Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00502

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00502

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Д хүлэг” ХХК (гүйцэтгэх захирал Е.Е)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын 3 дугаар багт оршин суух, Т овогт Т.М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгээгүй ажлын хөлс 10,464,375 төгрөг, алданги 5,232,187 төгрөг, нийт 15,696,562 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,

Хариуцагч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-т шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Д хүлэг” ХХК нь хариуцагч Т.М-д холбогдуулан Гүйцэтгээгүй ажлын хөлс 10,464,375 төгрөг, алданги 5,232,187 төгрөг, нийт 15,696,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Манай “Д хүлэг” ХХК нь Б аймгийн А сумын 4 дүгээр багийн хүүхдийн тоглоомын ажлыг 8 сая төгрөгөөр, хүүхдийн парк барих ажлыг 10 сая төгрөгөөр нийт 18 сая төгрөгийн ажил гүйцэтгэх 2021-0909, 2021-0910 тоот гэрээнүүдийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б аймгийн А сумын Засаг даргатай байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд дуусгаж, ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон билээ.

1.2 Уг ажлыг “Д хүлэг” ХХК-аас туслан гүйцэтгэгч болох Т.М-ээр гүйцэтгүүлэхээр болж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Т.М нь өөрийн материалын дагуу ажлыг гүйцэтгэхээр болж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түүний ХААН банкны 5753882727 тоот дансанд урьдчилгаа болгон 5,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөгийг мөн Т.М-ийн дээрх дансанд ажлын төлбөр, хөлс болгож шилжүүлсэн ба үлдсэн 100,000 төгрөгийг бэлнээр өгч, нийтдээ 12,400,000 төгрөгийг ажлын хөлсөнд өгчээ.

1.3 Гэтэл, ажил гүйцэтгэгч Т.М нь хүүхдийн парк болон хүүхдийн тоглоомын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн буюу хүүхдийн паркад татсан хашаа нь нурсан, ажлыг хүлээж авах ямар ч боломж байгаагүй байсан билээ. Мөн А сумын удирдлагуудаас удаа дараа шаардлага тавьж шинээр гүйцэтгэх шаардлага тавьсан бөгөөд “Д хүлэг” ХХК нь дахин зардал гаргаж, ажлыг дахин өөрөө гүйцэтгэж 2022 оны сүүлээр ажлаа хүлээлгэн өгсөн.

1.4 Тухайн ажил нь доголдолтой, чанаргүй талаар Т.М-тэй хэлж дахин гүйцэтгэхийг сануулж, мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүй.

1.5 Улмаар, “Д хүлэг” ХХК болон Т.М нар нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, анх ажлын хөлсөд шилжүүлсэн хөлсний 7,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Д хүлэг” ХХК-д буцаан өгөх, 5,400,000 төгрөгөөс 3,144,000 төгрөгийг бараа материал болгон тооцож өгөх, үлдэгдэл төлбөр 2,256,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгөх хэлцлийг байгуулж, талууд баталгаажуулсан.

1.5 Гэвч, Т.М нь бэлнээр өгөх ажлын хөлсийг буцаан шилжүүлэх хэлцлийг нэг ч удаа биелүүлээгүй, удаа дараа шаардахад буцааж өгөөгүй. Харин бараа материалаас 1,935,625 төгрөгийн үнэтэй барааг өгч байсан ба 1,208,375 төгрөгийг өгөөгүй бөгөөд 7,000,000 + 2,256,000 + 1,208,375 = нийт 10,464,375 төгрөгийг төлөх үүрэгтэй болно. Мөн талуудын байгуулсан хэлцлээр төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн ба өнөөдрийн байдлаар 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд алдангийг тооцоход нийт төлөх үнийн дүнгийн 50 хувь болох 5,232,187.50 төгрөг болж байна.

1.6 Нэхэмжлэгчийн зүгээс Т.М-ээс хэлцлийн төлбөрийг буцаан гаргуулахаар шүүхэд хандаж байсан ба оршин суугаа хаягтаа байхгүй гэж хүлээж авахаас татгалзаж байсан. Улмаар, эрэн сурвалжлуулсан бөгөөд хуучин хаягтаа байгаа нь тогтоогдсон байх тул дахин шүүхэд хандаж байгаа болно.

1.7 Иймд, Т.М-ээс гүйцэтгээгүй ажлын хөлс 10,464,375 төгрөг, алданги 5,232,187 төгрөг, нийт 15,696,562 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Т.М-ийн хариу тайлбар, татгалзал: Д хүлэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг маргаанд нэхэмжлэлийн шаардлагыг миний бие Т овогтой М бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2.1 2021 оны 8 дугаар сард “Д хүлэг” ХХК нь надад “Танай сумын ЗНХС-ийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбайн барилгын ажил хийгдэхээр байна. Энэ ажлыг манай компани авч гүйцэтгэе, харин чи орон нутагт даалгавар гүйцэтгэгчээр ажиллаарай. Даалгаврын хөлсөнд чамд таван сая төгрөг өгье” гэсэн саналыг удаа дараа тавьж байсан.

2.2 Би уг саналыг зөвшөөрөөгүй ч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Д хүлэг” ХХК миний данс руу таван сая гурван зуун мянган төгрөг шилжүүлж, тоглоомын талбай баригдах газрыг тэгшилж, хог шороог ачиж цэвэрлэж өгөх, мөн хүн ажиллуулж тоглоомын талбайн 20x20 метрийн суурь цутгаж, тор угсруулж байхыг надаас хүссэн. Мөн ажлын хөлс, барилгын материал авах мөнгө нэмж шилжүүлэхийг хэлж байсан. Би гурван сая төгрөгөөр экскаватор, ачааны машин түрээсэлж тоглоомын талбай баригдах газрыг тэгшилж цэвэрлэсэн. Үлдсэн хоёр сая гурван зуун мянган төгрөгөөр цемент, тор, квадрат төмөр, хайрга, элс зэргийг худалдаж авсан.

2.3 Ингээд ажлаа тайлагнаж шилжүүлсэн мөнгө нь дууссаныг хэлэхэд “Д хүлэг” ХХК над руу хүн ажиллуулж тор угсрах, цемент цутгах ажлыг хийж гүйцэтгэж гүйцэтгэлийн тайлан гаргаж зургийн хамт А сумын Засаг даргын тамгын газарт өгвөл гүйцэтгэлээр 7 сая төгрөг шилжүүлж өгнө гэж хэлж байсан. Ингээд би анх тохирсон даалгаврын хөлсөө гаргаж авахаар “Д хүлэг” ХХК-нийн зураг төсөв зааврын дагуу хүн ажиллуулж суурь цутгаж, тор угсарч гүйцэтгэлийн тайланг А сумын Засаг даргын тамгын газарт зургийн хамт өгсөн.

2.4 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний данс руу иргэн С.А-ээс долоон сая төгрөг шилжүүлсэн ба би уг мөнгөнөөс таван сая төгрөгийг анх тохирсноор өөрийн болон ажилласан хүмүүсийн даалгаврын хөлсөнд авсан. Ингээд миний ажил дуусаж “Д хүлэг” ХХК-аас шилжүүлсэн мөнгөнөөс үлдсэн хоёр сая төгрөгийн барилгын материал бэлэн байгааг хэлж байсан ч “Д хүлэг” ХХК ирж аваагүй таг жим болсон.

2.5 Ингээд 8 сар орчим холбогдоогүй байж байгаад 2022 оны 6 сарын 27-ний өдөр Е гэдэг хүн намайг дуудаж “ОНХС-ийн төсвөөс таван сая төгрөг чи авсан болохоор авлигын хэрэгт бид бүгдээрээ холбогдох магадлалтай тул чи надад хэлцэлд гарын үсэг зурж өг “гэж хууран мэхэлж хэлцэлд гарын үсэг зуруулсан.

2.6 Миний бие анх С.А-тэй гэрээ байгуулсан. Анх гэрээ байгуулахдаа би энэ нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа гэрээг биш би 5,300,000 төгрөг миний дансанд шилжүүлнэ. Тэгээд би 5,300,000 төгрөгөөр материал аваад тэр Д хүлэг компанийн зураг, төсөв, зааврынх нь дагуу тэр хүүхдийн тоглоомын талбайн ажлын эхний 30%-ийн гүйцэтгэлийг нь хийхээр тохиролцож гэрээгээ хийсэн эхний 30%-ийн гүйцэтгэлийн 5,300,000 төгрөгөөр хийж, тайлагнаад эхний 30%-ийн ажлын гүйцэтгэлийг нь харуулаад тэгээд үлдсэн. Одоо би ажлын хөлс болон бусад ажилласан хүмүүсийн ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг авахаар хийсэн байгаа.

2.7 С.А бид 2 өөр ямар ч гэрээ байгуулаагүй. “Д хүлэг” ХХК-тай ч ямар ч гэрээ байгуулаагүй. Би ажлын 30%-ийн эхний гүйцэтгэлийг нь хийгээд хөлсөнд нь 5,000,000 төгрөг авахаар тохиролцсон. Үүний дагуу 9 сард би 5,300,000 төгрөг өөрийнхөө дансаар аваад уг мөнгөнд материал авсан. Барилгын материал болон тус газарт овоолсон хогтой байсан газрыг нь трактороор ачуулсан. Тоглоомын талбайн барилгын суурийг суутгаад хашаа тор барьсан. Барилгын 30%-ийн гүйцэтгэлийг нь “Д хүлэг” ХХК-д танилцуулсан. “Д хүлэг” ХХК-ийн зүгээс дараагийн гүйцэтгэлийн мөнгийг нь нэхэмжлэхийг нь надад гаргаж өгсөн. Уг нэхэмжлэх хуудсыг А сум тамгын газарт гаргаж өгөөд хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг нь өгөөд манай компанид ажлын дараагийн гүйцэтгэлийн мөнгийг нь шилжүүлж өгөхөөр болсон. Би тэр хэлснийх нь дагуу мөнгийг нь гүйцэтгэлийн нэхэмжлэхийг нь тамгын газарт нь хийсэн ажлын зураг, тайлан бүх юмыг нь гаргаж өгсөн. Үүний дагуу дараагийн гүйцэтгэлийн мөнгө нь тэр Д хүлэг ХХК-ийн дансанд ороод ирсэн. Д хүлэг компанийн дансанд эхний гүйцэтгэлийн 30%-ийг нь хийчихсэн.

2.8 Тохирсноороо ажлын хөлсний 5,000,000 төгрөгийг нь авъя гэхэд надад “Би чамд 7,000,000 төгрөг шилжүүлье, чи тэгээд дараагийн гүйцэтгэлийг нь хийгээд өгчих. Дараагийн гүйцэтгэлийг нь хийгээд 5,000,000 төгрөгөөрөө тамгын газарт нь зуучилж өгөөд дараагийн гүйцэтгэлийнхээ мөнгийг нь оруулаад өгчих гээд хэлсэн. Би үүнээс татгалзсан. Би анхнаасаа тохирсон ажлыг нь хийж дуусгасан. Би 5,000,000 төгрөгийг нь авсан.

2.9 Тухайн үед ажилласан хүмүүсийн хөлсийг нь өгөөгүй байгаа. Тракторын бензин хөлсийг нь өгөөгүй байгаа. Би өөрийнхөө хөлсийг нь аваагүй байгаа. Би 7,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь өөрөө авсан, үлдсэн 2,000,000 төгрөгт нь барилгын материал хүлээлгэж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээр хэлээд байгаа 9,930,000 төгрөгийн материалыг М эзгүйдэж авсан. 2,000,000 төгрөгийн материал байсан. Дээр нь 2,000,000 төгрөгийн материалыг нь өгөөд 5,000,000 төгрөгийг нь би өөртөө авсан. Тэгээд жилийн дараа Е гэдэг хүн намайг дуудаад чи 5,000,000 төгрөг авсан болохоороо авлигын хэрэгт холбогдох гээд байна. Манай компани бас авлигад холбогдох гээд байгаа учраас үүнийг далдлах зорилгоор нэг бичлэг маягийн зохиомжит юм хийх хэрэгтэй байна. Бичлэг хийж байгаад нэг ийм баримт бичиг гаргаад нэг гэрээ хиймээр байна гэсэн. Тэгээд нэг гэрээ бэлдсэн байсан би гарын үсэг зурсан. Тэгээд надаас нэг баримт бичүүлээд авч байсан. Д хүлэг компанийн зүгээс надаас нэхэмжилж байгаа мөнгө нь болохоороо өмнөх ажлын байгуулсан гэрээтэйгээ харшлаад байгаа. Анхны байгуулсан гэрээг далдлах зорилгоор 2 дахь гэрээгээ хэлэлцээрээ байгуулсан байгаа. Өмнөх гэрээтэй ямар ч холбоогүй, хууран мэхэлсэн.

2.10 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн А сумын Засаг дарга болон “Д хүлэг” ХХК нарын байгуулсан 2021-0910 дугаартай Хүүхдийн тоглоомын ажлын гэрээ, мөн 2021-0909 дугаартай Хүүхдийн парк барих ажлын гэрээ, Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2/92 дугаартай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А сумын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн хүүхдийн тоглоомын талбайг хүлээн авах тухай хурлын тэмдэглэл, А сумын паркын материалын үнэ  (авсан) гэх баримт, “Д хүлэг” ХХК-ийн дансны хуулга, Голомт банкны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Төлбөрийн баримт, мөн банкны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөрийн баримт, С.А-ийн ХААН банкны депозит дансны хуулга, ХААН банкны Шилжүүлгийн мэдээлэл, Б аймгийн Алтанцөгц сумын хүүхдийн парк, тоглоомын талбайн фото зургууд, Б аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 30/5194 дугаартай албан бичиг, “Д  хүлэг” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр Х.А, Е.М нарт олгосон итгэмжлэл, “Д  хүлэг” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Б аймгийн А сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/65 дугаар албан бичиг, харилцан яриа /дуут бичлэг/ оруулга болон СД, фото зургууд, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хяналт шалгалт хийсэн тухай хурлын тэмдэглэл, “Д хүлэг” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Баримт зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, А суманд хийгдэж буй хүүхдийн тоглоомын талбайн ажлууд фото зургууд зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/34 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч “Д хүлэг” ХХК-ийн гүйцэтгээгүй ажлын хөлс 10,464,375 төгрөг, алданги 5,232,187 төгрөг, нийт 15,696,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна. 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Манай “Д хүлэг” ХХК нь Б аймгийн А сумын 4 дүгээр багийн хүүхдийн тоглоомын ажлыг 8 сая төгрөгөөр, хүүхдийн парк барих ажлыг 10 сая төгрөгөөр, нийт 18 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б аймгийн А сумын Засаг даргатай байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж, ашиглалтад оруулахаар тохиролцсон. Уг ажлыг туслан гүйцэтгэгч болох Т.М-ээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж түүнд нийт 12,400,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Т.М нь хүүхдийн парк болон хүүхдийн тоглоомын ажлыг чанаргүй гүйцэтгэснээр тухайн ажлыг хүлээж авах боломжгүй  байсан ба захиалагч А сумын удирдлагуудаас удаа дараа шаардлага тавьж шинээр гүйцэтгэхийг шаарсан тул “Д хүлэг” ХХК дахин зардал гаргаж , ажлыг өөрөө гүйцэтгэж 2022 оны сүүлээр хүлээлгэн өгсөн. Улмаар М-тэй хэлцэл байгуулж анх ажлын хөлсөнд шилжүүлсэн хөлсний 7,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 5,400,000 төгрөгөөс 3,144,000 төгрөгийг бараа материал болгон тооцож өгөх, үлдсэн 2,256,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр болсон боловч 1,935,625 төгрөгийн материалыг өгч үлдсэн 10,464,375 төгрөгийг төлөөгүй болно. Хэлцлийн дагуу хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул алданги 5,232,187 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ. 

6. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: “Д хүлэг” ХХК нь надад танай сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбайн барилгын ажил хийгдэхээр байна, энэ ажлыг манай компани гүйцэтгье, харин чи орон нутагт даалгавар гүйцэтгэгчээр ажилла, хөлсөнд таван сая төгрөг өгье гэсэн саналыг тавьсан. Уг саналыг зөвшөөрөөгүй боловч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “”Д хүлэг” ХХК  миний данс руу таван сая гурван зуун мянган төгрөг шилжүүлж, тоглоомын талбайн баригдах газрыг тэгшилж, хог шороо ачиж цэвэрлэж өгөх, мөн хүн ажиллуулж тоглоомын талбайн 20х20 метрийн суурь цутгаж, тор угсруулж байхыг надаас хүссэн. Мөн ажлын хөлс, барилгын материал авах мөнгө нэмж шилжүүлэхийг хэлж байсан. Миний бие “Д хүлэг” ХХК-тай тохиролцсон ажлыг хийж хөлсийг нь авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Б аймгийн А сумын Засаг дарга, түүний Тамгын газар болон Д хүлэг ХХК нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан №2021-0909 дугаартай Хүүхдийн парк барих ажлын гэрээ,  №2021-0910 дугаартай Хүүхдийн тоглоомын ажлын гэрээгээр “Дайчин хүлэг” ХХК нь Б аймгийн А сумын 4 дүгээр багийн хүүхдийн тоглоомын ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу 8,000,000 төгрөгөөр, мөн аймгийн А сумын 4 дүгээр багт хүүхдийн парк барих ажлыг 10,000,000 төгрөгөөр батлагдсан зургийн дагуу тус тус  гүйцэтгэж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дуусгаж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогджээ.

7.2. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын  дүгнэлт болон А сумын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн хүүхдийн тоглоомын талбайг хүлээн авах тухай хурлын тэмдэглэлээр Ажил гүйцэтгэгч Дайчин хүлэг ХХК-ийн гүйцэтгэсэн Б аймгийн А сумын 4-р багийн хүүхдийн тоглоомын ажлыг болон  Б аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багт хүүхдийн парк барих ажлыг барилга байгууламжийн төлөв байдлын шаардлага хангасан гэж үзэж хүлээн авсан болох нь нотлогдсон байна.

7.3. Голомт банкны харилцагч Д хүлэг ХХК-ийн дансны хуулга болон 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн баримт зэргээр “Д хүлэг” ХХК-аас хариуцагч Т.М-д материалын үнэ гэсэн зориулалтаар мөнгө шилжүүлсэн байсан нь тогтоогджээ.

7.4. Б аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2/92 дугаартай Д хүлэг ХХК-д хаягласан албан бичгээр “Тус  сумын 4-р багт хийгдэх Хүүхдийн парк, Хүүхдийн тоглоомын талбайн санхүүжилтийг гэрээний дагуу танай компанид шилжүүлсэн боловч зураг төслийн дагуу хийгдээгүй, чанаргүй хийгдсэн тул өөрсдөө зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сард үргэлжлүүлэн хийхээр гэрээний хугацаа сунгасан боловч одоо хүртэл хийгдээгүй байх тул санхүүжилтийн сангийн дансанд буцааж хийж өгнө үү” гэж мэдэгдэж байсан байна.

7.5 Хариуцагч Т.М-ийн бичсэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн баримт, энэхүү баримтын хавсралтаар  хүүхдийн парк, тоглоомын талбайн ажил хийж гүйцэтгэхээр “Д хүлэг” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 12,400,000 төгрөгийг Т.М өөрийн дансанд шилжүүлж авсан боловч уг ажлыг хийгээгүй болох нь, уг мөнгөнөөс 7,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Д хүлэг ХХК-ийн дансанд хийж өгөхөөр, үлдэгдэл мөнгө болох 5,400,000 төгрөгийн 2,256,000 төгрөгийг нэг сарын дотор өгөхөөр, 3,144,000 төгрөгийн  бэлэн байгаа материалыг өгөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байгаа ба хэрэв хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр болсон нь тогтоогджээ.

7.6. Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/34 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Баримт гэх хуудас дээрх гар бичмэл болон “Баримт бичсэн” гэх хэсэгт бичсэн гарын үсэг нь Т.М-ийн туршилтын бичгийн хэвийн загвартай оношлогооны аргаар тохирч байна” гэж дүгнэлт гаргасан байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарласан байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар  “Д хүлэг” ХХК болон  Т.М нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

10. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн  347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болох тул нэхэмжлэгч Д хүлэг ХХК нь туслан гүйцэтгэгч Т.М-ийн хувьд захиалагч байна.

11. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд хариуцагч Т.М-ийн хувьд  ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул захиалагч буюу нэхэмжлэгч “Дайчин хүлэг” ХХК нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

12.Хариуцагч Т.М-ийн бичсэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн баримтаар  хүүхдийн парк, тоглоомын талбайн ажил хийж гүйцэтгэхээр “Д хүлэг” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 12,400,000 төгрөгийг Т.М өөрийн дансанд шилжүүлж авсан боловч уг ажлыг хийгээгүй болох нь, уг мөнгөнөөс 7,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Д хүлэг” ХХК-ийн дансанд хийж өгөхөөр, үлдэгдэл мөнгө болох 5,400,000 төгрөгийн 2,256,000 төгрөгийг нэг сарын дотор өгөхөөр, 3,144,000 төгрөгийн  бэлэн байгаа материалыг өгөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байгаа ба хэрэв хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр болсон нь тогтоогдож байгаа ба уг тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа, мөн хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ. 

13.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Т.М-ээс гүйцэтгээгүй ажлын хөлс 10,464,375 төгрөг, алданги 5,232,187 төгрөг, нийт 15,696,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,Д хүлэг, ХХК-д олгох нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч “Д хүлэг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,433 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.М-ээс 236,433 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д хүлэг” ХХК-д  олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.М-ээс гүйцэтгээгүй ажлын хөлс 10,464,375 төгрөг, алданги 5,232,187 төгрөг, нийт 15,696,562 (арван таван сая зургаан зуун ерэн зургаан мянган таван зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д хүлэг” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,433 (хоёр зуун гучин зургаан мянган дөрвөн зуун гучин гурван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.М-ээс 236,433 (хоёр зуун гучин зургаан мянган дөрвөн зуун гучин гурван) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д хүлэг” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК