Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 599

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Ою*******дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ою*******д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Са*****г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Жанчивдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ою*******д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие 2012 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж эхэлсэн бөгөөд өргөдөл гаргах өдрийг хүртэл хугацаанд Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан болно.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон хүлээн авсан ажил, албан тушаалыг зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг алдаа дутагдал гаргалгүй нэр төртэйгөөр ажиллаж байсан. Гэвч 2015 оны ээлжийн амралтаа 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн биечлэн эдэлж амарч байх хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 6/847 дугаар тушаал гарч Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс шилжүүлэн томилсон байдаг. 

Энэхүү эрх зөрчигдсөн асуудалд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган өөрийн эрхээ хангуулсан ба энэхүү шийдвэр биелэхгүй явсаар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/571 дүгээр тушаалаар эргүүлэн албан тушаалдаа томилогдсон ба мөн өдрөөс 4 хоногийн дараа буюу ажлын 2 өдрийн дотор 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний эрх зүйн байдлыг дордуулж Хорих 433 дугаар ангийн дэд даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 дүгээр тушаал гарган томилсон явдалд гомдолтой байх ба энэхүү гомдлоо Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж гаргасан боловч харъяалан шийдвэрлэх боломжгүй байна хариу ирүүлсэн тул хэргийг шалган шийдвэрлэж өгнө үү. 

Дээрхи асуудал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр эсгэж байгаа тул үүнийг шүүхийн шийдвэр биелүүлсэнд тооцох уу.

Иймд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын Б/604 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, 2015 оны 12 дугаар сарын 04 өдрөөс хойших 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийг нөхөн гаргуулах, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нийсэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 837 дугаар шийдвэрээр гарсан 4,184.767 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга долоон зуун жаран долоон/ төгрөгийг өнөөдрийг хүртэл нөхөж олгоогүй байна. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш цалин тэтгэмжийг нөхөн олгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Са*****г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч Х.Ою*******дыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1373 дугаар тушаалаар Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргаар томилж, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн б/847 дугаар тушаалаар Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар томилсон тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 837 дугаар шийдвэрээр хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн б/604 дүгээр тушаалаар Хорих 433 дугаар ангийн дотоод ажлын хэлтсийн даргаар томилсон. Уг тушаал нь Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь хэсэгт агентлагын дарга нь ‘‘албан хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх”, 8.4-т “энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх еренхий газрын дарга “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, ...” бүрэн эрхтэй холбоотой заалтыг үндэслэсэн. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт “зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, ...” төрийн тусгай албан тушаалд, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төрийн тусгай албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарна гэж тус тус заасан байдаг. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна.” гэж зааснаар Х.Ою*******д нь Цагдаагийн академи төгссөн, цэргийн дэд хурандаа цолтой, цэргийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг өргөсөн цэргийн албан хаагч бөгөөд төрийн тусгай албан тушаалтан болно.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл ...”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад  хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний чиг үүрэг, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зүйн байдлын зарим хязгаарлалт. хөнгөлөлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бусад харилцааг цэргийн дүрмээр зохицуулна.’’, мөн хуулийн 29 дүгээр зүйлиин 29.1.2-д - цэргийн албан хаагч нь цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавигдах шаардлагаас үндэслэн “төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэх”-ийг хориглоно.”, Цэргийн албаны дотоод дүрмийн 27 дахь хэсэг “Цэргийн албан хаагч нь захирагч /дарга/-ийн өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ.” гэж тусгайлан зохицуулсан байдаг.

Мөн цэргийн байгууллагын чиг үүрэг нь бусад байгууллагаас онцлогтой тушаал, шийдвэр шуурхай зарчимд үндэслэн боловсон хүчний бодлого хэрэгждэг бөгөөд Төрийн өөр байгууллагад шилжүүлээгүй, сэлгэн ажиллуулаагүй тул өөртэй нь зөвшилцөх, тохиролцох шаардлагагүй юм. 

Нэхэмжпэгч Х.Ою*******д холбогдох хууль тогтоомжид заасан албан үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн б/604 дүгээр тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын чиг үүрэгт хамаарна гэж заасны дагуу байгууллагын боловсон хүчний бодлого тодорхойлон алба хаагчдыг томилох, салбарын бодлогыг хэрэгжүүлэх эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий актын талаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 дугаартай “Х.Ою*******дыг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн дарга, дэд хурандаа Хуягийн Ою*******дыг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Хорих 433 дугаар ангийн дотоод ажлын хэлтсийн даргаар шилжүүлэн томилохоор шийдвэрлэсэн байна.

2. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

Х.Ою*******д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 дугаар тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 684 дүгээр албан бичгээр “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан” гэж зааснаас бусад маргаан хамаардаггүй тул харъяалан шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг авсны дагуу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д  “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.

3. Маргаан бүхий актын үндэслэлийн талаар

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны Б/604 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж гаргасан, миний эрх зүйн байдлыг дордуулсан...”, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...цэргийн байгууллагын чиг үүрэг нь бусад байгууллагаас онцлогтой тушаал, шийдвэр шуурхай зарчимд үндэслэн боловсон хүчний бодлого хэрэгждэг бөгөөд Төрийн өөр байгууллагад шилжүүлээгүй, сэлгэн ажиллуулаагүй тул өөртэй нь зөвшилцөх, тохиролцох шаардлагагүй” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Х.Ою*******д нь ийнхүү маргаж байгаа өөр албан тушаалд шилжүүлэхээс өмнө Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 837 дугаар шийдвэрээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/847 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгосны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны Б/570 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн дарга, дэд хурандаа О.Би*****нийг өөр албан тушаалд шилжүүлж, Х.Ою*******дыг томилсон байна. 

Нэхэмжлэгч Х.Ою*******дын эрхэлж байсан албан тушаал болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргын албан тушаал нь төрийн тусгай албаны ахлах түшмэлийн ангиллын /ТТ-15/ албан тушаал болох нь нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий актаар Х.Ою*******дыг шилжүүлэн томилсон Хорих 433 дугаар ангийн дотоод ажлын хэлтсийн даргын албан тушаал нь төрийн тусгай албаны ТТ-13-3 зэрэглэлд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг сүүлд томилсон Хорих 433 дугаар ангийн дотоод ажлын хэлтсийн даргын албан тушаал нь төрийн тусгай албаны ТТ-13-3 зэрэглэлд хамаарч байгаа гэдэгтэй талууд маргаагүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт нь нууцын зэрэглэлд хамаарч байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул маргаангүй үйл баримтын талаар баримт цуглуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу Хүний нөөц тасгийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.На******ү нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн дарга, дэд хурандаа Х.Ою*******дтой ярилцаж, Хорих 433 дугаар ангид дотоод ажлын хэлтсийн даргын албан тушаалд ажиллах саналыг тавьсан байх бөгөөд нэхэмжлэгч Х.Ою*******д боломжгүй гэдгээ ирэлхийлсний дараа захиргааны санаачлагаар өөр албан тушаалд шилжүүлснийг түүнтэй тохиролцсон гэж үзэхээргүй байна. 

Мөн хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаалаас бууруулж болно”, 23.1.1 дэх хэсэгт “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;” 23.1.2 дахь хэсэгт“ үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж заасан нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд захиргааны санаачлагаар албан тушаал буурлахаар хуульд заасан байтал нэхэмжлэгчийн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 837 дугаар шийдвэрээр Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргаар эгүүлэн тогтоолгосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/570 дугаар тушаалаар дахин томилогдсоноос хойш ажлын үр дүнг дүгнэх хуульд заасан хугацаа болоогүй, нэхэмжлэгчийн ажлыг огт дүгнээгүй буюу төрийн албаны тухай хуульд зааснаар захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах үндэслэл тогтоогдоогүй байхад албан тушаал бууруулан өөр албан тушаалд шилжүүлэн томилсон нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт “зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч...” төрийн тусгай албан тушаалд, 5 дугаар зүйлийн 5.2-т “...төрийн тусгай албан тушаалыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажлуулах, албан тушаал бууруулах харилцааг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан байхад хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар өөрт олгогдсон нийтлэг эрхийг эдлэн албан тушаал бууруулан, өөр албан тушаалд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Цэргийн албан хаагчийн хувьд тушаал биелүүлэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т“өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй, Цэргийн албаны дотоод дүрмийн 27-д “Цэргийн албан хаагч нь захирагчийн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ”, 26-д “тушаал биелүүлээгүй тохиолдолд Цэргийн сахилгын дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ” гэж заасан зэргээр маргаан бүхий актыг гаргасан үндэслэлүүдээ тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгч нь албан тушаалтан тэр дундаа иргэн хүний хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрт гомдол гаргах эрхтэй тул түүнийг өргөсөн тангаргаасаа няцсан, дээд шатны албан тушаалтан, захирагчийн тушаалыг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх байдлуудаас нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.2-т тус тус заасныг зөрчиж, нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцолгүйгээр өөр албан тушаалд шилжүүлж, албан тушаал бууруулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх зүйтэй байна. 

Мөн тухай Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Ою*******дын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа болох нийт 3 сар 06 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /735564*3/, + //тусгай алба 5%+цол 34%+онцгой нөхцөл 10%+хорих.ажил 8%/*3/, + //1163635*2+1218627/:64*ажлын 5 өдөр// нийт 3735170 /гурван сая долоон зуун гучин таван мянга нэг зуун дал/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ою*******дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/604 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар тус тус баримтлан ажилгүй байсан 3 сар 06 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3735170 /гурван сая долоон зуун гучин таван мянга нэг зуун дал/ төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА