Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00595

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00595

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Ш.Д

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын “Я оргил” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д,

Гэрч Х.К, Б.Ш, И.К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ш.Д нь Б аймгийн А сумын “Я оргил” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч Ш.Д нь 1985 оны 06 дугаар сард 8 дугаар сургууль төгссөн. Улмаар тус аймгийн А сумын “Я оргил” нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/00 дүгээр тушаалаар А сумд малчнаар томилогдож, 1992 он хүртэл малчнаар ажилласан.

1.2 1993 оноос хойш тус сумын 3 дугаар багт мал маллаж байгаа. Цэргийн албанд татагдаагүй, эрүүл мэндийн хувьд бие муутай хүн. Ш.Д нь Б аймгийн Ш.Д нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 55 насанд хүрсэн. Нийт 20 жилийн 15 жилийн хугацаанд мал маллаж малчнаар ажиллаж байна.

1.3 Шүүхэд хандах болсон шалтгаан нь тухайн үед Ш.Д-ыг тус нэгдэлд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал шийдвэр гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна.

1.4 Өнөөдөр хүртэл Ш.Д нь Ш бригадад тус сумын иргэн Х.К, Б.Ш нарын ажиллаж байгаа хэсэгт малчнаар ажиллаж байна. Иймд хүсэлтийн шаардлагыг хангаж, Б аймгийн А сумын “Я оргил” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн А сумын “Я оргил” нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны Шынарханд холбогдох 1987 оны баримт, 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээлгэсэн гэх 000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0000000 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Д, А.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.А, Д.Н, Д.Е, Д.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчаас Я.С-д олгосон итгэмжлэл, Б аймгийн А сумын “Я оргил” нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай тушаал хавсралтын хамт, Б.Ш, Х.К нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 599, 600 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 527 дугаар албан бичгээр ирүүлсэн Ш. болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 217 дугаар албан бичгээр ирүүлсэн Б аймгийн А сумын “Я оргил” нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаар тушаал хавсралтын хамт, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 245 дугаар албан бичгээр Т.Б-д олгосон итгэмжлэл,  Х.К, Б.Ш, И.К нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Ш.Д нь 1985 оны 06 дугаар сард 8 дугаар сургууль төгссөн. Улмаар тус аймгийн А сумын “Я оргил” нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/00 дүгээр тушаалаар А сумд малчнаар томилогдож, 1992 он хүртэл малчнаар ажилласан.1993 оноос хойш тус сумын 3 дугаар багт мал маллаж байгаа. Цэргийн албанд татагдаагүй, эрүүл мэндийн хувьд бие муутай хүн. Ш.Д нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 55 насанд хүрсэн. Нийт 20 жилийн 15 жилийн хугацаанд мал маллаж малчнаар ажиллаж байна. Шүүхэд хандах болсон шалтгаан нь тухайн үед Ш.Д-ыг тус нэгдэлд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал шийдвэр гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хүсэлт гаргагч Ш.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Ш.Д нь Б аймгийн А сумын “Я оргил” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1 Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 217 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн А сумын “Я оргил” нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нэг дэх заалтаар Ерөнхий боловсролын дунд, бүрэн бус дунд сургуулийг төгсөж үйлдвэр, ХАА-д томилолтоор хуваарилагдсан охид хөвгүүдийг тушаалын хавсралт ёсоор 6-р сарын 16-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан ба тушаалын хавсралтын 9-рт овог нэр: Ш.Д, аль бригад хэсэгт: Бардам ... гэж хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн байдал,

6.2 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 000  дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.Д-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад ... 14.Ажилладаг байгууллага: Я оргил нэгдэл, ажилд орсон он: 1987, цех бригад, тасаг: Ш хэсэг, эрхэлдэг ажил: хоньчин ... гэж бүртгэгдсэн байдал,

6.3 Хамт ажилласан гэх гэрч Б аймгийн А сумын 3 дугаар багийн иргэн Б.Ш-ийн ... Би Б аймгийн А сумын “Я оргил” нэгдэлд 1985-1992 оныг дуустал нэгдлийн туслах бригад нормчноор ажиллаж байсан. Миний бие тус нэгдэлд ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгож байсан. Би нэгдэлд ажиллаж байх үед А сумын 3 дугаар бригад буюу Ш бригадад тус сумын иргэн Ш овогтой Д 1985 оны хавар 8 дугаар анги төгсөөд хөдөө аж ахуйд илгээлтээр гарч 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг,

Гэрч Б аймгийн Ө сумын 3 дугаар багийн иргэн Х.К ... Миний бие тус сумын А сумын “Я оргил” нэгдэлд 1985 оноос эхлэн малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард цэрэгт татагдаад 1989 оны 10 дугаар сард халагдаж ирсэн. Цэргээс ирсний дараа үргэлжлүүлэн нэгдэлд малчнаар ажиллаж нэгдэл тарах хүртэл ажилласан. Би тус нэгдэлд ажиллаж байхад тус сумын 3 дугаар багийн иргэн Ш.Д 1985 оны хавар 8 дугаар анги төгсөөд илгээлтийн эзнээр малчнаар томилогдож улмаар нэгдэл тарах хүртэл ажилласан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг,

Гэрч Б аймгийн Ө сумын 12 дугаар багийн иргэн И.К ... Ш.Д нь 1985 онд 8 дугаар анги төгссөн. Сургууль төгссөнөөс хойш одоо хүртэл хөдөө мал маллаж малчнаар ажилладаг. Миний бие 1985 онд цэргээс ирж, хөдөө мал малласан. Ш.Д бид хоёр нэг бригадад хамт мал маллаж байсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

7.Хүсэлт гаргагчаас тус А сумын “Я оргил” нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн боловч Ш.Д нь дээрх хугацаанд малчнаар ажилласан талаар шууд нотлох баримтгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Д-ын Б аймгийн А сумын “Я оргил” нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Хүсэлт гаргагч Ш.Д-ын 0000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 0212000463 дугаартай баталгаажилтын хуудсанд Х овогт Ш.Д /РД:БА0000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

10. Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн саарал өнгийн хавтастай 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Б аймаг, А сум Я оргил нэгдэл, овог: Ш, нэр: Д, төрсөн он сар өдөр: 1969-01-10, боловсрол: бүрэн бус дунд, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга: Лишээ гэж бичигдэж, 2-3 дугаар дугаар хуудсанд Нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот тушаалаар нэгдлийн  хэсэгт малчнаар томилон ажиллуулав гэж ажлын тухай мэдээ бичигдэж, 1988, 1990,1991, 1992 онуудад ажилласан хоног, авсан хөлс тус тус бичигдсэн боловч тухайн онуудын бичилт нь засвартай, тамга тэмдэг дарагдаагүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно. Мөн хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Ш-ий 1987 оны цалин хөлсний баримт нь хүсэлт гаргагчийн энэхүү хүсэлтийн шаардлагад хамааралгүй баримт болохыг дурдах нь зүйтэй байна.

11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ш.Д нь Б аймгийн Алтай сумын “Я оргил” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт Ш.Д нь Б аймгийн А сумын “Я оргил” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, тус нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК