| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00356/И |
| Дугаар | 130/ШШ2024/00485 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00485
| 2024 05 09 | 130/ШШ2024/00485 |
|
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг, 20 дугаар хороо, Н Юнайтед 0 давхар хаягт үйл ажиллагаа явуулах, “Н бизнес клуб баруун бүс” ХХК /гүйцэтгэх захирал Т.А/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Х оргил” хоршоо /захирал О.Э/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 9,397,317 төгрөг, алдангид 4,698,658 төгрөг нийт 14,095,975 (арван дөрвөн сая ерэн таван мянган есөн зуун далан таван) төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө (цахим сүлжээгээр),
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Э-д шүүхээс 2024 оны 05 дугаар сарын өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч О.Э түүний эзгүйд шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй талаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК нь хариуцагч “Х оргил” хоршоонд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 9,397,317 төгрөг, алдангид 4,698,658 төгрөг нийт 14,095,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК нь хариуцагч Халуун оргил хоршоотой 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр TtB/23/400 дугаартай дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
1.2 Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан боловч хариуцагч нь гэрээний 6.1 дэх хэсэгт худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сарын 25-ны өдрийн дотор худалдагч талын эзэмшлийн ХААН банк дахь 0000000000 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй буюу барааны үнэ болох 9.997.317 төгрөгийг төлөөгүй.
1.3 Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч 600,000 төгрөгийн төлөлт хийсэн ба төлөлт удааширч өнөөдрийн байдлаар 9,397,317 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь алданги тооцон авах эрхтэй бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 4,698,658 төгрөг болж байна.
1.4 Иймд хариуцагч Х оргил хоршооноос Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 9,397,317 төгрөг, алдангид 4,698,658 төгрөг нийт 14,095,975 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н бизнес клуб баруун бүс ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 5-1/10 дугаар албан бичгээр Ц.Ө, Б.А нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ТtB/23/400 дугаартай Дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ, хариуцагчаас Н бизнес клуб баруун бүс ХХК-д гаргасан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт, Х оргил хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, О.Э-ы иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/000 дугаартай захирамж, Стандарт, хэмжил зүйн газрын 000000 дугаартай Тохирлын гэрчилгээ, Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 дугаартай тодорхойлолт, Н бизнес клуб баруун бүс ХХК-д хаягласан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, фото зургууд, бараа шилжүүлсэн баримтууд зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК-ийн хариуцагч “Х оргил” хоршооноос худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9,397,317 төгрөг, алданги 4,698,658 төгрөг, нийт 14,095,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
4.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК нь хариуцагч “Х оргил” хоршоотой 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр худалдагч нь олон төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь худалдан авсан барааны үнэ болох 9,997,317 төгрөгийг төлөөгүй ба төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч 600,000 төгрөгийн төлөлт хийж 9,397,317 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Худалдан авагч нь худалдан авсан барааны үнийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 4,698,658 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд “Х оргил” хоршооноос бараа бүтээгдэхүүний үнэ 9,397,317 төгрөг, алданги 4,698,658 төгрөг, нийт 14,095,975 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
5.1.Хариуцагч “Х оргил” хоршоо нь гэрээ байгуулахад шаардагдах бичиг баримтууд болох “Х оргил” хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан тухай Б аймгийн Засаг даргын захирамж, Стандарт хэмжил зүйн газраас олгосон тохирлын гэрчилгээ, Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, худалдааны үйл ажиллагаа явуулах барилгын танилцуулга зэрэг баримтуудыг бүрдүүлж 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК-д Номин агуулах худалдаанаас бараа бүтээгдэхүүнийг дараа тооцоо хийх нөхцөлтэйгээр худалдан авч, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул гэрээ байгуулах тухай санал гаргасны дагуу нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК нь хариуцагч “Х оргил” хоршоотой 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр TtB/23/400 дугаартай Дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр худалдагч нь олон төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон байна. Мөн энэхүү гэрээний дагуу “Н бизнес клуб баруун бүс” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус “Х оргил” хоршоонд бараа олгосон болох нь санхүүгийн баримтаар тогтоогджээ.
6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
8. Нэхэмжлэгчээс “Х оргил” хоршоо барааны үнэ болох 9,997,317 төгрөгөөс 600,000 төгрөгийг төлж үлдсэн 9,397,317 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
9.Хариуцагч “Х оргил” хоршооны төлөөлөгч О.Э-д шүүхээс нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 04 дугаар сарын 02-ны өдөр гардуулж өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2024 оны 04 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж өгсөн боловч дээрх хугацаанд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх талаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар буюу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.
10. Талууд гэрээндээ худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сарын 25-ны өдрийн дотор худалдагч талын дансанд шилжүүлэхээр, мөн худалдан авагч тал нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч нь барааны үлдэгдэл үнэ болон алданги төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
11. Иймд хариуцагч “Х оргил” хоршооноос худалдан авсан барааны үлдэгдэл үнэ 9,397,317 төгрөг, алданги 4,698,658 төгрөг, нийт 14,095,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х оргил” хоршооноос худалдан авсан барааны үлдэгдэл үнэ 9,397,317 төгрөг, алданги 4,698,658 төгрөг, нийт 14,095,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК -д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,430 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Х оргил” хоршооноос 228,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н бизнес клуб баруун бүс” ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК