Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2024/00535

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2024/00535

Баян-Өлгий аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 101 дүгээр байр 00 тоот хаягт оршин суух, Х овогт Т.О-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Засаг даргын тамгын газар (дарга Б.М),

Хамтран хариуцагч: Б аймгийн Засаг дарга (А.К)-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Амласан шагнал болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газар, хамтран хариуцагч Б аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан Амласан шагнал болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Т.О нь Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн уугуул иргэн бөгөөд Тагнуулын Ерөнхий газрын Эрч спортын хорооны тамирчин.

1.2 Үндэсний сурын харваагаар он удаан жил уйгагүй хичээллэн хөдөлмөрлөсний үр дүнд 2022 оны 7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний сурын харваанд шигшээ 560 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс 40 сумандаа 39 онож, түрүүлэн төрөлх нутаг Б аймгийнхаа нэрээр цоллуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын мэргэн” цол хүртсэн билээ.

1.3 Б аймгаас он удаан жил тасалдсан Монгол Улсын Мэргэн хэмээх эрхэм хүндтэй цолыг нутаг усандаа авч ирж, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн энэхүү баярт явдлыг маань Б аймгийн удирдлагаас өндрөөр үнэлэн 2022 оны 09 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Б аймгийн төв цэнгэлдэхэд "Цолны мялаалга наадам” зохион байгуулахаар болж энэхүү арга хэмжээнд намайг урьсан.

1.4 Улмаар Б аймгийн төв цэнгэлдэхэд 2022 оны 09 дүгээр сарын 04-05 өдрүүдэд зохион байгуулагдсан “Цолны мялаалга наадам”-ын арга хэмжээний үеэр аймгийн удирдлагууд тодруулбал, тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.Б, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Б, аймгийн Засаг даргын орлогч А.А, Засаг даргын тамгын газрын дарга Б.М болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга нар биечлэн оролцож, аймгаас 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр шагнаж байгаагаа мэдэгдэж, эрхийн бичиг, батламж гардуулан энэ тухай наадмын талбайд наадамчин олны дунд буюу олон нийтийн өмнө амласнаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн.

1.5 Цолны мялаалга хийх үеэр аймгийн Засаг дарга Монгол Улсын мэргэн Т.О намайг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр шагнаж урамшуулсан мэдээллийг тухайн үед мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр олон нийтэд дамжуулан мэдээлсэн байдаг.

1.6 Мөн Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан “Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам”-ын 2.9.1-т “Үндэсний сурын Улсын мэргэн цол хүртвэл 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр шагнана хэмээн журамласан байна. Б аймгийн удирдлага буюу Засаг дарга асан Д.Б тухайн үед миний бие Т.О-г 20,000,000 төгрөгөөр шагнаж байгаагаа олон нийтийн өмнө амласан боловч өдийг хүртэл амласан шагналаа өгөхгүй байна.

1.7 Урьд жилүүдэд спортын амжилт гаргаж Улсын начин цол хүртсэн нэр бүхий бөхчүүдийг шагнаж урамшуулсан мөртлөө эрийн гурван наадмын нэг сурын харвааны төрөлд гаргасан миний амжилтыг үнэлэн амласан мөнгөө өгөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй ялгаварлаж байгаа мэт харагдаж байна. Дээр дурдсан Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан “Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам” нь бүх спортод адил тэгш үйлчлэх ёстой гэж үзэж байна. Уг амласан 20,000,000 /хорин сая/ төгрөгийн шагналыг тухайн үед Б аймгийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Д.Б шийдвэрлэж өгч амжихгүй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн боловч төрийн албаны залгамж халааг үргэлжлүүлэн аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа А.К-д эрх, үүргийнхээ дагуу холбогдох хууль, журмын хүрээнд шагналын 20,000,000 төгрөгийг шийдвэрлэж, төрөлх нутгийнхаа нэрийг өндөрт өргөж буй нутгийнхаа тамирчиндаа дэмжлэг үзүүлэх хүсэлтийг 2023 оны 6 дугаар сард гаргасан боловч өнөөдрийг хүртэл бичгээр хариу ирүүлээгүй. Бичгээр гаргасан хүсэлтийн хариуг ирүүлээгүй учир миний бие Т.О уг асуудлаар аймгийн Засаг дарга А.К-тай утсаар холбогдож тодруулахад чиний хүсэлттэй танилцаад Төрийн сангийн холбогдох албан хаагчид шилжүүлсэн байгаа боломж гарангуут шийдвэрлэж өгнө хүлээж байгаарай гэсэн хариуг өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна.

1.8 Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт “Тодорхой үйлдэл хийсэн эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Б аймгийн төв цэнгэлдэхэд зохион байгуулагдсан “цолны мялаалга наадам”-ын үеэр тамирчны гаргасан амжилтыг үнэлж, аймгаас 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр шагнаж байгаагаа аймгийн Засаг дарга олон нийтэд зарлаж, эрхийн бичиг, батламж гардуулан өгснөөр амжилт гаргасан тамирчинд уг шагналыг өгөх үүргийг хуулиар хүлээсэн байна.

1.9 Ингэснээр Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгох тухай амласнаар иргэний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.2-т “Энэ хуулийн 420.1-д заасан хийсэн буюу үр дүн бий болгосон этгээд зарлалын дагуу гүйцэтгээгүй ч зарлалд заасан болзлыг хангасан бол шагнал авах эрхтэй” гэж зааснаар, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан “Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам”-ын 2.9.1-т “Үндэсний сурын Улсын мэргэн цол хүртвэл 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр шагнана хэмээн журамласны дагуу амласан шагнал болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд Б аймгийн Засаг даргын тамгын газар болон Засаг даргаас амласан шагнал болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.М хариу тайлбартаа: Т.О-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Т.О-ийн нэхэмжлэлд дурдсан асуудлыг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцаагч байгууллагаар орох боломжгүй юм. Учир нь, нэхэмжлэлд дурдсан шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарыг мөнгөн шагналаар шагнах, урамшуулах” журамд заасны дагуу аймгийн төсвөөс олгогдохоор зохицуулагдсан.

2.2 Аймгийн Засаг даргын тамгын газар нь бие даасан төсөвтэй, тусдаа гэрчилгээтэй төсвийн байгууллагаа ба ямар нэгэн цол олгох, түүнийг урамшуулах эрх хэмжээтэй байгууллагаа биш тул аймгийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч байгууллагаа биш юм. Иймд хариуцагч байгууллагыг зөв тодорхойлохыг хүсье гэжээ.

 

3.Хариуцагч Б аймгийн Засаг дарга А.К хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Т.О-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзлээ.

3.1 Нэхэмжлэлд дурдсан шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарыг мөнгөн шагналаар шагнах, урамшуулах” журамд заасны дагуу аймгийн төсвөөс олгогдохоор зохицуулагдсан. Иймд Т.О-ийн нэхэмжилсэн 20,0 /хорин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Т.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: ... Т.О-ийн тус шүүхэд хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газар болон аймгийн Засаг даргад холбогдуулан амласан шагнал болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.1 Хамтран хариуцагч болох Б аймгийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлага болох 20 сая төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

4.2 Иймд нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар тодорхойлохоос татгалзаж байгаа ба аймгийн Засаг даргын тайлбарыг зөвшөөрч байгаа тул уг иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Б аймгийн Засаг даргын тамгын газар, хамтран хариуцагч Б аймгийн Засаг дарга тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10:30 цагт товлосон билээ.

6. Гэтэл шүүх хуралдаанаас өмнө хамтран хариуцагч Б аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжилсэн амласан шагнал болох 20,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аймгийн Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар тодорхойлохоос татгалзаж энэ тухай тайлбараа тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

8.Нэхэмжлэгч Т.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн тал 128,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000000000 дугаартай данснаас 128,975  төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Засаг даргаас 128,975 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Т.О-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

9.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б аймгийн Засаг дарга нь Амласан шагнал болох  20,000,000 /хорин сая/ төгрөгийг нэхэмжлэгч Т.О-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн тал 128,975 (нэг зуун хорин  найман мянган есөн зуун далан таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 128,975 (нэг зуун хорин  найман мянган есөн зуун далан таван) төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Засаг даргаас 128,975 (нэг зуун хорин  найман мянган есөн зуун далан таван)  төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Т.О-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК