Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

“П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03226 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б,

Хариуцагч: Д.Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 126 000 000 төгрөг, хохиролд 5 355 735 төгрөг, нийт 131 356 266 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нэмэхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б, Д.Э нар нь манай байгууллагаас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 90 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан.

Уг зээлийн гэрээний барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, дэнж 2 гудамж, 26 тоот хаягт орших 479 м.кв хэмжээтэй газар, мөн хаягт орших 370,64 м.кв хэмжээтэй хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо Эмээлт уулын баруун хоолой 117 гудамж, 3219 тоот хаягт орших 506 м.кв хэмжээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой 132 гудамж, 3499 тоот хаяг орших 500 м.кв хэмжээтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд, мөн Dаемоо Lасеттi автомашин зэргийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Гэвч зээл авснаас хойш зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэг удаа төлөлт хийсэн. Г.Бт зээлээ төлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч үүргээ биелүүлээгүй болно.

Иймд Г.Б, Д.Э нараас үндсэн зээлд 88 111 425 төгрөг, хүүд 37 006 798 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 882 306 төгрөг, нийт 126 000 531.64 төгрөг, мөн шүүхэд хандахад гарсан зардал 33 500 төгрөг, өмгөөллийн хөлсний зардалд төлсөн 5 322 235 төгрөг нийт 131 356 266.64 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “П ББСБ” ХХК-аас авсан зээлийн хүү хэт өндөр 1 жилийн 33 хувийн хүүтэй байгаагаас шалтгаалан зээлийн хүүгийн шаардлагад нэхэмжилж буй 37 006 000 төгрөгийн 18 500 000 төгрөг, мөн өмгөөллийн хөлсний зардал хэмээн шаардсан 5 322 235 төгрөгийг төлөхөөс татгалзаж, үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан шаардлагыг би хариуцах боломжгүй. Учир нь барьцаа хөрөнгө болон зээлэнд авсан мөнгө надад хамааралгүй. Зээлп авсан мөнгөнөөс хэрэглээгүй учир надад энэ асуудлыг хариуцах шаардлага байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б, Д.Э нараас 127 973 959 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 382 306 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, дэнж 2 гудамж, 26 тоот хаягт орших 479 м.кв хэмжээтэй газар, мөн хаягт байрлах 370,64 м.кв хэмжээтэй хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо Эмээлт уулын баруун хоолой 117 гудамж, 3219 тоот хаяг байрлах 506 м.кв хэмжээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой 132 гудамж, 3499 тоот хаяг орших 500 м.кв хэмжээтэй газар, Dаемоо Lасеттi автомашин зэрэг үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885 240 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас төлбөл зохих үнийн дүнгээс тооцож 797 820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гаргахдаа 127 973 959 төгрөгийг ямар хувь хэмжээгээр гаргуулж байгаа талаар шийдвэрийн тогтоох хэсэгт дурдаагүй, мөн нэмэгдүүлсэн хүү болон үндсэн хүүг тооцсон хугацааг дурдаагүй.

Хариуцагч талаас зээлийн хүү хэт өндөр тул зарим хэсгийг төлөхгүй гэж маргасан. Зээлийн хүүдз нэхэмжилсэн 37 000 000 гаруй төгрөгөөс 15 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөгийг тус тус төлөхгүй гэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх зээлийн хэт өндөр гэж тооцвол багасгах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 18 000 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь хариуцагч Г.Б, Д.Э нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 126 000 531.64 төгрөг, хохиролд 5 355 735 төгрөг, нийт 131 356 266 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

 “П ББСБ” ХХК нь Г.Б, Д.Э нартай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 90 000 000 төгрөгийг сарын 3 хувь, жилийн 33 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Г.Б нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үндсэн зээлд 1 888 574 төгрөг, хүүд 2 610 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 425 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Харин тэрээр зээлийн гэрээний 2.4-д зааснаар зээлийг тогтоосон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж, төлбөр төлөөгүй байна.

 

Зээлдэгч гэрээний төлбөрийг төлөх үүргийг зөрчсөн тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.1, 222.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээ, зээлийн тооцоолол, хариуцагчийн төлсөн төлбөрийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сарын хугацаа дуусаагүй байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүү болох 882 306 төгрөгийг хасаж тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагч нь нар нь зээлийн гэрээний үүрэгт 125 118 223 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотой зээлдүүлэгч хохирол шаардах эрхтэй ба хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлох юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахтай холбоотой бичмэл нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 33 500 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулна.

 

Харин эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнийн дүнг хохирол гэж тооцохгүй тул нэхэмжлэлээс хасч тооцно.

 

“П ББСБ” ХХК, Г.Б нар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Г.Бын өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201045561 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, дэнж 2 гудамж, 26 тоот хаягт байршилтай 479 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлийн Ү-2201035467 дугаартай, мөн хаягт байрлах 370,64 м.кв хэмжээтэй хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2201031414 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо Эмээлт уулын баруун хоолой 117 гудамж, 3219 тоот хаяг байршилтай 506 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлийн Г-2201033061 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой 132 гудамж, 3499 тоот хаяг орших 500 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-16-17/

 

Иймд Иргэний хуулийн 175 дугара зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зөв юм.

 

Харин дээрх барьцааны гэрээнд Dаемоо Lасеттi маркийн 26-52 УНД улсын дугаартай автомашиныг барьцаалсан гэж тусгасан боловч уг автомашины гэрчилгээ баримтаар авагдаагүй тохиолдолд тодорхойлох боломжгүй байна. Иймд уг автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гарсан хохирол 33 500 төгрөг, өмгөөллийн хөлс 5 322 235 төгрөгийг нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэнийг залруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03226 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтын “127 973 959.73” гэснийг “125 473 959” гэж,

2 дахь заалтын Dаемоо Lасеттi автомашин зэрэг” “хөдлөх” гэснийг тус тус хасч,

“даалгасугай” гэснийг “даалгаж, нэхэмжлэлээс Dаемоо Lасеттi автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

“Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад” гэснийг “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж,

3 дахь заалтын “797 820” гэснийг “783 541” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА