Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/757

 

 

 

 

 

 

  2022             07              26                                          2022/ДШМ/757

 

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З,

яллагдагч Б.Г,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1259 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Б.Г-д холбогдох ...................дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Хайрханы .... дугаар гудамжны ..... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Г.У-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “цагдаад дуудлага өглөө” гэх шалтгаанаар толгой тус газар нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолд тусгасан хэргийн утгаас үзвэл яллагдагч Б.Г согтуурсан байх үедээ шөнийн цагаар эхнэртэйгээ муудалцан агсам согтуу тавихад нь цагдаад дуудлага өгөх гэсэн 15 настай төрсөн охиныхоо гар утсыг булаан авч толгой руу нь цохиж, хүүхдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон талаар прокурор дүгнэсэн атлаа гэмт хэргийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр зүйлчилжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална” гэж, 4.1.2 дахь заалтад “хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах” гэж заасан бөгөөд тус зарчим нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны... байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна." хэмээн оролцогч улсуудад хүлээлгэсэн үүргээс шууд улбаатай билээ. Түүнчлэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална." гэж заасан хууль ёсны зарчмын дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан бол хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ хэргийн тухайд яллагдагч болон прокурор нь хохирогч охин гар утас их үзээд байсан нь гэмт хэргийн шалтгаан болсон мэтээр тайлбарлах боловч үйл баримтын хувьд харанхуй шөнө халамцуу орж ирээд үр хүүхдээ зодож байгаа үйлдлийг хүмүүжлийн арга хэрэгсэл гэхгүй, мөн хувийн таарамжгүй харилцаа ч гэж үзэх боломжгүй юм. Шүүх хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах зорилгоор яллагдагч Б.Г-ын гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох насанд хүрээгүй охиныхоо толгой руу гар утсаар цохиж “зулайн хуйханд шарх” гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинж бий эсэхийг бүх талаас нь бүрэн шалгуулсны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Иймд яллагдагч Б.Гд холбогдох эрүүгийн ........................ дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 1259 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр буцаасан байна. Үүнд:

               “...Яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолд тусгасан хэргийн утгаас үзвэл яллагдагч Б.Г согтуурсан байх үедээ шөнийн цагаар эхнэртэйгээ муудалцан агсам согтуу тавихад нь цагдаад дуудлага өгөх гэсэн 15 настай төрсөн охиныхоо гар утсыг булаан авч толгой руу нь цохиж, хүүхдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон талаар прокурор дүгнэсэн атлаа гэмт хэргийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр зүйлчилжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн ...үйлчлэлд хамаарах хүний ...эрүүл мэндэд гэм хор учруулсан, ...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” хэмээн тодорхойлсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална. ..." гэж заасан хууль ёсны зарчмын дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан бол хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ хэргийн тухайд яллагдагч болон прокурор нь хохирогч охин гар утас их үзээд байсан нь гэмт хэргийн шалтгаан болсон мэтээр тайлбарлах боловч үйл баримтын хувьд харанхуй шөнө халамцуу орж ирээд үр хүүхдээ зодож байгаа үйлдлийг хүмүүжлийн арга хэрэгсэл гэхгүй, мөн хувийн таарамжгүй харилцаа ч гэж үзэх боломжгүй юм. Шүүх хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах зорилгоор яллагдагч Б.Гын гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох насанд хүрээгүй охиныхоо толгой руу гар утсаар цохиж “зулайн хуйханд шарх” гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинж бий эсэхийг бүх талаас нь бүрэн шалгуулсны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. Шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

          Шүүхээс насанд хүрээгүй хохирогч Г.У, шүүгдэгч Б.Г нарын хоорондын хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарласан нь хуульд нийцэх хэдий ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр тайлбарлаж, гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн хооронд гарсан тохиолдлын шинжтэй таарамжгүй харьцааны улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл болгоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцэхгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэж тодорхойлсон бөгөөд аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангахаар хуульчилсан байна. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, яллагдагч Б.Г нь өөрийн төрсөн охин Г.Уыг гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, амьдралын хэв маягтай холбогдон гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, үүнд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь:

         -насанд хүрээгүй хохирогч Г.Уын “.....манай аав намайг урьд өмнө цохиж зодож байсан удаа байхгүй. Анх удаа л ийм зүйл болж байна...” гэх мэдүүлэг /хх 7-8/,

         -гэрч М.Згийн “...аав нь “унтахгүй юу хийж байгаа юм бэ?” гээд ширүүхэн дуугарахаар нь би хүүхдээ өмөөрөөд хэрэлдсэн юм. Охин дахиад утсаа бариад сууж байхаар нь аав нь очоод утсыг нь булааж аваад толгой руу нь цохисон чинь толгойноос нь цус гарчихсан. “...манай нөхөр том охиноо “Унтаж амар, маргааш хичээлтэй байж...” гээд ширүүхэн дуугарахаар нь би уурласан юм. Тэгээд хэрэлдэж маргасан юм. ...Г урьд өмнө хүүхдэдээ гар хүрч байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

          -яллагдагч Б.Г“...шөнө 02 цаг өнгөрч байхад очиход манай том охин У унтаагүй утсаа ухаад хэвтэж байсан. Тэгэхээр нь “Өглөө хичээлтэй байж унтаж амар" гээд жаахан ширүүхэн дуугарсан чинь манай эхнэр над руу уурлаад хүүхдүүдээ өмөөрөөд байсан. Бид хоёр хэрэлдэж маргаад байж байсан чинь манай охин Ундрам утсаа барьчихсан сууж байхаар нь би очиж утсыг нь аваад “Унтаж амрахгүй яах гээд байгаа юм бэ?” гээд толгой руу нь цохиод авсан юм. Манай охин ер нь байнга утаснаасаа салахгүй өдөр шөнөгүй оролдож байдаг. Гэр орны ажлаа хийхгүй утсаа байнга оролдож байдаг юм. Тэгэхээр нь би “утсаа унтраагаад унт” гэж хэлээд утсыг нь булааж аваад толгой руу нь цохиж авсан юм...” гэх мэдүүлэг /хх 58-59/ нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1259 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцааж болох бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг мөрдөгч, прокурор нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1259 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1259 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ