Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00579

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00579

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, С овогт С.О,

Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Э” ХК (гүйцэтгэх захирал М.Т)-д тус тус  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 2,945,000  (хоёр сая есөн зуун дөчин таван мянган) төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                         

Нэхэмжлэгч Г.А,

Хариуцагч С.О,

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Иргэдийн төлөөлөгч У.З,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч С.О, хамтран хариуцагч “Э” ХК-д тус тус холбогдуулан Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 2,945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр 0000 БӨТ улсын дугаартай "Stybeг" маркийн тээврийн хэрэгслээр Ө сум руу нүүрс зөөж явж байгаад замд зогсож байсан 0000 БӨТ улсын дугаартай “North benz” маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөсөн билээ.

1.2 Тухайн үед 0000 БӨТ улсын дугаартай  “Stybeг" маркийн тээврийн хэрэгсэл миний төрсөн эцэг болох X. Г-ын эзэмшилд байсан юм.

1.3 Гэтэл тухайн үед цагдаагийн байгууллага шалгахад ослын шалтгаан нь С.О-  ын буруутай үйлдлээс болсон ба Цагдаагийн байгууллагын захиалгаар үнэлгээ хийлгэхэд нийт дүн 3,745,000 төгрөг гарсан юм.

1.4 С. О нь уг мөнгийг тухайн үед бүрэн төлж барагдуулж өгнө гэж хэлж байсан билээ. Гэтэл 2022 оны 11 дүгээр сард 500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сард 300,000 төгрөг нийтдээ 800,000 төгрөг өгсөн боловч үлдэгдэл 2,945,000 төгрөгийг төлж барагдуулахгүй намайг чирэгдүүлж байгаа тул шүүхэд хандаж байна.

1.5 Мөн үнэлгээний дүгнэлт гаргуулахад 240,000 төгрөг гарсан ба үүнийг миний эцэг болох X. Г төлсөн ба мөнгө төгрөгийн хэрэгцээ гарсан тул С.О-аас мөнгө асуухад тухайн үед 190,000 төгрөг авч ирж өгсөн. Иймд иргэн С.О-аас 2,945,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч С.О-ийн хариу тайлбар, татгалзал:

2.1  Миний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оройн 22 цагийн үед машин маань эвдэрч, гэрэлгүй зогсож байсан. Шөнийн 2 цагийн үед Г.А 0000 БӨТ улсын дугаартай Стивер маркийн машинтай ирж араас мөргөсөн. Надад тухайн үед гурвалжин улаан тэмдэг байгаагүй. Анхааруулах зорилгоор гялгар цаас тавьсан, тэр харагдах ёстой байсан.

2.2 Цагдаагийн газраас ирж шалгаж, бүх зураг материалыг бэхжүүлж авсан. Тэр газарт олон салаа зам байхад, зогсож байсан машины араас ирж мөргөсөн. Нэхэмжлэгч том машиныг харахгүй, унтаж байсан эсэхийг мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас шалгаж замд тэмдэг тавиагүй болохоор би гэм буруутай болсон.

2.3 Нэхэмжлэгчийн аав нь ирж, амьд үлдсэн нь их юм гээд явсан. Учруулсан хохирлыг төлөхөөр болж тохиролцсон ч ковид цар тахлын өвчинтэй холбоотой ажил маань зогссон. Анх нэхэмжлэгчид би 500,000 төгрөг, дараа нь миний эхнэр 300,000 төгрөг өгсөн. Үнэлгээний 180,000 төгрөгийг би өгсөн. Гэрт ганц би ажил хийж, эхнэр хүүхдүүдээ тэжээдэг.

2.4 Тухайн ослоос болж миний ч гэсэн чиргүүл эвдэрсэн байгаа. Одоо хүртэл засаж чадаагүй. Нэхэмжлэгч тохиролцвол 2,945,000 төгрөгөөс өгсөн 1,400,000 төгрөгийг хасаж, 800,000 төгрөг төлөх саналтай байна. Хэрэв тохиролцож чадахгүй бол би ч өгч чадахгүй. Би чиргүүлийн мөнгө төлөх ёстой. Цалингийн доод хэмжээгээр цалинждаг. Тухайн үед нэхэмжлэгчид даатгал байгаагүй, надад даатгал байсан гэжээ.

 

3.Хамтран хариуцагч “Э” ХК-ийн төлөөлөгч М.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нарын хариу тайлбар, татгалзал: Иргэн Г.А-ээс С.О болон “Э” ХК-д холбогдуулан 2,945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

3.1 Тус хэрэгт Зөрчлийн 2213000586 дугаартай хавтаст хэрэг авагдсан байна. Үүнээс үзвэл эрх бүхий албан тушаалтан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Н сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Д” гэх газарт “Стибер” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ замд зогсож байсан 0000 БӨТ улсын дугаартай “НОРД БЕНЗ” маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж зам тээврийн осол гаргасан Г овогтой А-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна.

3.2 Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагаагаар ...жолооч С.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-в, 9.5-т заасныг тус тус зөрчсөн, ...осол гарах болсон шалтгаан нь холбогдогч С.О Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан суурин газрын гаднах замд 30 м-ээс багагүй зайд байрлуулаагүй үйлдэл нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон гэжээ.

3.3 Холбогдогч С.О 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...би 500,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгсөн үлдсэнийг нь даатгалын журмаар гаргаж өгөхөөр иргэн Г.А-тэй тохирсон байгаа. ... Дүгнэлт гаргуулахгүй ... зөрчлөө ... хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

3.4 Зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан 00000 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.О-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхгүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

3.5 Зөрчлийн хэргийн хавтаст хэрэгт танилцаж үзэхэд Г.А болон С.О хоёулаа хохирогч бөгөөд холбогдогч гэж тогтоогдсон. Тээврийн хэрэгслийн осол гаргасан шалтгааныг С.О бүрдүүлсэн гэж эрх бүхий албан тушаалтны магадалгаа хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн дүгнэх хэсгээс харахад С.О нь зөрчлөөс үүссэн үр дагаврыг арилгах үүрэгтэй. Хариуцагч өөрөө бас хүлээн зөвшөөрч, үүссэн үр дагаврыг бүхэлд нь арилгах боломжгүй ч гэсэн учруулсан хохирлыг тал хэмжээгээр арилгах талаар тайлбараа хэлж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.2 дахь хэсэгт зааснаар Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 499.1-д заасан үүрэг үүсэхгүй гэж заасан. Хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл эвдэрсэн гэнэтийн нөхцөл байдалд хамаарна.

3.6 Мөн хариуцагч С.О шүүхэд хүргүүлсэн хариу тайлбартаа: “ ... тухайн үед буюу 2022 он 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлд дурдсан асуудал болсон нь үнэн. Гэхдээ бид хоёр хоорондоо харилцан тохиролцож эвдэрсэн машины кабиныг төлж өгөхөөр 800,000 төгрөг өгсөн. Сүүлд нь Г.А нь манай гэрт очиж намайг байхгүй байхад 400,000 төгрөг аваад явсан байна” гэжээ. Үүнээс үзвэл хариуцагч С.О-ийн шууд буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээр байна.

3.7 Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд хариуцагч С.О-аас гаргуулах боломжтой. Иймд тус компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У.З: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

5.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, “А” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Үнэлгээний тайлан, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагаа,

Хамтран хариуцагчаас хариу тайлбар, тус компанийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Э/ дугаар албан бичгээр А.С-д олгосон итгэмжлэл зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Б аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32/2389 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2213000586 дугаартай Зөрчлийн хэргийн материалыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Нэхэмжлэгч Г.А-ий хариуцагч С.О, хамтран хариуцагч “Э” ХК-аас эд хөрөнгөд учруулсан хохирол болох 2,945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч Г.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Н сумын нутаг дэвсгэр дээр  0000 БӨТ улсын дугаартай “Stiber” маркийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж яваад осолд өртсөн. Цагдаагийн байгууллагаас уг ослыг шалгаад ослын шалтгаан нь С.О-ийн буруутай үйлдлээс болсон болохыг тогтоосон. Эд хөрөнгийн хохирлын үнэлгээ тогтооход нийт 3,745,000 төгрөгийн хохирол учирсан ба хариуцагч С.О-аас нийт 800,000 төгрөгийг төлж үлдэгдэл 2,94,5000 төгрөгийн төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

8.Хариуцагч С.О нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудал болсон нь үнэн. Тухайн үед харилцан тохиролцож эвдэрсэн машины кабинийг төлж өгөхөөр болж 800,000 төгрөг өгсөн. Дараа нь Г.А гэрт очиж 400,000 төгрөг аваад явсан. Бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй. Энэхүү ослын улмаас миний жолоодож явсан чиргүүл бүхэлдээ эвдэрсэн, Г.А-ий хувьд маш их хурдтай явсан байдал осол гарахад нөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9.Хамтран хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Хариуцагч С.О нь тээврийн хэрэгсэл нь эвдэрч, замын зорчих хэсэгт байршуулснаас болоод нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл араас ирж мөргөсөн нөхцөл байдал харагдаж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ослын тэмдэглэлийг байршуулахыг зохицуулсан. Хариуцагчийн хувьд тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн байж болно, гэхдээ ослын тэмдгийг авч яваагүй байна. Ослын тэмдгийг авч яваагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгийг чөлөөлж зогсоох арга хэмжээ авах ёстой. Тээврийн осол гаргасан шалтгааныг С.О  бүрдүүлсэн гэж эрх бүхий албан тушаалтны магадлагаа хэрэгт авагдсан.  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.2 дахь хэсэгт зааснаар Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 499.1-д заасан үүрэг үүсэхгүй гэж заасан. Хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл эвдэрсэн гэнэтийн нөхцөл байдалд хамаарна. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд хариуцагч С.О-аас гаргуулах боломжтой гэжээ.

 

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1. Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагаагаар “Иргэн Г.А нь өөрийн эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай “Stiber” маркийн тээврийн хэрэгслээр Б аймаг руу явж байх замдаа Н сумын нутаг дэвсгэр “Д” гэх газарт замд зогсож байсан  0000 БӨТ улсын дугаартай “North benz” маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон байна. Жолооч Г.А нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч С.О нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Ослын дохион гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд 9.5 Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурийн газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Осол гарах шалтгаан нь хологдогч С.О Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 Ослын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан суурин газрын гаднах замд 30 м-ээс багагүй зайд байрлуулаагүй үйлдэл нь зам тээврийн осол гарах гол шалгаан нь болно гэжээ.  

10.2. “А” ХХК-ийн 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 2022 оны 11 дүгээр сарын байдлаар тогтоолд дурдсан “Stiber” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлд солих шаардлагатай болон засварлах боломжтой эд анги, ажлын хөлсний хамт хүснэгтэд нэг бүрчлэн оруулан үнэлгээг гаргав.  Нийтдээ 3,745,000 төгрөг байх боломжтойг  тодорхойлсон байна. 

10.3. Б аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн холбогдогч С.О-т холбогдох зөрчлийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч С.О нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байх ба эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0029956 дугаартай шийтгэлийн хуудсаар түүний зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Мөн уг зөрчлийн материалд авагдсан №00000 дугаартай техникийн гэрчилгээгээр 0000 БӨТ улсын дугаартай Beiben North Benz маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Э” ХХК болох нь тогтогдож байна.

 

 11.Нэхэмжлэгч Г.А-ээс хариуцагч С.О нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас авто осол гарч миний эд хөрөнгөд хохирол учирсан гэж маргасан ба хариуцагчаас харилцан тохиролцсоны үндсэн дээр боломжоороо хохирлыг төлж өгсөн тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэж, хамтран хариуцагч нь гэм буруутай этгээд үр дагаврыг өөрөө хариуцах ёстой гэж тус тус маргажээ. 

12.Иргэний хуулийн 498  дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

13. Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагаагаар жолооч С.О-ийн Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.5-д зааснаар Ослын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт  хандуулан суурин газрын гаднах замд 30 м-ээс багагүй зайд байрлуулаагүй үйлдэл нь зам тээврийн осол гарах гол шалгаан нь болно гэж дүгнэсэн байх ба хариуцагч С.О-ийн тухайн үед жолоодож байсан 0000 БӨТ улсын дугаартай Beiben North Benz маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Э” ХХК болох нь тогтоогдсон байна. Мөн хариуцагчийн зүгээс сүүлийн зургаан жилийн хугацаанд “Э” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа талаар тайлбарласан ба хамтран хариуцагчийн зүгээс түүнийг *******сгээгүй байх тул С.О нь хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад гэм хор учруулсан байна гэж дүгнэлээ.

14.Зам тээврийн осол болох үед хариуцагчийн ашиглаж байсан 0000БӨТ улсын дугаартай Beiben North Benz маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Э” ХХК болох нь тогтоогдсон бөгөөд С.О нь “Э” ХК-ийн ажилтан байх тул Иргэний хуулийн 498  дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хариуцлагыг ажил олгогч болон тээврийн хэрэгслийн эзэмшигч болох “Э” ХХК-аар хариуцуулан төлүүлэх нь зүйтэй байна.

15.Харин “Э” ХХК нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй болно.

16.”А” ХХК-ийн Үнэлгээний дүгнэлтээр нэхэмжлэгч Г.А-ий “Stiber” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлд солих шаардлагатай болон засварлах боломжтой эд анги, ажлын хөлсний хамт нийтдээ 3,745,000 төгрөг байх боломжтойг  тодорхойлсон байна. Нэхэмжлэгчээс хариуцагч С.О нь 800,000 төгрөгийг төлж бусад хохирлыг төлөхгүй байгаа гэж тайлбарласныг хариуцагчийн зүгээс няцаах нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч Г.А-д нийтдээ 1,4000,00 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

17.Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл эвдэрсэн гэнэтийн нөхцөл байдалд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.2 дахь хэсэгт зааснаар Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 499.1-д заасан үүрэг үүсэхгүй гэж заасан тул Э” ХК хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлаж байгаа боловч зам тээврийн осол гарсан шалтгаан нь хариуцагч С.О-ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болохыг эрх бүхий этгээдийн магадлагаагаар тогтоосон тул тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу Э” ХК-ийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэлгүй болно.

18.Иймд хамтран хариуцагч Э”  ХК-аас  эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,945,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгох нь зүйтэй байна. 

19.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч, хариуцагч нар  нь  хоёулаа хохиролтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж  дүгнэлт гаргасан байна.

20.Нэхэмжлэгч Г.А-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,070 төгрөгийг улсын орлого болгож,  хамтран хариуцагч “Э” ХК-аас 62,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч “Э” ХК-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,945,000 (хоёр сая есөн зуун дөчин таван мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгож, хариуцагч С.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,070 (жаран хоёр мянган далан) төгрөгийг улсын орлого болгож,  хамтран хариуцагч “Э”  ХК-аас 62,070 (жаран хоёр мянган далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНГИЛИК

                                                  ШҮҮГЧИД                              К.БҮЛДИРГЕН

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК