Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00504

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00504

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Ж.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (дарга Н.Б )-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 000000 дугаартай “Төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг  хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөх тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Х.З,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн 02 дугаар сарын 21-ний өдрийн Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 0000000 нэхэмжлэгчийн Б аймгийн Б сумын 5 дугаар баг Цул улаан шинэ айл-3 гудамжны 317 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай бүртгэгдсэн 72 м.кв талбайтай өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус үйлдлийг арилгахыг шаардах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Ж.Х миний бие Б аймгийн Б суманд төрж өссөн тус сумын уугуул иргэн байгаа бөгөөд Б сумын 5 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан 5000 м.кв талбайтай газарт төмс, хүнсний ногоо тариалж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, тухайн өмчлөлийн газарт өвлийн сууц барьж, гэр бүлээрээ амьдарч байгаа жирийн тариачин иргэн байгаа билээ.

1.2 Тухайн 5000 м.кв газар болон 72 м.кв талбайтай өвлийн сууцын байшин нь нэхэмжлэгч Ж.Х миний ганц хүний өмч болох нь Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн нэгж талбарын 0000000 дугаартай гэрчилгээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

1.3 Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна” гэж, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэх заалт, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаар Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай улсын бүртгэлийн Ү-0000000  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ж.Х миний бие болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2006 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0000000 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

1.4 Гэтэл Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 0000000 дугаартай гэрчилгээ бүхий Ж.Х миний ганц хүний өмч болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад мэдэгдээгүй, миний зөвшөөрөлгүй байхад Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” 02/2102112/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан Ж.Х миний “эд хөрөнгийн захиран зарцуулах, эзэмших ашиглах” эрхэд хязгаарлалт тогтоосон байна.

1.5 Нэхэмжлэгч Ж.Х би энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдэл, миний өмчлөх эрхэд халдсан тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч Б  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Б нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1013 дугаартай албан бичгээр хариу ирүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.9 дэх хэсэгт зааснаар төлбөр бүрэн төлөгдсөн хугацаанд битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно” гэж хариу ирүүлсэн тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.6 Б аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай “Шийтгэх тогтоол”-ын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад зааснаар миний охин Х.Р-ыг “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож, тогтоолын 5 дахь заалтаар гэмт хэргийн хохирол 35.414.490 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм.

1.7 Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай “Шийтгэх тогтоол”-ын 6 дахь заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол хор уршиг арилах хүртэлх хугацаанд Х.Р-ы хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ө сумын 4 дүгээр баг, Их булан Ажилчид-1 гудамж, 1100 тоот хаягт байрлах 198 м.кв талбайтай, хувийн орон сууцыг битүүмжилсэн байна. Өөр төрлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө зэргийг битүүмжлээгүй, барьцаанд аваагүй.

1.8 Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай “Шийтгэх тогтоол” нь Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ДШМ/00 дугаартай “Магадлал”-аар хэвээр батлагдсан байна.

Мөн Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийтийн шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай тогтоолоор “Гомдлыг хэлэлцэхээс татгалзах” тухай шийдвэр гарч, анхан шатны шүүхийн “Шийтгэх тогтоол” хэвээр батлагдсан юм.

1.9 Охин Х.Р нь 1985 онд төрсөн, одоо 39 настай, эрүүгийн хэрэгт холбогдох үед 35 настай байсан. 2009 онд Б.Н-тэй гэр бүл болж, 2009 онд манай гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан болон нь гэрлэлтийн гэрчилгээ, төрүүлсэн хүүхдийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар батлагдах юм. Гэтэл охин Х.Р нь 2009 онд манай гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан байхад түүний 2021 онд “Шүүхийн тогтоол”-оор гарсан хохирлын төлөө Ж.Х миний хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжлэх, хураах, үндэслэл байхгүй гэж үзэж байна.

1.10 Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн /шударга ёсны зарчим/ 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан байна. Гэтэл охин Х.Р-д Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 00000 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор оногдуулсан гэмт хэргийн хохирол 35.414.490 төгрөгийн төлбөрт Ж.Х  миний хувийн өмчийг битүүмжлэх, барьцаалах эрхийн акт гаргасан нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

1.11 Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж, Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “.... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч ... төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ” гэж заасан юм. Гэтэл Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” 02/2102112/01 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Ж.Х миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчиж байгаа тул мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

1.12 Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгүүдийг үндэслэн Ж.Х-ийн хувийн өмчийн үл хөдлөх хөрөнгө болох Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” 02/2102112/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. Улсын бүртгэлийн дугаартай 72м.кв хэмжээтэй Б сумын 5 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь анх бүртгүүлж, мэдүүлгийг ганц хүн гаргаж байсан боловч цахимжилтын  үед алдаа гарч эрхийн гэрчилгээ 8 хүний нэр дээр бүртгүүлсэн алдаа гарсныг аймгийн Улсын бүртгэлийн газар хүлээн зөвшөөрсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ийн хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч Ж.Х-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаар шийтгэх тогтоолоор Е овогт Х. Р-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар 35,414,490 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

2.2 Шийдвэр гүйцэтгэгч, ахмад А.З би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 139.2-т заасны дагуу гүйцэтгэх хуудас олгосон зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн хоёрдугаар хэсэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ” гэж заасны дагуу дээрх шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичигт эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/514 дүгээр албан бичгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төлбөр төлөгч Х.Р-ны эд хөрөнгийн мэдээлэл авахад Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Ү-00000000 улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Б сумын 2 дугаар багт байрлах, хувийн сууцны зориулалттай Х.Р-аас гадна 7 хүний өмчлөлтэй 72 м.кв талбайтай эд хөрөнгө хамтран өмчилдөг болох нь тогтоогдсон тул улсын бүртгэлийн Ү-00000000 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” 0000000 дугаар тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

2.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 2 дугаар хэсэгт заасныг дагуу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/514 дүгээр албан бичиг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төлбөр төлөгч Р-ы эд хөрөнгийн мэдээлэл авахад Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Б аймгийн Б сумын 5 дугаар багт байрлах хувийн сууцын зориулалттай Р-аас гадна 7 хүний өмчтэй 72 м.кв талбайтай эд хөрөнгө хамтран өмчлөгчөөр өмчлөгч болох нь тогтоогдсон тул улсын бүртгэлийн Ү-02034042 дугаартай бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 0000000 дугаартай тогтоолоор захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн.

2.4 Төлбөрөөс 2,893,690 төгрөг төлөгдөж 32,520,800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт хэсэгт төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч Ж.Х манай байгууллагад хандаж гаргаж байсан өргөдлийг бол хангахгүй гээд бид хариуг нь өгч байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн нотлох баримтуудыг сонслоо. Энэ нь ялт ч ******* улсын бүртгэлийн байгууллагын алдаатай асуудал болсон байна гэдгийг бол би дөнгөж сая мэдэж ойлголоо. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9 дэх хэсэгт зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тохиолдолд эд хөрөнгийг чөлөөлнө гэж заасан байдаг. Тэгэхээр хуульд зааснаар  бол түдгэлзүүлсэн эрхийн актыг хүчингүй болгох боломжгүй учраас шүүхээс залруулахыг хүсэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1013 дугаартай албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Ү-0203000042 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000784938 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ДШМ/35 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай тогтоол, Б.Н, Х.Р нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Е, Б.Е, Н.Е, Н.А нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.З-тай байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж.Х-ын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас хариу тайлбар, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/393 дугаар албан бичиг, А.З-ийн 7090 дугаартай мэргэжлийн үнэмлэх, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай гүйцэтгэх хуудас, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоол, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00000000 дугаартай тогтоол, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/549 дугаартай албан бичиг, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 01/365 дугаартай албан бичиг хавсралтын хамт, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан Ү-000000000 дугаартай Х.Р-ы Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2/21020112/01 дугаартай Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан Ү-00000000 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаартай албан бичиг, Ү-0000000  дугаартай улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэг, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 000 дугаартай албан бичиг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Ж.Х-ийн  хариуцагч  Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Б  аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 00 дугаартай “Төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг  хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөх тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Б сумын 5 дугаар багт гэ бүлийн хэрэгцээний зориулалтаар 5000 м.кв газрыг өмчилдөг бөгөөд уг өмчлөлийн газарт байгаа 72 м.кв талбайтай өвлийн сууцны өмчлөгч нь юм. Миний бие уг эд хөөнгүүдийг хуульд заасан үндэслэлээр зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчилдөг билээ. Гэтэл Ж.Х миний ганц хүний өмч болох  Б аймгийн  Б сумын 5 дугаар багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-00000000  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэхгүйгээр Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 00 дугаартай “Төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор миний өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан үндэслэлээ Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор миний охин Х.Р-ыг хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торох ял оногдуулж, гэмт хэргийн хохирол 35,414,490 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүний эд хөрөнгийг захиран зарцуулахыг хязгаарласан гэж тайлбарлаж байгаа боловч охин Х.Р нь 2009 онд гэр бүл зохиож манай гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан бөгөөд уг эд хөрөнгө Ж.Х миний ганц хүний өмч тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө зарцуулахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

6.Хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор Х овогтой Р-аас 35,414,490 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэж, гүйцэтгэх баримт бичгийг тус газар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичигт эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 01/514 дугаар албан бичгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төлбөр төлөгч Х.Р-ы эд хөрөнгийн мэдээлэл авахад Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Б сумын 2 дугаар багт байрлах, хувийн сууцны зориулалттай Х.Р-аас гадна 7 хүний өмчлөлтэй 72 м.кв талбайтай эд хөрөнгө хамтран өмчилдөг болох нь тогтоогдсон тул Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” 00 дугаар тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгох тул эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох боломжгүй гэжээ. 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтогдсон байна. Үүнд:

8.1. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор Х овогтой Р-ыг “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Р-ыг 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнээс  35,414,490 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байх ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.Р, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ДШМ/00 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь тогтогдсон байна. Мөн дээрх шийтгэх тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 160 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

8.2. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/21020112 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор Х.Р-д 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тогтоосон байна.

8.3. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/365 дугаартай албан бичгээр шүүхийн шийтгэх тогтоолоор хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан хавсралтад дурдсан нэр бүхий иргэдийн нэр дээр байгаа болон хамтран өмчлөх  үл хөөлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэхээр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх ба Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/549 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байх бөгөөд Х овогтой Р нь Б аймгийн Б сумын 2-р багт байршилтай, хувийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг нийт 8 хүн өмчилдөг талаар, мөн Б аймгийн Б сумын 5-р баг, Цул улаан хаягт байршилтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 5000 м.кв газрыг хамтран өмчилдөг талаар Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагааг хүргүүлснээр Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай  Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авагдсан Х.Р өмчлөлийн Ү-00000000, Ү-0000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болох нь тогтоогджээ.

8.4. Нэхэмжлэгч Ж.Х-ын охин Х.Р нь 2009 онд Б.Н-тэй гэр бүл болж, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тэдний гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогджээ.

8.5. Улсын бүртгэлийн Ү-0203000042 дугаартай, Б аймгийн Б сумын 5-р багт байршилтай, 72 м.кв талбайтай, дөрвөн өрөө,  өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж овогтой Х /нэг хүний өмч/ болох нь 2006 оны 03 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэгчээс олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, мөн улсын бүртгэлийн Г-0203000009 дугаартай, Б аймгийн Б сумын 5-р баг Цул улаан шинэ айл-0 гудамж, 000 тоот хаягт байршилтай 000000000 нэгж талбарын дугаартай 5000 кв.м талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгч Е овгийн Ж.Х болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон байна. 

8.6. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-00000000 дугаартай хувийн хэрэг дэх нотлох баримтуудаас үзэхэд Ж.Х нь Б аймгийн Б сумын 5-р багт байгаа дөрвөн өрөө, 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэг хүний өмч байхаар бүртгэлийн мэдүүлэг гаргаж Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн байх ба харин тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрын гэрчилгээний хувьд найман хүний өмч байхаар бүртгүүлсэн нь тогтоогджээ. Энэхүү байдлыг Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 610 дугаартай албан бичгээр “Ү-000000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 72 м.кв талбайтай Баяннуур сумын 5-р багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө анх бүртгүүлсэн мэдүүлэг болон өргөдөлд зөвхөн 1 хүний өмч иргэн Ж.Х-ийн нэр дээр боловч цахимжуулалтын үеэр алдаа гарч Г-000000000 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний 8 иргэний нэрийг оруулан цахимд буруу оруулсан байна” гэж тодруулжээ. 

9. Нэхэмжлэгч Ж.Х нь  өөрийн дангаараа өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг эс зөвшөөрч гомдлоо шүүхэд гаргасан байна.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.

Нэхэмжлэгч Ж.Х нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 02/2102112/01 дугаартай “Төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг ганцаараа өмчилдөг болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2006 оны 03 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэгчээс олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-00000000 дугаартай хувийн хэрэг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 610 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөх шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хувьд Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагааг үндэслэн Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулахыг түдгэлзүүлэхээр тогтоосон боловч тухайн хөрөнгө нь нэг хүний буюу Ж.Х-ийн дангаараа өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул төлбөр төлөгч Х.Р-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад шийдвэр гүйцэтгэгчийн 00 дугаартай “Төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг  хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

12.Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт  заасныг баримтлан Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 00 дугаартай “Төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор Б аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК