Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0210

 
 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.О****** /РД:*************/                                           

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хооронд үүссэн төрийн албан хаагчийн орон тоо, цалин хөлс, хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М***********, Х.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Т.О****** нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Т.О****ы орон тоо, цалин хөлс, хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О****ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Т.О***** нь анх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/536 дугаар тушаалаар тус газрын Байгаль орчин, газрын харилцааны хяналтын улсын байцаагчаар томилогдож, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл олгожээ.

2.2. Т.О****ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 469 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдаж, чиг үүрэг нь салбарын яамдад шилжих болсонтой холбогдуулан яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулсан бөгөөд 2 дахь заалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орон тооны хязгаар 86 гэснийг 93 гэж өөрчилжээ.[2]

2.3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Албан хаагчдыг шилжүүлэх тухай ХЭГ/3162 дугаартай албан бичгийн 3 дугаар хавсралтаар Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжих албан хаагчдын мэдээлэлд Нийслэлд 7 албан хаагчийг шилжүүлсний дотор Т.О****ыг оруулаагүй байна.[3]

2.4. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Татан буулгах комиссын даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ХЭГ/708 дугаар албан бичгээр “...Т.О****ы эрхэлж байсан албан тушаалын орон тоо, цалингийн санг Нийслэлийн Засаг даргын эрхлэх хүрээний холбогдох байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт шилжүүлсэн...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2797 дугаар албан бичигт түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Д*****г Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэхээр тусгасан...” талаар Барилга, хот байгуулалтын яаманд мэдэгджээ.[4]

2.5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 01/2139 дүгээр албан бичгээр албан хаагчдыг яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад шилжүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.[5]

2.6. Энэ талаар Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9387 дугаар албан бичгээр “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 01/2139 дүгээр албан бичгийг үндэслэн орон тоо, цалингийн санг үйл ажиллагааны чиглэлээр Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлэн тусгасан. Т.О****ы орон тоо, цалингийн санг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн бөгөөд тухайн ажлын байрны зардал нь орон нутгийн төсөвт хамаарна..., нийт 53  орон тоо, цалингийн сан 994.0 сая төгрөгийг нийслэлд шилжүүлсэн...” гэх тайлбарыг баримтын хамт шүүхэд ирүүлсэн.[6]

2.7. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2797 дугаар албан бичгийн хавсралтаар Нийслэлийн Засаг даргад эрхлэх асуудлын хүрээний агентлагт нь шилжүүлж байгаа албан хаагчдын нэрсийг хавсарган хүргүүлсний дотор Т.О**** /түр орлон гүйцэтгэгч Д******/-г Нийслэлийн Байгаль орчны газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд гэжээ.[7]

2.8. Т.О*****оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж “...эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлж, тохирох мэргэжлийн чиг үүргийн дагуу ажиллах боломж олгож өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.[8]

2.9. Дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03/5467 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Байгаль орчны газар болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт ажиллахад албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй” гэх хариуг өгчээ.[9]

2.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.О****оос ”... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн орон тоог Засгийн газрын тогтоолоор нэмэгдүүлж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нэхэмжлэгчийг Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажилд томилохоор болж Авлигатай тэмцэх газар луу нэхэмжлэгчийн ашиг сонирхлын мэдүүлгийг явуулж түүнийх нь хариу ирээд байна... Харин Т.О**** миний орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О****ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага хэвээр бөгөөд хариуцагч үүнийг биелүүлэхгүй байгаа тул шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1917 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, Нийслэлийн Засаг даргад холбогдох шаардлагад ердийн журмаар ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “...Нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдсан учраас татгалзсан одоо байгаа шаардлагын хувьд нэхэмжлэгчийн улсад ажилласан жил тасрах эрсдэл үүсээд байна…Төсвийг одоо ажилд авсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар өмнөх хугацааны цалингийн асуудал бид нарт хамаагүй, холбогдох байгууллагаар нь шийдвэрлүүл гэсэн. Тэгэхээр одоо энэ томьёоллоор явахгүй болохоор 2023 оны 01 дүгээр сарын 01-нд ажилд томилох ёстой байсан томилоогүй гээд тэрнээс хойших нийгмийн даатгалын шимтгэлийг бичүүлэх гэхээр болохгүй болчхоод байгаа учраас энэ шаардлагаараа явна. Нэгэнт энэ байгууллагад томилогдоогүй учраас одоо 14 сарын дараа томилогдсон хэдий ч яг тэр албан тушаал нь биш, одоо томилогдсон Улсын байцаагчийн албан тушаалаар нөхөн бичилт хийлгэх нь өөрт нь хойшид гарах үр дагавартай учраас төсвийн шилжүүлчихвэл энэ байгууллага нь нөхөн бичилт хийх бүрэн боломжтой... бид урьдчилсан шийдвэрлэх ажиллагаанд гомдол Нийслэлийн Засаг даргад  гаргахдаа иргэн Т.О****ыг ажилд нь эгүүлэн томилж өгөхгүй юм бол танайх руу шилжүүлсэн төсвийг холбогдох байгууллага руу шилжүүлж өгөх талаар гаргасан. Тэр гомдлыг 2023 оны 08 дугаар сарын 03-нд гаргасан, одоо болтол шийдвэрлэж өгөөгүй. Энэ гомдлын шаардлагыг хангаагүй, хариу өгөөгүй нь эс үйлдэхүй юм…” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.12. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс татгалзлын үндэслэлээ “...Хэрвээ нөхөн бичилт хийх байсан бол Нийслэлийн Байгаль орчны газар юм уу, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын алинд нь томилогдож ажиллах ёстой байсан тэнд нь нөхөн бичилт хийгдэнэ. Нөхөн бичилт хийгдэхийн тулд ажил олгогч байх шаардлагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар бол гэрээ байгуулаад, ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа хүнийг хэлээд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар юм уу, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт ямар нэгэн тушаал гараагүй. Тэгэхээр ажил олгогч байхгүй байгаа учраас аль байгууллага нөхөн бичилтийг хийх вэ гэдэг асуудал үүсэж байна. Нийслэлийн Засаг даргаас нөхөн бичилтийг хийх ямар ч боломжгүй...” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 зүйл яригдаж байгаа. Төсвийг одоо ажилд авсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар өмнөх хугацааны цалингийн асуудал бид нарт хамаагүй, холбогдох байгууллагаар нь шийдвэрлүүл гэсэн. Тэгэхээр одоо энэ томьёоллоор явахгүй болохоор 2023 оны 01 дүгээр сарын 01-нд ажилд томилох ёстой байсан томилоогүй гээд тэрнээс хойших нийгмийн даатгалын шимтгэлийг бичүүлэх гэхээр болохгүй болчхоод байгаа учраас энэ шаардлагаараа явна. Нэгэнт энэ байгууллагад томилогдоогүй учраас одоо 14 сарын дараа томилогдсон хэдий ч яг тэр албан тушаал нь биш, одоо томилогдсон Улсын байцаагчийн албан тушаалаар нөхөн бичилт хийлгэх нь өөрт нь хойшид гарах үр дагавартай учраас төсвийн шилжүүлчихвэл энэ байгууллага нь нөхөн бичилт хийх бүрэн боломжтой. Тэгэхгүй болохоор газар газар томилуулаад асуудалтай хүндрэлтэй гэж харж байна. Нэг тодруулга нэмж хэлье.  Цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын нийгмийн даатгалын шимтгэлийн төсөв дээр нэмээд хувь хүний орлогын албан татварыг тодруулж, нэмж, хэлж байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодохдоо татвар, шимтгэл аль аль нь зохих журмын дагуу бодогддог учраас. Нэхэмжлэлийн шаардлагын төрлийн хувьд 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу явж байна. Анх 2022 оны 12 дугаар сард татан буугдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Баасандоржийн 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2797 дугаар албан хаагчдыг шилжүүлэх тухай албан бичигт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт нийтдээ 400 орон тооны албан хаагчдыг 31-ний өдрөөр тасалбар болгоод Засаг даргын эрхлэх хүрээний асуудлыг холбогдох байгууллагат шилжүүлсэн байна. Төсөв нь Нийслэлийн Засаг даргад байна, тусдаа Байгаль орчны газрын төсөв ийм, тийм төсөв гэж яригдаагүй, Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн процесс явагдсан, төсвийн асуудал яригдсан. Жагсаалтаар бүх байгууллыг тавьсан, төсөв аль байгууллагад байна гэдэг нь хамааралтай учраас хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг татсан юм. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга хариуцагч мөн. Эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр гаргаагүй гэдэгт шилжүүлснээс хойш ажил албан тушаалд нь томилоод, цалин хөлс олгоод, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийсэн зүйл байхгүй. Т.О****ыг томилох боломжгүй бол холбогдох байгууллага руу нь шилжүүлж өгөх. Сүүлд бид урьдчилсан шийдвэрлэх ажиллагаанд гомдол Нийслэлийн Засаг даргад  гаргахдаа иргэн Т.О****ыг ажилд нь эгүүлэн томилж өгөхгүй юм бол танайх руу шилжүүлсэн төсвийг холбогдох байгууллага руу шилжүүлж өгөх талаар гаргасан. Тэр гомдлыг 2023 оны 08 дугаар сарын 03-нд гаргасан, одоо болтол шийдвэрлэж өгөөгүй. Энэ гомдлын шаардлагыг хангаагүй, хариу өгөөгүй нь эс үйлдэхүй юм. Тийм учраас эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдсан учраас татгалзсан одоо байгаа шаардлагын хувьд нэхэмжлэгчийн улсад ажилласан жил тасрах эрсдэл үүсээд байна. Энэ улсад ажилласан жил тасарснаар хойшид гарах үр дагавар, тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн жил нь бүтэн байх, ажилласан жилээрээ нэмэгдлүүд бодогддог гэх мэт нэхэмжлэгчийн ирээдүйд авах тэтгэвэр тэтгэмж бүрэн дүүрэн хэмжээгээр хүртэх тэр эрхэд нь хохиролтой эс үйлдэхүй, үр дагавар үүсээд байгаа учраас ажилласан жил тасалдаж болохгүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны үед нь тохирох цалин хөлснөөс тооцсон хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлж байна. Төсвийн шилжүүлэх юм бол нөхөн бичилтийг нь бичүүлэх ажил үлдэж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу хийнэ гэж бодож байна. Энэ шийдвэрийн дараа өнгөрсөн намар амаржсан тэтгэмжээ бас хөөцөлдөнө, тэр боломжийг нээлгэнэ.  Нийслэлийн Засаг даргад гэхээр өөр газар ажиллахаар томилоод, өөр газар бодолт хийлгээд, мэргэжлээрээ биш өөр чиглэлээр ажиллахаар цаашид их нөлөөлнө. Төрийн албаны шатлах захирах дээд шатны байгууллагын албан тушаалд өрсөлдөхөд мэргэжлээрээ тасралтгүй ажилласан байх шаардлага тавигддаг, ажилласан жил чухал ач холбогдолтой учраас нөхөн бичилтийг нь хийлгэнэ” гэжээ.

3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Нийслэлийн Засаг даргаас иргэн Т.О***ы хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр 1 ч удаа гаргаж байгаагүй. Эсрэгээрээ Т.О****ыг аль болох ажилд аваач, томилооч гэж дотогш чиглэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан сая нотлох баримтаар өгсөн. Манай харьяалах агентлаг хэдий ч чиглэл хүргүүлээд биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ тухайн байгууллагын дарга шийдвэр гаргах түвшний хүн маань өөрөө эс үйлдэхүй гаргаад байгаа нь тухайн байгууллагын эс үйлдэхүй болохоос биш одоо хариуцагчаар татчихаад байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй биш. Тийм болохоор манайх ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй. Нэхэмжлэгчийн талаас даалгах нэхэмжлэл гаргаж байгаа. Даалгах нэхэмжлэлийн хүрээнд эс үйлдэхүй юм уу татгалзсан байх ёстой хариуцагч талаас. Гэтэл хариуцагч байгууллага өөрөө иргэн Т.О****ы хүсэлтэд татгалзсан юм уу эсвэл хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа асуудал гаргаж байгаагүй. Тэгэхээр хэрэг маргаанаас үзэхэд эс үйлдэхүй болон татгалзал байхгүй байхад юуг даалгах ёстой юм бэ. Бид дээд байгууллага болох Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өгсөн чиглэлийн дагуу доод шатны агентлагтаа ерөнхий газраас танайд иргэн Т.О****ыг танайд ажилд томил гэсэн байна, Т.О*****ыг ажилд нь аваач гэдэг чиглэлийг хүргүүлсэн нь эерэг нөлөөлөл бүхий дотогш чиглэсэн захиргааны акт гаргасан.  Хэрвээ нөхөн бичилт хийх байсан бол Нийслэлийн Байгаль орчны газар юм уу, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын алинд нь томилогдож ажиллах ёстой байсан тэнд нь нөхөн бичилт хийгдэнэ. Нөхөн бичилт хийгдэхийн тулд ажил олгогч байх шаардлагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар бол гэрээ байгуулаад, ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа хүнийг хэлээд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар юм уу, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт ямар нэгэн тушаал гараагүй. Тэгэхээр ажил олгогч байхгүй байгаа учраас аль байгууллага нөхөн бичилтийг хийх вэ гэдэг асуудал үүсэж байна. Нийслэлийн Засаг даргаас нөхөн бичилтийг хийх ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр хэлээд байгаа эс үйлдэхүй гаргаад байна, энэ нөхөн бичилт хийхийг даалгаж өгөөч гээд байна. Манайхаас Нийслэлийн Засаг даргаас харин ч гэрээ байгуулахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын чиглэлийн дагуу энэ ажилд нь томилж, ажиллуул гээд явж байсан. Тэр байгууллагаас нь нөхөн бичилтийг хийсэн зүйл байгаа юм уу мэдэхгүй байна. Манайх бол хариуцагч биш юм, нөхөн бичилтийг ажил олгогч хийх учраас ажил олгогч байхгүй байхад нөхөн бичилтийг хэн хийх юм бэ гэдэг асуудал үүсэж байна. Нийслэлийн Засаг даргаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу төсөв шилжих боломжгүй, шилжихээр бол Сангийн яамаар дамжиж буцаж татагдаж шилжих боломжтой байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Тус шүүхийн шүүгчийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1917 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.О****оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт холбогдуулан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн амаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт даалгах тухай”, Мэргэжлийн хяналтын татан буулгах комисст холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/2797 дугаартай Албан хаагчдыг шилжүүлэх тухай шийдвэрийн хавсралтын 7 дугаарт Т.О**** намайг Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэж бичиж шилжүүлсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай”, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдуулан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн орон тоог нэгээр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт даалгах, Т.О****ыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилуулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргад холбогдох шаардлагад ердийн журмаар ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

2. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.О***оос ”... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн орон тоог Засгийн газрын тогтоолоор нэмэгдүүлж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нэхэмжлэгчийг Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажилд томилохоор болж Авлигатай тэмцэх газар руу нэхэмжлэгчийн ашиг сонирхлын мэдүүлгийг явуулж түүнийх нь хариу ирээд байна...Харин Т.О**** миний орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О****ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага хэвээр бөгөөд хариуцагч үүнийг биелүүлэхгүй байгаа тул шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт зохих албан тушаалд томилогдсон талаарх үйл баримттай талууд маргаагүй бөгөөд харин холбогдох төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй маргахаар тодруулсан болно.

3. Хэргийн үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Т.О**** нь анх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/536 дугаар тушаалаар тус газрын Байгаль орчин, газрын харилцааны хяналтын улсын байцаагчаар томилогдож, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл олгожээ.

4. Т.О***ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 469 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдаж, чиг үүрэг нь салбарын яамдад шилжих болсонтой холбогдуулан яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулсан бөгөөд 2 дахь заалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орон тооны хязгаар 86 гэснийг 93 гэж өөрчилжээ.

5. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Албан хаагчдыг шилжүүлэх тухай ХЭГ/3162 дугаартай албан бичгийн 3 дугаар хавсралтаар Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжих албан хаагчдын жагсаалтад Т.О****ыг оруулаагүй байна.

6. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Татан буулгах комиссын даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ХЭГ/708 дугаар албан бичгээр “...Т.О****ы эрхэлж байсан албан тушаалын орон тоо, цалингийн санг Нийслэлийн Засаг даргын эрхлэх хүрээний холбогдох байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт шилжүүлсэн...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2797 дугаар албан бичигт түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Д******г Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэхээр тусгасан...” талаар Барилга, хот байгуулалтын яаманд мэдэгджээ.

7. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 01/2139 дүгээр албан бичгээр албан хаагчдыг яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад шилжүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.

8. Энэ талаар Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9387 дугаар албан бичгээр “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 01/2139 дүгээр албан бичгийг үндэслэн орон тоо, цалингийн санг үйл ажиллагааны чиглэлээр Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлэн тусгасан. Т.О*****ы орон тоо, цалингийн санг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн бөгөөд тухайн ажлын байрны зардал нь орон нутгийн төсөвт хамаарна..., нийт 53  орон тоо, цалингийн сан 994.0 сая төгрөгийг нийслэлд шилжүүлсэн...” гэх тайлбарыг баримтын хамт шүүхэд ирүүлсэн.

9. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2797 дугаар албан бичгийн хавсралтаар Нийслэлийн Засаг даргад түүний эрхлэх асуудлын хүрээний агентлагт нь шилжүүлж байгаа албан хаагчдын нэрсийг хавсарган хүргүүлсний 7 дугаар мөрөнд Т.О**** /түр орлон гүйцэтгэгч Д******/-г Нийслэлийн Байгаль орчны газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд гэжээ.

10. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн албан хаагчдын нэрсийн дагуу Т.О*****ыг аль ч агентлагт томилон ажиллуулаагүй бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа учир томилох боломжгүй гэж тайлбарладаг.

11. Тодруулбал, Т.О****оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж “...эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлж, тохирох мэргэжлийн чиг үүргийн дагуу ажиллах боломж олгож өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасны хариуд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03/5467 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Байгаль орчны газар болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт ажиллахад албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй” гэх хариуг өгсөн.

12. Төсвийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 4.1.26 дахь заалтад "төсвийн тодотгол гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг” гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ” гэж заажээ.

13. Хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзвэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шилжүүлсэн төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны зардлыг төсөвт тусган шийдвэрлэх үүрэгтэй байна.

14. Учир нь, Сангийн яамнаас “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 01/2139 дүгээр албан бичгийг үндэслэн орон тоо, цалингийн санг үйл ажиллагааны чиглэлээр Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлэн тусгасан. Т.О****ы орон тоо, цалингийн санг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн бөгөөд тухайн ажлын байрны зардал нь орон нутгийн төсөвт хамаарна..., нийт 53  орон тоо, цалингийн сан 994.0 сая төгрөгийг нийслэлд шилжүүлсэн...” гэх тайлбарыг баримтын хамт шүүхэд ирүүлсэн.

15. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд Т.О****оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж “...эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлж, тохирох мэргэжлийн чиг үүргийн дагуу ажиллах боломж олгож өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасны хариуд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03/5467 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Байгаль орчны газар болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт ажиллахад албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй” гэх хариуг өгсөн байна.

16. Т.О**** нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт томилогдох хүртэл хугацааны буюу Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг шилжүүлсэн байх үеийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, болон холбогдох татварыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан байхад албан тушаалд томилох боломжгүй гэх хариу өгснийг гомдлыг шийдвэрлүүлэхгүй орхигдуулсан гэж үзнэ.

17. Энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “....Нийслэлийн Засаг даргыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, өргөдлийг шийдвэрлэж, дотооддоо эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

18. Нөгөө талаас Т.О****ы төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдаж, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор захиргааны байгууллага, албан тушаалтан хангах үүрэгтэй.

19. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Т.О****ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Т.О****ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О****ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

20. Хугацааны тухайд, 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх буюу нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны үед нь тохирох цалин хөлснөөс тооцсон хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төсвийг шилжүүлнэ гэж ойлгохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.26 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.О****ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Т.О****ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О****ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг буцаан олгож, 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 215 дугаар тал, хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 113 дахь тал

[2] 1Хх 41 дэх тал

[3] 1Хх 45-51 дахь тал

[4] 1Хх 178-179 дэх тал

[5] 1Хх 200 дахь тал

[6] 2Хх 26 дахь тал

[7] 1Хх 201-202 дахь тал

[8] 1Хх 218 дахь тал

[9] 1Хх 219 дэх тал