Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03411 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Мд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Оийн талийгаач нөхөр Б.Эгээс Г.М нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 600 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байна.

Энэхүү зээлийн гэрээнээс эргүүлэн нэг ч төгрөг өгөөгүй байна. Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0.5 хувийн алдангийг нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож үзвэл 1 300 000 төгрөг болж байна.

Б.Эг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэнэт нас барсан ба өвлөх эрхийн гэрчилгээгээр өвийг хүлээн авсан тул тус нэхэмжлэлийг гаргасан.

Иймд Г.Мэс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл болох 2 600 000 төгрөг, түүн дээр алданги 1 300 000 төгрөг нийт 3 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Б.Эгийг амьд байхад Г.М зээл авсан гэх боловч уг мөнгийг П.А авсан. Уг мөнгийг П.А төлөх ёстой бөгөөд зээлсэн мөнгөний үлдэгдэл 2 000 000 төгрөг байсан. Хүүний нэмэгдэл гээд 2 600 000 төгрөг болсон байсан.

Үүнээс сар хүрэхгүй хугацааны дараа Б.Эг нас барсан. П.А мөнгийг төлөхгүй гэж маргахгүй, төлнө гэж хэлдэг. П.А нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Мэс зээлийн гэрээний үүрэг нийт 3 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Г.М миний бие талийгаач Б.Эг гэдэг ахаас дээрх нэхэмжлэлийн хүрээнд яригдаж байгаа 3 900 000 төгрөг авч байгаагүй.

П.А эгчийн зээлэн авсан мөнгийг таньдаг нотариат дээр очиж 2 600 000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар хүүгүй зээлэв гэж гарын үсэгтэй хуурамч гэрээ хийсэн. Энэ нь хавтаст хэрэгт мөнгө өгсөн авсан гэх баримт байхгүй байдлаар гэрчлэгддэг.

Мөн миний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дээрх нотлогдоогүй зээлийн гэрээг үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Г.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Эг нь Г.Мтэй 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Г.М нь 2 600 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүйгээр Б.Эгээс зээлсэн нь гэрээний 2.5-д заасан зээлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэлнээр олгосон гэж тодорхойлж, Г.М гарын үсэг зурснаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Б.Эг нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан, түүний эхнэр Г.О, хүүхдүүд Э.Аахүү, Э.Жавдандулам, Э.Түмэндулам, Э.Энхзул нар нь Б.Эрдэнчимэгийн өмчлөлд байсан Г.Мд зээлээр олгосон 2 600 000 төгрөгийн зээл, мөн гэрээний 2.7-д заасан алдангийг шаардах эрхийг өвлөн авсан нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, Г.От зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ Э.Аахүү, Э.Жавдандулам, Э.Түмэндулам, Э.Энхзул нар олгосон нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шаардах эрх шилжүүлэх тухай хэлцлээр тогтоогдсон тул анхан шатны шүүх Г.Оийг Г.Мэс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.5-д зааснаар нотлогдож байх бөгөөд үүнийг зээлдэгч нь баримтаар няцаагаагүй байна.

 

Иймд Г.М нь зээлийн гэрээний үүрэгт Г.От 2 600 000 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

 

Гэрээний 2.7-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн байх тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Мэс зээлийн гэрээний үүрэгт 2 600 000 төгрөг, алданги 1 300 000 төгрөг, нийт 3 900 000 төгрөгийг гаргуулж Г.От олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, хариуцагчийн өмгөөлөгч М.Идэрхангайд мөн өдрөө дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгджээ. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээрээ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөх бөгөөд хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул түүнээс нөхөн гаргуулах нь зүйтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03411 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 77 350 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА