Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00484

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00484

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын Засаг дарга (орлогч К.Е)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт Т.К-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр 5,874,900 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг дарга нь хариуцагч Т.К-д холбогдуулан Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр 5,874,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хариуцагч Т.К нь 2014 онд Б аймгийн Б сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 6,000,000 төгрөгийн зээлийг зайрмагийн цех байгуулах чиглэлээр авч, мөн 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүүгийн хамтаар 6,540,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан боловч үлдэгдэл 5,874,900 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй.

1.2 Сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/191 дүгээр албан бичгээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дараа хариуцагч Т.К нь 300,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш огт үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа.

1.3 Иймд Т.К  Б сумын Хоршоо хөгжүүлэх санд учруулсан хохирлыг журмын дагуу гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Хариуцагч Т.К болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ын хариу тайлбар, татгалзал:

2.1 Т.К нь 2014 онд Б сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг авч, 3 жилийн хугацаанд хувааж төлж өгөхөөр болж гэрээ байгуулсан.

2.2 Зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүүгийн хамт 6,540,000 төгрөг төлж барагдуулах ёстой. Зээлдэгч Т.К нь зээлээр авсан мөнгийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлэх эцсийн хугацаанаас хойш 7 жил өнгөрсөн тул цаашид уг зээлийг эгүүлэн төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

2.3 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.4 Иймд Б аймгийн Б сумын Засаг дарга К.Е-ын Т.К-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ, Н, Т.К нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б сумын Хоршоог хөгжүүлэх сангийн Орлогын дэлгэрэнгүй хуулга, Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/82 дугаар албан бичгээр Ж-д олгосон итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Т.К иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчаас С.Н-т 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг даргын хариуцагч Т.К-аас  5,874,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Т.К нь 2014 онд Б сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 6,000,000 төгрөгийн зээлийг “Зайрмагийн цех байгуулах” чиглэлээр авч, мөн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүүгийн хамт 6,540,000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн боловч 5,874,900 төгрөгийг төлөхгүй байгаа тул  гаргуулж өгнө үү гэжээ. 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Т.К нь 2014 онд Б сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай 6,000,000 төгрөгийн зээлийг авч 3 жилийн хугацаанд хувааж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүүгийн хамт 6,540,000 төгрөгийг төлж барагдуулахаар байсан ба зээлээр авсан мөнгийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлэх эцсийн хугацаанаас хойш 7 жил өнгөрсөн байх тул цаашид зээлийг эгүүлэн төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул гэрээний биелэлтийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ. 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Б аймгийн Б сумын Засаг дарга болон зээлдэгч Т овогтой К нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангаас зээлдэгч Т.К-д 6,000,000 төгрөгийн зээлийг “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу Зайрмагийн цех  байгуулах зориулалтаар, сарын 0.25 хувийн хүүтэй авсан болох нь, мөн уг зээлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийт 1,180,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,150,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3,090,000 төгрөг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

7.2. Б аймгийн Б сумын Хоршоог хөгжүүлэх сангийн орлогын дэлгэрэнгүй баримтаас үзэхэд хариуцагч Т.К-аас 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлд 300,000 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ. 

7.3. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэлээр нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг дарга  нь Т.К-аас 5,874,900 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасан боловч уригдах талаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан тул уг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзаж байсан нь тогтоогджээ.

 

8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч талаас зээлийн гэрээ байгуулж зээл авч байсан талаар маргаагүй бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг  эс зөвшөөрч маргажээ.

9. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

10. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийг авсан талаар маргаагүй ба гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбар гаргасан байна.

11.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг гурван жил байна гэж заасан боловч мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг хамтран шийдвэрлэх бөгөөд маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаас үзэхэд эхлээд талууд харилцан зөвшилцөөд боломжгүй тохиолдолд шүүхэд хандах нөхцөлийг тохирсон байх тул энэ журмаар шүүхэд хандсанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид Т.К-аас 5,874,900 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасан боловч уригдах талаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсанаар уг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзаж байсан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “шаардах эрх нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоолно” гэж зааснаар талууд харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй болсон байх ба ийнхүү шийдвэрлэх боломжгүй болсны улмаас шүүхэд хандсан үйлдэл хийсэн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

12. Иймд хариуцагч Т.К-аас 5,874,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Хоршоо хөгжүүлэх санд олгох нь зүйтэй байна. 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг дарга  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 108,948 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.К-аас 5,874,900 (таван сая найман зуун далан дөрвөн мянган есөн зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Хоршоо хөгжүүлэх санд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.К-аас улсын тэмдэгтийн хураамж 108,948 (нэг зуун найман мянган есөн зуун дөчин найман) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК