Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00576

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00576

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 6 дугаар багт оршин суух, Т овогт С.Б

Хүсэлтийн шаардлага: 000000 дугаартай цэргийн батлах, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн 0000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь тус тус Т овогт С.Б мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Б, түүний өмгөөлөгч С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Б нь 630006 дугаартай цэргийн батлах, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн 1383 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь тус тус Т овогт С.Б мөн болохыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч С.Б би Б аймгийн У сумын хүн эмнэлэгт 1968 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Т овогт С.Б ууган хүүхэд болж эх  овогт Ш.Р хорвоод мэндэлсэн байдаг.

1.2 Казах үндэсний зан заншил, онцлог уламжлалын дагуу миний өвөө эмээ нарын хүсэлт гуйлтыг үндэслэж намайг бага байхад миний эцэг эх С.Б, Ш.Р нар намайг өвөө эмээ болох С.С, Е.З нарт үрчлүүлж өгсөн байна.

1.3 С.Б-ээс эрэгтэй хүүхэд ганц би төрсөн ба миний дараа хоёр эмэгтэй төрснөөс Б.А нас барсан нөгөө эмэгтэй дүү Б.Б Казахстан улс руу нүүж тус улсын иргэн болсон.

1.4 Би багадаа өвөө эмээтэйгээ хамт амьдарч өссөн бөгөөд 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  иргэний паспорт авахад өвөө өөрөө намайг дагуулж явж Цагдан сэргийлэхийн төлөөлөгчид материал өгч “С.Б” 1968 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, БК:00000000 регистрийн дугаартай гэж бичигдсэн иргэний паспорт авч өгсөн. Ийм паспорт авч өгсний дараа би өөрөө өвөөгийн нэр бичигдсэнийг эс зөвшөөрч өөрийн гараараа хөх-цэнхэр чернилийн үзгээр эцгийн нэрийг “Б” гэж засварласан юм. Намайг үрчилж авсан аав буюу өвөө С нь намайг 4 дүгээр ангид сурч байхад сургуулиас гаргаж авсан бөгөөд би бараг бичиг үсэг мэдэхгүй.

1.5 Өвөө болох С.С нь намайг бага байхад У сумын “А хөгжил” нэгдэлд бог мал малладаг малчин байсан ба би багаасаа өвөөгийн дэргэд малчин болж тусалж байгаад 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд явсан. Намайг цэргийн албанд явна гэж тус У сумын захиргааны ажилтан нь цэргийн 000000 тоот батлах бичиж мэдэгдсэнээр би цэрэг явсан.

1.6 Гэтэл У сумын захиргааны ажилтан нь цэрэгт явах залуучуудын нэрсийг бичиж аймгийн төвд, цэргийн хэлтэст цэргийн батлах авах тухай бүртгэл судалгаанд хамруулж бичиж хүргүүлэхдээ хариуцлагагүй хандаж намайг “Б.Б 1969 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн” гэж бичиж бүртгүүлснээр Цэргийн хэлтсийн нэгдсэн бүртгэл судалгаанд энэ нэр овгоор бичигдэж, улмаар цэргийн 000000 тоот батлах олгогджээ. Би үүнийг зөрчилтэй бичигдсэнийг нь мэдээгүй, Ардын армийн 119 дүгээр ангид уг цэргийн батлах болон намайг хамтад нь цэрэг таталтын хүмүүст хүлээлгэж өгөөд явчихсан. Тэр ангид би цэргийн батлахад бичигдсэнээр Б.Б болоод алба хааж ирсэн. Очиход боловсролгүй, хэл мэдэхгүй болохоор би цэргийн дарга нарт хэлж нэр овгоо залруулан засуулж чадаагүй байсаар халагдсан. Би боловсролгүй бөгөөд цэргийн батлахад “Б” гэдэг гарын үсгийг ч бичээгүй юм. Би эцэг эхээс 3-лаа гэдгийг дээр бичсэн. Хоёр нь эмэгтэй бөгөөд тэд Б гэдэг нэртэй биш. Мөн Б гэдэг ах, төрөл садангийн хүн надад байхгүй.

1.6 Миний иргэний паспортад буюу цахим үнэмлэх БК:00000000 регистрийн дугаартай, Т овогт С.Б гэж бичигдсэн байгаа. Мөн паспортыг үндэслэж нийгмийн даатгалын 000000 тоот дугаартай дэвтэрт 1968 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Т овогт С.Б гэж бичигдсэн байгаа. Энэ дэвтрийн 26-27 дугаар хуудсанд “Нийгмийн даатгалын шимтгэлийг 8 жилийг төрөөс төлсөн тухай 0000000000 дугаартай баталгаажилтын хуудас байгаа юм. Үүнд: 1993 оноос 2000 оны дуустал гэсэн байгаа.

1.7 Анхнаасаа үрчлэлтийн асуудлыг үрчлэгч, үрчлүүлэгч нар зөв зохистой бичиж бүрдүүлээгүйгээс болж сумын удирдлага захиргааны бүртгэлийн ажилтнууд миний болон аав Б, өвөө /үрчлэгч/ С нарын үгэнд итгэж хариуцлагагүй хандсаны улмаас эхнэр А.Ж бид хоёрын дундаас төрсөн хүүхдүүд болох Б.А, Б.Т, Б.Д, Б.Б нарын төрсний гэрчилгээнүүд улсын бүртгэлд буруу бүртгэгдээд байна.

1.8 Түүнээс гадна насаараа мал малласан миний хөдөлмөр ч үнэлэгдэхгүй болж болзошгүй байна. Гэр бүлийн маань бүх гишүүдийн бичиг баримт зөрчилтэй болсон болохоор үүнийг засаж залруулахын тулд би өөрийнхөө овог нэр буруу ташаа бичигдсэн баримт бичгүүдийг тодруулахын тулд шаардлагад бичсэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд Б.Б цэргийн алба хаасан тухай 0000000 дугаартай цэргийн батлах, Б.Б-ын Б аймгийн Ц сумын малчнаар ажиллаж байсан тухай бичигдсэн “А хөгжил” нэгдлээс өгсөн 1383 дугаартай 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт С.Б тус тус мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 000000 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10201 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн 1383 дугаартай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Т, Б.А, Б.Б, Б.Д нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1027939 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0206000606 дугаартай баталгаажилтын хуудас, 02083231 дугаартай баталгаажилтын хуудас зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.Б-ий 00000000 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Е.З-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 427, 428 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 606, 607, 608, 609 дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 723, 724 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 361 дугаар албан бичгээр ирүүлсэн С.Б-ын ХААТР маягтууд, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 211 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б-н цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 521 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.Б-ын ХААТР маягтууд, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02/476 дугаар албан бичгээр ирүүлсэн Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №03-05/2615 дугаартай Лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.Б  хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Б аймгийн Засаг даргын тамгын гарын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар албан бичиг, Х.Б-ын гэрчийн мэдүүлэг, Х.Б-ын 557912 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 234 дугаар албан бичгээр ирүүлсэн  Б аймгийн У сумын “А хөгжил” нэгдлийн 1983 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай, 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай тушаал, мөн нэгдлийн 1987 оны цалин хөлсний баримтууд, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 662 дугаар албан бичгээр ирүүлсэн С.Б, Ш.Р болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Е.С, Х.С нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг бүлдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг  хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн үндэслэлээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие 1968 онд Б аймгийн У суманд төрсөн. Цэргийн алба хааж байх хугацаанд миний нэрийг маань цэргийн батлах дээр Т овогт С.Б болж буруу бичигдсэн. Мөн миний хөдөлмөр эрхэлсэн үеийн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Б.Б гэж овог буруу бичигдсэн тул эдгээр баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч С.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1 Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10201 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд Б.Б  БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/000 дугаар тушаалаар Б аймгаас 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 119 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/000 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 00000 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн байна.

6.2 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 361 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С.Б-ын ... БНМАУ-ын Хүн амын регистрийн картад ... 16.Цэргийн алба хаасан эсэх: хаасан ... гэж бүртгэгдсэн байна.

6.3 Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 211 дугаартай албан бичигт Б.Б-н цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх ба уг албан бичгээр ирүүлсэн Б аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетэд цэргийн батлахын дугаар: 630006, овог нэр: Б.Б, төрсөн он сар өдөр: 1969-08-10, захиргаа: Б аймаг У сум, оршин байгаа хаяг: Улаанхус сумын Хөх адрын хэсэг, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: 1983 оноос малчин, хаана ямар сургууль, курс төгссөн: 1982 онд 4-р анги, эх нас барсан 10 хоног чөлөө олгов, ам бүл хэд, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай: 4 эцэг нь 44 настай төлчин, эх нь 40 настай малчин, 14 насны 1 дүүтэй ... тухайн үеийн цээж зургийг наасан байна.

6.4 Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02/476 дугаартай албан бичигт тус архивын сан хөмрөгт хадгалагдаж багаа Б аймгийн У сумын 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээс С.С-д холбогдох лавлагааг хавсралтаар хүргүүлэв. Мөн манай архивын сан хөмрөгт 1935, 1963, 1969, 1979 онуудын хүн амын тооллогын баримт хадгалагдаж үлдээгүй тул С.С, С.Б, С.Б, Б.Б нарт холбогдох хүн амын тооллогын лавлагаа гаргах боломжгүй байна гэх ба тус архивын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №03-05/2615 дугаартай Лавлагаанд ... он: 1956, аймаг/хот: Б, сум/ дүүрэг: У /Төв/, овог: С, нэр: С, Өрхийн тэрүүний хамаарал: Өрхийн тэргүүн, нас: 44, хүйс: эрэгтэй, овог: Е, нэр: З, өрхийн тэргүүний хамаарал: эхнэр, нас: 42, хүйс: эмэгтэй, овог: С, нэр: Х, өрхийн тэргүүний хамаарал: хүү, нас: 15, хүйс: эрэгтэй, овог: С, нэр: Б, өрхийн тэргүүний хамаарал: хүү нас: 15, хүйс: эрэгтэй, овог: С, нэр: М, өрхийн тэргүүний хамаарал: охин нас: 6, хүйс: эмэгтэй, овог: С, нэр: Ш, өрхийн тэргүүний хамаарал: охин нас: 5, хүйс: эмэгтэй, овог: С, нэр: Е, өрхийн тэргүүний хамаарал: хүү нас: 3, хүйс: эрэгтэй, овог: С, нэр: Е, өрхийн тэргүүний хамаарал: хүү нас: 1, хүйс: эрэгтэй ... гэж тус тус бүртгэгдсэн байх ба уг лавлагаагаар С.Б нь С.С хүү болох нь тогтоогдож байна.

6.5 Хүсэлт гаргагчаас миний өвөө болох С төрсөн дүү болох Х нь Б гэх хүүтэй бөгөөд тухайн үеийн Цэргийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж миний нэрийг Б.Б гэж бүртгэсэн байж болзошгүй гэж тайлбарлаж байгаа боловч Х.Б нь Ардын армийн 016 (199) дүгээр ангид  БХЯ-ны сайдын 1986.06.05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар Б аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.08.25-ны өдөр 557912 дугаарын цэргийн батлахтай халагдсан буюу хүсэлт гаргагч С.Б-аас өөр цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.

6.6 Гэрч Х.Б шүүхэд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ ... С.Б бид хоёр төрлийн ах дүү хүмүүс. С.Б нь Б-ий төрсөн хүү, гэхдээ Казах түмний ёс заншлаар Б нь өвөг эцэг нь болох С хүүхэд гэж өөрсдөө тэгж хэлээд С хүүхэд болж явдаг. Бид түүнийг өвөө нь С хүүхэд гэж хэлдэг байсан. С.Б нь намайг цэрэгт татагдсаны дараа нэг жилийн дараа цэрэгт татагдсан. С.Б нь 1987 онд цэргийн албанд татагдахад би өөрөө Улаанбаатар хотод Ардын армийн 199 дүгээр ангид алба хааж байсан. Ямар учраас түүний нэрийг Б гэж бичсэн болохыг мэдэхгүй ... гэж,

Гэрч Е.С  шүүхэд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ ... Хүсэлт гаргагч С.Б бид хоёр 1988-1989 он хүртэл Эрдэнэт хотын 119 дүгээр анги цэргийн албыг хамт хааж байсан. Би өөрөө 1987-1988 он хүртэл Дорноговь аймгийн 0129 дүгээр ангил 1 жил цэргийн алба хааж байгаад 119 дүгээр ангид шилжиж очсон. С.Б бид хоёр Б аймгийн У сумын иргэд ба нэг ангид хамт сурч байсан ... гэж,

Гэрч Х.С шүүхэд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ ... Би Ардын армийн 119-р ангид 1987-1989 он хүртэл хугацаат цэргийн алба хааж байсан. Би тухайн үед Б.тай хамт хугацаат цэргийн алба хааж байсан. Гэхдээ тухайн үед бид түүнийг Б нэрээр нь мэддэг, Б гэж дууддаг байсан. Харин түүний овог хэн байсныг сайн мэдэхгүй, хамт цэргийн алба хаасан учраас надтай сацуу байсан байх. Хэрэгт авагдсан 0000000 дугаартай цэргийн батлах болон Б аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетэд байгаа хүн надтай хамт цэргийн алба хаасан Б мөн байна, зургаас нь хараад шууд таньж байна. Би түүнийг Б нэртэй болохыг шүүхэд ирээд мэдэж байна. Биднийг 1987-1989 онд цэргийн алба хааж байсан хугацаанд тус Ардын армийн 119 дүгээр ангид Бердигазыгаас өөр Б эсвэл Б нэртэй хүн байгаагүй ... гэж тус тус мэдүүлсэн байна.

6.6 Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 211 дугаартай албан  бичгээр ирүүлсэн Б аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетэд цэргийн батлахын дугаар: 630006, овог нэр: Б.Б, ... эх нас барсан 10 хоног чөлөө олгов гэх ба Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарах Е-ийн З-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нас барсны лавлагаагаар хүсэлт гаргагч С.Б-ын эмэг эх буюу үрчилж авсан эх нь гэх Е.З нь  Б.Б нь 1988 онд цэргийн алба хааж байх хугацаанд нас барсан нь тогтоогдож байна.

7.Иймд хэрэгт авагдсан Б аймгийн Цэргийн хэлтсээс олгосон №0000000 дугаартай Цэргийн батлах-д овог: Б, нэр: Б, төрсөн он сар өдөр: 1969-08-10, 1987-1989 онд цэргийн алба хаасан талаар бичигдсэн боловч хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тус хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь  хүсэлт гаргагч Төлек овогт С.Б мөн болохыг тогтоогдож байна.

8.Хүсэлт гаргагчаас тухайн үеийн эрх бүхий албан тушаалтны буруугаас болж тухайн цэргийн батлах-д миний нэрийг өвөг эцэг Б нэрээр овоглуулж Б.Б гэж буруу бичигдсэн, миний бүх бичиг баримтад нэр маань С Б-аар бичигдсэн гэж тайлбарлаж байгаа ба хүсэлт гаргагч С.Б нь өвөг эцэг Б хүүхэд ба өвөг эцэг С овоглож явдаг, мөн цэргийн алба хааж байх хугацаанд эмэг эх Е.З нас барж 10 хоногийн чөлөө авсан болох нь тус тус тохирч байна.

9.Хүсэлт гаргагчийн 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн 1383 дугаартай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.Учир нь, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн гэх 1383 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Б аймгийн У сумын А хөгжил нэгдэл, овог: Б, нэр: Б, төрсөн он сар өдөр: 1968-07-14, эрэгтэй, боловсрол: дунд, мэргэжил: *******, дэвтэр эзэмшигчийн гарын үсэг, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга гэж таталдуулж гарын үсэг зурагдсан боловч ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байна.

Мөн уг хөдөлмөрийн дэвтрийн 6-15 дугаар хуудсанд 1981 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуусталх ажилласан хоног, авсан хөлсний тухай мэдээ тус тус бичигдэж тамга дарагдсан байна.

11.Гэтэл хүсэлт гаргагч С.Б-ын 000000 дугаартай цэргийн батлахаар хүсэлт гаргагч С.Б нь 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хааж байсан болох нь тогтоогдсон.

12.Мөн хүсэлт гаргагч С.Б-ын Иргэний үнэмлэхээр хүсэлт гаргагч нь 1968 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн байх ба тэрээр 1981 онд 13 настай буюу хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй байна.

13.Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн гэх 1383 дугаартай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч С.Б мөн болох нь тогтоогдохгүй байна.

14.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч С.Бердимуратын хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Т овогт С.Б нь Б аймгийн Цэргийн хэлтсээс олгосон 630006 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс олгосон Б.Б гэж бичигдсэн №000000 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч Т овогт С.Б мөн болохыг тогтоож, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн гэх 1383 дугаартай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК