| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00400/И |
| Дугаар | 130/ШШ2024/00545 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2024/00545
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 130/ШШ2024/00545 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, шүүгч Б.Мангилик, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Австрали улсын С хот, Юнит18/11 Б, А хаягт оршин суух, Ж овогт Ж.М,
Нэхэмжлэгч: Австрали улсын С хот, Юнит18/11 Биджигал, А хаягт оршин суух, Ш овогт А .Ж нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Засгийн газрын нөөц санд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 8,037,563 (найман сая гучин долоон мянган таван зуун жаран гурван) төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,
Төрийг төлөөлж оролцсон прокурор А.Д,
Иргэдийн төлөөлөгч Х.К,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.М, А.Ж нар нь Гэм хорын хохиролд 8,037,563 (найман сая гучин долоон мянган таван зуун жаран гурван) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Ж.М-г Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ө-ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар прокурорын санал болгосны дагуу Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 он 4 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөгчөөс тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст холбогдох хэргийг прокурорын хяналтад шилжүүлснээр Х аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г-ын шийдвэрээр хяналтын прокурор Т.Ө-ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосон.
1.2 Уг шийдвэр гарсны дараа 7 сарын дараа нэхэмжлэгч Ж.М болон А.Ж нар хамт Австралийн холбооны улсад хувийн ажлаар зорчихоор болж 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5,480,000 төгрөгийн үнэтэй, хатуу нөхцөлтэй тийз бичүүлсэн. Иргэн Э, С нарын хүсэлт болсны дагуу тэдгээрийн дундаас төрсөн охин Д-г улс хооронд Австрали улс руу аялах зорилгоор явахад нь асран хамгаалж, харгалзан дэмжиж авч зорчихоор болж 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл олгосон.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхтэй. Эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.М-ийн чөлөөтэй зорчих эрхийг нь сэргээсэн атлаа 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нөхөр А.Ж, С.Д нарын хамт үндэсний агаарын тээврийн МИАТ компанийн онгоцоор Австрали улс руу зорчих гэтэл Чингис Хаан олон улсын нисэх буудалд хилийн боомтын эрх бүхий албан тушаалтан хилийн хоригтой бөгөөд цуцлагдаагүй гэсэн үндэслэлээр тухайн өдөр хил нэвтрүүлээгүй.
1.4 Үүнээс болж нэхэмжлэгч Ж.М болон хамт явж байсан хүмүүс сэтгэл санааны болон эд хөрөнгөөр хохирсон. Дараа нь нэхэмжлэгч нар прокурорын газарт гомдол гаргаснаар хилийн хоригийг Хил хамгаалах ерөнхий газрын цахим сангаас цуцлагдаж, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5,007,600 төгрөгийн үнэ бүхий тийз бичүүлж, Австрали улс руу зорчсон.
1.5 Нэхэмжлэгч Ж.М-д авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ буюу хилийн хориг Хил хамгаалах ерөнхий газрын цахим сангаас цуцлагдаагүйгээс болж итгэмжлэлийн дагуу хамт зорчих гэж байсан насанд хүрээгүй С.Д нь мөн 2023 оны 6 дугаар сарын 28-ний өдөр Австрали улс руу зорчиж чадаагүй. Үүнээс болж Ж.М-д 745,1 ам доллар буюу 2,557,563 төгрөгийн бодит хохирол учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлэхийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус засан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч, хил хамгаалах байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 8,037,563 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1 Х аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар прокурорын санал болгосны дагуу Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 он 4 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөгчөөс тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст холбогдох хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн.
2.2 Х аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г-ын шийдвэрээр хяналтын прокурор Т.Ө-ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь үнэн. Уг хүчингүй болгосон тогтоолыг Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, цахим сангаас хасуулаагүй нь Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ө-ын буруутай ажиллагаанаас болсон гэдгийг хэлье. Хэдийгээр 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ж.М-д хилийн хориг тавьж, хилээс гаргаагүй ч гэсэн А.Ж насанд хүрсэн хүн мөн, хилээс орж, гарах эрх нь нээлттэй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.К: “Нэхэмжлэгч А.Ж болон Ж.М нарын гаргасан гомдол нь үндэслэлтэй байна. Учир нь, прокурор хилээс гарахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан мөртлөө Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдээгүйн улмаас нэхэмжлэгч нар хохирсон байна. Иймд нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна ” гэсэн дүгнэлт гаргажээ.
4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч нараас А.С-д олгосон итгэмжлэл, А.Ж, Ж.М нарын гадаад паспортын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Мэдэгдэх хуудас, Х аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоол, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЦХШЗ/00 дугаартай шүүгчийн захирамж, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ЦХМЗ/00 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 7 дугаартай Прокурорын санал, Х аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1813003640097 дугаартай Прокурорын тогтоол, Өмгөөллийн “Ө Адвокат” ХХН-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай албан бичиг, А.Ж, Ж.М, С.Д нарын онгоцны тийз, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, МИАТ ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №Т23/41 дугаартай тодорхойлолт, МИАТ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт (хуулбар), 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаартай итгэмжлэл, МИАТ ХХК-ийн онгоцны билет, ХААН банкны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гүйлгээний баримт, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2-4в/1336 дугаартай албан бичиг, Өмгөөллийн “Ө Адвокат” ХХН-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай албан бичиг, Монгол банкны Б аймаг салбарын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А-04 дугаартай албан бичиг зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 598 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай Томилолтын хуудас, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШЗ2024/0000 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу А.Ж, Ж.М, С.Д нарын онгоцны билетийн орчуулга, цахим тийзний баримт зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Ж.М, А.Ж нарын гэм хорын хохирол 8,037,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 5,480,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, илүү нэхэмжилсэн 2,557,553 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн болно.
7.Нэхэмжлэгч Ж.М, А.Ж нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Ж.М-д эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар прокурорын санал болгосны дагуу Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ЦХШЗ/006 дугаар захирамжаар яллагдагч Ж.М-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст Х аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ж.М-г Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон. Ийнхүү шийдвэр гарснаас хойш 7 сарын дараа Ж.М нь нөхөр А.Ж-н хамт Австралийн холбооны улс руу хувийн ажлаар зорчихоор болж 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5,480,000 төгрөгийн үнэтэй, хатуу нөхцөлтэй тийз бичүүлсэн. Иргэн Э, С нарын хүсэлт болсны дагуу тэдгээрийн дундаас төрсөн охин Д-г улс хооронд Австрали улс руу аялах зорилгоор явахад нь асран хамгаалж, харгалзан дэмжиж авч зорчихоор болж 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл олгосон. Эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.М-ийн чөлөөтэй зорчих эрхийг нь сэргээсэн атлаа 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нөхөр А.Ж, С.Д нарын хамт үндэсний агаарын тээврийн МИАТ компанийн онгоцоор Австрали улс руу зорчих гэтэл Чингис Хаан олон улсын нисэх буудалд хилийн боомтын эрх бүхий албан тушаалтан хилийн хоригтой бөгөөд цуцлагдаагүй гэсэн үндэслэлээр тухайн өдөр хил нэвтрүүлээгүй. Үүнээс болж нэхэмжлэгч Ж.М болон хамт явж байсан хүмүүс сэтгэл санааны болон эд хөрөнгөөр хохирсон. Дараа нь нэхэмжлэгч нар прокурорын газарт гомдол гаргаснаар хилийн хоригийг Хил хамгаалах ерөнхий газрын цахим сангаас цуцлагдаж, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5,007,600 төгрөгийн үнэ бүхий тийз бичүүлж, Австрали улс руу зорчсон. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч, хил хамгаалах байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 8,037,563 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
8.Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Х аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар прокурорын санал болгосны дагуу Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 он 4 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба Х аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г-ын шийдвэрээр хяналтын прокурор Т.Ө-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон нь тогтоогдсон байна. Уг хүчингүй болгосон тогтоолыг Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэж, цахим сангаас хасуулаагүй буруутай ажиллагаа гарсан байна. Энэхүү ажиллагаанаас болж нэхэмжлэгч Ж.М-д хилийн хориг тавьж, хилээс гаргаагүй ч гэсэн А.Ж насанд хүрсэн хүн мөн, хилээс орж, гарах эрх нь нээлттэй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
9.1.Х аймгийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0000000 дугаартай прокурорын тогтоолоор Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн тасгийн эмчээр ажиллаж байсан Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ЦХШЗ/00 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.М-д Монгол улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ж.М-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хил хамгаалах ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт тус тус даалгасан болох нь тус тус тогтоогджээ.
9.2.Х аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Х аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Ө-ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ж.М-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай саналаа шүүхэд хүргүүлсний дагуу Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЦХШЗ/00 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.М-д авсан Монгол улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байх ба Х аймгийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Мэдэгдэх хуудсаар Ж.М-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон болон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн байна.
9.3.Нэхэмжлэгч Ж.М болон түүний нөхөр А.Ж нар нь Улаанбаатараас Сидней рүү 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нисэх нислэгийн билетийг захиалсан болох нь, мөн тухайн нислэгийн үнэд 1591.80 ам.доллар буюу 5,480,000 төгрөг төлсөн болох нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нислэгийн тийз болон шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна.
9.4.Нэхэмжлэгч Ж.М нь насанд хүрээгүй охин С овогтой Д-г Австрали улсад аялах зорилгоор явахад асран хамгаалж, харгалзан дэмжиж авч зорчих, хил гаалиар хариуцан авч нэвтрэх, аяллын хугацаанд амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйлдэл хийх зэрэгт төлөөлөхөөр 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл олгогдсон байна.
9.5.С овогтой Д нь Улаанбаатараас Сидней рүү 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нисэхийн нислэгийн тийзний үнэд 745.10 доллар буюу 2,557,563 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна.
9.6. МИАТ ТӨХК-ийн Санхүү, нягтлан бодох хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №Т23/41 дугаартай тодорхойлолтоор “Зорчигч А.Ж, С .Д, Ж.М нар нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлд ОМ307 дугаартай нислэгээр зорчихоор билет захиалсан ч бүртгэл хийгдээгүй байна” гэж , мөн МИАТ ХК-ийн Суудал захиалга, борлуулалтын төвийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өрийн тодорхойлолтоор “А.Ж, Ж.М, С.Д нар нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар–Сөүл чиглэлийн нислэгт суудал хоосон явуулсан нь үнэн болно” гэж тус тус тодорхойлсон байна.
9.7.Хил хамгаалах Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2-4в/1336 дугаартай алба бичигт “Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/63 дугаартай шүүгчийн захирамжийг Хил хамгаалах ерөнхий газрын Border [email protected] цахим хаягт Авлигатай тэмцэх газрын ажилтны [email protected] цахим хаягаас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 16.10 цагт ирүүлснийг бүртгэлээр хүлээн авч, цахим санд хоригтой иргэний жагсаалтаас хасаж, шийдвэрлэсэн байна.” гэжээ.
10.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба төрийг төлөөлж оролцсон прокуророос нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим шаардлага нь үндэслэлгүй гэж маргажээ.
11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.
12.Нэхэмжлэгч Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэрэгсэхгүй болгож, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түүнд авсан Монгол улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Ж.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь Хил хамгаалах ерөнхий газрын цахим санд хоригтой иргэний жагсаалтаас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хасагдаагүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба үүний улмаас Ж.Майра нь нөхөр А.Ж хамт Австралийн холбооны улсад хилийн хоригтой гэсэн үндэслэлээр зорчих боломжгүй байдалд хүрсэн бөгөөд Улаанбаатар-Сидней чиглэлд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нисэх нислэгийн билетийн үнэд 1591.80 ам.доллар буюу 5,480,000 төгрөг төлж хохирсон байна. Энэхүү хохирол нь төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.
13.Нэхэмжлэгчээс С овогтой Д-ийн Улаанбаатараас Сидней рүү 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нисэхийн нислэгийн тийзний үнэд төлсөн 745.10 доллар буюу 2,557,563 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа болоовч тухайн мөнгийг Ж.М, А.Ж нараас буцан төлсөн эсхүл дараагийн нислэгийн үнийг нэхэмжлэгч нараас төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул уг хохирлыг нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохиролд тооцож гаргуулах боломжгүй байна.
14. Иймд Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 5,480,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М, А.Ж нарт олгож, илүү нэхэмжилсэн 2,557,553 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
15.Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор А.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Х аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор нэхэмжлэгч Ж.М-д Монгол улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул нэхэмжлэгч Ж.М, А.Ж нарын нэхэмжлэл шүүхийн харьяалал зөрчсөн гэж маргасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно” гэж, мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүхийн харьяалал зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
16.Иргэдийн төлөөлөгч нь төрийн албан хаагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас иргэд хохирсон байх тул А.Ж болон Ж.М нарын онгоцны тийзийн мөнгийг буцаан өгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан байна.
17.Нэхэмжлэгч А.Ж, Ж.М нарын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 5,480,000 (таван сая дөрвөн зуун наян мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М, А.Ж нарт олгож, илүү нэхэмжилсэн 2,557,553 (хоёр сая таван зуун тавин долоон мянган таван зуун тавин гурван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ
ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК
Х.МЕЙРАМБЕК