Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0849

 

    П.С-гийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч П.С, түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.С-гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Д.С, улсын байцаагч Ц.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-д заасныг тус тус баримтлан “Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалт аудитын албаны улсын байцаагч Д.С, улсын байцаагч Ц.А нарт холбогдуулан гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26, 20-05/065/28 дугаарын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/04/27 дугаар акт”-тай холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, 20-05/04/27 дугаар актад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.С давж заалдах гомдолдоо: “ … Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар тушаалаар баталсан Ур чадварын нэмэгдэл олгох журмын 5-д “Энэхүү журмын нэг дэх заалтад заасан төрийн үйлчилгээний албан хаагчдад тухайн сургууль, цэцэрлэгийн суралцагсдын  сурлагын амжилтыг хагас жил тутамд үнэлэн үнэлгээний үзүүлэлт нь тухайн аймаг, дүүргийн энэхүү үнэлгээний үзүүлэлтийн дундаас доошгүй байх нийтлэг шаардлагыг заавал хангасан тохиолдолд ур чадварын нэмэгдэл олгоно” гэсэн заалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн.

Дээрх журмын 10-д заасны дагуу Аймгийн засаг даргын А/257, А/200 дугаар захирамжууд гарсан, эдгээр 2 захирамжийн хооронд ур чадварын нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах талаар ямар нэг шийдвэр гараагүй байхад улсын байцаагч 2 сарын нэмэгдэл илүү олгосон гэж акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Манай сургуулийн Монгол хэл бичгийн багш Мажаачум удаан хугацаагаар өвчтэй эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд Монгол хэл, Монгол бичгийн хичээлийн ганц багштай тэр багш өөрийн заадаг ангиудын хичээл заахаас гадна Мажаачум багшийн Монгол хэлний хичээлийг зааж. Монгол бичгийн хичээл заах багш хүрэлцээгүй, Аймгийн Боловсрол соёлын газарт танилцуулахад 2 багшийн нэр утас өгсөн тэдэнтэй ярихад өөр сум орон нутгаас цөөхөн хэдэн цагийн хичээл заах гэж очих боломжгүй гэсэн байсан учир сургалтын менежерийн санал болгосны дагуу 6-р ангид Монгол бичгийн хичээл ид үсэг зааж байгаа үед хоцрогдохоос сэргийлж миний бие 3 сард 17, 10-р сард 30 цагийн хичээл заасан тул бүх анхан шатны материалаа бүрдүүлээд Хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно” гэснийг баримтлан илүү цагийн хөлсөнд нийт 300 гаруй мянган төгрөг авсан. Гэтэл Улсын байцаагч нар нь үүнийг зөрчил болгож ямар хууль ямар журамд ингэж хичээл заахыг хориглосон байдаг, ямар хууль журам зөрчигдсөнийг тодруулаагүй акт тавьсныг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд шүүх мөн л хуулийг буруугаар тайлбарлаж, “... илүү цагаар ажилласан хөлсийг олгохдоо эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй олгосон нь хууль зөрчжээ” гэсэн нь ямар хууль зөрчсөн болохыг шүүгч дурдаагүй. Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ ... эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн ... бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл олгоно”, 50.3-т “нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтоoно” гэсэн заалтууд огт зөрчигдөөгүй сургалтын менежер багш нарын илүү цагийн тооцоог гаргаж сургуулийн захиралд танилцуулж батлуулаад цалин хөлсийг бодуулдаг журмын дагуу хийгдсэн ажиллагааг үгүйсгэн хууль бус гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Боловсролын тухай хуульд 2012 онд өөрчлөлт орж Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн эрхлэгчийг Аймгийн Засаг дарга томилж чөлөөлөх эрх олгогдсоноос хойш бид аймгийн Засаг даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж бидний цалин хөлс нэмэгдэл урамшуулал, ер нь бүхий л асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэдэг болсон бөгөөд хэргийн материалд Аймгийн засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дээрх актуудтай холбоотой бүхий л анхан шатны баримтуудаа өгсөн байхад миний өгсөн баримтуудад шүүх огт дүгнэлт хийгээгүй, 2007 оны 307/91/237 тоот тушаалаар батлагдсан журамд “Засаг дарга сургуулийн захирал эрхлэгчийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг тогтоож..тушаалаар баталгаажуулах” гэсэн 2012 оноос хойш мөрдөгдөх боломжгүй болсон байхад шүүх Боловсролын тухай хуульд заагдсан Сумын засаг даргын эрх хэмжээнд байхгүй болсон журам баримталж, сумын Засаг даргад танилцуулж шийдвэр гаргуулах боломжтой байсан гэсэн мөн хууль бус гэж үзэж байна.

Улсын байцаагч нарын 20-05/04/24 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас миний хувьд татгалзаагүй, харин актын үндэслэл болсон намайг ажлаа хийж байхад ямар ч үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж 20хувь цалин бууруулах арга хэмжээ авсан манай санхүүгийн баримтад авагдаагүй Сумын засаг даргын захирамжийн илт хууль бус болохыг тогтоолгохоор Аймгийн Засаг даргад хандсан байгаа тул энэ шаардлагыг түдгэлзүүлж өгнө үү гэж шүүх хуралдаанд хүсэлт гаргасан. Би хүсэлт гаргахдаа нэхэмжлэлийн энэ шаардлагатай хэсгийг Аймгийн засаг даргаас гомдлын хариу иртэл шүүх тусгаарлаж түдгэлзүүлэх эсхүл энэ шаардлагатай хэсгийг шүүх хүлээн авахаас татгалзаж буцаах боломжтой болов уу гэж бодож хэлсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа шүүх надад энэ актад урьд нь гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлээгүй байсан байна гэж ойлгуулсан учир би аймгийн Засаг даргад Сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан юм. Гэтэл намайг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж шийдвэрлэсэн нь миний энэ актын талаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хаасан илт эрх ашгийг минь хохироосон шийдэл болсон, мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд "..нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаагүй, зарим хэсгийг татгалзах талаар бичгээр илэрхийлээгүй болно

Би нэхэмжлэлдээ улсын байцаагч нар нь захиргааны актуудыг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-д заасныг зөрчсөн, актдаа захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй өөрөөр хэлбэл ямар хуулийн ямар заалтууд зөрчигдсөнийг дурдаагүй тул хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахыг хүссэн, гэтэл шүүгч шийдвэртээ захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, хууль зүйн үндэслэл байгаагүй ч гэх шиг миний нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй бололтой юм бичжээ.

Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож. миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч нар 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 21-ний өдрүүдэд нэхэмжлэгч П.С-гийн захирлаар ажиллаж байсан Булган аймгийн Рашаант сумын бүрэн дунд сургуулийн 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, маргаан бүхий 3 актыг гаргажээ.

Нэхэмжлэгч эдгээр актуудыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны байгууллагад гомдол гаргаж, Булган аймгийн дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөрийг шийдвэрлэсэн тухай” 01 дүгээр тогтоолоор 20-05/03/26 дугаар актыг хэвээр үлдээж, 20-05/05/28 дугаар актаар тогтоосон 734 055 /Долоон зуун гучин дөрвөн мянга тавин тав/ төгрөгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч П.С үлдэх хэсгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй 20-05/05/28, 20-05/03/26, 20-05/04/27 дугаар актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

1. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26 дугаар актаар нэхэмжлэгч П.С-г илүү цагийн хөлсийг үндсэн баримтгүй, эрх захирагчийн шийдвэргүйгээр, захирлын үндсэн цалингаас тооцож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д заасныг зөрчсөн гэж үзэж, 308040 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаар П.С нь түр эзгүй /өвчтэй/ багшийн оронд  монгол бичгийн хичээлийг заасан болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ ... эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ... бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно”, 50.3-д “Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно” гэж заасны дагуу нэмэгдэл хөлс авах эрхтэй байх тул П.С-гаар төлүүлэхээр акт гаргасан нь үндэслэлгүй байна. 

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг дутуу бүрдүүлсэнд П.Сг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүний улмаас түр эзгүй ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн хөлсийг олгохгүй байх үндэслэл болохгүй.   

Харин тухайн цалин хөлсийг олгохдоо хэрхэн тооцож олгосон талаар хэрэгт баримт авагдаагүй, анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байх тул хариуцагчийн “захирлын цалингаас тооцож олгосон” гэх тайлбарт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд холбогдох баримтыг цуглуулж төрийн үйлчилгээний албан тушаалыг түр орлон гүйцэтгэсэн бол тухайн багшийн цалингаас тооцолгүй захирлын цалингаас тооцож илүү олгосон ...” эсэхийг тодруулж актыг бүхэлд нь хүчингүй болгох, эсхүл актаар тогтоосон төлбөрийг багасгах эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

2. Маргаан бүхий 20-05/05/28 дугаар актаар 2016 онд сургуулийн захиралд ур чадварын нэмэгдэл 8 сараар бодож, 1 027 677 төгрөг илүү олгосныг буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар захирамжаар хэрэв 2016 оны эхний хагас буюу 1-ээс 6 дугаар сарын ур чадварын нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Уг А/257 дугаар захирамжаар “... эхний хагас жилийн ажлыг дүгнэж ур чадварын нэмэгдэл олгох хэмжээг хавсралтаар баталсан” байх бөгөөд 2016 оны сүүлийн хагаст ур чадварын нэмэгдлийг хэрхэн олгосонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. ... Шалгуур үзүүлэлтийн 5-д хагас жил тутамд үнэлсэн үнэлгээнээс хамааран ур чадварын нэмэгдэл олгогдохоор зохицуулагдсан боловч нэхэмжлэгчийн “тухайн аймгийн Засаг дарга жилд нэг удаа захирамжаа гаргаад тухайн жилийн цалингийн санд багтааж бүтэн жилд ур чадварын нэмэгдэл олгодог” гэх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Иймд 2016 оны сүүлийн хагас жилийн ажлыг дүгнэсэн эсэх, мөн хугацааны ур чадварын нэмэгдлийг олгох талаар ямар нэгэн шийдвэр гарсан эсэх талаар тодруулсны дараа сүүлийн хагас жил буюу 8, 10 дугаар сард авсан ур чадварын нэмэгдлийг илүү авсан эсэхийг тогтоох шаардлагатай.  Учир нь нэхэмжлэгч дээрх шалгуур үзүүлэлт тооцох журамд заасны дагуу сүүлийн хагас жилд ч хийсэн ажлаа дүгнүүлж нэмэгдэл авах эрхтэй бөгөөд Засаг даргаас А/257 дугаар тушаалаа эхний хагас жилийн үнэлгээг үндэслэн тухайн бүтэн жилд олгох ур чадварын нэмэгдлийн хэмжээг тогтоосон эсэхийг тодруулах нь зүйтэй. 

3. Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн нэг шаардлагаасаа буюу 20-05/04/27 дугаар актад холбогдох хэсгээс татгалзсаныг батлахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, татгалзлыг баталсан хэсэгт гомдол гаргах эрхгүй” болдог талаар тайлбарлан өгч, баримтжуулаагүйгээс нэхэмжлэгчийн “... энэ шаардлагын хэсгийг урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж ойлгуулж байсан учраас тусгаарлах, эсхүл хүлээн авахаас татгалзах боломжтой болов уу гэж бодож хэлсэн ... гэтэл дахин нэхэмжлэл гаргах эрхийг хаасан илт хохиролтой шийдэл болсон” гэх гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.  

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т шүүгч хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгч, баримтжуулах гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг тайлбарлан өгч, баримтжуулах ажиллагааг шүүгч явуулах үүрэгтэй.

Иймд дээр дурдсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тодруулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчихгүйгээр хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.   

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                 Ц.САЙХАНТУЯА  

ШҮҮГЧ                 Д.БААТАРХҮҮ   

ШҮҮГЧ                 С.МӨНХЖАРГАЛ