| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2210004170557 |
| Дугаар | 2022/ДШМ/758 |
| Огноо | 2022-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ДШМ/758
2022 07 26 2022/ДШМ/758
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
хохирогч Б.А,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/1193 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Б.Бд холбогдох ..............дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр нисэхийн эцэс автобусны буудлын орчим иргэн Б.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг прокурорт буцаах дараах үндэслэл байна гэж шүүх үзжээ.
Нэг. Хэргийн бодит байдал, нотолбол зохих байдлыг нотлон тогтоох талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн; гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг асуудлыг нотлон тогтооно гэж хуульчилсан бөгөөд хуулийн заалт хангагдаагүй гэж үзэхээр байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд дараах баримтууд авагджээ. Үүнд:
1. Хохирогч Б.А-гаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...“Б надтай маргалдаад явсан. Машин буудал дээр зогсоход Б гарч хувцсаа тайлаад одоо гараад ир үзье гэж хэлээд баруун гар руу ...хаалга онгойлгож өшиглөсөн. Би машинаас бууж ноцолдоход Г гарч ирээд намайг салгаж, Быг цохиж холдуулаад намайг хавирч үнгасан /унагаасан/ юм. Би унхадаа /унахдаа/ явган хүний зам дээр нүүрээрээ унаж шүд, ууруул /уруул/, хамар, хацаран тус газраа гэмтэл авсан. Миний үүдэн 2 шүд ёзоороороо мултарч унасан, доод уруул язарч хавдсан, хамар хүгарч хавсдан /хавдсан/. Намайг Б-тай зодолдож байхад Г ирж салгаж намайг хавирч унгахад /унагаахад/ үүсээн гэмэтл /үүссэн гэмтэл/ гэж бодож байна. /хх 7-8/,
-дахин 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “... Б бид хоёр хоорондоо ноцолдоод унасан байхад Г хүрч ирээд ...бид хоёрыг салгасан. Одоо больцгооё би орлоо гэж хэлээд байж байхад Г миний хувцасны баруун талын зах хэсгээс зүүн гараараа өөр лүүгээ татаад зүүн хөлөөрөө миний баруун хөлийг хавирсан. Би газар унахдаа явган хүний чулуун зам дээр нүүр хэсгээрээ унасан. Тэгэхэд хамар амнаас цус гарсан, босоод ирэхэд зүүн талын үүдэн шүд ёзоороороо унасан. Дээрх гэмтлийг Г учруулсан. Б миний биед гэмтэл учруулаагүй. ..эмчилгээний зардлаа гаргуулан авчихвал гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх 9/,
2022 оны 04 дүгээр сарын 27 /өдөр засвартай/-ны өдөр өгсөн: ...хамраа 120.000 төгрөгөөр тэгшлүүлсэн, эрүүний зураг 50.000 төгрөгөөр авхуулсан. Нийт 6.070.350 төгрөг болж байгаа. Одоо имплант шүд хийлгүүлэхэд 2.100.000 төгрөг гээд байгаа. Нийт 2.707.350 төгрөг нэхэмжилж байгаа. Б 700.000 төгрөг, Г 250.000 төгрөг өгсөн. Үүнийг хасуулахаар 1.757.350 төгрөгийг нэхэмжилнэ. ...Шүд хийлгэх 1.757.350 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 83/,
2. Гэрч Ш.Г-аас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...А, Б хоёр оюутан ангийнхаа тухай ярьж байгаад гэнэт муудалцаад, Б бууж хаалга онгойлгож урд суудалд байсан А-г өшиглөхөд А бууж барилцаж аваад А босоо байхдаа Б-ын нүүрэн тус газар мөргөж, Б-ын хамт ноцолдож унасан. Тэр зодолдоод байсан. Би буугаад Б-ыг боль гэж хацар тус газар нь нэг удаа цохиж, А-г хавирч унгасан /унагаасан/ юм. ...Шүд унасныг гайхаж байна. Би хавирч унгаад /унагаад/ Б-ыг салгасан. ...А, Б-ыг мөргөөд дараа нь дээр нь гараад зогсож байсан. ...гэх мэдүүлэг /хх 11-12/,
-2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн “...Би А, Б хоёр зодолдож байхад салгах гэж хавирч угнаасан /унагаасан/ юм. А унахдаа явган хүний зам дээр унсан юм. /унасан/ ...унаад босч ирээд шүд үнчихлаа /уначихлаа/ гэж хэлсэн. Би А-г хоёр мөрнөөс нь бариж /барьж/ байгаад баруун хөлөнд /хөлд/ нь зүүн хөлөөрөө хавирч унгасан /унагаасан/. ...А-г Б машинд байхад нь өшиглөөд гарч зодолдож байхдаа нэг удаа мөргөсөн, энэ үед А-гийн шүд болон хамрыг гэмтээсэн байх. ...” гэх мэдүүлэг /хх 13/,
-2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “...Б ...бууж жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлж /онгойлгож/ /А-гийн цээж орчим өшиглөсөн. ...А бууж тэр хоёр барьцалдсан. Намайг харж байхад Б эхэлж А-г цохиод зодолдож эхэлсэн. А, Б-ыг явган хүний замын хажууд унагааж дээр нь гарч суугаад зодож байхаар нь...салгаад болиулахад А, Б-ыг цохиж дахин зодолдож эхлэхэд А-г Б унгаж дээр доороо ороод өнхрөөд байсан. Б дээр нь гараад А-г зодоод эхлэхээр нь би очиж Быг мөрнөөс нь татаж босгоод нүүрэнд нь нэг удаа цохиж боль гээд холдуулахад холдсон. А явган хүний зам дээрээс босож ирээд Б руу дайраад байхаар нь би боль гээд зогсож байтал эгц урдаас Б руу дайрах гээд ирэхээр нь хоёр гарны мөр хэсгээс барьж байгаад хавираад унгаасан /унагасан/ юм. А босож ирээд шүд хугарчихлаа гэж хэлээд над руу цустай шүлсээрээ нулимаад дайраад байсан. /хх 71/,
2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “...А-д хэрэглээрэй гээд 250.000 төгрөг өгсөн. Одоо бид хоёроос шүд хийлгэх 2 сая гаран төгрөг нэхээд байгаа. Миний хувьд 1 сая төгрөгийг цувуулаад 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дотор өгөх боломжтой байна. Үлдэгдэл 757.350 төгрөгийг Б өгөхөөр болсон. ...” гэх мэдүүлэг /хх 84/,
3. Гэрч Т.Т-с 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “...А бууж Б-тай барилцаж аваад машины хойгуур тойрч арагш зам руу гарч явсан. ...Г гэх залуу тэр хоёр дээр очиж А-г хавирч унгаад /унагаад/, Б-г цохиж салгаж байсан. ... гэх мэдүүлэг /хх 19-20/,
4. Б.Бын яллагдагчаар өгсөн: ...Би баруун хөлөөрөө А-ийн цээж орчимд нэг удаа өшиглөсөн чинь машинаас бууж ирээд надтай барьцалдаад бид хоёр маргалдаад машинаас бага зэрэг зайтай байсан. А миний шанаа тус газар гараараа цохихоор нь зөрүүлээд хамар орчимд нь 1-2 удаа цохиод зууралдаад бид газар унаад дээрээ доороо ороод байж байхдаа би А-ийн нүүрэнд тус газарт 2-3 удаа цохисон. Г машинаас бууж ирээд бид хоёрыг боль гээд бид хоёрын голоор ороод салгаад миний шанаа тус газар нэг удаа цохиод А-г татаад унагачихсан /унагаачихсан/, босч та 2 намайг ингэх гэж дуудсан юм уу гээд уурлаад шүд уначихлаа гээд Г руу дайраад байсан... гэх мэдүүлэг /хх 78-79/ зэрэг баримтууд тус тус авагджээ.
Хэрэгт авагдсан баримтыг шалгаж, дүгнэж үзэхэд хохирогч Б.А, шүүгдэгч Б.Б нар хоорондоо маргалдсан, харилцан зодолдсон, тэднийг зодолдож байхад гэрч Ш.Г салгасан үйл баримт байна. Гэхдээ хохирогч, шүүгдэгч нарыг салгах үйл явц болж дууссаны дараа Ш.Г нь хохирогч Б.А-тай зогсож байхдаа түүнийг хөлөөрөө хавирч унагаасан, хохирогч унахдаа зам дээр нүүр хэсгээрээ унаснаас шүд нь гэмтсэн үйл баримт тогтоогджээ.
Прокурор яллах дүгнэлтдээ ...Б.Б, Б.А нарын үйлдлийг таслан зогсоох үйлдэл Ш.Г хийсэн, Ш.Г-ын болгоомжгүй үйлдлээс хохирогч Б.А-гийн зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруулд салстын өнгөц шарх бүхий гэмтэл учирсан, санамсар болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд холбогдох гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцээгүй, хэргийн бодит байдалтай тохироогүй гэж үзсэн.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Б.А, шүүгдэгч Б.Б нарыг Ш.Г салгасны дараа хохирогчтой зогсож байхдаа түүнийг хавирч унагаасны улмаас шүд нь гэмтсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд тухайн агшинд Ш.Г-ын эсрэг хохирогч зүй бус үйлдэл гаргаагүй байхад, мөн салгах нэрээр бусдад хүч хэрэглэж, гэмтэл учруулсан үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан бөгөөд Ш.Г нь хохирогчийг хавирч унагаахад хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой тул хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл байна.
Нөгөөтээгүүр хохирогч, шүүгдэгч нарыг салгасан байхад буюу “Одоо больцгооё би орлоо” гэж хэлээд байж байхад Г миний хувцасны баруун талын зах хэсгээс зүүн гараараа өөр лүүгээ татаад зүүн хөлөөрөө миний баруун хөлийг хавирсан....” гэж хохирогч Б.А мэдүүлснээс үзэхэд маргаан бүхий үйл явц дууссан байхад хохирогчид халдаж, хүч хэрэглэж байгаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэх үндэслэл болно.
Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №1997 дугаартай дүгнэлтээр “...Б.Агийн биед хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруулд салстын өнгөц шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон /хх 23-24/ бөгөөд шинжээч Б.Баяртогтохоос ...зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр учрах боломжтой /хх 26/, ...зүүн дээд 1-р шүдний булгарал, салстын өнгөц шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруулын салстын өнгөц шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Нүүрээр газар унахад үүсэх боломжтой. Нүүрээр газар унахад бусад гэмтлүүд нэгэн зэрэг үүсэх боломжгүй. ...гэж мэдүүлсэн /хх 89/ бөгөөд Ш.Гын хохирогчид учруулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байна. Иймд Ш.Гын үйлдэлд дүгнэлт хийж, хуульд заасан ажиллагааг явуулсны эцэст хохирогчид хохирол учруулсан этгээдүүдийг нэг мөр шалгаж, тохирох зүйл, хэсгээр хэргийг зүйлчилж, хэрэгт шалгаж тогтоовол зохих ажиллагааг нэг мөр хийж зөвтгөх шаардлагатай гэж шүүх дүгнэв.
Хоёр. Бусад зөрчлийн талаар.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллах байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тэмдэглэх хэсэгт тусгана гэж хуульчилсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ад олон тооны гэмтэл учирсан нь тогтоогдсон ба, прокурорын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 379 дугаартай яллах дүгнэлтийн “тэмдэглэх хэсэгт” шүүгдэгч Б.Быг “хохирогчид аль гэмтлийг учруулсан нь хөнгөн хохиролд хамаарч байгаа эсэх” талаар тодорхой тусгаагүй нь яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
2. Б.Быг гэрчээр оролцуулан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Б.Атай нүүрэлдүүлэн хохирогч Б.Агаас: ”...Быг түлхэхэд Б өөдөөс түлхээд байхаар нь би заамдаад авахад Б баруун гараараа миний зүүн талын эрүү орчим цохисон. ...Б татаж унгаад /үнагаад/ дээр гарч зүүн мөр, шанаа орчим цохисон. Хэдэн удаа яаж цохисныг санахгүй байна. зууралдаад Б намайг цохиж байхад Г машинаас бууж ирээд Быг миний дээрээс татаж босгоод Бын хацар орчим нэг цохиж холдуулаад надтай ярилцаад зогсож байсан. Би Гт намайг зодох гэж дуудсан юм уу гэхэд баруүн хөлөөрөө намайг хавирахад би гараа өмдний халаасандаа хийсэн байсан болохоор эгц урагшаа нүүрээрээ унаж би яаж байгаа юм бэ гээд босож ирээд хэрэлдэх гэхэд миний үүдэн шүд унаад ирсэн. ...миний нүд хамрыг Б цохиж гэмтээсэн. Г намайг хавирч унгахад /унагахад/ миний эрүүний доод зулгаралт, шүдний хугаралт зэргийн гэмтлийг учруулсан юм.
Гэрч Б.Б-аас: “...Агийн сууж байсан урд талын баруун хаалга онгойж би баруун хөлөөрөө нүүр орчим нь өшиглөсөн юм. Тэгэхэд А машинаас бууж ирээд бид хоёр маргалдаж, би Аг баруун гараараа шанаа орчим цохисон. А намайг түлхэж унгахад /унагахад/ би дээр нь гарч би нүүрэн тус газар нь 1-2 удаа бусад газар луу нь 2-3 удаа гараараа цохисон юм. ...Г машинаас бууж ирээд намайг татаж босгоод миний нүүрэнд цохиж холдуулаад Аг босгосон юм. Тэгэхэд Агийн хувцас шороо болсон, нүүр ам хамраас гарсан цус байхгүй, баруун хацар нь зулгарсан байсан юм. А, Г хоёр ярилцаж байхад А гараа халаасандаа хийчихсэн ярилцаж байгаад Г Аг хавирч унагаасан юм. ...А босож ирээд шүд хугарчихлаа гээд цусаар нулимаад байсан юм. А намайг унгаж миний дээр сууж байхад шороон дээр татаж унгаж хацрыг зулгалсан юм. Би дээр нь гарч сууж цохиж байхдаа хамрыг нь хугалсан, нүд болон бусад гэмтлийг цохиж байхдаа учруулсан юм. Г Аг хавирч унгахад Агийн амнаас цус гарч байгаад Г бид хоёр нулимж байхад шүд нь унасан юм. ... гэх мэдүүлэг /хх 70/-ийг авагдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт "Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” талаар хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно. 2 дахь хэсэгт “Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно. гэж заасан байхад хэргийн холбогдогч Б.Быг гэрчээр оролцуулан мэдүүлгийн зөрүү арилгахаар хохирогчтой нүүрэлдүүлэн байцааж мэдүүлэг авсан нь дээр дурдсан хуулиудыг зөрчсөн гэж үзнэ.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа тэдний мэдүүлгийг үг, үсгийн алдаатай бичиж буулгасан нь агуулгын ноцтой зөрчлийг үүсгэсэн. Тухайлбал: татаж унгасан, татаж унгаж хацрыг зулгалсан, нулимж байхад шүд нь унасан, унхадаа, хавсдсан гэх зэрэг олон үгийн болон агуулгын алдаатай мэдүүлгүүд нь монгол хэлний зөв бичгийн дүрмийг зөрчиж, улмаар эрүүгийн хэрэгт цуглуулсан гэх баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлж дүгнэхэд учир дутагдалтай ба, хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн бүх мэдүүлэгт "унгасан” гэх үгээр бичсэн нь ноцтой утга, агуулгын алдаатай байх бөгөөд эдгээр байдлуудад прокурор эрх үүргийн хүрээнд хяналт тавьж зөрчлийг арилгуулах нь зүйтэй байна. Иймд зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Хан-уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа би, яллагдагч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан- Уул дүүргийн ………… дүгээр хорооны нутаг дэвсгэр нисэхийн эцэс автобусны буудлын орчим иргэн Б.Атай үл ялих зүйлээр шалтаглаж маргалдаж улмаар түүний толгой нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Бд холбогдох ………… дугаартай хэргийг хянан хэлэлцээд, 2022/ШЗ/1193 дугаартай захирамжаар:
Дээрх нотлох баримтаас үзэхэд хохирогч Б.А, шүүгдэгч Б.Б нар хоорондоо маргалдсан, харилцан зодолцсон, тэднийг зодолцож байхад гэрч Ш.Г салгасан үйл баримт байна. Гэхдээ хохирогч шүүгдэгч нарыг салгах явц болж дууссаны дараа Ш.Г нь хохирогч Б.Атай зогсож байхдаа түүнийг хөлөөрөө хавирч унагаасан, хохирогч унахдаа зам дээр нүүр хэсгээрээ унаснаас шүд нь гэмтсэн үйл баримт тогтоогджээ. Прокурор яллах дүгнэлтэндээ Б.Б, Б.А нарын үйлдлийг таслан зогсоох үйлдэл Ш.Г хийсэн, Ш.Гын болгоомжгүй үйлдлээс хохирогч Б.Агийн зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод уруулд салстын өнгөц шарх бүхий гэмтэл учирсан, санамсар болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж дүгнэж, шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцээгүй, хэргийн бодит байдалтай тохироогүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна. Шүүгчийн захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Агийн “ ... намайг Бтай зодолцож байхад Ганбаа ирж салгаж намайг хавирч унагаахад үүссэн гэмтэл ..” гэх, мөн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгт / шүд болон уруул орчмоос бусад гэмтлийг Б санаатай зодож учруулсан юм харин бид 2-ыг зодолцож байх үед Ш.Г ирээд Б.Быг татаж салгаад нэг удаа цохиод боль гэж хэлсэн, тэгээд намайг хавираад унагаасан.” гэх мэдүүлэг, яллагдагчаар Б.Бын “ ... А миний шанаа тус газарт гараараа цохихоор нь зөрүүлээд хамар орчимд нь 1-2 удаа цохиод зууралдаад бид 2 газар унаад дээр доороо ороод байж байхад Агийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Г машинаас бууж ирээд бид 2-ын голоор ороод салгаад миний шанаа тус газар нэг удаа цохиод Аг татаад унагаачихсан.” гэх мэдүүлэг, гэрчээр Ш.Гын “Б дээр нь гараад Аг зодоод эхлэхээр нь би очиж Быг мөрнөөс нь татаж босгоод нүүрэнд нь нэг удаа цохиж боль гээд холдуулахад холдсон. А явган хүний зам дээрээс босч ирээд Б руу дайрахаар нь би боль гээд зогсож байтал эгц урдаас Б руу дайрах гээд ирэхээр нь хоёр гарны мөр хэсгээс барьж байгаад хавираад унагаасан.” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Баяртогтохын “ ...хамар ясны хугарал, зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарагдан. Доод эрүү хацрын зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх 26-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Агийн биед хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод уруулд салстын өнгөц шарх хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, доод эрүүнд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд болсон байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 23-24/ зэрэг хэрэгт цугларсан байна. Хэргийн үйл баримтаар хохирогч Б.Агийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, доод эрүүнд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Б.Б учруулсан болох нь хохирогч Б.Б, гэрч Б.Т, Ш.Г нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. Мөн цаг хугацаанд яллагдагч Б.Б, Б.А нарын үйлдлийг таслан зогсоох үйлдэл Ш.Г хийсэн байх ба Ш.Гын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод уруулд салстын өнгөц шарх бүхий гэмтэл учирсан гэх нөхцөл байдал үүссэн бөгөөд уг гэмтлийг Ш.Г гэмт хэргийг таслан зогсоох үйлдэл хийхдээ буюу санамсар болгоомжгүйгээр учруулсан нь гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж прокуророос уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол үйлдэж, харин Б.Бд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын яллах дүгнэлтэд шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь бичсэн бөгөөд уг дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг ямар ямар гэмтлийн хэн хэрхэн учруулсан болохыг тус тусад нь дүгнэлт хийсэн дээр яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч хохирогч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусгаагүй, нотлох баримтаар үнэлээгүй байна. Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тооцохгүй байх бүрэн боломжтой.
Дээрх хэрэгт тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч А.З мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрч хохирогч нараас авсан мэдүүлэг, нүүрэлдүүлэн авсан мэдүүлгийн үг үсгийн алдаа, утга найруулгын алдаа, зөрүүтэй мэдүүлсэн байдлыг залруулахаар ахлах мөрдөгч Ө.Б-д уг хэргийг шилжүүлж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн байна. Учир нь дэслэгч А.З нь Оросын холбооны улсын цагдаагийн сургуулийг төгсөж ирээд шинээр томилогдсон мөрдөгч юм.
Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд яллагдагч Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/1193 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбаргүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцааж болох бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/1193 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/1193 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ