| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00488/И |
| Дугаар | 130/ШШ2024/00521 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2024/00521
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2024/00521 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух, Ш овогт С.Б
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын “У туг” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Б нь Б аймгийн Т сумын “У туг” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч С.Б нь Б аймгийн Т сумын 2 дугаар багт насаараа мал маллаж амьдарч байгаа.
1.2 С.Б нь Б аймгийн Т сумын “У туг” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.
1.2 Учир нь, С.Б-ыг тус нэгдэлд томилсон, чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна.
1.3 1987 оноос 1989 оны хооронд 2 жилийн цэргийн алба хаасан байгаа. Архивын тасгийн холбогдох материалуудыг гаргаж өгсөн. 1993 оноос хойш 8 жилийн нөхөн даатгалд хамрагдсан байгаа. 1991, 1992 онуудад нэгдэлд ажиллаж байсан болохоор тухайн жилүүд нөхөн даатгалд хамрагдаагүй. 2001 оноос 2004 онуудад малчдын журмаар нөхөн даатгалд хамрагдаж байсан. Тиймээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан С.Б-ын 70 дугаар дансны цалин хөлсний баримтад 3 сарын цалин авсан нь тогтоогдож байна. 1987, 1990, 1991 онуудад тус сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байсан талаар ямар ч нотлох баримт байхгүй байна гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1327 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Т сумын “У туг” нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1985-1986 оны баримтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 946 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Т сумын “Улаан туг” нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1991-1992 оны баримтууд, С.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчаас С-д олгосон итгэмжлэл, 0000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0000000 дугаартай баталгаажилтын хуудас, 0000000 дугаартай баталгаажилтын хуудас, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/6951 дугаартай архивын лавлагаа зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 678 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 618 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С.Б болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 271 дугаар албан бичгээр Х.М-д олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч С.Б-ын хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Б нь Б аймгийн Т сумын “У туг” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Учир нь, С.Б-ыг тус нэгдэлд томилсон, чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Б нь Б аймгийн Т сумын “Улаан туг” нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажилласан болох нь тогтоогдож байна. Үүнд:
6.1 Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1327 дугаартай архивын лавлагаанд Т сумын “Улаан туг” нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн Б-ын 1985-1986 оны ажилласан жилийн хөлсийг хуулбарлаж өгөв гэх ба тус нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1985 оны баримтад Б нь 8 дугаар сард 111 төгрөг 20 мөнгө, 9 дүгээр сард 82 төгрөг 45 мөнгө, 10 дугаар сард 90 төгрөг,нийт 52 төгрөг, өвс 184 төгрөг 80 мөнгө, 11 дүгээр сард 104 төгрөг, 12 дугаар сард 102 төгрөг 95 мөнгө, 1986 онд 1 дүгээр сард 105 төгрөг 80 мөнгө, 2 дугаар сард 105 төгрөг 80 мөнгө, 3 дугаар сард 77 төгрөг 20 мөнгө, 4 дүгээр сард 77 төгрөг 20 мөнгө, 5 дугаар сард 65 төгрөг 70 мөнгө, 6 дугаар сард 92 төгрөг 15 мөнгө, 7 дугаар сард 92 төгрөг 15 мөнгө, өвс 161 төгрөг тус тус цалин хөлс авч байсан талаар тусгагдсан байдал,
6.2 Мөн Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 946 дугаартай архивын лавлагаанд Т сумын “Улаан туг” нэгдлийн 70 дугаар дансны баримтаас иргэн 70 дугаар дансны баримтаас иргэн С.Б-ын 991-1992 оны ажилласан жилийн хөлсийг хуулбарлаж өгөв гэх ба 1991 оны цалин хөлсний баримтад С.Б, ажилласан хоног:360, үндсэн хөлс: 5025 төгрөг гэж, 1992 оны баримтад С.Б ажилласан хоног-360, 1-12-р сар 6293 төгрөг гэж тус тус цалин хөлс бичигдсэн байдал,
6.3 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 618 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С.Б-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад … 14.Ажилладаг байгууллага: Улаан туг нэгдэл, эрхэлж эхэлсэн он: 1989 … гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
7. Харин хүсэлт гаргагчаас Б аймгийн Т сумын “У туг” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн боловч дээрх хугацаанд С.Б нь малчнаар ажилласан талаар нотлох баримтгүй тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/6951 дугаартай Архивын лавлагаагаар С.Б нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/372 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0131 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар халагдсан болох нь тогтоогдож байна.
9. Хүсэлт гаргагч С.Б-ын 0984479 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 0000000000 дугаартай баталгаажилтын хуудсанд Ш овогт С.Б /РД:БЙ00000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.
10. Мөн 02294517 дугаартай баталгаажилтын хуудсанд Ш овгийн С.Б нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийтдээ 2 жил 0 сар, үүнээс малчнаар 2 жил 0 сар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулав. Түүний 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх, 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг тооцсон байна.
9.Дээрх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Б нь Б аймгийн Т сумын “У туг” нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажилласан болохыг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт С.Б нь Б аймгийн Т сумын “У туг” нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажилласан болохыг тогтоож, Б аймгийн Т сумын “У туг” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК