Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00938

 

Г.Мөнгөн-Одын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/00456 дугаар шийдвэр,

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2016/00026 дугаар магадлалтай,

          Г.Мөнгөн-Одын нэхэмжлэлтэй,

            Г.Ганчимэгт холбогдох  

     Зээлийн гэрээний үүрэгт 21.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын тайлбарт: “Гантөмөрийн Ганчимэг нь 2015 оны 03 сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байр 68 тоот 000148905, Ү-0614000288 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м2 талбай бүхий орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулан Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн дагуу бүртгүүлсэн. Г.Ганчимэг нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хүү болон үндсэн зээлээ огт төлөөгүй зээлийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үүргийн гүйцэтгэлийн 0.5 хувиар алданги төлөх ёстой. Г.Ганчимэг нь үүргээ гүйцэтгээгүй 150 хоног өнгөрсөн байна. Үндсэн зээл 10.000.000 төгрөг, 6 сарын хугацааны зээлийн хүү 6.000.000 төгрөг алданги тооцож 5.000.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Г.Ганчимэгийн барьцааны хөрөнгө болох Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны 68 тоот 000148905, Ү-0614000288 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м2 талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. Хариуцагч Г.Ганчимэг нь алдангиас хасах санал тавьж байгааг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа учир нь хариуцагч нь цаг хугацаандаа зээлээ төлөхгүй, худлаа хэлээд байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, алдангиа гаргуулна, хасахгүй. Иймээс Г.Ганчимэгээс 21.000.000 төгрөгийг гаргуулж түүний барьцаа хөрөнгө болох Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байр 68 тоотын орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие нь Г.Мөнгөн-Одоос 2015 оны 03 сарын 18-ны өдөр 1 сарын хугацаатай, 10.000.000 төгрөгийн зээл авсан. Дараа нь гэрээг дахин хийж 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гэрээ хийж гарын үсэг зуруулсан юм. Зээлийг төлж чадаагүй нь үнэн. Миний амьдралд тохиолдож байгаа хүнд нөхцөлүүд, олон зээл төлдөг, өндөр хүүтэй олон зээлээс болж эрсдэлд орсон, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажиллаж чадахгүй байгаа байдлаас болж төлж чадаагүй юм. Нэг хүнтэй хамтран сүлжээний бизнест орсон ашигтай ажиллахын тулд хүнээс богино хугацаатай зээл авч ажилласан ч хамтрагч маань ашиг муутай болохоор бүх зээлээ надад шилжүүлэн тохож би тэр зээл хүүг төлөх гэж байдгаа шавхаж, мөн бусдаас зээл авч өгч байсан эрүүгийн журмаар шалгуулж янз бүр болсон. Энэ хооронд жирэмсэн болсон ч хүүхдээ тээж төрүүлэх гэж багагүй эмчилгээ хийж цаг хугацаа алдсан. Одоо л үйл ажиллагаа маань овоо цэгцрэх хандлагатай болж байна. Мөн зах зээлд мөнгөний эргэлт байхгүй муу байгаагаас орлого эрс багасч алдагдалд орж байна. Иймд надад боломж олгож алдангиа хасч өгөхийг нэхэмжлэгч талдаа санал болгож байна. Үндсэн зээл, хүүг төлөх ёстойг ойлгож байна. Хэдийгээр хугацаа удаасан ч төлөхийн төлөө чадах ядахаараа хөөцөлдөж байна. Иймээс хариуцагч Г.Ганчимэг нь алдангиа хасах санал удаа дараа гаргаж байна.” гэжээ.

         Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/00456 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д зааснаар Гантөмөрийн Ганчимэгээс 21.000.000 төгрөг гаргуулж Гомбо-Очирын Мөнгөн-Одод олгож, барьцааны хөрөнгө болох Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 байр 68 тоот 000148905, Ү-0614000288 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м2 талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганчимэгээс 262.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнгөн-Одод олгож шийдвэрлэжээ.

           Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2016/00026 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Дорнод аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/00456 дугаар шийдвэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2016/00026 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр магадлал нь зөвхөн хууль зөрчиж, алдаа эндүүрэл гарч, гэрээгээр тохирсон нөхцөл хэвээрээ, ганцхан барьцааг баталгаажуулах зорилгоор нотариатад болон бүртгэлд оруулья гэж хэлчхээд гэрээний нөхцөлд байхгүй байсан алдангийг тооцохоор гэрээнд өөрчлөлт хийснийг зөвшөөрөхгүй байгааг минь харгалзан үзсэнгүй. Надад гэрээний нэг хувийг өгөөгүй ба шүүхэд өгсөн өргөдөлд хавсаргасан гэрээнд 0.5 хувийн алданги тооцно гэснийг олж харсан. 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээ байгуулах үед тохиролцоогүй. Гэтэл гэрээнд өөрчлөлт хийсэн байна. Би огт худлаа хэлээгүй. Хамгийн гол нь их мөнгө зээлчхээд хүүг нь хугацаандаа төлж чадаагүйдээ хэлэх үг ч олдохгүй хэцүү байдаг. Гэтэл шүүх гэрээнд бичигдсэн алдангийг үнэлэхдээ хожуу бичигдсэн гэдэг тайлбарт үнэлэлт өгөхгүй зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан учир гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгааг нь хэт нэг талыг барьж шийдсэн гэх үндэслэлтэй байна гэж шийдсэнд гомдолтой байна. Би сүлжээний бизнест эрхэлж алдагдалд орсон. Мөн бие минь өвдөж, жирэмсэн болж, хүүхэд төрүүлж, хүүхдээ алдаж ажил төрлөө хийж чадахгүй байснаас болж ийм байдалд орсныг тэд сайн мэдэж байгаа. Миний хэсэгхэн хугацааны хүнд байдлаас болж их алдагдалд орж зээл, зээлийн хүүнд идэгдэн хүнд байдалтай байна. Энэ байдлыг минь харж үзнэ үү гэдэг. Хамгийн гол нь гэрээний нөхцөлд алданги төлнө гэж тохиролцоогүй. Гэтэл алдангий 5.000.000 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжилснийг төлүүлэхээр шийдсэн шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэр, магадлал бодит үнэн, хуульд нийцсэн байх зарчим алдагдсанд гомдолтой байна. Алданги 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Мөнгөн-Од нь хариуцагч Г.Ганчимэгт холбогдуулан зээл, зээлийн хүү, алдангид нийт 21.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээл, хүүгийн төлбөрт 16.000.000 төгрөгийг төлнө, алданги 5.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

  Зээлдүүлэгч Г.Мөнгөн-Од, зээлдэгч Г.Ганчимэг нарын хооронд  2015 оны 03 сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлд  Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны 68 тоот, 18 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. /хх-ийн 5-6/

   Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнд алданги төлөхөөр  харилцан тохирч гарын үсэг зурсан, гэрээ нотариатаар гэрчлэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагч Г.Ганчимэгийн “...Би алдангийг анзааралгүй итгээд л гарын үсэг зурсан“ гэснээр хариуцагчийг алданги төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ хуулийн хувьд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн гэж үзнэ.

  Харин анхан шатны шүүх “ ...барьцааны хөрөнгө болох Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны 68 тоот 000148905, Ү-0614000288 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м2 талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.” гэж барьцааны зүйлээс бус барьцааны зүйлээр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй байна. Иймээс энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.   

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2016/00026 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/00456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...барьцааны хөрөнгө болох Хэрлэн сумын 1-р баг 50 байрны 68 тоот 000148905, Ү-0614000288 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м2 талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.” гэснийг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны 68 тоот Ү-0614000288 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м2 талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Хариуцагч Г.Ганчимэгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА

                                                  ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН