Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00544

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00544

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК /захирал Ж.А/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Ф” ХХК /гүйцэтгэх захирал С.Т/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Бохир ус нийлүүлж, татан зайлуулах үйлчилгээний төлбөр 34,282,662 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.Т,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Т /Улаанбаатар хотоос цахим сүлжээгээр/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Ф” ХХК-д холбогдуулан Бохир ус нийлүүлж, татан зайлуулах үйлчилгээний төлбөр 34,282,662 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК нь аймгийн хүн ам, байгууллага,  аж ахуйн нэгжийг стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангаж, ахуйн болон үйлдвэрийн бохир усыг татан зайлуулж цэвэрлэн байгальд нийлүүлэх ажил үйлчилгээ явуулдаг.

1.2 “Ф” ХХК-ийн ноос угаах үйлдвэр нь хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээний 2023 оны 02 дугаар сар хүртэлх төлбөр болох 34,282,662 төгрөгийг удаа дараа шаардсан боловч одоо болтол төлөхгүй байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.

1.3 Иймд “Ф” ХХК-ийн бохир ус татан зайлуулах үйлчилгээ авсны төлбөр болох 34,282,662 төгрөгийг гаргуулан өгч Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т-ын хариу тайлбар, татгалзал:

2.1 “Ф” ХХК нь Б аймагт ноос боловсруулах үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэр билээ. “Ф” ХХК нь 2003 онд мал аж ахуйн бүх төрлийн ноосонд анхан шатны боловсруулалт хийх буюу ноосыг ялгах, угаах болон самнах үйл ажиллагаа явуулах зорилгоор Б аймгийн Ө суманд үүсгэн байгуулагдаад өдгөө 20 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан билээ.

2.2 Бид бүтээгдэхүүнээ Оросын Холбооны улс болон Европын холбооны улсуудын хэрэглэгчдэд зориулж үйлдвэрлэн, экспортлодог бөгөөд одоогийн байдлаар монгол хонь болон тэмээний ноосыг Оросын Холбооны улс, Европын холбооны улсуудын зах зээлд таниулан борлуулж буй цор ганц монгол компани юм.

2.3 Компанийн эрхэм зорилго нь монгол ноосыг чанарын өндөр түвшинд боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг зорьдог. Манай ноос боловсруулах үйлдвэр нь Б аймаг төдийгүй баруун бүсийн хувийн хэвшлүүдийн дунд томоохон үйлдвэрлэгч, ажил олгогч, ноос худалдан авагч байгууллага бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсын хөгжил ба эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

2.4 Олон жилийн үйл ажиллагаа, туршлагын үр дүнд үйлдвэрлэлийн процесс, зах зээлд танигдалт, ялгаралт, борлуулалт түгээлтийн сүлжээгээ үүсгэн 2022 он хүртэл амжилттай ажиллаж ирэв. Харамсалтай нь дэлхий дахинд тархсан цар тахлын нөлөө, Оросын Холбооны улс-Украйны хоорондын дайн, 2022 оны 2 дугаар хагасаас эхэлсэн ноосны дэлхийн зах зээлийн хямралаас үүссэн Оросын Холбооны улс болон Европын холбооны ноосны зах зээл хямралд орж, зогсонги байдал үүсэв.

2.5 Дээрх нөхцөл байдлуудаас хамаарч нэгдүгээрт манай байгууллагын бүтээгдэхүүний борлуулалт зогссон, хоёрдугаарт бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлт хүндрэлтэй, гуравдугаарт үйлдвэрлэл бүрэн зогссон зэрэг олон асуудлаас хамаарч компани үйл ажиллагаагаа зогсоож, өр төлбөрөө барагдуулж чадахгүй өрийн хуримтлал үүссэн юм. Иймээс компанийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсож, зах зээлийн нөхцөл байдлыг сэргэхийг хүлээх болов.

2.6 Оросын Холбооны улс болон Европын холбооны улсуудын зах зээлийн том тоглогч, судлаач шинжээчид, манай түншүүдийн үзэж буйгаар зах зээлийн хямрал 2024 оны 3 дугаар улирал хүртэл үргэлжлэх хандлагатай тул 2024 оны 3 дугаар улирлаас хойш манай компанийн борлуулалт сэргэж, хуримтлагдсан өрийг барагдуулна гэж найдаж байна.

2.7 Мөн компанийн хөрөнгө оруулагч, удирдлагуудын зүгээс Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн өр, бусад өр төлбөрийг барагдуулахад бүхий л боломж бололцоо арга замыг судалж, гарц гаргалгааг эрэлхийлж байгаа ба энэ хүрээнд бизнесийн нэг хэсгийг зарах боломжийг мөн судалж байна. Иймд бидний аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, өр төлбөрийг барагдуулах хугацааг түр хойшлуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлдэг “С” ХХК болон иргэд, аж ахуйн нэгж байгууллага хоорондын аж ахуйн харилцааны гэрээ, “С” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 15 дугаартай Мэдэгдэл, “Ф” ХХК-ийн захирал С.Т-тай уулзсан хурлын тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Төлбөрийн нэхэмжлэл, 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн Төлбөрийн баримт, фото зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “С” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 36 дугаар албан бичгээр Б.М, М.Т нарт олгосон итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн хариуцагч “Ф” ХХК-аас бохир ус нийлүүлж, татан зайлуулах үйлчилгээний төлбөр 34,282,662 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК нь аймгийн хүн ам, байгууллага, аж ахуйн нэгжийг стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангаж, ахуйн болон үйлдвэрийн бохир усыг татан зайлуулж цэвэрлэн байгальд нийлүүлэх ажил үйлчилгээ явуулдаг. “Ф” ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээний 2023 оны 02 дугаар сар хүртэлх төлбөр болох 34,282,662 төгрөгийг удаа дараа шаардсан боловч одоо болтол төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: “Ф” ХХК нь ноос боловсруулах үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэр бөгөөд бүтээгдэхүүнээ Оросын Холбооны улс болон Европын холбооны улсуудын хэрэглэгчдэд зориулж үйлдвэрлэн, экспортлодог бөгөөд одоогийн байдлаар монгол хонь болон тэмээний ноосыг Оросын Холбооны улс, Европын холбооны улсуудын зах зээлд таниулан борлуулж буй компани юм. Манай компани олон жилийн турш амжилттай ажиллаж ирсэн боловч дэлхий дахинд тархсан цар тахлын нөлөө, Оросын Холбооны улс-Украйн хоорондын дайн, 2022 оны 2 дугаар хагсаас эхэлсэн ноосны дэлхийн зах зээлийн хямрал зэргээс шалтгаалан зогсонги байдалд орсон. Иймээс бидний аргагүй байдлыг харгалзан үзэж, өр төлбөрийг барагдуулах хугацааг түр хойшлуулж өгнө үү гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

7.1. Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК болон “Ф” ХХК компанийн хооронд байгуулсан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний гэрээгээр талууд хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах харилцаатай холбоотой асуудлыг харилцан тохиролцсон байна.

7.2. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Гэрээний талууд хамтарсан хурал хийсэн байх ба уг хурлаар “Ф” ХХК-ийн зүгээс “С” ХХК-д төлөх бохир ус татан зайлуулсны хөлсийг 2023 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байна.

7.3.“С” ХХК-аас “Ф” ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 дугаартай албан бичгээр бохир ус нийлүүлж татан зайлуулсны төлбөр болох 2022 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарууд болон 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх 3 хоногт нийлүүлсэн бохир усны нийт төлбөр 34,282,662 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан байна.

8.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан байна. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй, төлөгдөх мөнгө болохыг хүлээн зөвшөөрсөн ба  төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн байна.

9.Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх; 15.1.13 дахь хэсэгт усны хэрэглээний төлбөрөө энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан хэмжээнд үндэслэн төлөх, мөн хуулийн 20 дугаар зүйлийн  20.1 дэх хэсэгт Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно гэж тус тус заасан байна.

10.Хариуцагч “Ф” ХХК нь үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээний хөлсийг хугацаанд төлөх үүргээ зөрчиж 34,282,662 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

11.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг төлөх хугацааг түр хойшлуулах талаар тайлбар гаргасан боловч хойшлуулах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

12.Иймд нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  хариуцагч “Ф” ХХК-аас бохир ус нийлүүлж, татан зайлуулах үйлчилгээний төлбөр 34,282,662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь зүйтэй байна.

13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 329,383 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч “Ф- ХХК-аас 329,383 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан хариуцагч “Ф” ХХК-аас бохир ус нийлүүлж, татан зайлуулах үйлчилгээний төлбөр 34,282,662 (гучин дөрвөн сая хоёр зуун наян хоёр мянган зургаан зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 329,383 (гурван зуун хорин есөн мянган гурван зуун наян гурван) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч “Ф” ХХК-аас 329,383 (гурван зуун хорин есөн мянган гурван зуун наян гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК