| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00489/И |
| Дугаар | 130/ШШ2024/00553 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2024/00553
| 2024 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 130/ШШ2024/00553 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Прокурорын газар /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор А.Д/,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Х овогт А.С,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газраас хариуцагч А.С-д холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “... Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөрт хамрагдаж, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг авч түүнийгээ төлж барагдуулаагүй нэр бүхий иргэдийн төлбөрийг нөхөн төлүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус аймгийн прокурорын газарт ирүүлсэн.
1.2 Хүсэлтийг хүлээн авч танилцахад “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан А.С нь “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-г 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газартай байгуулан “Оёдол” хийх зорилгоор 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 3 жилийн /36 сар/ хугацаатайгаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан байна.
1.3 Гэвч А.С нь уг дэмжлэгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2,000,000 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогдсон байна.
1.4 Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтад “...хавсралтад тусгагдсан “Эргэн төлөлт хийх хуваарь”-ийн дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлнө...”, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагчаас дээрх сангаас авсан санхүүгийн дэмжлэгийн үлдэгдлийг гаргуулж, нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бүрджээ.
1.5 Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргасан хүсэлтдээ “...манай байгууллагыг төлөөлөн оролцож өгнө үү” гэжээ. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаас үзэхэд прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.
1.6 Харин Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага байх бөгөөд дээрх тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжуудад зааснаар А.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, төрөөс иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг дэмжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон санхүүгийн дэмжлэгийг авч, эргэн төлөөгүйгээс төрд хохирол учирсан түүнчлэн дараа дараагийн дэмжлэг авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилт бүрдэхгүй нөхцөл байдал үүссэн нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг буюу гэрээний үүргийг даруй хангуулах шаардлагатай байна гэжээ.
2. Хариуцагч А.С шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Хариуцагч А.С би нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөрт хамрагдаж, оёдол хийх зорилгоор 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж дуусгах ёстой байсан боловч тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй байсан. Одоо тус байгууллагын надаас нэхэмжилж байгаа нийт 2,000,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 00000 тоот дансанд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч А.С-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөгийг Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 000000тоот дансанд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 46,950 төгрөгийн тал нь болох 23,475 төгрөгийг хариуцагч А.С-ээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.С нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн үлдэгдэл төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөгийг Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 00000 тоот дансанд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.С-ээс 23,475 /хорин гурван мянган дөрвөн зуун далан таван/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК