулсан нь ямар ч үндэслэлгүй юм. Мөн хохирогч нь “Оточжой” хүүхдийн эмнэлгийг ажиллуулдаг болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч хохирогч нь уг орлогуудыг өөрийн хувийн дансаараа авч байсанд дүгнэлт өгөөгүй нь хохирлыг юуг үндэслэн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч байгууллагаас гаргуулж хохирогчид олгосон хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч Б.Алтантөгсийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах гомдлыг иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Алтантөгс гаргасан байдаг. П.Батцоожид холбогдох хэрэгт хохирогч Ганхөлөгийн олох байсан орлогыг шүүх тогтоож иргэний хариуцагч байгууллагаас гаргахдаа хэрэгт авагдсан баримтыг нарийн нягталж шалгаагүй,  олох байсан орлогыг хувийн дансаар орж ирсэн орлогыг бүгдийг нь тооцож гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хохирогчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулгыг үндэслээд хохирогч сард 6.200.000 төгрөг олдог үндэслэлтэй байна гэж үзсэн.  Үүнийг ямар ч үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үздэг. Учир нь хохирогчийн 2021 оны 12 сар 2022 оны 01, 02 сар, 03 сар хүртэл хугацааны дансны хуулга авагдсан байдаг. Энэ дансны хуулга Оточ Д гээд хүүхдийн эмнэлгийн данс биш хохирогчийн хувийн данс. Хохирогчийг огт орлого олдоггүй гэж маргадаггүй. Энэ дансанд орж байгаа орлого хүүхэд үзсэн үзлэгийн орлого мөн юм уу? гэдэгт эргэлзээтэй байна. 1-р хавтаст хэргийн 95-96 дугаар талд авагдсан дансны хуулганд 1.089.619 төгрөг орж ирсэн нь ямар данснаас орж ирж байгаа нь тодорхойгүй, АТМ-ээс шилжүүлсэн байгаа юм. Хэн шилжүүлсэн нь тодорхойгүй. Яг ийм хэнээс ирсэн нь тодорхойгүй 7 гүйлгээ байгаа юм. Хохирогч талаас миний олсон орлого гэснийг тодруулж өгсөн байдаг. 2021 оны 12 сарын орлогыг судалж үзэхэд өөрөө тодруулаагүй, нэр хаяг байхгүй орлогыг хасахаар хохирогчийн орлого 3.500.000-3.700.000 төгрөгийн хооронд орлого орж ирсэн байна. 2021 оны 01 сарын дансны хуулган дээр мөн дансны дугаар байхгүй 8 гүйлгээ байгаа. Үүнийг хохирогчийн үзлэг хийж олсон орлого гэж үзэх үндэслэлгүй. Шууд хохирогчийн бүх орлогыг тооцоод 6.200.000 төгрөгийг сард олдог гэж тооцсон нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 7-8 дугаар талд хохирогчийн 2022 оны 02, 03 сарын дансны хуулга авагдсан. Мөн нэр хаяг байхгүй орлого олж ирсэн байдаг. Бүхэлд нь үзлэг хийж олсон орлого гэхэд эргэлзээтэй байна. Эдгээр дансны хуулганд шүүх бодитой дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн өөрөөр хэлбэл хохирогчийн олох байсан орлогыг нарийн тогтоогоогүй. Иргэний хариуцагч байгууллага төрийн байгууллага. Огт төлөхгүй гэсэн асуудал байхгүй. П.Батцоож архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хувийн байдалтай холбоотой асуудлаас болж гэмт хэрэг гарсан. Хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй орхиж,  эсвэл хохирлыг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаж гарсан тул тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2022 оны 03 сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн газрын тээврийн хэрэгслээр Ганхөлөг эмч зорчиж, биедээ хүндэвтэр гэмтэл авч нуруундаа 8 хадаас тавиулж,  2022 оны 03 сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн хувьд өөрөө бие даагаад явж чадахгүй, ажлаа хийх боломжгүй байдалтай байна. Иргэний хариуцагчаар тогтоогдсоноо бол хүлээн зөвшөөрч шүүхээс гаргасан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байсан. Ганхөлөг эмчийн дансны хуулга дотор АТМ-ээс орсон мөнгө хэнээс орсон нь тодорхойгүй байна гэж байна. Ганхөлөг эмчид шүүх хуралдаан дээр худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээнэ гэж тайлбарлаад мэдүүлэг авсан. Ганхөлөг эмч дансны хуулгаа тайлбарлахдаа надад үзүүлж байгаа хүүхдүүдээс зарим нь бэлэн мөнгө авчирч өгдөг  би орлогоо нэгтгэхийн тулд хэд хоног болоод АТМ дээр очиж данс руугаа хийдэг юм гэж мэдүүлсэн. Эрүүл мэндийн яамнаас гарсан жишиг үнэ 30.000-40.000 байдаг. Дундговь аймагт 20.000 төгрөгөөр үзлэг хийдэг. Анхан шатны шүүхээс Ганхөлөг эмчийг 6.200.000-20 сая төгрөгийн орлого олдог юм байна гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч 2022 оны 03 сарын 09-ний өдрөөс 04 сарын 01-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгээд ямар ч орлогогүй байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2 сарын хугацаанд ямар ч хөдөлгөөнгүй дэглэм барь гэсэн. Иргэний хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч П.Батцоож 2022 оны 03 сарын 09-ний өдөр Говь-Угтал сум руу сургалтын эмч нарыг авч явж байхдаа авто осол гаргаж, анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Тухайн үед Эрүүл мэндийн төвийн газрын жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Ганхөлөг эмчид 1.650.000 төгрөг, Нямтогтох эмчид 330.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн. Түүнийг анхан шатны шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Иргэний хариуцагчаас гаргасан гомдолтой танилцлаа. Прокурорын зүгээс иргэний хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй,  анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан байна гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс өөрт орох орлогыг бүрэн хэмжээгээр гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй, иргэний хариуцагчаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч П.Батцоож нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Говь- Угтаал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт УАЗ- 220695 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бут мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Оюумаагийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл, Д.Нямтогтохын биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, мөн Б.Ганхөлөгийн биед бүсэлхийн нэгдүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй болон их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “согтуурсан, мансуурсан үедээ” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ганхөлөгийн “...2022.03.09-ний өглөө 06:30 минут орчимд аймгийн төвөөс Говь-Угтаал сум руу сургалт орох гээд аймгийн төвөөс 5 эмчийн хамт гарсан. Би жолоочтойгоо нийлээд нийт 7-лаа явсан. Би машины урд тал буюу жолоочийн хажуу талд сууж явсан. Говь-Угтаал сум руу яг орж ирж байхад хэдхэн км л дутуу байсан. Өөдөө замаас доош уруу нэлээн хурдтай буугаад нэлээн донслоод би урд талын бариулаас тас зуураад яваад байсан. Жолооч ч замаас гарчихсан бутан дээгүүр маш хүчтэй донслоод явсан. Тэгээд л би хэсэгхэн зуур юу болсныг санахгүй машины дотор голд дээшээ харсан хэвтэж байсан. Маш их донсолж яваад урд шил 2-3 удаа мөргөсөн...” мэдүүлэг /хх-15-18 хуудас/

Гэрч Д.Нямтогтохын “...Суудлын бүс зүүгээгүй байсан. Жолоочийг яг юун дээр гарсныг нь мэдэхгүй байна. Нэг донслоод зүгээр явах байх гэж бодтол үргэлжлүүлээд донслоод байсан. Машиных нь цонх нь нэлээн саамгар байсан, яагаад тийм байсныг нь бол мэдэхгүй байна. Миний бие өвдөж байна. Толгой тархи өвдөж байна, хамаг бие хөндүүр оргиод л байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-29-30 хуудас/

Гэрч Б.Бямбарагчаагийн “...Говь-Угтаал сум руу орохоос 4-5 км зайд ирж байтал гэнэт донслоод, жолооч замаас гараад бут мөргөөд зогссон. Урд сууж байсан Б.Ганхөлөг эмч нэлээн савлаад, савж унаад байгаа харагдсан. Тэгээд Ганхөлөг эмчийн нуруу нь хөдөлж чадахгүй болоод өмдөндөө шээсэн байсан. Ард сууж байсан бид нар бас биедээ бага зэрэг гэмтлүүд авсан л байна...” мэдүүлэг хх-31-32 хуудас/ болон гэрч Б.Оюумаа, Ж.Цэрэннадмид, Б.Наранцацрал нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4438 дугаартай “Б.Ганхөлөгийн биед бүсэлхийн нэгдүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй болон их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрзг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 71-73/

Шинжээч Ц.Намхайжанцангийн “Жолооч П.Батцоож нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 77-78/,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-12/, хохирлын баримтууд/хх-ийн 122-124, 127-153/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Батцоож нь дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “согтуурсан, мансуурсан үедээ” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байдал нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №1731 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Батцоож” гэж хаягласан цусанд 0.9 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт /хх-91-93 хуудас/-ээр нотлогдон тогтоогдсон байна.

           Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шинжээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялуудаас анхан шатны шүүх эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч П.Батцоожид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан үйлдсэн хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Хохирогч Б.Ганхөлөгийн эрүүл мэндтэй холбогдон гарсан 1.089.927 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Нямтогтохын эрүүл мэндтэй холбогдон гарсан 1.070.000 төгрөгийн хохирлыг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулсан ял шийтгэлд оролцогч гомдол гаргаагүй бөгөөд иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт иргэний хариуцагчаас гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хохирогч Б.Ганхөлөг нь өөрийн олох ёстой байсан 5 сарын орлого 31.000.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзээд 2 сарын олох ёстой байсан орлого 12.400.000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хохирогч Б.Ганхөлөгөөс гаргаж өгсөн ХААН банкны 5450583560 дугаарын дансны 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг судалж үзэхэд түүний дансанд сард 7.990.320 - 20.777.061 төгрөгийн орлого орж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд түүний сарын олох ёстой орлогыг 6.200.000 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч “хохирогчоос гаргаж өгсөн хүүхдийн үзлэгийн бүртгэл, болон дансанд орлогоор орсон 20.000, 45.000 төгрөгийн орлогуудаар хохирогчийг сард тогтмол 6.200.000 төгрөгийн орлого олдог гэдэг нь нотлогдохгүй байна” гэсэн гомдол, тайлбарыг гаргасан боловч энэ нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримтыг иргэний хариуцагч гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл татгалзлаа нотлоогүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 14.559.927 төгрөгийг шүүгдэгчийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байгууллага болох иргэний хариуцагчаар оролцож байгаа Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан хохирогч Б.Ганхөлөгт 13.489.927 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Нямтогтоход 1.070.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Ганхөлөгийн нэхэмжилсэн 18.600.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Нямтогтохын нэхэмжилсэн 82024 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Иргэний хариуцагч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй тул энэ эрхийг баталгаажуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “2 хүний эрүүл мэндэд хөнгөн” гэдгийг хасаж, 6 дахь заалтын “нэхэмжлэлээ хангуулах” гэсний дараа “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч байгууллага нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх” гэж, “эрхтэйг” гэсний дараа “тус тус”  гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

 

                                           Х.ГЭРЭЛМАА

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.