Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.Отгонбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Долгорсүрэн

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, шүүгч Г.Батмөнх, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 2222000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айргийн *******- тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ЗП80**************02.

******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, тоотод өөрийн тай маргалдан улмаар будаа агшаагчийн залгуураар хоолойг нь боож алах гэмт хэрэгт холбогджээ.

           Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хасаж, Энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2735000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 73350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******589920 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон зардлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг зааж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 71 дүгээр зүйлийн 71.1.1-т зааснаар шүүгдэгч *******ийн 2011 оны 05 дугаар сарын 01-нд төрсөн охин М.Гүндэгмаа, 2013 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн охин М.Жаргалмаа нарт асран хамгаалагч тогтоох, шүүгдэгчийн өмч хөрөнгийг нь хамгаалах этгээд томилохыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга Н.Бат-Оргилд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бохирлогдсон цаас, цагаан өнгийн залгуур, куртик, архины шил, гарын мөр хоёр ширхэг, дэрний уут, үс мэт зүйл залгуур дээрээс авсан арчдас, таяг, өмд, дотоож, фудволк, оймс зэрэг эд зүйлийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, архи 1 ширхэг, улаан өнгийн оосортой, дугуй хэлбэртэй, дотроо хас тэмдэг бүхий тэмдэглэгээтэй металл нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандахнарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 2222000000039 дугаартай хэрэгт хавсаргаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сорын 09-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, тоотод өөрийн нөхөр болох тай маргалдан улмаар будаа агшаагчийн залгуураар хоолойг боож алах гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 8 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн.

******* нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд тухайн өдөр, орой болсон үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Харин өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч үйлдсэн үйлдлийнхээ талаар ярьж байгаа нөхцөл байдлаас харж дүгнэж үзэхэд дээрх зүйчлэл тохирохгүй байгаа гэж үзэж байгаа юм.

нь бусдыг санаатай алах санаа зорилго байгаагүй. Өөрөөр хэлбэл амь хохирогч маань эхлээд тодорхой үйлдлүүдийг хийсэн.Мөн амь хохирогч өөрөө хүзүү дээгүүрээ будаа агшаагчийн залгуурыг унжуулсан байсныг шүүгдэгч маань арагш нь эргүүлээд татаад унагаад орхисон талаар удаа дараалан мэдүүлэг өгч байгаа. Эндээс харахад амь хохирогч өөрөө эхлээд өөрийгөө боосон байхыг үгүйсгэхгүй. Ер нь тухай цаг хугацаанд амь хохирогчийг боогоод алчихлаа гэж огт санаагүй бодоогүй харин энэ үйлдэл нь шүүгдэгчийн хайхрамжгүй болгоомжгүй үйлдэл.

Хууль хэрэглэх практикт хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулах агшин дахь өөрөөр хэлбэл сэдэл санааны чиглэл, хандлагыг илрүүлэх явдал чухал гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдогч хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урьд өмнө нь заналхийлж байсан эсэх түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байгаа цаг үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг обьектив, субьектив шинжүүдийг тал бүрээс нь нягталж үзэх шаардлагатай байна. Эдгээр шинжүүд нь гэмт санааны хандлага, түүний төрлүүдийг үнэн зөв тодорхойлох мөн хүнийг санаатай алах гэмт хэрэг болон хохирогчийн үхэлд хүргэсэн нөхцөл шалтгаан, гэм хор учруулах болон хүнийг алах гэмт хэргүүдээс ялгаж зүйлчлэхэд чухал ач холбогдолтой хууль хэрэглэх практикт зарим тохиолдолд хуульд шууд заагаагүй боловч, эрүүгийн эрх зүйн онолоор харьцангуй боловсрогдсон зарим санаа, сэдэлтийн хэлбэрүүдэд зохих ёсоор анхаарлаа хандуулж өгч асуудлыг шийдвэрлэж өгнө үү?. Өмгөөлөгчийн зүгээс нь Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдэв үү? мөн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн үү гэдэг эргэлзээтэй байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал.... ашигтайгаар шийдвэрлэж болно гэж тодорхой заасан байдаг.

Иймд *******т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор ******* намайг гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм.

Анхан шатны шүүхийг дээрх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй байтал шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “Амь хохирогч ыг амь насаа алдсан даруйд түүний эхнэр *******ийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахад амь хохирогчийн хоолой дээрээ тавьсан залгуураас арагш нь татаж, үзүүрийг нь мушгисан гэж мэдүүлсэн” нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.04.06-ны 16 дугаартай “ нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна” гэх дүгнэлтээр давхар нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр дээрх шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан болохыг тогтоож байгаа ч боолт нь зөвхөн ******* боож алсан гэж нотолж, тодорхойлж байгаа баримт биш юм. Урьд нь тэрээр хэд хэдэн удаа амиа хорлохоор өөрийгөө боож, дүүжлэгдэх үйлдлүүдийг гаргаж байсныг ******* өөрөө болон аавынх нь тусламжтайгаар таслан зогсоож амь насыг нь аварч байснаа мэдүүлсэн. Энэ талаар хэрэгт гэрчээр талийгаачийн аавыг асуулгах, нотлох баримт шалгуулах нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт тавьсан ч шүүх хүлээж аваагүйд гомдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Гэтэл амь хохирогчийг хэл амаар доромжилсон, өөдөөс гутал авч шидсэн гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээхгүй, маргаж байгаа хэмээн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой.

Мөн 2022.05.31-ний өдрийн шүүх хурлаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа шүүгдэгч завсарлага авч, 2022.06.06-ны өдрийн эрүүгийн хариуцлагын хуралд иргэдийн төлөөлөгч ирээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд хэргийг дахин хянаж, надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандахнар давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бурхан болсон дүү маань эхнэр нь байсан хоёр тоотод оршин сууж байгаад 2022 оны 03 дугаар сарын 09-ний шөнө эхнэр байсан *******ийн гарт амиа алдсан нь үнэн. Шөнийн ******* цагаас 11 цагийн хооронд амьсгал хураасан байхад эмч, цагдаа нарт 2-3 цагийн дараа хэлсэн байгаа нь хүний амийг санаатай хөнөөгөөд хуулийн доод хэмжээ 8 жил авсан байж өөр юу гэж хэлхэв. Хүний амь хөөрхий, гомдол барагдахад хэцүү байна. Бид нар 2 үрийг нь бодож хэл ам хийгээгүй. Бурхан болсон дүүг минь хамгийн доодоор хэлж, гүтгэж дайрч байгаа. Уг шөнө тэй хэрэлдэж, маргалдах байтугай оройн 6 цагт гэрт орж ирээд унтаж байхад нь шөнө хоолойг нь боож хөнөөсөн. Хуулийн байгууллага учрыг нь олж үнэн зөвөөр шийдвэрлэсэнд талархаж байна гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би тийм гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн өдөр ажлаас орж ирэхэд тэр хүний ам хамраас нь маш их юм гоожсон байсныг цэвэрлэж өгсөн. Тэгээд амарч байхад тэр хүн өөрөө сэрээд харааж зүхээд тодорхой үйлдлүүдийг гаргасан. Тэгээд нэг хэсэг чимээгүй болсон байхаар нь сэрээд өндийтөл гэрэлд царай нь хөхрөөд сонин болсон байхаар нь 2 охиноо сэрээгээд гэрлээ асаагаад харангуут царай нь сонин байхаар нь баруун хашааны ахыг дуудахад ирээд энэ хүн өнгөрсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэр даруй эмнэлэг, цагдаа дуудсан. Уяаны тухайд тэр хүн хүзүүн дээрээ уяа унжуулаад тонгойгоод сууж байхаар нь хүүе ээ яаж байгаа юм үхэж хүнд гай болох нь гээд арагшаа унагаагаад уяаг нь автал тэр уяа их бохирдсон байхаар нь арчаад хаясан. Тухайн үед тэр хүнийг өнгөрсөн гэж бодоогүй. Би өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж ял аваад байж байна. Миний 2 охин нялх хүүхдүүд унтсан байсан. Би өөрөө гардаж хийгээгүй. Манай хүн маш их архи уудаг, ажил хийдэггүй, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, ажил дээр ирж дарамталдаг байсан. цагдаад тухайн үед нь зөндөө мэдэгдэж байсан ч тоохгүй орхиод явдаг байсан. Яагаад салаагүйн бэ гэхээр би 2 хүүхдээ бодоод тэвчиж амьдарч байсандаа харамсаж байна. Би ганцаараа ажил хийдэг байсан. Хэдий архи уудаг ч гэсэн тэр хүнийг чирч амьдралыг тэгшилж явсан. Болгоомжгүй үйлдлээсээ болж ийм байдалд хүрсэн. Надад бага ял оногдуулж өгөөч гэж хүсч байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж оролцож байна. *******ийг талийгаач нөхрийг нас барсны дараа яллагдагчаар татаж авсан мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн мэдүүлэг яллах үндэслэл болохгүй гэдэг заалтыг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх энэ яллагдагчийн мэдүүлгийг 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна гэж үзсэн. Хэдийгээр талийгаач нь амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэж байгаа ч боолт гэдэг нь өөрөө болон бусдаар үйлдэгдэх шинжтэй байдаг. Талийгаач нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архины хамааралтай, хөгжлийн бэрхшээлтэй, амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролдлого хийсэн тэр үед аавтай нь хамт болиулж байсан гэж ******* мэдүүлдэг. Энэ талаар түүний аавыг нь гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. энэ байдлаас харахад талийгаач өөрийгөө боосон байхад нь ******* будаа агшаагчны залгуурыг салгаж авсан байх магадлалтай. Тэр уяаг татаж авахад уяа хоорондоо эрчлэгдэх боломжтой. ******* санаатайгаар талийгаачийн аминд хүрэх сэдэл зорилго байдаггүй. Хэрвээ талийгаачийн нас барсантай *******ийн үйлдэл холбоотой гэж үзвэл хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тохирно гэж харж байна. ******* болон амь хохирогчийн хувийн зан байдлын талаар хэрэгт хангалттай нотлох баримтууд байдаг. ******* нь 8,******* настай 2 охины хамт үлдсэн. 2 охин одоогийн байдлаар айл айлаар хоног төөрүүлж амьдарч байна. Мөн анхан шатны шүүх хурал хууль зөрчсөн алдаатай зүйл гаргасан. 2022 оны 05 сарын 30-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болоод иргэдийн төлөөлөгчөөр Б.Цэрэнчунт гэдэг хүн оролцож гэм буруугийн талаар дүгнэлт гарсан. Иргэдийн төлөөлөгч бол болгоомжгүй байдлаар хүний амь насанд хүрсэн байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 34.15 дугаар зүйлд зааснаар хохирол төлүүлэх 5 хоногийн завсарлагааг авахыг хүсэж шүүхээс хүлээн авч 2022 оны 06 сарын 06-ны өдөр шүүх хуралдаан үргэлжлэхэд иргэдийн төлөөлөгч Б.Цэрэнчунт шүүх хуралдаанд ирээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж хуульд заасан журмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий гарсан. Өмгөөлөгч нарын хувьд зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилье гэсэн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. *******ийн мэдүүлэгт барьсан залгуураа нэг эргүүлээд арагш нь дараад залгуурыг аваад хогийн саванд хийсэн гэж мэдүүлсэн. Шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 сарын 02-ны өдрийн дүгнэлтээр хүзүүг тэгш ороосон, хүзүүний урд хэсэгт битүү төгсөж, хүзүүний урдаас арагш ташуу 2 талын эрүүний төвгөрийн доод хэсэгт хүрэн өнгийн дарагдлын оромтой байв гэсэн дүгнэлтээс харахад эргүүлээд татсан үйлдлээс болж нас барсан байна. Уяаг эргүүлээд татсан асуудал нь санаатай үйлдэл учир болгоомжгүй үйлдсэн гэж үзэх боломжгүй. Үүнээс гадна *******ийн мэдүүлж байгаагаар амь хохирогчийг сууж байсан гэж байна. Уяаг задгай байхад нь эргүүлээд татсан нь санаатай үйлдэл байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч Д.Долгорсүрэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж тайлбар гаргасан. Шийтгэх тогтоолоос харахад Б.Цэрэнчунт 2022 оны 06 сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон гэж байна. Шүүдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаар *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Нарлагийн  1-12 тоотод өөрийн тай маргалдан улмаар будаа агшаагчийн залгуураар хоолойг нь боож амь насыг нь хохироосон болох нь хэрэгт цугларсан гэрч Г.Эрдэнэбаяр, М.Гүндэгмаа, М.Жаргалмаа, Д.Оюунтуяа, Б.Эрдэнэсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...Тэгсэн боож үхнэ гээд байсан. Нэг сэрээд харсан хүзүүнд уяа байхаар нь очоод би уяаг нь татаад авахад арагшаа ойчсон, би согтуудаа ойчлоо гэж бодсон, би уяаг нь аваад гартаа ороогоод, нус цэрийг нь арчаад, хогийн саванд хийгээд хэвтсэн. Тэгээд чив чимээгүй байхаар нь хартал царай нь бараан харагдахаар нь гэрэл асаатал царай нь бараан болсон байсан гэх мэдүүлэг,

Гэрч Г.Эрдэнэбаярын “...2022 оны 03 сарын *******-ны өдрийн 00 цаг 30 минутад Мөнхсайханы охин Гүндэгмаа утсаар залгаад “аав хачин болчихлоо ороод ирээч” гэхээр гэрт орсон чинь талийгаач зуухны баруун талд хулдаасан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Толгой нь хойшоо харсан, царай нь хөхөрсөн байхаар нь судсан дээр нь дарахад мэдэгдэхгүй байсан. Тэгээд түргэн тусламж дуудуулсан. ...2022 оны 03 сарын 08-ны өдөр талийгаачийн охин Гүндэгмаа утсаар залгаад “аавыг оруулж дийлэхгүй байна, хүрээд ирээч” гэхээр нь тэднийд очиход талийгаач гэрийнхээ гадаа баруун урд талд газар уначихсан хэвтэж байхаар нь босгоод гэрт оруулсан. Тэгэхэд уруул, хамраа халцалсан байхаар нь арчиж цэвэрлээд үлдээсэн. Тэгэхэд хамар уруулынхаа шархыг авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/

Насанд хүрээгүй гэрч М.Гүндэгмаагийн “...Тэгсэн шөнө ээж “аав нь сонин болчихлоо” гээд уйлаад сэрээсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/

Насанд хүрээгүй гэрч М.Жаргалмаагийн “...шөнө 00 цаг өнгөрөөгөөд сэрсэн чинь ээж маань надад “эгээ бид хоёрыг унтсаны дараа унтсан. Тэгээд аавыг хурхирч байгаад бие нь муудаад сонин болчихсон байсан” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/

Гэрч Д.Оюунтуяагийн “...Тэгээд орой нь 17 цагийн үед Ерөөл нэртэй 0,5 литрийн нэг шил архитай орж ирсэн. Тэгээд манай нөхөр Эрдэнэбаяртай хамт архиа хувааж уучхаад Мөнхсайхан “гэр рүүгээ явлаа” гээд ганцаараа явсан. Тэгээд манай гэрийнхэн унтах гэж байсан чинь, 12 цаг өнгөрч байхад талийгаачийн эхнэр Урнаа залгаад “манай нөхөр нэг л сонин болчихлоо, царай нь цонхийгоод байна” гэхээр нь би нөхөртэйгөө хамт гэрт нь очтол гэрийнхээ баруун урд Мөнхсайхан дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд нөхөр, Урнаа бид 3, 3 талаас нь дамжлаад гэрийн баруун хойд талд гудас дэвсээд, зөөж хэвтүүлсэн. Түргэн дуудаад, эмнэлгийнхэн ирээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44/

 Гэрч Б.Эрдэнэсүрэнгийн “...Дуудлагаар очиход Монгол гэрт, гэрийн баруун хойд талд дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Үзлэг хийж үзэхэд амин үзүүлэлтүүд байхгүй, зүрхний цохилт байхгүй, хүүхэн хараа өргөссөн, гарын хумснууд нь хөхөлбөр болсон байдалтай, нас барсан байсан. ...Талийгаачийн бие дээр хамарны нүүрэн талын самсай, уруулын дээд хэсэгт халцарсан, хатчихсан шарх харагдсан. Өөр биеийн хэсгүүдэд гэмтэл шарх харагдаагүй. ...Хүзүүн дээр нь зүүлтний дагуу нь хүрэн толбо харагдаж байсан. Би тэрийг нь хүүрийн толбо үүссэн байна гэж харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтэд: “... амь хохирогч Ө.Мөнхсайхан нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд  орж нас барсан байна. ...”   /1-р хх-ийн 98-*******2-рт/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтуудаар амь хохирогч нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдсон  байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хоолойг боогоогүй хүзүүн дээр нь байсан будаа агшаагчийн залгуурыг 2 үзүүрээс нь барьж арагшаа татаад унагаснаас өөрөө хэрэгтэн боллоо гэж  мэдүүлсэн, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн үйлдэлд хүнийг санаатай алсан гэмт хэргийн шинж байхгүй гэж тайлбар, санал гарган мэтгэлцэж байна.

Хавтаст хэргийн 39, 150 дугаар талд өгсөн *******ийн мэдүүлэгт “...Мөнхсайхан сэрээд гичий, пязда, банзал гөлөг гээд харааж зүхээд доромжилсон, тэгээд гутлаа өөдөөс шидсэн, гутал нь орны хажууд унасан, тэгснээ гэрийн баруун урд талын гутлын савны хажуу талаас залгуур аваад тэгээд хүзүүн дээрээ тохоод би үхнэ гээд харааж зүхээд тэгээд тэрнээс нь арагш нь татаад унагаасан, барьсан залгуураа нэг эргүүлээд арагш нь /нэг их удаагүй/ залгуурыг аваад хуйлаад хогийн саванд хийсэн. Тэгээд талийгаач хэвтээд хоцорсон би орон дээрээ хэвтээд гэрэл унтраагаад жаахан дуг хийсэн. ...” гэх мэдүүлэг бусад нотлох баримтуудад дүгнэлт хийж үзвэл хохирогч ы хүзүүн дээр будаа агшаагчийн залгуур байж байсан гэх цаг хугацааны өмнө тэрээр амьд байсан, талийгаач нь залгуурыг аваад хүзүүн дээрээ тохчихсон байхад нь шүүгдэгч залгуурын хоёр үзүүрийг нь нийлүүлж бариад арагш татсан, дараа нь шүүгдэгч залгуурыг аваад  хуйлаад хогийн саванд хийсэн гэснээс үзвэл амь хохирогч энэ хооронд өөрөө өөрийгөө боосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ агуулгаар гаргасан  шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгч нарын тайлбар, гомдол үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүх амь хохирогч нь тухайн нөхцөлд шүүгдэгч *******ийг хэл амаар доромжилсон, өөрөө үхнэ гэж айлгасан нь түүний амь насыг хохироох шалтгаан болохгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий бөгөөд энэ агуулгаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан  шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 13398270 төгрөг нэхэмжилж нотлох баримтаа гаргаж өгснөөс анхан шатны шүүх, шүүгдэгч *******ийн төлсөн 2.735.000 төгрөгийг хасаж, нотлох баримтын шаардлага хангасан 2.735.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй *******.589.920 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 06 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.       
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

 

                                           Х.ГЭРЭЛМАА